Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 09

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Д.Буянтогтох, Ж.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

-нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож, 

-иргэдийн төлөөлөгч Т.Цэдэндаш,

-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа,

 -шинжээч Ө.Шаарийбуу,

-гэрч З.Наранцэцэг, С.Хуягбаатар, Б.Байгальмаа, Р.Чулуунбаатар, Б.Рэнцэн, Б.Долгорсүрэн,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа,

-шүүгдэгч Ц.Зоригт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цолмонгийн Зоригтод холбогдох 201501070032 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 31 настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр Б.Мөнхтуяа, охин З.Хулан нарын хамт Дархан-Уул аймгийн 9 дүгээр баг Хээтэй хороололын 4 дүгээр байр 2 тоотод оршин суудаг, /Иргэний үнэмлэхийн хаяг-Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 4 дүгээр хороо Рашаант 9 дүгээр гудамжны 7 тоот/, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

1.  Багануур дүүргийн шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 19 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан хөнгөн ялыг хүндэд багтааж бүгд 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж 2006 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн өршөөл үзүүлэх комиссын №2861 дугаар тогтоолоор эдлээгүй үлдсэн 02 жил 05 хоногийг өршөөн хэлтрүүлсэн,

2. Багануур дүүүргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

3.Багануур дүүргийн шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 65 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2008 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 70 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 23 хоногийн ялыг эдлэхээс өмнө тэнссэн суллагдсан/ Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэн/,

4.Багануур дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 100 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 17 хоногийн ялыг эдлэхээс өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн гэх Боржигон овогт Цолмонгийн Зоригт /РД:НП86071475/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Зоригт нь согтуугаар 2015 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө  Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант баг “Захарын мухар” гэх газар Д.Мөнхбаатарыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж ямар ч шалтаг шалтгаангүйгээр, онц харгис хэрцгий аргаар буюу амьдаар нь шатаан түлж хайран, олон тооны гэмтэл үүсгэн улмаар түүний зүүн хөлний гуян тус газар нь хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуулын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Зоригтийн өгсөн: “2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Захарын даваа” гэх газар луу самар түүхээр талийгаач Д.Мөнхбаатарын хамт шар Аагий хочтой н.Хуягбаатараар Захарын даваан дээр хүргүүлж цаашаа явганаар явсан. Захарын даваан дээр 16 цагийн үед очоод машинаас буугаад хоёулаа алхсан. н.Хуягбаатар машиндаа 5 залуутай хамт явсан. Тэр 5 хүн “Захарын даваан” дээр буугаад Их байдас гэх газарлуу явахаар хүмүүс байсан бөгөөд ард үлдсэн. Талийгаач бид хоёр авч явсан эд зүйлээ үүрээд алхсан.Талийгаач ард хоцроод алхаад байсан. Би талийгаачийг хурдан яваа газар дөхье харанхуй болохоор нэг газар отоглоё гэж ярилцаад цааш явсан.Талийгаач ард явж байхдаа авч явсан архинаасаа уугаад яваад байсан. Би талийгаачийг хоцроод байхаар нь уурлаад та нэг бол буцаад яв гэж хэлчихээд түрүүлээд алхчихсан. Тэгж явсаар харанхуй болж би жимээс гарч хэрэг болсон газар гал түлж, авч явсан саарал өнгийн дээлээ гаргаж доороо дэвсэж суугаад хиамаа шарж идээд хэсэг хугацаа өнгөрсөн.Тухайн үед надад цаг байгаагүй болохоор би талийгаач миний араас хэдэн минутын дараа ирснийг би хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан нилээн удсан.Талийгаач араас ирэхдээ замдаа авч явсан 2 шил архиныхаа 1 шилийг таллаад уучихсан байсан.Талийгаач ирчихээд надад тунирхаад чи ахыгаа хаяад явчихлаа гээд агсрах гээд байсан. Тэгээд би талийгаачийг унт гэхэд амрахгүй тал шил архиа барьчихаад суугаад байсан.Тэгээд би 2 гутлаа тайлаад гутлан дээрээ хөлөө тавиад хувцастайгаа хэвтэж байгаа унтчихсан.Доороос жиндэж хайраад байхаар нь босч иртэл миний зүүн гутлыг шатаагаад баруун талын гутлын түрүүний тал нь шатчихсан байсан.Мөн мөчир шатаагаад миний баруун хөлөн дээр хаячихсан байсан нь миний хөлний шилбийг түлчихсэн.Би босч ирээд та яаж байгаа юм бэ гээд хоорондоо маргалдаж байх хооронд би гуталгүй хөлөө цамцаараа ороогоод сууж байтал талийгаач над руу дутуу шатаж байсан хожуул мод аваад шидэхээр нь би бултаад эргэж нөгөө модыг нь барьж аваад өөр лүү нь шидчихсэн.Гэтэл талийгаач хаанаас хутга гаргасныг нь мэдээгүй зүүн гартаа хутга барьчихсан над руу ална гээд дайрахаар нь би талийгаачийн цээж рүү баруун хөлөөрөө жийтэл бөгсөөрөө газар суучихсан. Харанхуй байсан болохоор сайн харагдаагүй. Талийгаач газар унасныхаа дараа миний араас ална гээд орилоод байсан.Би өглөө эрүүл болохоор учраа олцгооё гэж бодоод орхиод явчихсан.Би жим дагаж баримжаагаар 500-600 метр зайд явж байгаад жимнийхээ баруун гар тал руу гараад жимээс 20-30 метр яваад тэндээ гал түлээд дулаацаж байж байгаад гэгээ орсны дараа буцаж талийгаачийн байсан газар ирэхэд ганцаараа юм яриад тонгойгоод сууж байсан. Тэгэхээр нь хажуугаар нь гараад хүн дуудахаар Захарын даваа руу явж байтал  замд Шарков гэх залуу өөр 3 хүний хамт морьтой явж байсан. Тэгээд би тэр 4 залуутай уулзаад Д.Мөнхбаатар ахын бие нь өвдөөд сонин байгаад байна очъё гээд талийгаачийн хажууд очтол зүүн талруугаа хазайгаад суучихсан маягтай байхаар нь өргөөд үзтэл бие нь суларчихсан байсан.Нүдээ анчихсан, дух үс нь түлэгдчихсэн байсан. Би тэр үед сандраад ухаан алдчихсан юм болов уу гэж бодоод сэгсэрсэн.Тэгэхэд тэр морин дээрээсээ буухгүй байсан залуу нь наад хүн чинь нас барчихсан байна гэхээр нь би хэвтүүлээд дээгүүр нь өөрийнхөө саарал өнгийн дээлээр бүтээсэн.Шарковтой явж байгаа хүмүүс морины идэштэй газар морьдоо тавьчихаад араас чинь очъё гэж хэлсэн.Шарков надад хүрэн өнгийн хавар намрын пүүзэн гутал өгсөн.Би талийгаачийг хажуу тал руу нь налуулж хэвтүүлэхдээ хутга байхыг нь харсан.Тэр хутгыг талийгаач урд шөнө надруу дайрч агсрах үедээ барьж байсан хутга.Би тэр хутгыг аваад өөрийнхөө гутлын түрүү рүү хийгээд Захарын даваа руу явж байхдаа замдаа талийгаачийг нас барсан газраасаа 100-200 метр зайд яваад хутгаа баруун гар тал руугаа буюу Захарын голын мөс рүү шидчихсэн.Тэгээд Захарын даваа руу алхаж явтал Шарков найзтайгаа нэг морь хөтөлчихсөн ирсэн.Тэр морин дээр нь мордоод би 16-17 цагийн үед даваан дээр гарсан гэв” гэх мэдүүлэг.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Рэнцэнгийн өгсөн: “Он сар өдрийг нь сайн санахгүй байна. Үдээс хойш Ц.Зоригттой таарсан. Тухайн үед тэр эрүүл, хөлдөж үхэх гээд явж байна гэж хэлсэн. Бид нар Ц.Зоригттой таараад талийгаач дээр очдог. Тухайн үед талийгаач доошоо хараад сөхрөөд суучихсан байсан. Цахарын даваанаас талийгаачийн байсан газар хүртэл 4-5 километрийн зайтай байх. Захарын даваанаас явж талийгаачийн байгаа газар очиход нэг цагийн хугацаатай явах байх. Талийгаачийн биед ил харагдах шарх сорви, хувцсанд нь урагдалт анзаараагүй. Би талийгаачийг үүдэн хойморын зайнаас харсан. Тухайн үед үзэгдэх орчин тодорхой сайн харагдаж байсан. Талийгаачийн нүүрэнд шарх сорви, түлэгдэл үүсээгүй байсан. Тухайн үед талийгаач хоёр гуталгүй байсан. Талийгаач нас барсан хойно очсон” гэх мэдүүлэг,  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Хуягбаатарын өгсөн: “Талийгаач дэлгүүрээс 2 шил архи зээлээр авсан. Тухайн үед Ц.Зоригт хөдөөнөөс надруу талийгаач самар түүгчээр явна гэсэн түүнийг аваад ир гэж утсаар надтай ярьсан. Талийгаач манай дэлгүүрээс хүнсний зүйл авч, Тэрэлжээс Ц.Зоригтыг дайрч аваад би талийгаач, Ц.Зоригт хоёрыг даваан дээр буулгасан. Замдаа архи уугаагүй. Түүний өмсөж явсан хувцас урагдсан, цоорсон, түлэгдсэн байгаагүй. Талийгаач даруу төлөв. Архи уух дуртай ч гэсэн архи уусан үедээ агсан согтуу тавьдаггүй байсан. Захарын даваан дээр өдөр 14 цагийн үед талийгаач, Ц.Зоригт хоёрыг хүргэж өгсөн. Талийгаач, шүүгдэгч хоёрыг 1 шуудайтай зүйл, 1 цүнхтэй зүйлтэй буусан. Бид хоёр хол алхах юм чинь их юмаар яах вэ гээд зарим зүйлээ надад буцаагаад өгч явуулсан. Тухайн үед шүүгдэгч, талийгаач нар 2-лаа эрүүл байсан. Машинд 1 пиво уусан. Гэхдээ согтохоор зүйл болоогүй. Ц.Зоригтыг очиж авахад тэр эрүүл байсан” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Р.Чулуунбаатарын өгсөн: “2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Захарын даваа руу С.Хуягбаатараар би, н.Жаргалсайхан,С. Хуягбаатар, Ц.Зоригт, талийгаач нарын хамт явсан. Бид нар нэг том пиво хувааж уусан. Замдаа маргалдсан асуудал байхгүй. Талийгаачийн биед ил харагдах шарх сорви, өмсөж явсан хувцас нь урагдсан, түлэгдсэн зүйл ажиглагдаагүй. Тухайн үед талийгаач жаахан бүлэмцүү байсан. Цахарын даваа уруудаад талийгаач Ц.Зоригт 2 биднээс салаад явцгаасан. Бид нарыг С.Хуягбаатар самарт явуулсан. Ц.Зоригт гарч ирэхдээ эрүүл байсан” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч З.Наранцэцэгийн өгсөн: “2015 оны 01 дүгээр сарын 19-нд н.Хуягбаатарын дэлгүүрээс ямааны өрөөл мах, 2 кг цагаан будаа, 2 кг хиам, 2 шил архи, 1 пиво зээлээр худалдаж авсан. Тухайн үед талийгаач ажлын хар хөх куртик, өмд, дотуураа улаан алаг дотоод, хар эрээн дотуур өмд, саарал ноосон өмд, ажлынхаа хөх өмд, подволк, хар хөх өнгийн дугуй захтай цамц, хөх өнгийн куртик өмссөн байсан. Талийгаач архи уух дуртай ч гэсэн архи уучихаараа илүү дутуу зан гаргаж, агсам согтуу тавьдаггүй байсан. Талийгаач өмнө Ц.Зоригтой муудалцаж байгаагүй, тэр хоёрын хооронд өр авлага, өс хонзонгийн асуудал байгаагүй. Ц.Зоригт манайд ирж хоноод самарт явахад түүгч хэрэгтэй байна гэхээр нь талийгаач надаас би яваад ирэх үү гэж асуухаар нь би чи өөрөө л мэд гэж хэлсэн. Тэгээд талийгаач Ц.Зоригтой хамт самарт явахаар болж харилцан тохиролцоод явсан. Ц.Зоригт түрүүлээд айлд оччихсон байсан. Манай хүн 2 хоногийн дараа Ц.Зоригтын араас явсан. Талийгаач улаан өнгийн цүнхэндээ 2 шил архиа ноолууран цамцандаа боогоод, жижиг цахилгаантай түрийвчинд эм хийж, 5-6 хайрцаг тамхи цүнхэндээ хийсэн байсан. Талийгаач ууланд явахдаа биедээ дандаа авч явдаг. Хүрэн өнгийн иштэй, балиузнаас арай богино хутга авч явсан. 21-ний орой 18 цагийн үед Ц.Зоригт талийгаачийг нас барчихлаа гэж надруу утсаар хэлсэн. Тэгээд би Ц.Зоригтыг чи юу яриад байгаа юм бэ гээд цагдаа дуудсан. Би тухайн үед байгаагүй, манайд хүүхдэд Ц.Зоригт талийгаачийг гутлаа шатаагаад осгож үхсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

