Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 216/МА2018/00007

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Н.Батчимэг, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Аяган 2 гудамж, 3 тоотод оршин суух, Боржигин овогт Ичинхорлоогийн Ягаанцэцэг /РД:ЕЙ75040101/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар багт байрлах Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежид холбогдох

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02  дугаар сарын 23-ны өдрийн 134/ШШ2018/00032 дугаар шийдвэртэй,

Говьсүмбэр аймгийн Политехник коллежийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах” тухай Б/135 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мөнхцоожийн гаргасан гомдлын дагуу 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.Ягаанцэцэг, нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч И.Ягаанцэцэг нь  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежид 2010 оноос эхлэн одоог хүртэл ажиллаж байна. Захиргаа, аж ахуйн менежер П.Мөнхцоож нь ажлын байрны дарамт үзүүлж манай өрөөнд байсан цамц алга болчихлоо ураад хаячихсан биз олж өгөөрэй гэсэн. Тэгэхээр нь би чиний хиртэй цамцыг би яахлаараа мэддэг юм бэ, чи өөрөө нэг газар хаячихсан биз эсвэл янз янзын хүүхэн гэж явдагаараа тэндээ хаясан байлгүй гэж би хэлсэн.

Ингэж хэлсний төлөө цалингийн 20 хувиар, 2 сар шийтгүүлсэн. Миний шийтгүүлсэн үндэслэл заалтыг харахад би /3.2.1, 3.1.4, 6.5, 6.1/ гэсэн сургуулийн дотоод журмыг  хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул миний сахилгын шийтгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч И.Ягаанцэцэг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Би сахилгын шийтгэл авсантай холбогдуулан 12 дугаар сарын цалингийн 25 хувь болох 90 000 төгрөг, 1 дүгээр сарын цалингийн 25 хувь болох 90 000 төгрөг, Засгийн газраас олгосон 300 000 төгрөг, нийт 480 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгч И.Ягаанцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... Би чиний цамцыг яагаад олж өгдөг юм. Чи өөрөө энд тэнд хонож өнжиж яваад хаясан байх гэдэг хариу тайлбар хэлсэн. Ингэж хэлсэн гээд надад цалингийн 2 сарын сахилгын шийтгэл ногдуулсан. Тэгэхээр нь би захирал руу ороод би ажлын алдаа гаргасан бол энэ сахилгын шийтгэлийг авахад надад гомдох зүйл байхгүй. Тэгтэл одоо сахилгын шийтгэл авснаар төрөөс өгч байгаа 300 000 төгрөг авах ямар ч боломжгүй болчихлоо гэж хэлэхэд, та хоёрын хувийн асуудалд би оролцоод яах юм бэ? та өөрөө П.Мөнхцоож яриад учраа ол гэдэг хариу өгсөн. Тэгэхээр нь би П.Мөнхцоожид орж удаа дараа орж хэлэхэд таньтай ярих зүйл байхгүй гэж надад хэлсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд өгсөн хариу тайлбар дээр болохоор үндсэн үйл ажиллагаанаас гадуур ажил хийсэн хүнд урамшуулал олгодог гэсэн байгаа.

Би өөрийн цэвэрлэх ёстой өрөө тасалгааны хүмүүсээр үнэлгээ хийлгэсэн нотлох баримтыг өгсөн байгаа. Би тэр үнэлгээн дээр муу гэсэн үнэлгээ авсан бол миний буруу байгаад би ямар ч урамшуулал авах эрх байхгүй. Зан харьцааны муу гэсэн дүгнэлтийг надад өгсөн байсан. Би хамт олноороо өөрийгөө ямар хүн бэ? ажлаа хийж чадаж байна уу? чадахгүй байна уу? гэдгийг хамт олноороо үнэлүүлээд бүх хүмүүсээр гарын үсэг зуруулсан. Үнэхээр үйл ажиллагаанаас гадуур хийсэн ажил гэдгийг би ойлгохгүй байгаа. Би үйлчлэгч хүн учраас хөдөлмөрийн гэрээнд заасан ажлыг хийх ёстой болохоос нэмэлт ямар ажил бид нараас шаардаж байгаа юм. Манай байгууллагын үйлчлэгч нар ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэж байдаг. Тэгтэл яагаад надад сонин байдалтай хандаж байдаг юм. Бид нарын гадуур хийсэн ажил гэх юм бол бүгд хамтарч цуг хийдэг.