  

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Байгалмаагийн өгсөн: 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 16-17 цагийн үед Захарын даваанаас самраас буух чиглэлд өгсөж яваад талийгаач Мөнхбаатар, Ц.Зоригт нартай таарсан. Талийгаач ажлын хөх өнгийн шинэ хослолтой, дотуураа ноолууран цамц, түрийтэй гутал өмссөн. Самарт явж байна. Энүүхэн доор очоод хоночихно гэж байсан. Талийгаач болон шүүгдэгчийн хувцсанд ямар нэг урагдалт цооролт харагдаагүй.Тухайн үед гэгээтэй байсан. Ц.Зоригттой хамт Чулуунбаатар, Жаргалсайхан нарын нэг ирсэн. Би хэн хамт ирсэнийг сайн санахгүй байна. Намайг Ц.Зоригтыг сумын төв орох машинд суулгаад явуулчих. Хамт явсан Мөнхбаатар ах нас барчихлаа гэсэн. Тэр өдөр машин ирээгүй. Ц.Зоригт манай майханд бид нартай хамт хоносон. Тухайн үед Ц.Зоригтоос өмнө өдөр уусан гэмээр архины үнэр гарч, мөсөнд дээр унасан гэмээр хувцсанд нь наалдчихсан. Өөрөө бээрчихсэн байсан. Тэгээд би гал түлж хувцас хунарыг нь хатааж, хоол хийж өгсөн. Шүүгдэгч нэг гутал нь түрийтэй нөгөө гутал нь пүүз маягийн хөлдөө 2 өөр гутал өмчихсөн байсан. Би түүнийг гутлыг тайлж өгөх гээд тонгойход түүнээс архины хуучирсан үнэр гарч байсан. Маргааш өдөр 12 цагийн үед унаа ирж сумын төв рүү явцгаасан. Ц.Зоригт сумын төв ороод Наранцэцэг эгчид хэлнэ гээд гэрийнх нь гадаа буусан. Би түүнийг яагаад хоёр өөр гуталтай явж байгаа талаар асуухад шүүгдэгч орой нэг хундага архи татчихаад хөгжим сонсоод унтчихсан. Өглөө үүрээр Мөнхбаатар ах осгож үхлээ гэж намайг дуудсан.  Би босоод гутлаа өмсөх гэтэл миний 2 гутлыг шатаачихсан байсан. Тэгээд Ц.Зоригт хөлөө юмаар ороож яваад замд таарсан хүмүүс нь түүнд гутал өгсөн гэж хэлсэн. Шүүгдэгч талийгаачийг осгочихоор нь хүн дуудах гээд сандраад явж байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Долгормаагийн өгсөн: Захарын даваан дээр бид нарыг үдээс хойш буулгасан. Тухайн үед талийгаач эрүүл байсан. Талийгаач тайван дөлгөөн хүн байсан. Талийгаачийн гутлын түрүүнд хутга байсан. Талийгаачийн биед ил харагдах шарх сорви ажиглагдаагүй. Талийгаач бараан өнгийн хувцастай явсан. Замдаа ямар нэгэн маргаан гараагүй. Захарын даваанаас шууд салцгаасан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Ө.Шаарийбуугийн өгсөн: №2 тоот шинжээчийн дүгнэлтийг тогтоолын дагуу би дангаараа 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр уг дүгнэлтийг гаргасан. Биологийн шинжилгээний хариу №1267, химийн шинжилгээний хариу №1266 тоот, шүүх эд эсийн шинжилгээний хариу, цогцост хийсэн өөрийн үзлэгийг үндэслэж шинжээчийн дүгнэлт гаргасан. Талийгаач зүүн гуяндаа хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гуяны хураагаар судасны бүрэн бус зүсэгдсэн шархнаас цус алдаж, хурц цус алдалтын улмаас шоконд орж нас барсан. Энэ гэмтэл хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн үед түргэн тусламжийн арга хэмжээ авсан бол уг хүний биологийн онцлогоос хамаарна. Гэхдээ энэ гэмтлийг авсан бол түргэн хугацаанд нас барна. Талийгаачийг үхэлд хүргэсэн зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн 15 сантиметрийн гүн байсан. Бусад шинжээчийн дүгнэлт болон зоонд үзлэг хийсэн тэмдэглэлээр талийгаачийн зүүн гуянд үүссэн шархны гүнийг 8 сантиметр гэж тогтоосон байна. Талийгаачийн хувцсыг тайлж шархны гүнийг үзэхэд 8 сантиметр байсан. Дараа нь булчин зүсэж шинжилгээ хийхэд шархны гүн 15 сантиметр байсан. Ир мөр нь гадна талдаа дотогшоо дээшээ чиглэлтэй, хурц иртэй зүйлийн үйлчлэлээр дээрх гэмтэл үүснэ. Эмнэлгийн тусламж авсан ч талийгаачийн амь насыг аврах боломжгүй, талийгаачийн нүүрэнд үүссэн түлэгдэлт, зулгаралтын гэмтлүүд түүнийг амьд байхад үүссэн гэмтлүүд. Хүнийг нас барсны дараа цус хуралт, зулгаралт гэх гэмтлүүд үүсэхгүй. Тийм учраас эдгээр гэмтлүүд талийгаачийг амьдад үүссэн гэмтлүүд. Цогцосыг хөргөх камерт хийж гэсгээгээд 1-2 хоногийн дараа задлан хийсэн. Ир үзүүр гадна талдаа дээшээ харсан маш хүчтэй зүйлийн үйчлэлээс үүссэн шарх учраас талийгаач өөртөө энэ шархыг учруулах боломжгүй. Түлэгдэлтээс үүссэн шарх цэврүүтэж хагарч, улайсан бол 2 дугаар зэргийн түлэгдэлтэд хамаарна. Энэ түлэгдэлт халууны үйлчлэлээр үүснэ. Түлэгдэлтийн 1, 2 дугаар зэргийн гэмтлүүд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хөлдөж нас барсны дараа талийгаачийн биед цус хуралт, зулгаралтын гэмтлүүд үүсэхгүй. Хүн нас барахад зүрх, цусны үйл ажиллагаа зогсдог. Тиймээс хүнийг нас барсны дараа зүсэхэд урагдана, шалбарна гэсэн ойлголт байхгүй. Талийгаач зүүн гуяны артер судсандаа авсан шархны улмаас цус багадалтын шоконд орж, осгож нас барсан. Талийгаачийн зүүн гуян дахь артер венийн судасны салаан дээр артерийн судас тасарсан. Талийгаачийн цус юүлж гарна. Тухайн үед олгойдон гарч байгаа цусыг дарах боох арга хэмжээ авсан бол түр зуур амьд байх боломжийг бий болгодог. Талийгаачийн 2 давхар зузаан өмд цусаар нэвтэрсэн байсан. Задлан шинжилгээний явцад талийгаачийн биед осголтын шинж тэмдэг талийгаачийн ходоодонд хар толбо үүсэж, уушгинд хий хурж осголтын шинж тэмдэг илэрсэн. Талийгаачийн биед эцсийн шатанд осголтын шинж тэмдэг илэрсэн. Бусад шинжээчийн дүгнэлтээр талийгаачийг цус алдалтын улмаас гүн шоконд орж осгож нас барсан гэж тогтоосон байдаг. Талийгаачийн зүүн далд 13х6 сантиметрийн хэмжээтэй түлэгдсэн шарх үүссэн байсан” гэв.

    

Эрүүгийн 2015 01070032 дугаартай хэргээс:

 

   1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхтогтохын өгсөн: Энэ хэрэгт албан ёсны хохирогчоор оролцож байцаалт өгсөн байсан талийгаачийн эхнэр Зэвгээгийн Наранцэцэг нь талийгаачтай албан ёсны гэрлэлтийн баталгаагүй болохоор би энэ хэрэгт хохирогчоор оролцож байна. 2015 оны 01 дүгээр 21-ний өдөр 19 цагийн үед ажил дээрээ байж байхад хэсгийн төлөөлөгч Чимэд утсаар залгаад намайг ажил дээрээ байна уу гэж асуугаад байна гэж хэлэхэд уулзах ажил байна гээд над дээр ирж уулзаад Мөнхбаатарыг осгосон байна гэж  хэлэхэр нь тэгээд яасан юм нас барчихсан юм уу гэхэд тийм байна гээд нэг залуугийн хамт орж ирсэн. Тэр залуу нь Зоригт гэх залуу байсан юм байна лээ. Зоригт гэх залуу би талийгаачтай хамт самарт хамт явсан юм. Мөнхбаатар ах шөнө гал түлж сууж байсан. Үүрээр намайг сэрээж Зоригоо үүр цайж байна гэж хэлээд сэрээгээд хэсэг хугацааны дараа ах нь болохоо болилоо чи хүн дууд гэж хэлсэн. Мөн талийгаач өөрийнхөө 2 гутлыг миний 1 гутлын хамт шатаачихсан байсан гэж хэлсэн. Зоригт гэх залуугийн ярьж байгаа зүйл нь маш утга авцалдаа муутай дээрээс нь миний дүү осгож нас барахааргүй бага наснаасаа ууланд явж өссөн бөгөөд гутлаа тайлж шатаахааргүй хүн байсан гэж бодож байсан юм. Зоригт хэлэхдээ би хэл хүргэхээр ирлээ гэж хэлж байсан. Өөр зүйлийн талаар мэдээгүй. Дүүгээ нас барсан гэж сонсоод миний сэтгэл санаа их цочирдсон. Тэгээд Багануураас цагдаа нар очиж шалгаж эхэлсэн. Миний төрсөн дүү Мөнхбаатар 1968 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод Дамдиндоржийн 2 дугаар хүү болж төрсөн. Бид бүхэн эцэг эхээс дөрвүүлээ бөгөөд би хамгийн том нь байгаа юм. Миний доор 3 эрэгтэй дүү байдгаас талийгаач айлын том банди байсан юм. Хамгийн бага дүү маань мөн нас барчихсан. Одоо би ганц дүүтэйгээ л үлдэж байна. Талийгаач бага насандаа Төв аймгийн Мөнгөнморьт суманд эцэг эхийнхээ гар дээр мал маллаж хүмүүжиж Мөнгөнморьт сумын 8 жилийн сургуулийг дүүргэж төгсөөд мал малладаг болсон. Талийгаач 3 жилийн хугацаатай цэргийн алба хаасан. Талийгаач нийгмийн идэвх сайтай хүнд тусархуу малд нүдтэй бие жижигтэй мөртлөө адуу мал сургадаг ажилд эвчхэн эвээр ажлыг хийдэг хүн байсан юм. Би хамгийн сүүлд талийгаач дүүтэйгээ самарт явахаас нь 7 хоногийн өмнө уулзсан. 2015 оны 01 дүгээр сарын 17,18-ны өдрүүдэд утсаар ярьсан. Самарт явах талаараа хэлж байсан боловч манайхаас морьтой явна гэж ярьж байсан. Манайх адуугаа алдчихаад олохгүй байгаа юм. Талийгаач Наранцэцэгтэй хамт амьдрахаасаа өмнө Нарангэрэл гэдэг эмэгтэйтэй хамт амьдраад 2 хүүхэд төрүүлсэн. Тэгээд салахдаа хүү Анхпүрэвийг аваад манайд 2 жил шахуу амьдраад Наранцэцэгтэй суугаад дахин 2 хүүхэдтэй болсон. Наранцэцэг нь өөрөө 2 хүүхэдтэй хүн байсан. Талийгаач архи олдвол уучихдаг уусан үедээ хүнтэй маргалдаад байдаггүй мөрөөрөө хүн байсан юм. Зан харьцааны доголдолгүй хүн байсан юм. Эхнэр Наранцэцэгтэй таарамжтай л амьдардаг байсан. Наранцэцэг болон үр хүүхдүүд нь аав агсам согтуу тавьсан гэж л хэлж ирж байгаагүй. Талийгаач амьд байхдаа манайхаар байнга орж гардаг хүн байсан юм. Талийгаач бид хоёр нэг гэр бүл шиг л байдаг байсан юм. Миний мэдэхээр эмнэлэгт үзүүлж хэвтэж эмчлүүлж байгаагүй. Үе мөч нь хааяа евдөөд байна гээд тос түрхдэг байсан юм. Миний хувьд гомдолтой байна. Дүүгээ гадны нөлөөтэй нас барсан гэж үзэж байгаа. Хүний амьтай дүйцэх зүйл гэж юу байхав дээ. Маш их гомдолтой байгна. Оршуулгын зардалд хэдэн төгрөг зарцуулсныгаа мэдэхгүй байна. Тооцоогоо нэгтгэж байгаад хэлье.Миний хувьд хэргийн талаар мэдээлэл хомс байна. Гадны нөлөөтэй нас барсан гэдгийг нь мэдэж байна” гэсэн мэдүүлэг /хх-59-60 тал/, ....Би энэ хэргийг миний дүүг санаатай алсан гэж үзэж байна. Нас барахаасаа өмнө толгойн үс нь түлэгдсэн, мөн биеийн ил харагдах зарим хэсэг түлэгдсэн байсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байсан тийм учраас би миний дүүг тарчлаасан байна гэж үзэж байна. Хувцас нь түлэгдээгүй байхад бие нь түлэгдэж хайрагдсан байсан. Тухайн үед талийгаач маань согтуу байсан байналээ биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан амь насыг нь хохироосон гэж үзэж байна. Гэрээс гарахдаа талийгаач бүтэн хувцастай явсан урагдал цоорол байгаагүй. Тухайн урагдал цооролыг Зоригттой өөрийгөө хамгаалах гэж ноцолдсоноос үүссэн гэж үзэж байна. Талийгаач их зөөлөн сэтгэлтэй, хүнтэй ам зөрж байгаагүй, архи хааяа уудаг агсам согтуу тавьж байгаагүй, хүнд тусархуу, хүнтэй эвтэй харьцдаг хүн байсан” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтас хх-80 тал/,