Манай байгууллага 8 үйлчлэгчтэй, өгсөн үүрэг даалгаврыг дор бүр нь биелүүлж байдаг. Ажлын байранд зааснаас өөр ажил гэдэг нь өрөө тасалгаагаа тохижуулах юм уу? гадаа гарч хогийг бүгд цэвэрлэж байдаг. Тэгтэл та хийсэнгүй гээд намайг хэлээд, надад иймэрхүү байдалтай яагаад хандаж байгаа юм. Үлгэр жишээ ажилласан хүнд урамшуулал олгодог гэж хэлсэн. Манай байгууллагын ажилчид бүгд урамшуулал авдаг. Үнэхээр нэг хүнд их ажил өгөөд хийлгэсэн зүйл бол харагдахгүй байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надтай эвгүй харьцаа гаргасан учраас би хариу тайлбар хэлсэн. Тэгтэл надад сахилгын шийтгэл ногдуулж байна. Тиймээс би энэ сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Ажлын алдаанаас болсон бол буруугаа хүлээнэ гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мөнхцоож шүүхэд гаргасан тайлбартаа: И.Ягаанцэцэг нь байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг зөрчиж, “Хөдөлмөрийн гэрээ”-ээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн, удирдах, удирдуулах ёс зүйг сахиагүй, багш ажилтан, удирдах албан тушаалтантай удаа дараа зүй бусаар харьцаж, хэрэлдэж, доромжилж, өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар үл биелүүлсэн болно. Иймд И.Ягаанцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Манай байгууллагад нэхэмжлэл гаргасан үйлчлэгч ажилтай И.Ягаанцэцэгийн  нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гаргасан нь үндэслэлгүй юм. Манай ажилтан албан хаагч нарт ур чадварын урамшуулал олгохдоо үндсэн үйл ажиллагаанаас гадуур хийсэн нэмэлт ажилд, үнэхээр сайн үлгэр жишээ ажилласан тохиолдолд олгодог. Мөн ямар нэгэн сахилгын шийтгэлтэй албан хаагчид ур чадварын урамшууллыг олгодоггүй болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мөнхцоож шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариу тайлбар дээрээ хэлсэн. И.Ягаанцэцэг эгчийг та миний цамцыг харсан уу гэж асуухад дуугарахгүй байсан. Дараа нь хувцас алга болсон байна, өөр хүнд түлхүүр байхгүй. Та энд тэнд тавьсан юм уу? гэж асуухад тухайн үед гэрч байсан. Би өөрөө тэр зүйлийг мэдэж байгаа юм чинь гээд гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргаагүй. Тэгээд би И.Ягаанцэцэг эгчээс асуухад чиний тэр хиртэй хувцасыг хэн хаана хаядаг юм. ... хаана хаясаныг чинь би мэдэхгүй гээд коридоороор орилоод гараад явсан. Тэгэхээр нь би зүй бус харьцсан гэж үзсэн.

Би бол удирдах албан тушаалтан байтал эвээр ярьж болох байсан. Дараа нь манай гадаад ажил хариуцсан ажилтан, ерөнхий нягтлан хоёртой зүй бус харьцсан байдаг. Тэр хоёр хүн өрөө цэвэрлээд өгөөч гэхэд наад балиар өрөөндөө суу гээд цэвэрлээгүй шалтгаан байгаа. Дараа нь мөн ерөнхий нягтлантай хэл амны асуудал гаргасан. Тиймээс би удирдах болон бусад ажилтантай зүй бус харьцаж байна гээд тухайн сахилгын шийтгэл ногдуулсан байгаа. Хүмүүсийн гарын үсгийг тухайн сахилгын арга хэмжээ авсан өдрөөс хойш хэрэгт тулгуурлан бүрдүүлсэн гэж үзэж байгаа.