 

   2. Гэрч З.Наранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Ц.Зоригт нь 2015 оны 01 дүгээр сарын 15-ны орой 23 цагийн үед төрсөн дүү Ц.Отгонбаярын хамт самарнаас бууж ирлээ гэсээр ирээд хоносон. 2015 оны 01 дүгээр 16-ны өдөр Ц.Зоригт өөрийгөө самаранд гаргасан ченж н.Хуягбаатарт самраа зарж тооцоогоо хийгээд Ц.Отгонбаярыг төв рүү буцаана гээд гарсан. Тэгээд тэр өдрөө Ц.Отгонбаярыг буцаачихсан гээд манай гэрт 19 цагийн үед халамцуухан орж ирээд дахиж нэг хоносон. 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө гэрт байхдаа хамт самарт яваад самар түүх хүн хэрэгтэй байна хүн олдохгүй юу гэж надаас асуухад би ажилтай байна гээд хүү Чимэдцэрэнг явах уу гэхэд явахгүй гэж байсан. Тэр үед талийгаач гэрт байсан. Өдөр нь н.Хуягбаатар дэлгүүрээс Ц.Зоригт хүнснийхээ зүйлийг авч байхад нь талийгаач бид хоёр очсон. Талийгаач надад би Зоригттой хамт самарт явчихаад ирье гэхэд нь өөрөө мэд гээд явахаар болсон. Тэгээд Ц.Зоригттой уулзаад хэлтэл зөвшөөрөөд одоо хамт явъя хувцасаа бэлд гэж хэлсэн. Ц.Зоригт н.Хуягбаатарын дэлгүүрээс ямар хүнсний зүйл худалдаж авсныг мэдээгүй. Тэгээд би талийгаачийн авч явах зүйлсийг нь бэлтгээд байж байтал Ц.Зоригт гэрт машинтай ирээд талийгаачийг авах гэтэл байгаагүй. Тэгээд дэлгүүрийн ойролцоо хайж байгаад олоогүй. Маргааш н.Хуягбаатартай хамт явуулчихаарай гэж хэлээд хөнжил гудсыг нь малгай бээлийний хамт шуудайнд хийгээд авч явсан. Тэр өдөр нь талийгаач архи уучихсан гэртээ ирсэн. 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө талийгаач бид хоёр н.Хуягбаатарын гэрт очоод хэзээ явах талаараа асуутал одоо явна гэхээр нь н.Хуягбаатарын дэлгүүрээс зээлээр 0.75 граммын ерөөл архи 2 шил, 1 кг хиам, 2 кг цагаан будаа, ажпын бээлий 1 боодол, 2 ширхэг давс, ямааны 2 хааны мах, 9 хайрцаг Алтаншонхор тамхи зэрэг эд зүйл худалдаж авсан. Ц.Зоригтоос Баадайгийн гэрт байхад нь юу хэрэг болох талаар асуухад 1 шил архи, мах аваарай гэж захиж байсан. Тэгээд гэртээ ирээд байж байгаад 11 цаг өнгөрч байхад н.Хуягбаатар ирээд талийгаачийг авч явсан. Би явахдаа хүнсний зүйлээсээ хиам цагаан будаагаа гэрт үлдээгээд махаа сүхээр цавчиж эвдээд ногоон өнгийн шуудайнд хийгээд бусад зүйлээ улаан өнгийн цүнхэнд авч явсан. Талийгаач гэрээс гарахдаа хар хөх өнгийн ажлын куртик, өмд, эсгий түрийтэй гутал дотуураа нимгэн хар өнгийн өмд гадуур нь саарал өнгийн ноосон өмд дээгүүр нь ногоон өнгийн подволк, үстэй даавуун материалтай хар ногоон өнгийн цамц, хар өнгийн дугуй захтай ноосон цамц өмссөн. Бор өнгийн тэмээний ноосон цамцаараа архиа ороогоод цүнхэндээ хийсэн. 2 давхар бараан өнгийн оймс өмсөөд гадуур нь ногоон эрээн даавуугаар хөлөө ороож явсан. Хөдөө явна гээд баруун талынхаа гутлын түрийнд хүрэн өнгийн 10 сантиметр орчим урт хуванцар иштэй ойролцоогоор ажлын хэсгийн өргөн нь 3 сантиметр, ажлын хэсгийн урт нь 15 орчим сантиметр орчим үзүүр хэсгээрээ нарийхан хар өнгийн завод березентэн хуйтай хутгыг авч явсан. Энэ хутгийг 2014 оны 11 сард хүргэн н.Бат-Эрдэнэ гэх залуу идэш хийх үедээ бэлэглэсэн. Талийгаач өөрөө тэр хутгыг маш их шохоорхоод байсан. Хутгатай болсноосоо хойш хөдөө явах болгондоо авч явдаг байсан. Тэр өдрөөс хойш сураггүй байж байгаад 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө би ажлаар Төв аймаг яваад тэндээ хонох гээд айлд сууж байхад охин Мөнхцацрал утсаар залгаад утсаа автал Зоригт надтай яриад Нараа эгчээ Мөөгий ах осгоод үхчихлээ. Би өрөөсөн гуталтай ирлээ гэж 8 цагийн үед над руу ярихаар нь би үнэмшээгүй утсаа салгаад охин руугаа залгаж асуутал ээжээ үнэн юм шиг байна Ц.Зоригт хоёр өөр гутал өмсчихсөн байна гэж хэлж байсан. Би Мөнхөө эгч хүү Анхпүрэв нарт нь яаж хэлнээ гээд уйлаад байсан. Тэгээд 2015 оны 01 сарын 22-ны өдөр талийгаачийн алтан хайрцагийг нь нээлгээд 18 цагийн үед гэртээ ирсэн. Намайг гэрт ирэхэд талийгаачийг цагдаа нар суманд авчирсан байсан гэсэн” мэдүүлэг/1 хавтас хх-ийн 62-64 тал/,

 

   3. Гэрч Б.Хуягбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 01 сарын 19-ний өдөр 12 цагийн үед дүү Доржготов, Түмэнжаргал, Рэнцэн нарын хамт Жавхлан болон Алтай гэх залуугаас тус бүр 2 морь нийт 4 морь аваад Рэнцэнгийн 2 морьтой нийт 6 морьтой Захарын даваа руу самар түүхээр Ар хааяа гэх газар Рэнцэнгийн гэрийн гаднаас хөдөлцгөөсөн. Тэгээд явж байгаад Захарын даваа хүрэлгүй Шар булаг гэдэг газар хоноцгоосон. Маргааш нь буюу 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Шар булаг гэх газраасаа хөдлөөд Захарын даваан дээр 14 цагийн үед гарсан. Тэгэхэд Захарын даваан дээр самраас бууж байгаа гээд Энхбаяр ах эхнэртэйгээ мөн эрэгтэй эмэгтэй хүмүүстэй байсан. Бид 4 Захарын даваа уруудаад жим гаргаад явж байхад 15 цаг өнгөрч байсан байх яг цаг хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Зоригт гэх залуу Захарын даваа руу явж байгаа бололтой талийгаачийн байсан газраас ойролцоогоор 300 орчим метрийн зайд жим дагаад өрөөсөн хөлөндөө эсгийн түрийтэй гуталтай нөгөө талынхаа хөлөнд бор өнгийн ноосон цамц ороочихсон тайван алхаж явсан. Тэгээд бид нартай уулзаад Мөнхбаатар ах энүүхэн энд архи уучихсан согтуу хөлдөж үхэх гээд миний өрөөсөн гутлыг өөрийнхөө 2 гуталтай шатаачихсан хэвтэж байгаа гэж хэлсэн. Тэгээд бид нар талийгаачийн байсан газар Зоригттой хамт очиход талийгаач дээшээ харсан байрлалтай хэвтэж байсан. Түмэнжаргал харчихаад наад хүн чинь нас барчихсан юм биш үү гэхэд Зоригт нас бараагүй өөрсдөө ирээд үзэхгүй юу гээд нүдийг нь гараараа нээж харуулаад гэдэс рүү нь гараа хийгээд бүлээн байна гээд байсан. Бид нар талийгаач руу нэг их ойртоогүй. Тухайн үед талийгаачийг нас барчихсан байна гэж мэдээд Зоригтод наад хүнээ хөдөлгөлгүй орхиод Захарын даваа явж хүмүүст хэл хүргэ гэж хэлээд цааш явцгаасан. Тэгээд Захарын мухар гэх газар буудаллаад би Рэнцэн, Доржготов хоёрыг морьтой буцааж явуулсан. Учир нь Зоригтыг Захарын даваа руу хүргэж өг. Аягүй бол Зоригт бид нарыг талийгаачийг нас бараагүй байхад нь хаяад явчихсан гэж хэлэх байх гэж бодоод 2 дүүгээ явуулсан юм. Замдаа таарсан хүнд хэл дуулгаарай гэж хэлсэн. Рэнцэн, Доржготов нар тэр хавьд байрлаж байсан отгуудад хэл дуулгаад Зоригтыг Захарын даваа руу хүргэж өгөөд тэр шөнөдөө буцаж отог дээрээ ирсэн.”  гэсэн мэдүүлэг /1-р хавтас хх-72-74 тал/,

 

   4.Гэрч Г.Занданбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “....Ц.Зоригт манайд ирэхдээ хөнжил пүүгээ, хоол хүнсний зүйлээ авч явсан. 1 том ногоон шуудайнд хөнжил пүүгээ хийсэн. Жижиг цагаан гялгар шуудайнд хоол хүнсний зүйлээ хийж авч явсан. Эсгий түрийтэй гутал, хүрэн өнгийн даавуун өмд илүү дутуу халаасгүй хар куртик, цэнхэр хартай ноосон малгай, хар саарал өнгийн малгайгүй ноосон цамцтай ирсэн. Явахдаа надаас шар алаг цамц гуйж өмсөөд явсан. 1 мемори уншуулаад байдаг спикиртэй хөгжимтэй байсан. Манайд ирэхдээ 1 шил 0.75 граммийн ерөөл архитай ирээд тэрийгээ надтай хувааж уусан. Өөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Ц.Зоригт манайхаас явахдаа архи уугаагүй. Шар Аагийтай ирсэн самарт явж байгаа хүмүүс том савтай пиво тойруулж ууж байсан. Намайг дуудаад нэг өгсөн. Ц.Зоригт тэрнээс уусан үгүйг би мэдэхгүй байна. Би гэртээ байж байгаад Ц.Зоригтыг дуудаад 1 хайрцаг тамхи аваад өг гэж хэлээд талийгаачаас Алтан шонхор тамхи авсан. ..Түдэв гэх хүн 2015 оны 01 сарын 18-наас 19-нийг шилжих шөнө ирж хоносон. Тэр хүн морь малаа амраагаад ирж хоносон. Тэгэхэд скочоор ороосон бор өнгийн иштэй, 25-26 сантиметр орчим урттай хутга авсан. Самарт явахдаа хутгаа гутлынхаа түрийнд хийгээд аваад явсан гэсэн.” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-107-108 тал/,

 

   5. Гэрч С.Хуягбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2015 оны 01 сарын 19-ний өдөр талийгаач Д.Мөнхбаатар өглөө 08 цаг өнгөрөөгөөд эхнэр З.Наранцэцэгийн хамт манай гэрт орж ирээд эхнэр З.Наранцэцэг нь Ц.Зоригоотой Д.Мөнхбаатарыг самарт гаргая Ц.Зоригоо ууланд самар байна гээд байна гэж хэлсэн. Д.Мөнхбаатарыг Ц.Зоригоогийн түүгчээр явуулна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би за тэгдээ сар шинэ болох гэж байгаа юм чинь гээд зөвшөөрөөд тэгээд З.Наранцэцэг эгчийг манай дэлгүүрээс юмаа ав гэж хэлээд та 2 юмаа авчаад гэртээ хариад байж бай би бензинээ аваад танайд яваад очьё гэж хэлсэн.Тэгээд талийгаач эхнэртэйгээ манай дэлгүүрээс идэж уух хүнсний зүйлүүд болон 2 шил 0,75 гр Ерөөөл архи авсан. Тэгээд би колонкоос бензинээ аваад самарт явна гэж байсан 5 хүнээ суулгаад талийгаачийг очиж авсан. Тэгээд замд явж байхад нөгөө 5 залуу 2 литр Боргио пиво гаргаж ирээд ууцгаасан. Нөгөө 5 залуугийн нэг болох Баатараа гэдэг залуу талийгаачийг та аян замынхаа юмыг гаргахгүй юм уу гэхэд талийгаач байхгүй гээд гаргаагүй. Тэгээд би цаашаа яваад Тэрэлжид байх газраас Баадай гэдэг айлынхаас Ц.Зоригтыг очиж авсан. Тэгээд тус хүмүүсийг Захарын даваан дээр аваачиж буулгаад би шууд буцсан гэсэн.” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-130-131 тал/,

 

    6. Гэрч Р.Чулуунбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Би 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 13 цагийн үед дүү н.Ганбаатар, н.Долгорсүрэн, н.Даваадорж, н.Бадмаараг нарын хамтаар н.Хуягбаатарын машинаар Захарын давааруу самарт явсан. Тэгэхдээ шар Аагий хочтой н.Хуягбаатар бид тавыг самарт гаргасан юм. Бид нартай хамт талийгаач Д.Мөнхбаатар сумын төвөөс цуг яваад замдаа Ц.Зоригт гэх залууг н.Баадай гэдэг нэртэй хүний гэрээс нь аваад явцгаасан. Тэр айлын гадна бид нар 2,5 литрийн боргио пиво гаргаад 10-уулаа хувааж ууцгаасан. Тэгээд цааш хөдөлцгөөсөн. Бүгд тус бүр нэг нэг аяга пиво л уусан.Тэндээсээ хөдлөөд Захарын даваан дээр 16 цагийн үед очсон.Ц.Зоригт талийгаач нар авч явсан хөнжил пүүгээгээ буцааж н.Хуягбаатарын машинд явуулаад хоёулаа бага багахан зүйл шуудайлж үүрээд бид таваас түрүүлээд явцгаасан. Талийгаач, Ц.Зоригт нарын гутлын түрийнд хутга байсныг харсан.Тэгэхдээ ямар иштэй хутга байсныг нь мэдээгүй. Хоёулаа л хутгатай явж байсан гэсэн” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-89-90 тал/,

 

   7. Гэрч Б.Рэнцэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Би 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Төмөө, М.Доржготов, Б.Хуягбаатар нарын хамтаар морьтой Захарын даваа руу самарт гарсан юм. Тэгээд замдаа Захарын даваа хүрэлгүй Шар булаг гэх газар хоноод 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө Захарын даваа руу явсан. Тэгээд Захарын даваан дээр 14 цагийн үед гараад цаашаа буусан. Захарын мухар гэх газар талийгаачийн нас барсан газраас 300 орчим метр зайд жимээр явж байхад 15 цагийн үед Ц.Зоригт өөдөөс алхаж гарч ирсэн. Тэгээд Д.Мөнхбаатар ах энд хөлдөж үхэх гээд байж байна өөрийнхөө 2 гутлыг миний 1 гуталтай шатаачихсан байна гэж хэлээд биднийг дагуулж талийгаач дээр очоод нас барчихсан байна гэхэд надтай хамт явж байсан Төмөө ах хажууд нь очиж харчихаад нас барсан байна гэж хэлсэн. Биднийг очиход талийгаачийн дээр саарал өнгийн дээл хөл хэсгээр нь тавьчихсан цээж хэсгээрээ бараан өнгийн цамцтай толгой нь ил гарсан байдалтай малгайгүй ертөнцийн зүгээр баруун зүгт харчихсан дээшээ харсан байрлалтай хөлөндөө гуталгүй оймстой байсан. Ц.Зоригт талийгаачийн гэдэс рүү нь гараа хийж үзээд халуун байна гэж хэлж байсан. Бид 4 талийгаачийн биед хүрээгүй. Хажууд нь хараад зогсож байсан. Яг хэзээ нас барсныг нь хэлж мэдэхгүй байна.Ц.Зоригт бид нар дээр ирэхдээ 1 өрөөсөн эсгий түрийтэй гуталтай нөгөө талынхаа хөлөнд бор өнгийн ноосон цамц ороочихсон явж байсан. Бид нараас гутал асуухад нь Төмөө ах явган явахдаа өмсөнө гээд шар хүрэн өнгийн үдээстэй пүүзэн гутал хосоор нь аччихсан явсныгаа авч өгсөн. Тэр гутлыг нь талийгаачийн байсан газар нь өгсөн. Ц.Зоригтод Захарын даваан дээр хүмүүс байгаа, чи явж хэл хүргэ гэж Төмөө ах хэлээд бид нар цаашаа явсан. Ц.Зоригт тэр газраа үлдсэн. Бид нар цааш яваад Захарын мухар гэх газар талийгаачийн байсан газраас 2 км орчим зайд очиж отоглосон. Тэгээд байж байснаа н.Доржготовын хамт Ц.Зоригтыг Захарын даваа руу гаргаж өгье цаад хүмүүст ч гэсэн хэл дуулгая гэж ярилцаад морь хөтлөөд Ц.Зоригтын араас Захарын даваа руу явахад Ц.Зоригт даваанаас ойролцоогоор 2 орчим км зайд явж байхад нь араас нь очиж морь унуулж даваан дээр гаргахад 17 цаг өнгөрөөд харуй бүрий болж байсан. Захарын даваан дээр Энхүүдэй ах, эхнэрийн хамт бас нэг танихгүй эрэгтэй эмэгтэй хоёр хүнтэй байсан. Ц.Зоригт бид нарыг араас нь гүйцэж очоод морь унуулахад хар хөх өнгийн куртиктай, нэг талынхаа хөлөнд эсгий түрийтэй гутал, нөгөө хөлөндөө Төмөө ахаас авсан гутлаа өмчихсөн хар өнгийн өмдтэй явж байсан. Ц.Зоригтыг Захарын даваан дээр гаргаж өгчихөөд М.Доржготов бид хоёр буцаж явсан. Бид буцахдаа талийгаач дээр очоогүй хажуугаар нь гараад явсан гэсэн.” гэх мэдүүлэг /1-Р хавтас хх-ийн 66-68 тал/,

   8. Гэрч Б.Түмэнжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 12 цагийн үед дүү Доржготов, ах Хуягбаатар, дүүгийн найз Рэнцэн нарын хамт Жавхлан болон Алтай гэх залуугаас тус бүр 2 морь нийт 4 морь аваад Рэнцэнгийн 2 морьтой нийт 6 морьтой Захарын даваа руу самар түүхээр Ар хаяа гэх газар Рэнцэнгийн гэрийн гаднаас хөдөлцгөөсөн. Тэгээд явж байгаад Захарын даваа хүрэлгүй Шар булаг гэх газар хоноцгоосон. Маргааш нь буюу 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Шар булаг гэх газраасаа хөдлөөд Захарын даваан дээр 14 цагийн үед гарсан .Тэгэхэд Захарын даваан дээр самраас бууж байгаа гээд 4 хүн байсан. Би тэдгээр хүмүүсийг танихгүй. Тэгээд бид 4 захарын даваа уруудаад жим дагаад явж байхад 15 цаг өнгөрч байхад Ц.Зоригт гэх зүс үзэж байсан залуу Захарын даваа руу явж байгаа бололтой талийгаачийн байсан газраас ойролцоогоор 300 орчим метрийн зайд жим дагаад өрөөсөн хөлөндөө эсгий түрийтэй гуталтай, нөгөө талынхаа хөлөнд бор өнгийн ноосон цамц ороочихсон, нэг их сандарсан шинжгүй тайван алхаж явсан. Тэгээд бид нартай уулзаад Д.Мөнхбаатар ах энүүхэн энд архи уучихсан согтуу хөлдөж үхэх гээд миний өрөөсөн гутлыг өөрийнхөө 2 гуталтай шатаачихсан хэвтэж байгаа гэж хэлсэн.Тэгээд бид нар талийгаачийн байсан газар Ц.Зоригттой хамт очиход талийгаач дээшээ харсан байрлалтай хэвтэж байсан. Би талийгаачийг 2-3 метрийн зайнаас харахад нүд нь хүнхийсэн байдалтай нас барчихсан байсан. Би Ц.Зоригтод хандаж наад хүн чинь нас барчихсан байна гэтэл саяхан зүгээр байсан ш дээ гэж хэлээд нүдийг нь гараараа нээж үзүүлээд байсан. Тухайн үед талийгаачийг нас барчихсан байсныг нь мэдээд Ц.Зоригтод наад хүнээ хөдөлгөхгүй орхиод Захарын даваа явж хүмүүст хэл хүргэ гэж хэлээд цааш явцгаасан. Тэгээд бид 4 цааш явж Захарын мухар гэх газар буудаллаад Хуягбаатар ах бид 2 үлдээд Б.Рэнцэн, М.Доржготов хоёрыг морьтой буцааж явуулаад Ц.Зоригтыг Захарын даваа руу хүргэж өг гэж хэлээд явуулсан. Б.Рэнцэн, М.Доржготов нар Ц.Зоригтыг Захарын  даваа руу хүргэж өгөөд тэр шөнөдөө буцаж отог дээрээ ирсэн... Би Ц.Зоригтыг гуталгүй явж байсныг нь харсан. Тэгээд гутал байвал өгчихөөч гээд гуйгаад байхаар нь би ачаагаа задалж ууланд өмсөнө гэж бодоод авч явсан богино түрийтэй бор өнгийн пүүзэн гутлаа үлдээсэн... /1-р хавтас хх-ийн 94-96 дугаар хуудас/

 

9. Гэрч С.Түдэвбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “.. 2015 оны 01 дүгээр 19-ний 13 цагийн үед Занданбаатарын гэрт байж байхад Хуягбаатар талийгаач Д.Мөнхбаатар болон Ц.Зоригт, Баатараа бас 3 залуу 1 эмэгтэйн хамт самарт гарахаар явж байсан. Хуягбаатар тэд нарыг хүргэж өгөхөөр явж байсан. Ц.Зоригт Г.Занданбаатарын гэрт ирээд 2 хоночихсон байсан. Би хамтдаа 1 хоносон. Ц.Зоригтын дүү Ц.Отгонбаяр самраас буухдаа надад хутгаа үлдээгээд явсан байсныг Ц.Зоригт 2015 оны 01 сарын 18-ны өдөр надад хутга байхгүй гээд дүү Ц.Отгонбаярынхаа хутгыг надаас нэхэхээр нь би өгчихсөн юм. Улаан хүрэн өнгийн пивор иштэй, 20 орчим сантметр ажлын хэсэгтэй, ажлын хэсгийн өргөн нь 2 см орчим модон хуйтай хуйгаа скочоор ороочихсон хутга байсныг надаас аваад гутлынхаа түрийнд хийж байсан. Би Г.Занданбаатарын гэрт нэг хоносон Хуягбаатартай хамт явж байсан хүмүүс Г.Занданбаатарын гэрт 1 том пиво хувааж ууцгааж байснаас архи хувааж уугаагүй гэсэн мэдүүлэг /1-р хавтас хх-75-76 дугаар хуудас/

 

10.Гэрч Д.Содном мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 14 цагийн үед очсон. Миний очсон шалтгаан Энхүүдээгийн галын 4 хүнийг буулгах гэж  очсон. Урьд орой нь Энхүүдэйгийн 2 хүүхэд морьтой ирж хэлсэн. Тэгээд би өөрийн эзэмшлийн 73-77 БРА улсын дугаартай хөх цэнхэр өнгийн УАЗ-469 маркийн автомашинаар очсон. Тэнд Энхүүдээ түүний эхнэр Байгаль, Батцэцэг, 1 залуу байсан. Би Захарын даваан дээр очиход Энхүүдээгийн 4 хүнээс гадна Баавай түүний хамаатан Тамжид, Ц.Зоригт гэх залуу байсан би тэд нарыг аваад буцсан. ..Ц.Зоригт хэлэхдээ Д.Мөнхбаатартай цуг явсан урьд шөнө архи уугаад осгоод нас барчихлаа гэрийнхэнд нь хэл дуулгах гэсэн юм таны машинд дайгдаад явчихмаар байна гэхээр нь тэг гэж хэлсэн. ..2015 оны 01 сарын 21-ний өдөр нар жаргасны дараахан ойролцоогоор 18 цагийн үед талийгаач Д.Мөнхбаатарын гэрийнх нь үүдэнд буулгаад гэрлүү нь орж хэл гээд үлдээсэн гэсэн мэдүүлэг /1-р хавтас хх-112-113 тал/,