Эвлэрэх талаар би захиралтай ярилцсан байсан. Энэ хүнийг бага зэрэг айлгахгүй бол хүмүүстэй зүй бус харьцаад, үүрэг даалгавар хэлсэн хүний өөдөөс нь хэл амаар доромжилж байгаа учраас айлгах маягтай эхний байдлаар тушаал гаргаж, төсөл танилцуулсан. И.Ягаанцэцэг нь энэ гаргасан үйлдэл дээрээ өөрөө гэмшээгүй. Өөр зүйл ярьсан. ...энэ тушаалаа болиулах юм бол  ... чи үүнээс илүү хохирно шүү гэдэг зүйл ярьсан учраас би таньтай ярих зүйл байхгүй, тушаалаа хэвэнд нь байлгана гэсэн зүйл ярьсан. Тиймээс энэ тушаал гарсан нь зүй ёсны хэрэг гээд сахилгын шийтгэл ногдуулсан гэжээ.

 Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч И.Ягаанцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах” тухай Б/135 дугаар тушаалыг хүчингүй болгож,

 Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.5-д зааснаар Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежоос нэхэмжлэгчийн үндсэн цалингийн 2 сарын 20 хувь болох 149 436 төгрөгийг /нэг зуун дөчин есөн мянга дөрвөн зуун гучин зургаа/ гаргуулж нэхэмжлэгчид олгож,

нэхэмжлэлийн шаардлагаас 30 563 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар ажлын үр дүнгийн урамшуулал буюу нэмэгдэл хөлс болох 300 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 84 333  төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулж, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мөнхцоож давж заалдах гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дугаар 134/ШШ2018/00032 тоот шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “Хариуцагчаас И.Ягаанцэцэгийг хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэж буруутгаж байгаа боловч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэл, түүнийг нотлох талаарх холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Б/135 дугаар тушаалын үндэслэлээ нотлож чадаагүй” гэж үзэн И.Ягаанцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 Учир нь И.Ягаанцэцэг нь өөрийн буруугүй гэдгээ нотлоогүй ба нотлох баримт гээд байгаа үнэлгээний хуудсаа ажилчдаар гарын үсэг зуруулахдаа сахилгын шийтгэл авснаас хойш ажил сайжирч байгаа гэдгээ албаны менежер Мөнхцоож-д харуулах гэсэн юм, өөр ямар нэгэн зүйлд ашиглахгүй гэсэн байдаг. Энэ нь шүүхэд нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэхээр байна.

Иймд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дугаар 134/ШШ2018/00032 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 Учир нь нэхэмжлэгч И.Ягаанцэцэг нь Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах” тухай Б/135 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан байх бөгөөд тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа сахилгын шийтгэл ногдуулсантай холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын цалингийн урамшууллын 25 хувь болон  олгогдоогүй цалин болох 90 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын цалингийн урамшууллын 25 хувь болон олгогдоогүй цалин болох 90 000 төгрөг, Засгийн газраас олгосон урамшуулал болох 300 000 төгрөг, нийт 480 000 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн боловч шүүх хуралдаан дээр 2017 оны 12 болон  2018 оны 1 дүгээр саруудад авах байсан цалингийн урамшууллын 25 хувийг гаргуулах шаардлагаасаа татгалзсан байна.

Хариуцагч тал нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч  сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй хэмээн маргажээ.

 Анхан шатны шүүх ажил олгогч буюу Говьсүмбэр аймаг дахь Политехник коллеж нь ажилтан буюу нэхэмжлэгч И.Ягаанцэцэгийг хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам зөрчсөн гэж буруутгаж байгаа боловч энэ тухай нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ нотолж чадаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж  шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх шатанд цалингийн урамшууллын 25 хувиас татгалзсантай холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулсны улмаас цалингаас суутгасан мөнгийг буюу 149436 төгрөг гаргуулсан нь тооцооны хувьд зөв болжээ.

Мөн Засгийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолын 1-д зааснаар төрийн албан хаагчид ажлын үр дүнгийн мөнгөн  урамшуулал  болгон олгогдсон 300 000 төгрөгийг нэхэмжлэгчид нөхөн олгохоор шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 134/ШШ2018/00032 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг  дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.