11.Гэрч Э.Энхбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..Би эхнэр Б.Байгальмаа, эхнэрийн төрсөн дүү н.Батцэцэг, хүргэн н.Нямсүрэн нарын хамт Захарын мухар гэх газарт самарт яваад 12 хоноод 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 16-17 цагийн хооронд Захарын даваа руу өгсөж явахад Ц.Зоригт гэх залуу уруудаж яваад зөрсөн. Араас нь талийгаач Д.Мөнхбаатар Ц.Зоригтоос 80 орчим метрийн зайтай алхаж явсан. Ц.Зоригтыг танихгүй болохоор юм яриагүй зөрж өнгөрөөд Д.Мөнхбаатартай мэнд мэдээд намайг самраас бууж явна уу гэхэд нь тийм гэж хариулаад чи самарт гарч байгаа юм уу, хаана очих гээд хэнтэй явж байгаа юм гэж асуухад энэ урд явж байгаа залуутай хамт гарч явна. Очих газраа мэдэхгүй байна гэж хэлсэн. Талийгаач тоглоомоор инээмсэглэж манай гэр энд шүү дээ, би харьж явна гэж хэлж байсан. Тэгээд зогсож байтал нөгөө залуу нь талийгаачийг хурдлаа явъя гэж хэлээд явсан. Талийгаач цагаан өнгийн шуудайнд талаар нь эд зүйл хийсэн бололтой үүрээд явж байсан. Ц.Зоригт цагаан өнгийн тал шуудайтай зүйл үүрчихсэн явж байсан. Тэгээд талийгаач Ц.Зоригт хоёр цаашаа алхаад бид нар даваа руу алхсан. Тэгээд алхаж явтал талийгаачийг явж өнгөрсөн газраас 500-600 метр зайд 1 эмэгтэйтэй 4 залуу нийт 5 хүн зөрж өнгөрсөн. Тэдгээр хүмүүсийн нэгийг зүс үзсэн хүн байсан бусдыг танихгүй хүмүүс байсан. Тэгэхдээ тэр хүмүүстэй мэндлээд л зөрсөн. Тэгээд Захарын даваан дээр гарч ирэхэд талийгаачийг авчирсан машин нь явчихсан даваан дээр хэн ч байгаагүй. Тэнд майханаа бариад отоглосон. Маргааш нь буюу 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 14 цагийн үед Шарков гэдэг залуу бас танихгүй 3 залуугийн хамт 5 морьтой самарт явж байна гээд Захарын даваан дээр урдаасаа самар байх газар луугаа явж байсан. Тэгээд Захарын даваа уруудаад цааш буусан. Тэрнээс хойш 16-17 цагийн хооронд /бид 4 цаггүй явсан болохоор яг цагийг нь нарийн хэлж мэдэхгүй багцаалдаж байна/ Шарков бас нэг залуугийн хамт Ц.Зоригттой гурвуулаа Захарын даваа өгсөж гарч ирсэн.Би майхныхаа гадаа зогсож байтал Ц.Зоригт ирээд хамт явсан Д.Мөнхбаатар ах маань осгоод нас барчихлаа гэж хэлсэн. Ц.Зоригт хэлэхдээ би ус уугаад байгаад мөсөн дээр наалдчихлаа хашгирах гэсэн дуу гараагүй. Тэгээд энэ 4 залуутай таарлаа гэж хэлж байсан. Ц.Зоригтын баруун талынх нь өвдөг ташаан толгой, тохой зэрэг нь мөстөж хөлдсөн. 2 өрөөсөн гуталтай дээгүүрээ хар өнгийн куртик, хар бараан өнгийн өмдтэй явж байсан.Шарков надад та маргааш Мөнхөөдэй ахыг ирэхээр нь Ц.Зоригтыг авч яваарай, талийгаачийн гэрийнхэнд хэл дуулгаарай гэж хэлээд нөгөө залуугийнхаа хамт морио унаад явсан. Би Ц.Зоригтыг хөлдөж үхлээ майханд орж дулаац гэж хэлээд цай хоол өгсөн.Тэгээд эхнэр Б.Байгалмаа өмсөж явсан мөстсөн өмдийг нь тайлуулж галд хатаасан. Тэгээд унтацгаасан. 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 14 цагийн үед Мөнхөөдэй бид нар дээр ирээд машинд самраа ачаад явцгаасан. Захарын даваан дээр байхад 2015 оны 01 сарын 21-ний өдөр 2 залуу гарч ирсэн байсан.Тэр залуучууд болон Ц.Зоригтын хамт Мөнхөөдэйгийн машинаар сумын төв рүү орж Ц.Зоригтыг талийгаачийн гэрийнх нь гадаа ганцааранг нь буулгаж үлдээсэн...Ц.Зоригт хар куртка, хар өнгийн өмд, нэг талынхаа хөлөнд эсгий түрийтэй гуталтай, нөгөө талынхаа хөлөнд бор шаргал энгийн пүүзэн гуталтай байсан гэсэн мэдүүлэг /1-р хавтас хх-77-79 тал/,

 

12. Гэрч Э.Эрдэнэболд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Энхүүдээгийн эхнэр Байгаль Ц.Зоригтыг архи үнэртүүлчихсэн ирсэн, даараад өөрөө бараг бээрцэн ирсэн. Шарков гэж залуу хэдэн хүмүүстэй явж байгаад таараад энэ даваан дээр хүргүүлж ирсэн гэж Ц.Зоригт ярьсан. Би шөнө Д.Мөнхбаатар ахтай гал руугаа явж байгаад унтаад босоход үүрээр Д.Мөнхбаатар ах осгоод нас барсан байсан гэж ярьсан....Ц.Зоригт их сандарсан байдалтай байсан гэсэн мэдүүлэг /1-р хавтас хх-ийн 114-116 дугаар хуудас/,

 

    13. Гэрч Б.Байгальмаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..Бид нар 2015 оны 01 дүгээр сарын 19-ний 16 цагийн үед Захарын даваан дээр гарах гээд явж байхад талийгаач нэг залуутай даваа уруудаад самарт явж байна гээд явж байсан. Тэгээд маргааш өдөр 2015 оны 01 сарын буюу 20-ны өдөр үдээс хойш 15-16 цагийн үед 2 хүн талийгаачтай цуг явж байсан залууг авчирч бид нарт үлдээгээд явсан. Тэр залуу өөрийгөө Ц.Зоригт гээд бид 2 өчигдөр шөнө явж байгаад талийгаач ядраад байна гэхээр нь замдаа хонохоор болоод нэг газарт гал түлээд амарсан. Тэгсэн чинь өглөө үүрээр намайг сэрэхэд ах нь хөлдөж байх шиг байна хүн дуудаад өг гэж хэлсэн гэж ярьж байсан.Чи өчигдөр оройноос хойш өдий хүртэл юу хийж явсан юм бэ гэхэд би өглөө сандраад цаашаа гүйж байгаад буцаж хүн дээрээ ирж хучиж өгөөд би хүн олоод ирье гэж хүн хайхад олдоогүй. Би хашгирах гээд  хашгирч чадахгүй дуу хоолой гарахгүй байсан гэж ярьсан. Тэгээд 4 залуутай таараад учир байдлаа хэлэхэд тэд нар морьтой байсан учраад тэнд нь очиход талийгаач нас барсан байсан гэж ярьж байсан. Тэгээд тэр 4 залуугийн 2-оор нь морьтой Захарын даваан дээр ирсэн. Бид нар дээр ирэхэд баруун гар, өвдөг, тохой, ташаан толгой нь мөс болоод хөлдсөн нилээн айж сандарсан байсан. Өмдийг нь хатааж өгсөн. 2 өөр гутал өмссөн байсан. Нэг нь бор түрийтэй богино бор хүрэн өнгийн гутал, савхин түрийтэй эсгий гуталтай түрийний хэсгээр нь шатсан байсан. Намайг унтаж байхад талийгаач өөрийнхөө хувцасыг шатаагаад гутлыг минь шатаасан байсан. Тэгээд би сэрээд нэг гуталтайгаа хүн хайж явсан гэж ярьж байсан. Архины бага зэрэг өнжмөл үнэр үнэртэж байсан. Би яагаад мэдсэн гэхээр гутлыг нь тайлж өгсөн өмдийг нь хатааж өгсөн болохоор нилээн ойртсон, ойрхон байсан болохоор урьд өдөр уусан архины өнжмөл үнэртэж байна гэж бодсон. Ирээд ам нь ангаж хатаж цангасан бололтой нилээн ус уусан. ..2015 оны 01 сарын 21-ний өдөр Содном цэнхэр өнгийн УАЗ-469 маркийн машинтай ирж биднийг авсан гэсэн мэдүүлэг/1-р хавтас хх-ийн 132-135 дугаар хуудас/,

 

    14. Гэрч Ц.Отгонцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “...2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хамгийн сүүлд ирсэн. 19 цагийн үед уулнаас буугаад ирж байна гэж хэлээд нэг талын хөлдөө цагаан түрийтэй хэсэг газартай түлэгдсэн хар толгойтой гутал өмссөн нэг талдаа бор өнгийн ботинкон гутал өмссөн байсан тэгээд Д.Мөнхбаатар ахыг нас барчихлаа гэж хэлээд орж ирсэн. Бид 2 ууланд байж байсан намайг үүрээр сэрээгээд байсан гал түлнэ гээд сууж байсан өглөө босоход хөлдөж нас барсан гэж яриж байсан” гэсэн мэдүүлэг /1-р хавтас хх-109-110 тал/,

 

    15. Гэрч Д.Оюунгэрэл мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “..Би шинжилгээний үед шинжээч эмчийн хамт оролцсон. Шарх нь зүүн гуяны дээд хэсэгт, ир нь доод талдаа, мөр нь дээд талдаа байрласан ташуудуу шарх байсан. Шархыг цааш үзэхэд 15 сантиметрийн гүнзгий, умдаг ясны урд хэсэг рүү зүүн доороос баруун дээш чиглэлтэй шархтай, шархны орчимд цус хуралт ихтэй, гуяны хураагуур судсыг бүрэн биш хатгагдаж зүсэгдсэн шархтай байсан.Талийгаач нь зүүн гуянд хатгагдсан гүнзгий шарх, гуяны хураагуур судас бүрэн биш тасарч цус алдалтын шокоор нас барсан байсан. Талийгаач Д.Мөнхбаатарын зүүн гуянд үүссэн шарх нь өөрийгөө хатгаж үүсгэх боломжгүй. Учир нь өөрийн гараар үүсгэгдэх шархны онцлогийг тухайн үүссэн шархны шинж тэмдэг илэрхийлэхгүй, гаднын хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шарх байсан.Өөрийн гараар үүсгэгдсэн шархны шинж тэмдэг нь олон байдаг, зэрэгцээ байдаг, өнгөц байдаг, биеийн өмнөд хэсэгт, хувцсаа тайлсан байдаг юм. Шархны гүн байдал, чиглэл, өөрийнх нь биеийн жингийн байдал зэргээс харахад унах явцдаа үүсэх боломжгүй гэсэн мэдүүлэг /1-р хавтас хх-ийн 141-142 дугаар хуудас/,

 

     16. Гэрч М.Доржготов мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2015 оны 01 сарын 20-ны өдөр 14 цагийн үед ах Б.Хуягбаатар, Б.Түмэнжаргал найз Б.Рэнцэн нарын хамт 6 морьтой Захарын даваан дээр гарсан. Бид нарыг Захарын даваан дээр гарахад зүс таних 4 хүн самраас бууж байна гээд Захарын даваан дээр байсан. Бид дөрөв даваа уруудаад явж байхад 15 цаг өнгөрч байсан байх яг цаг хараагүй болохоор сайн мэдэхгүй байна Ц.Зоригт жим дагаад Захарын давааруу алхаж явсан. Ц.Зоригт нэг хөлөндөө өрөөсөн эсгий түрийтэй гуталтай нөгөө талынхаа хөлөнд ноосон цамц ороочихсон явсан. Талийгаач Мөнгөнморьт сумын төв дээр байхдаа Ц.Зоригтын хамт самранд явна гэж ярьж байсан юм. Тэгээд Ц.Зоригтоос Д.Мөнхбаатар ахыг хаана байгааг би асуухад тэнд байгаа гэж заахад Ц.Зоригтын бид нартай уулзсан газраас ойролцоогоор 300 орчим метрийн зайд гал бололтой утаа баагиж байсан. Ц.Зоригт Д.Мөнхбаатар ах хөлдөж үхэх гээд байна миний гутлыг өөрийнхөө гуталтай шатаачихсан гэж хэлж байсан. Тэгээд бид 4 талийгаачийн байсан газар очиход дээшээ хараад хэвтчихсэн. Баруун талынх нь хөл нь галд нэлээн ойрхон байж байсан. Түмэнжаргал ах хараад талийгаачийг нас барчихсан байна гэж хэлэхэд Ц.Зоригт үхээгүй байгаа гээд нүдийг нь нээж үзүүлээд байсан. Ц.Зоригт талийгаачийг нас бараагүй байгаа Захарын давааруу гаргаад өгчих гэж хэлж байсан. Талийгаач харахад нас барсан нь илт байсан. Тэгээд Ц.Зоригтод Б.Түмэнжаргал ах өмсөх гэж байсан гутлаа ачаанаасаа гаргаж өгөөд бид 4 цааш хөдөлсөн. Бид дөрөв талийгаачаас 2-3 метрийн зайтай зогсож байсан. Талийгаачид дөхөж ойртоогүй. Тэгээд бид 4 цааш явж Захарын мухар гэх газар буудаллаад Б.Хуягаатар, Б.Түмэнжаргал нар үлдээд Б.Рэнцэн бид хоёр буцаж хөтөлгөө морьтой яваад Ц.Зоригтыг Захарын давааруу хүргэж өгөөд харанхуй болсны дараа буцаж отог дээрэээ ирсэн гэсэн мэдүүлэг /1-р хавтас хх-91-93 тал/,

 

     17.Гэрч Ц.Отгонбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би төрсөн ах Ц.Зоригттой Захарын давааны Хайрхан гэх газар 45 хоног самарт явсан. 2015 оны 01 сарын дунд үеэр өдрийг нь санахгүй байна Ц.Зоригт ах бид хоёрыг Шар Аагий гэдэг ченж самараас буулгасан. Түүсэн самарыг Түдэв гэдэг хүн мориор цагаалж Захарын даваан дээр гаргаж ирсэн. Тэгээд Мөнгөнморьт сумын төвд шар Аагийгийнд самараа өгчихөөд талийгаачийн гэрт очиж хоночихоод маргааш өглөө нь шар Аагийтай самарын тооцоогоо хийж мөнгөө авчихаад би Налайх руу таксигаар явсан. Би хэдэн төгрөг авснаа санахгүй байна. Түүнээс хойш ахтай уулзаагүй гэсэн мэдүүлэг /1-р хавтас хх-97-98 тал/,

 

   18. Шинжээч Ө.Шаарийбуу мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нас барагч Дамдиндоржийн Мөнхбаатарын нас барсан шалтгаан бусад асуудлыг тогтоох зорилгоор магадлан шинжилгээнд орсон. Уг шинжилгээгээр нас барагч Д.Мөнхбаатар нь зүүн хөлний гуяны гадна дээд хэсэгт дороос дээш чиглэсэн ташуу байрлалтай, дотогш чиглэлд 3*1 сантиметрийн хэмжээтэй зүүн гуяны хураагуур судасны бүрэн бус хатгагдаж зүсэгдсэн шарх авснаас болж цус алдаж цус алдалтын шокоор нас барсан байсан. Уг шархны гүнийг хэмжихэд 15 сантиметр хэмжээтэй хатгагдсан шарх байсан. Үзлэгээр талийгаач Д.Мөнхбаатарын нүүрэнд язарсан шарх, зулгаралт. зөөлөн эдийн цус хуралт, зөөлөн эдийн түлэгдэлт учирсан байсан. Дээрх гэмтлүүд нь амьд байх үед нь үүссэн байсан. Нас барсан цаг хугацааг тогтоох боломжгүй. Учир нь талийгаач нь хөлдсөн байсан учраас хүүрийн болон халууныг тодорхойлох боломжгүй юм. Талийгаач өөрийгөө хатгаж шарх үүсгэх боломжгүй. Яагаад гэвэл уг шарх нь 15 сантиметр гүн, дороос дээш чиглэсэн ташуу байрлалтай, хурц ирмэг нь доод  хэсэгтээ үүссэн байсан учраас талийгаач өөрийгөө хатгах шарх үүсгэх боломжгүй. Хэрэв амиа хорлох үйлдэл хийсэн бол шарх нь өнгөц, олон тооны, биеийн өмнөд хэсэгт үүсдэг. Уг үхэлд хүргэсэн шарх нь зүүн гуяны гадна дээд хэсэгт үүссэн байсан учраас өөрийгөө хутгалах боломжгүй юм гэсэн мэдүүлэг /1-р хавтас хх-145-146 тал/, ..... Дээрх согтолын зэрэг бол маш хүнд хэлбэрийн согтолт юм. Дээрх согтолтын улмаас талийгаач биеэ хамгаалж чадахгүй чадахгүй, болж байгаа үйл явдлыг ойлгох чадваргүй байх боломжтой юм. Хүний биеийн биологийн онцлог, биеийн жин, идэж уусан хоол хүнээс хамаарч харилцан адилгүй байдаг” гэсэн мэдүүлэг /3-р хавтас хх-79 тал/,

 

19. Гэрч Б.Долгорсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 13 цагийн үед ах Чулуунбаатар, нөхөр Ганбаатар, нөхрийн найз Даваадорж, Бадмаараг нарын хамтаар Хуягбаатарын машинаар Захарын даваа руу самарт явсан. Тэгэхдээ шар аагийн хочтой Хуягбаатар бид тавыг самарт гаргасан юм. Бид нартай хамт талийгаач Мөнхбаатар сумын төвөөс цуг яваад замдаа Зоригт гэх залууг аваад явцгаасан. Тэр айлын гадна бид нар авч явсан хүнснээсээ 2,5 литрийн боргио пиво гаргаад 10-уулаа хувааж ууцгаасан. Тэгээд цааш хөдөлцгөөсөн. Тэр пивыг би аяглаж явуулсан болохоор хүн болгонд нэг аяга пиво оногдсон. Зоригт пиво уулгүй амсаад өгсөн. Талийгаач аягатай пивоо бүгдийг нь уусан. Тэндээсээ хөдлөөд Захарын даваан дээр очсон. Хэдэн цагт очсоныг нь хэлж мэдэхгүй байна.  Тэнгэр бүүдийгээд цас бага зэрэг бударч эхэлсэн. Зоригт талийгаач нар авч явсан хөнжил пүүгээгээ буцааж Хуягбаатарын машинд явуулаад хоёулаа бага багахан зүйл шуудайлж үүрээд бид таваас түрүүлээд явцгаасан” гэсэн мэдүүлэг /1-р хавтас хх-84-85 тал/,

 

20. №02 дугаартай шүүх сэтгэц судлалын үзлэг хийсэн дүгнэлтэнд:

1.  Ц.Зоригт нь сэтгэцийн хувьд эмгэг зан төрхттөн эмгэгтэй байна.

2.  Ц.Зоригт нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох өөрийгөө удирдан хянах чадвартай болно.

3.  Ц.Зоригт нь болсон хэргийн талаар үнэн зөв тайлбарлах, мэдүүлэг өгөх чадвартай болно гэжээ /1-р хавтас хх-153-154 тал/,

 

21. Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн актад №02

1. Талийгаач Д.Мөнхбаатарын зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гуяны булчин болон зөөлөн эдийн их хэмжээний цусан хураа, зүүн гуяны хураагуур судасны бүрэн бус хатгагдаж зүсэгдсэн шарх, язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн цус хуралт, зөөлөн эдийн түлэгдэлт 1, 2 -р зэрэг биед гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хурц ирмэгтэй, 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, мохоо, халуун бүхий зүйлийн үйлчлэл нь 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Талийгаач Д.Мөнхбаатар нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна.

4.Талийгаач Д.Мөнхбаатар нь нас барах үедээ хүнд зэргийн хүчтэй согтолттой байжээ.

5.Талийгаач нь 1 дүгээр бүлгийн цустай байна.

6.Талийгаач нь зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гуяны хураагуур судас бүрэн бус хатгагдаж зүсэгдэж гэмтсэн гэмтлийн улмаас хурцаар цус алдаж цус алдалтын шокоор нас баржээ.

7. Талийгаачийн нас барсан хугацааг тогтоох боломжгүй.

8.Талийгаачийн биед үүссэн түлэгдэлт нь /халууны үйлчлэлээр үүсгэгдэнэ/, нас барсаны өмнө үүссэн болно.

9.Талийгаачийн зүүн гуянд үүссэн шарх нь том судас гэмтээсэн учир түргэн хугацаанд цус алдаж нас барна.

10.Талийгаач Д.Мөнхбаатарт эмнэлгийн тусламжаар амь насыг аврах боломжгүй болно гэжээ /1-р хавтас хх-144-145 тал/,

 

22. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №1274 тоот дүгнэлтэнд

1. Шинжилгээнд ирүүлсэн Ц.Зоригтын /2015.01.21-ний өдөр түүний биеэс авсан гэх/цусанд спиртийн зүйл илрээгүй гэжээ /1-р хавтас хх-148 тал/,

 

23.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №1284 тоот дүгнэлтэнд

1. Шинжилгээнд ирүүлсэн Ц.Зоригтын /2015.01.24-ний өдөр түүний биеэс авсан/ гэх цусанд 2,6 промилли спиртын агууламж илэрсэн.

Цусанд илэрсэн 2,6 промилли спиртын агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна /1 хавтас хх-150 тал/,

 

24.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №1275 тоот дүгнэлтэнд

1.Сэжигтэн Ц.Зоригтын гэх цус нь ABO  системээр О/I/ бүлгийн харъяалалтай байна /1-р хавтас хх-151 тал/,

 

25. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №1272 тоот дүгнэлтэнд

1. Талийгаач Д.Мөнхбаатарын өмсөж явсан гэх оймснууд, өмдний тэлээ, хөх эрээн ноосон цамцан дээр цус илрээгүй.

2.Бусад хувцасан дээрхи толбуудад цус илэрсэн. Энэ нь OI бүлгийн харъяалалтай хүний цус байна гэжээ /1-р хавтас хх-156 тал/,

 

26. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №1268,69,1276 тоот дүгнэлтэнд

1. Сэжигтэн Ц.Зоригтын өмсөж явсан  гэх хувцаснуудад, ээжээс нь хурааж авсан гэх хувцаснууд, баруун хөлийн эсгий гутал дээр цус илэрээгүй гэжээ /1-р хавтас хх-160  тал/,

 

27. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №572 тоот дүгнэлтэнд

1. Шинжилгээнд ирүүлсэн дээлэнд 170,5х45мм, 28х10 мм дулааны үйлчлэлийн улмаас гарсан шинэ түлэгдсэн цоорхойнууд,

-хар хөх өмдөнд 100х135мм, 30х85мм дулааны үйлчлэлийн улмаас гарсан шинэ түлэгдсэн цоорхойнууд, 30мм хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас гарсан шинэ зүссэн уранхай,

-саарал дотуур өмдөнд 35х40 дулааны үйлчлэлийн улмаас гарсан шинэ түлэгдсэн цоорхой, 20мм хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас гарсан шинэ зүссэн уранхай,

-хар дотуур өмдөнд 20мм хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас гарсан шинэ зүссэн уранхай,

-саарал оймсонд 60х50мм дулааны үйлчлэлийн улмаас гарсан шинэ түлэгдсэн цоорхой,

-хар оймсонд 90х70 мм дулааны үйлчлэлийн улмаас гарсан шинэ түлэгдсэн цоорхой,

-ноосон цамцанд 15мм, 4мм хурц иртэй зйлийн харилцан үйлчлэлийн улмаас гарсан шинэ зүссэн уранхайнууд,

-хар ногоон цамцанд доороосоо 1 дэх товч унасан нь татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзарсан уранхай,

-богино ханцуйтай цамцанд 30мм татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзарсан уранхай,

-дотоожинд 30мм хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас гарсан шинэ зүссэн уранхай гарсан байна гэжээ /1-р хавтас хх-163 тал/,

 

28.шинжээчийн 572 тоот дүгнэлтэнд хавсаргах зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-164-165 тал/,

 

 29. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №573 тоот дүгнэлтэнд

1. Шинжилгээнд ирүүлсэн цамцанд ямар нэгэн уранхай, цоорхой гараагүй байна гэжээ /1-р хавтас хх-168 тал/,

 

30. шинжээчийн 573 тоот дүгнэлтэнд хавсаргах зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-169 тал/,

 

31. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №574 тоот дүгнэлтэнд

1. Шинжилгээнд ирүүлсэн 4 хэсэг шилний хагархай, LIDER гэсэн шошго нь шинжилгээнд тэнцэхгүй.

2.Харин 110х120 мм даавууны хэсэг нь 572 шинжилгээнд ирүүлсэн хар хөх дотортой, хөндлөн судалтай өмдний зүүн доод ирмэгээс эгц дээш 0,1 см, баруун хажуу оёдлоос зүүн тийш 17 см зайд 100х135 мм түлэгдсэн цоорхойн хэсэг байна гэжээ /1-р хавтас хх-171 тал/,

 

32. Шинжээчийн 574 тоот дүгнэлтэнд хавсаргах зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-172 тал/,

 

33. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №568 тоот дүгнэлтэнд

 1. Шинжилгээнд ирүүлсэн гадуур хүрмэнд 10х17мм, 7х7мм, 37мм дулааны үйлчлэлийн улмаас гарсан шинэ түлэгдсэн цоорхой, 19мм хатуу мохоо зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас гарсан шинэ гогдсон уранхайнууд,

Хилэн хар өмдөнд 19мм, 45мм хатуу гадаргуутай харилцан үйлчлэлийн улмаас гарсан шинэ уранхайнууд, 70 мм хатуу мохоо зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас гарсан гогдсон уранхайнууд гарсан байна.

2. Малгай болон бор өмдөнд ямар нэгэн уранхай, цоорхой гараагүй байна гэжээ /1-р хавтас хх-174 тал/,

 

34. Шинжээчийн 568 тоот дүгнэлтэнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-175-176 тал/,

 

35. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №570 тоот дүгнэлтэнд

1. Шинжилгээнд ирүүлсэн гуталанд 120х120 мм дулааны үйлчлэлийн улмаас үүссэн шинэ түлэгдэлт байна гэжээ /1-р хавтас хх-178 тал/,

 

36. 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №570 тоот дүгнэлтэнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-179 тал/,

 

37. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №569 тоот дүгнэлтэнд

1. Шинжилгээнд ирүүлсэн эргүүлэн захтай цамцанд 90мм, 35мм, 40мм, 60мм, 25х40мм, 15мм татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ сэмэрч ханзарсан уранхайнууд,

Цэнхэр жинсэн өмдөнд 9мм, 14х14мм, 19х19мм хатуу мохоо зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас гарсан шинэ гогдсон цоорхойнууд,

Бор шаргал өмдөнд 9х9мм хатуу мохоо зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас гарсан шинэ гогдсон цоорхой гарсан байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцаснуудад ямар нэгэн уранхай, цоорхой гараагүй байна гэжээ /1-р хавтас хх-181 тал/,

 

38. Шинжээчийн 569 тоот дүгнэлтэнд хавсаргах зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-182-184 тал/,

 

39. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №615 тоот дүгнэлтэнд

1. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээрх бариулын бэхэлгээний зориулалт бүхий хадаас дулааны үйлчлэлээр хайлсан байна. Шинэ, хуучин аль нь болохыг тогтоох боломжгүй байна. Хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй гэжээ /1-р хавтас хх-186 тал/,

 

40.Шинжилгээнд 615 тоот дүгнэлтэнд хавсаргах зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-187 тал/,

 

41.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №614 тоот дүгнэлтэнд

1.Шинжилгээнд ирүүлсэн саарал оймсонд гарсан цоорхой хуучин эдэлгээний явцад гарсан. Саарал өнгийн 3-н хэсэг даавуунд гарсан түдэгдэлт, хусууранд гарсан хугаралт, цууралт шинээр гарсан байна. Хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй.

2.Бусад 2ш оймс, хуруу зай гэмтэлгүй байна гэжээ /1-р хавтас хх-189 тал/,

 

42. шинжилгээний 614 тоот дүгнэлтэнд хавсаргах зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-190-192 тал/,

 

43. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №31 тоот дүгнэлтэнд:

1.  Ц.Зоригтын биед баруун шилбэнд түлэгдэлт, гэмтэл тогтоогдлоо.

2.  Уг гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.  Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.  Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-205/,

 

44.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №620 тоот дүгнэлтэнд

1.Шинжилгээнд ирүүлсэн Д.Мөнхбаатарын гэх гарын хээний дардас нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд ирүүлсэн Д.Мөнхбаатарын гэх гарын хээний дардас нь Папилон гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. Харин Д.Мөнхбаатарын гэх гарын хээний дардас нь Папилон гарын хээний нэгдсэн санд Дамдиндорж овогтой Мөнхбаатар нэрээр 2009.08.10-нд MN003410002346, 2012.06.28-нд MN000CAH02954 дугаараар бүртгэгдсэн байна гэжээ /1-р хавтас хх-194 тал/,

 

 45.Шинжээчийн 618 тоот дүгнэлтэнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-195 тал/,

 

46. Дардасны бүртгэлийн дугаар 2015-цогц-СХД /1-р хавтас хх-196 тал/,

47. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №1353, 54 тоот дүгнэлтэнд

1.Хэргийн газраас авсан гэх модон хусуурын хэсэг дээр цус илэрсэн. Бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй.

2.Хэргийн газраас авсан гэх 3 ш даавууны хэсэг, 3ш оймс, GP  зай, төмөр хутга дээр цус болон биологийн бусад ул мөр илрээгүй гэжээ /1-р хавтас хх-199 тал/,

 

48.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №1270, 71, 73 тоот дүгнэлтэнд

2.Хэргийн газраас авсан гэх 2ш улавч, уяаны хэсэг, бээлий, 2ш архины шил, ноосон цамц зэрэгт цус илрээгүй.

1.Талийгаач Д.Мөнхбаатарын гэх үс, хумсны дээжүүд дээр цус болон биологийн бусад ул мөр илрээгүй.

3.Сэжигтэн Ц.Зоригтын гэх үс, хумсны дээжүүд дээр цус болон биологийн бусад ул мөр илрээгүй гэжээ /1-р хавтас хх-203 тал/,

 

49.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №09/004 тоот дүгнэлтэнд

1. Шинжилгээнд ирүүлсэн ерөөл гэсэн шошготой нэг ширхэг лонх, хар өнгийн хүзүүвчтэй шилний 3 хэсэг хагархайнуудын гадаргуунууд нь хөрс, шороо мэт зүйлээр бохирлогдсон, хатаж наалдсан, галд шатсан байдлууд нь гарын мөр илрүүлэх боломжгүй байна гэжээ /1-р хавтас хх-207 тал/,

 

50. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №1543 тоот дүгнэлтэнд

1.Самбайнд бэхжүүлж авсан гэх улаан хүрэн өнгийн зүйл, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон өвс дээрх толбонд цус илэрсэн. Уг цус нь О/I/ бүлгийн харъяалалтай байна гэжээ /1-р хавтас хх-209 тал/,

51. гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтас хх-3 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас хх-4-6 тал/,  хэрэг учралын газрын схем зураг /1-р хавтас хх-7 тал/,  Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн Захарын мухар гэх газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх 8-13 тал/, хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас хх-14-15 тал/, Нөхөн үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-16-17 тал/,

   52. шүүгдэгч Ц.Зоригтыг 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр сэжигтнээр /1 дүгээр хавтас хх-236-240 тал/, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр сэжигтнээр дахин/1дүгээр хавтас 241-243 тал/, 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчаар /1 дүгээр хавтас хх-245 тал/, 2015 оны 03 сарын 30-ны өдөр яллагдагчаар 2 дахь удаагаа /1 дүгээр хавтас хх-246 тал/, 2015 оны 04 сарын 22-ны өдөр яллагдагчаар 3 дахь удаагаа /1 дүгээр хавтас хх-247 тал/ , 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ял өөрчилж /3-р хавтас хх-82 тал/, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ял өөрчлөн сонсгож /3-р хавтас хх-124 тал/, байцааж авсан тэмдэглэлүүд,

         52. Ц.Зоригтийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “Багануур дүүргийн шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 19 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан хөнгөн ялыг хүндэд багтааж бүгд 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж 2006 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн өршөөл үзүүлэх комиссын №2861 дугаар тогтоолоор эдлээгүй үлдсэн 02 жил 05 хоногийг өршөөн хэлтрүүлсэн, Багануур дүүүргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,Багануур дүүргийн шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 65 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2008 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 70 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 23 хоногийн ялыг эдлэхээс өмнө тэнссэн суллагдсан/ Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэн/, Багануур дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 100 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 17 хоногийн ялыг эдлэхээс өмнө тэнсэн суллагдсан“гэх лавлагаа зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судласан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг эцэслэн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Зоригтийг согтуугаар 2015 оны 1 дүгээр сарын 19-ны өдрөөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн нутаг “Захарын мухар” гэх газарт Д.Мөнхбаатарыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, ямар ч шалтгаангүйгээр танхайрах явцдаа онц харгис хэрцгий аргаар буюу амьдаар нь шатаан түлж хайран олон тооны гэмтэл үүсгэн улмаар түүнийг зүүн гуянд хутгалж алсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүгдэгч Ц.Зоригтыг амь хохирогч Д.Мөнхбаатарыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, ямар ч шалтгаангүйгээр танхайрах явцдаа онц харгис хэрцгий аргаар буюу амьдаар нь шатаан түлж олон тооны гэмтэл үүсгэн улмаас түүнийг зүүн гуянд хутгалж алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэргийн тухайд амь хохирогчийн бие махбодид үүссэн түлэгдэлт /халууны үйлчлэлээр нас барахын өмнө үүссэн гэмтэл/ хүнд зэргийн согтолттой зэрэг нь амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн актад №02 тоот актанд тусгагдсан боловч Эрүүгийн байцаан шйитгэх хуулийн 85 дугаар зүйлийн 85.4 дэх хэсэгт зааснаар дээрх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгчийн эрх зүйн байдлын хүндрүүлэх үндэслэлгүй байна.

    Өөрөөр хэлбэл Эрүүгийн 201501070032 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэргийн талаар өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч хохирогч нар архи авч явсан шүүгдэгч Ц.Зоригтоос архины өнжүүл үнэр үнэртэж байсан талаар гэрч Байгальмаа мэдүүлдэг /шүүхийн хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар/ бөгөөд адилхан архи уусан хүмүүс бие биенээ хянах чадвар дутмаг түүнчлэн хохирогчийн бие махбодид учирсан түлэгдэлт бүхий гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Шаарийбуу мэдүүлсэн /1-р хавтас хх-132-135 тал, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар/ байх тул шүүгдэгч Ц.Зоригтийг хохирогч Д.Мөнхбаатарыг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх үүсгэн өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, түлэгдэлт бүхий хөнгөн гэмтлийн улмаас хохирогч зовж зүдэрхээр байдал үүсгэсэн гэх үйлдэл нотлогдоогүй байна.

  Амь хохирогчийн бие махбодид учирсан түлэгдэлт бүхий гэмтлийг амь хохирогч өөртөө учруулсан эсэх, шүүгдэгч түүнд учруулсан эсэхийг ч нарийвчлан тогтоогоогүй байна.

  Иймд Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Зоригтийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж ял сонсгож ирүүлснийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй байна.

 

 Харин Эрүүгийн 201501070032 дугаартай хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар 2015 оны 1 дүгээр сарын 19-ны өдрөөс 20-нд шилжих шөнө шүүгдэгч Ц.Зоригт нь амь хохирогч Д.Мөнхбаатартай хамт самар түүхээр явж байгаад Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн нутаг “Захарын мухар” гэх газарт очсон байх ба шөнө амь хохирогч нь даарсны улмаас согтуугаар өөрийнхөө 2 гутал болон шүүгдэгчийн өмсөж явсан гутлийн өрөөсөн гутлийг шатаасаны улмаас хохирогч шүүгдэгч нар маргалдаж, улмаар амь хохирогч  Д.Мөнхбаатарын зүүн гуян тус газар нь хутгалж хүнийг санаатай алсан болох нь:

-“цогцос баруун гараа зүүн гуя руу чиглүүлсэн байдалтай хагас нугалсан зүүн гар нь зүүн хөлний гуян дээр тавигдсан хөх өнгийн өмдтэй, шилбэ хэсгээрээ цагаан канттай бор оймстой, гуталгүй, од хэлбэрийн хээтэй хөх цамцтай дотор талаараа ногоон өнгийн футболктой, толгойгоо саарал өнгийн дээлээр бүтээсэн байсан бололтой эрэгтэй хүний цогцос байв” гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-4-3 тал/, амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн 02 дугаартай “талийгаач Д.Мөнхбаатарын зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гуяны хураагуур судасны бүрэн бус хатгагдаж зүсэгдсэн гэмтлийн улмаас хурцаар цус алдаж цус алдалтын шокоор нас баржээ” гэх шинжээчийн дүгнэлт /хх-144-145 тал/, өөрийн гаргасан шинжээчийн дүгнэлтэй тайлбарлан мэдүүлсэн шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мөрдөн байцаалтанд  болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “талийгаач Мөнхбаатарын зүүн гуяны гадна дээд хэсэгт дороос дээш чиглэсэн ташуу байрлалтай, дотогш чиглэлд 3*1 сантметрийн хэмжээтэй зүүн гуяны хураагуур судасны бүрэн бус хатгагдаж зүсэгдсэн шарх, авснаас болж цус алдалтын шокоор нас барсан байна. Шархны гүнийг хэмжихэд 15 сантиметр хэмжээтэй хатгагдсан шарх байсан. ....Талийгаач зүүн гуяндаа хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гуяны хураагаар судасны бүрэн бус зүсэгдсэн шархнаас цус алдаж, хурц цус алдалтын улмаас шоконд орж нас барсан. Энэ гэмтэл хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн үед түргэн тусламжийн арга хэмжээ авсан бол уг хүний биологийн онцлогоос хамаарна. Гэхдээ энэ гэмтлийг авсан бол түргэн хугацаанд нас барна..гэмтлийг өөрөө өөртөө учрулах боломжгүй гэмтэл” гэх мэдүүлэг /хх-146 тал, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар/ гэрч Г.Занданбаатар, С.Хуягбаатар, Р.Чулуунбаатар, Б.Рэнцэн, Б.Байгальмаа нарын тухайн өдөр болсон үйл явдлын талаар зөрүүгүйгээр мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүгдэгч Ц.Зоригтийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

    Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар амь хохирогч Д.Мөнхбаатар болон шүүгдэгч Ц.Зоригт нар нь 2015 оны 01 сарын 19-ний 16 цагийн үед шүүгдэгч болон амь хохирогч нар самар түүхээр гэрч н.Ганбаатар, н.Долгорсүрэн, н.Даваадорж, н.Бадмаараг, Р.Чулуунбаатар нараас салж явсан байдаг ба хэрэг учрал гарах үед хэргийн газарт амь хохирогч шүүгдэгч хоёроос өөр хүн байгаагүй байна.

  -Амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтэл авч нас бараад удаагүй байхад буюу 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цагийн үед хэргийн анхны 4 гэрч болох Б.Рэнцэн, Б.Хуягбаатар, М.Доржготов, Б.Түмэнжаргал нартай шүүгдэгч Ц.Зоригт нь өрөөсөн гуталтай нэг хөлөө цамцаар боосон байдалтай таардаг бөгөөд таарахдаа амь хохирогчийг хөлдөж үхэх гэж байгаа тухай гэрчүүдэд хэлдэг.

         -Шүүгдэгчийн хэлснээр гэрчүүд 300 метр газар шүүгдэгчийг дагаж яваад амь хохирогчийн байгаа газар очиход амь хохирогч амьсгал хураасан бие нь хөрөөгүй байсан талаар гэрч Б.Түмэнжаргалын “Би талийгаачийг 2-3 метрийн зайнаас харахад нүд нь хүнхийсэн байдалтай нас барчихсан байсан” гэх/хх-112 гэх, тал/, гэрч Б.Рэнцэнгийн “биднийг дагуулж талийгаач дээр очиход нас барчихсан байна гэхэд надтай хамт явж байсан Төөмөө /Б.Түмэнжаргал/ ах хажууд нь очиж харчихаад нас барсан байна гэж хэлсэн” /хх-66-67 тал/ гэх, гэрч М.Доржготовын “Түмэнжаргал ах хараад талийгаачийг нас барчихсан байна гэж хэлэхэд Ц.Зоригт үхээгүй байгаа гээд нүдийг нь нээж үзүүлээд байсан” гэх/хх-91-93 тал/, гэрч Б.Хуягбаатарын “Ц.3оригттой хамт очиход талийгаач дээшээ харсан байрлалтай хэвтэж байсан. Түмэнжаргал харчихаад наад хүн чинь нас барчихсан юм  биш үү гэхэд Ц.Зоригт нас бараагүй өөрсдөө ирээд үзэхгүй юу гээд нүдийг нь гараараа нээж харуулаад гэдэс рүү нь гараа хийгээд бүлээн байна гээд байсан”гэх/ 72-74 тал/ гэрч Б.Рэнцэнгийн “Ц.Зоригт талийгаачийн гэдэс рүү гараа хийж үзээд халуун байна гэж хэлж байсан”/хх-66-67 тал/ гэх, гэрч “Б.Түмэнжаргалын Би Ц.Зоригтод хандаж наад хүн чинь нас барчихсан байна гэтэл саяхан л зүгээр байсан ш дээ гэж хэлээд нүдийг нь гараараа нээж үзүүлээд байсан” гэх /хх-112 тал, гэрч М.Доржготовын ”Ц.Зоригт үхээгүй байгаа гээд гэдсийг нь халуун байгаа биз дээ гээд нүдийг нь нээж үзүүлээд байсан” гэх /хх-91-93 тал/ мэдүүлэгүүд нь анх шүүгдэгч Ц.Зоригт нь амь хохирогчийг нас барсан талаар гэрч нарт хэлээгүй, гэрчүүдийн мэдүүлснээр амь хохирогчийг үхээгүй байгаа гэдэс нь бүлээн байгаа халуунаараа байгаа гэж хэлж байсан зэрэг Ц.Зоригтын үйлдэлүүлд нь амь хохирогчийг тухайн үед амьсгал хураагаад удаагүй байсан нь тогтоогдсон байна.

  Шүүгдэгч Ц.Зоригт нь хэрэг учрал гарсны дараа буюу 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын хэсгийн төлөөлөгч Цэрэнчимэд болон амь хохирогчийн эхнэр ах дүү нарт нь амь хохирогчийг хөлдөж үхсэн талаар мэдээлдэг бөгөөд шүүгдэгчийн өгсөн мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллага мэдээллийг хүлээж аваад 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр амь хохирогчийг хөлдөж үхсэн байна гэх шүүгдэгч Ц.Зоригтын мэдүүлэгт хөтлөгдөхөд хүрсэн байна гэж дүгнэхээр байна.

  Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “ гутал шатаалаа гэж уурлахад өөдөөс хутга бариад дайрахаар нь өшиглөөд унагаасан” гэх мэдүүлгүүд хэрэг учрал гарсны дараа очсон гэрчүүдийн мэдүүлэг, амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтосон шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлтээ тайлбарлан мэдүүлсэн шинжээчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул шүүгдэгчийн дээрх мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 “яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно” гэж зааснаар нотлох баримтын хэмжээнд шүүх үнэлсэн болно.  

    Иймд Ц.Зоригтыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан буюу Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   

    Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.      

  

          Хохирлын талаар:

          Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхтогтохын гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөр 5,643,285 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800,000 төгрөг, шүүхийн шатанд 126,000 төгрөг нийт 6,569,285 /зургаан сая таван зуун жаран есөн мянга хоёр зуун наян таван/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж, шинжээч Ө.Шаарийбуугийн нэхэмжилсэн 120000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг  тус тус шүүгдэгч Ц.Зоригтоос гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхтогтоход  6,569,285  төгрөг, шинжээч Ө.Шаарийбууд 120000 төгрөгийг тус тус олгох зүйтэй байна.

    

Эд мөрийн баримтын талаар

     Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогч Д.Мөнхбаатарын өмсөж явсан гэх ногоон өнгийн футболк, цэнхэр өнгийн судалтай хар ногоон өнгийн срочкин цамц, хөх өнгийн хүрээтэй хар саарал өнгийн цамц, саарал өнгийн дээл, MIEGO гэсэн бичигтэй дотоож, хар өнгийн нимгэн дотуур өмд, саарал өнгийн дотуур өмд, хар хөх өнгийн шилбэний хэсэгтээ цагаантай ажлын өмд, бор хүрэн өнгийн тэлээ, camel гэсэн бичигтэй оймс 1 хос, хар саарал өнгийн оймс 1 хос,шүүгдэгч Ц.Зоригтын өмсөж явсан гэх хар хөх өнгийн өвлийн куртик, хүрэн хилэн өмд, талийгаач Д.Мөнхбаатарын өмсөж явсан гэх шар өнгийн тэмээний ноосон цамц, хэргийн газрын үзлэгээр хурааж авсан ерөөл нэртэй архины шил 1 ширхэг, нэр нь тодорхойгүй архины шилний хагархай, хар өнгийн уяа, гутлын улавч, цагаан өнгийн ажлын өрөөсөн бээлий, хэргийн газрын нөхөн үзлэгээр хурааж авсан 3 сантиметрийн өргөн, 14,5 сантиметрийн урт ажлын хэсэгтэй 11 сантиметрийн урт үнсээр бохирлогдсон иш нь шатаж төмөр нь гарсан хутга, GP батарей, ногоон эрээн өнгийн даавууны тасархай, хээгүй саарал өнгийн өрөөсөн оймс, Монгол гэсэн уйгаржин бичигтэй саарал өнгийн өрөөсөн оймс, 2 талын үзүүр хэсэг нь галд шатсан гол хэсгээрээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 25 см өргөн, 153 см урттай ногоон эрээн өнгийн даавуу, 3 сантиметрийн өргөн, 22 сантиметрийн урт бариул хэсэг нь хугарсан 2 талаараа цус мэт зүйлээр бохирлогдсон модон хусуур, GAMEL гэсэн бичигтэй бор шаргал өнгийн өрөөсөн оймс, З ширхэг гутлын нум төмөр, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цасыг самоайд нэвчүүлэх аргаар бэхжүүлсэн дээж, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон ургамлаас авсан дээж, талийгаач Д.Мөнхбаатарын хумсны дээж, толгойны үсний дээж,шүүгдэгч Ц.Зоригтын хумсны дээж, толгойны үсний дээж, ялтан Ц.Зоригтын өмсөж явсан гэх размер тодорхойгүй эсгий түрийний гадна дээд хэсэгт 12x13 см хэжээтэй галд шатаж түлэгдсэн эрэгтэй хүний баруун хөлийн өрөөсөн гутал, шар эрээн өнгийн хөндлөн судалтай цамц, юүдэнтэй хар хөх өнгийн ноосон цамц, хар өнгийн дотуур өмд, ВЕРТОNNI гэсэн бичигтэй саарал канттай хар өнгийн дотоож, шар өнгийн олон халаастай өмд, Саарал өнгийн жинсэн өмд, цайвар өнгийн жинсэн өмд, цэнхэр өнгийн жинсэн өмд зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, ялтан Ц.Зоригтын өмсөж явсан гэх хар өнгийн саравчтай шар өнгийн малгай, хүрэн өнгийн тэлээ зэргийг шүүгдэгч Ц.Зоригтод буцаан олгохоор хянан шийдвэрлэв.

      

     Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

      Шүүгдэгч нь энэ хэрэгт 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2017 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр хүртэл 709 хоног цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцвол зохино.

      

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

        1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Боржигон овогт Цолмонгийн Зоригтийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйчилсүгэй.

 

        2.Шүүгдэгч Боржигон овгийн Цолмонгийн Зоригтийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цолмонгийн Зоригтийг 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

        4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Зоригтод оногдуулсан 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Зоригтын цагдан хоригдсон 709 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, ялтан Ц.Зоригтын ял эдлэх хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

6.Хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дэх хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогч Д.Мөнхбаатарын өмсөж явсан гэх ногоон өнгийн футболк, цэнхэр өнгийн судалтай хар ногоон өнгийн срочкин цамц, хөх өнгийн хүрээтэй хар саарал өнгийн цамц, саарал өнгийн дээл, MIEGO гэсэн бичигтэй дотоож, хар өнгийн нимгэн дотуур өмд, саарал өнгийн дотуур өмд, хар хөх өнгийн шилбэний хэсэгтээ цагаантай ажлын өмд, бор хүрэн өнгийн тэлээ, camel гэсэн бичигтэй оймс 1 хос, хар саарал өнгийн оймс 1 хос,шүүгдэгч Ц.Зоригтын өмсөж явсан гэх хар хөх өнгийн өвлийн куртик, хүрэн хилэн өмд, талийгаач Д.Мөнхбаатарын өмсөж явсан гэх шар өнгийн тэмээний ноосон цамц, хэргийн газрын үзлэгээр хурааж авсан ерөөл нэртэй архины шил 1 ширхэг, нэр нь тодорхойгүй архины шилний хагархай, хар өнгийн уяа, гутлын улавч, цагаан өнгийн ажлын өрөөсөн бээлий, хэргийн газрын нөхөн үзлэгээр хурааж авсан 3 сантиметрийн өргөн, 14,5 сантиметрийн урт ажлын хэсэгтэй 11 сантиметрийн урт үнсээр бохирлогдсон иш нь шатаж төмөр нь гарсан хутга, GP батарей, ногоон эрээн өнгийн даавууны тасархай, хээгүй саарал өнгийн өрөөсөн оймс, Монгол гэсэн уйгаржин бичигтэй саарал өнгийн өрөөсөн оймс, 2 талын үзүүр хэсэг нь галд шатсан гол хэсгээрээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 25 см өргөн, 153 см урттай ногоон эрээн өнгийн даавуу, 3 сантиметрийн өргөн, 22 сантиметрийн урт бариул хэсэг нь хугарсан 2 талаараа цус мэт зүйлээр бохирлогдсон модон хусуур, GAMEL гэсэн бичигтэй бор шаргал өнгийн өрөөсөн оймс, З ширхэг гутлын нум төмөр, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цасыг самоайд нэвчүүлэх аргаар бэхжүүлсэн дээж, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон ургамлаас авсан дээж, талийгаач Д.Мөнхбаатарын хумсны дээж, толгойны үсний дээж,шүүгдэгч Ц.Зоригтын хумсны дээж, толгойны үсний дээж, ялтан Ц.Зоригтын өмсөж явсан гэх размер тодорхойгүй эсгий түрийний гадна дээд хэсэгт 12x13 см хэжээтэй галд шатаж түлэгдсэн эрэгтэй хүний баруун хөлийн өрөөсөн гутал, шар эрээн өнгийн хөндлөн судалтай цамц, юүдэнтэй хар хөх өнгийн ноосон цамц, хар өнгийн дотуур өмд, ВЕРТОNNI гэсэн бичигтэй саарал канттай хар өнгийн дотоож, шар өнгийн олон халаастай өмд, Саарал өнгийн жинсэн өмд, цайвар өнгийн жинсэн өмд, цэнхэр өнгийн жинсэн өмд зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, ялтан Ц.Зоригтын өмсөж явсан гэх хар өнгийн саравчтай шар өнгийн малгай, хүрэн өнгийн тэлээ зэргийг Ц.Зоригтод буцаан олгосугай.

 

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Зоригтын нэр хөрөнгөнөөс 6,569,285  төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхтогтоход, 120000 төгрөгийг гаргуулж шинжээч Ө.Шаарийбууд тус тус олгосугай.

 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Ц.Зоригтод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүсүгэй.

 

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээрзүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.ОТГОНЖАРГАЛ

 

                                               ШҮҮГЧИД                              Д.БУЯНТОГТОХ

 

                                                                                                   Ж.МӨНХТУЯА