| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бавалын Баатар |
| Хэргийн индекс | 181/2019/00426/И |
| Дугаар | 01791 |
| Огноо | 2019-09-12 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 01791
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баатар даргалж, шүүгч Д.Уранчимэг, Ө.Уянга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийж:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 43-Б байр, 74 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Батдэлэгийн Бяраасан /РД:ЗЮ77031078/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Өдрийн мэдээ” ХХК /РД:2651661/-д холбогдох,
Нэр төр сэргээлгэх, эдийн бус гэм хорын хохиролд 90,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Бяраасан, өмгөөлөгч Д.Батсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямдорж, Г.Нацагдорж, иргэдийн төлөөлөгч С.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 07 сарын 20-ны өдөр Өдрийн сонины 133 /5976/ дугаарт “Цагдаагийн албан хаагчийн гарт иргэн амиа алджээ” гэсэн нийтлэл тавигдсан. Нийтлэлд “Уг иргэн нь хуучин ганц худгийн тэнд амьдарч байсан Т гэгчийг гэрээс нь авч яваад Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр 2 цагдаатай нийлж, амьсгалгүй болтол зодож амь насыг нь хөнөөсөн” гэж цагдаагийн байгууллагын нэр хүнд болон албан хаагч миний нэр хүндэд халдсан мэдээллийг улс орон даяар тараасан.
Уг мэдээлэл нь Монгол Улсын нутаг дэвсгэр 21 аймаг болон нийслэл сум, дүүрэг, баг, хороонд тарсан мэдээлэл нь миний нэр төр болон цагдаагийн байгууллагын ажил үүргийн нэр хүндэд муугаар нөлөөлсөн гэж үзсэн болхоор нэхэмжлэл гаргасан.
Ташаа мэдээллийн хамрах хүрээ маш өргөн байгаа, мөн миний таньдаг мэддэг бүх хүмүүст энэ мэдээлэл тарсны улмаас миний авга ах маань энэ мэдээллийг уншиж над уруу ярьж байсан. Яагаад ийм зүйл болчихвоо гэж, энэ мэдээлэл гаргаснаас хойш би маш их шоконд орсон.
Цагдаагийн ерөнхий газраас албаны шалгалт хийж, мэдээ, мэдээллийн дагуу иргэд асуух, тухайн өдөр ажил үүргээ гүйцэтгэж байсан албан хаагч нар энэ мэдээллийн улмаас маш их хохирсон байгаа.
Энэ мэдээлэл Монгол Улсын нутаг дэвсгэр бүх иргэнд тарсан гэж үзсэний үндсэн дээр “Өдрийн мэдээ” ХХК-иас 90,000,000 төгрөг нэхэмжилсэн. Энэ нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэтгүүлч Б.Уранчимэг нь тухайн мэдээгх януулахгүйгээр хэвлүүлсэн болох нь зөрчил шалгах явцад тогтоогдсон тул тэрээр Зөрчлийн хуулийн дагуу торгуулсан.
Өдрийн сонины редакцийн зүгээс мэдээллийг нягтлахад Цагдаагийн ерөнхий газраас авсан бодит мэдээлэл тул хариуцлагыг би хүлээн хэмээгээд уг нийтлэлийг сэтгүүлч Б.Уранчимэг сонинд хэвлүүлсэн.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т зааснаар энэ хариуцагч нь тухайн нийтлэлийг нийтлүүлсэн этгээд тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Б.Бяраасангийн талаар худал мэдээ хэвлүүлсэн нь сэтгүүлч Б.Уранчимэг, “Өдрийн мэдээ” ХХК Б.Бяраасангийн нэр төрд халдаагүй гэв.
Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Бяраасан нь хариуцагч “Өдрийн мэдээ” ХХК-д холбогдуулан, нэр төр, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, эдийн бус гэм хорын хохиролд 90,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
“Өдрийн мэдээ” ХХК-ийн эрхлэн гаргадаг Өдрийн сонины 2018 оны 07 сарын 02-ны өдрийн Даваа гаригийн №133 /5976/ дугаарын 7 дугаар нүүрт “Цагдаагийн алба хаагчийн гарт иргэн амиа алджээ” гэсэн гарчигтай нийтлэл гарсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан Өдрийн сонины 2018 оны 07 сарын 02-ны өдрийн Даваа гаригийн №133 /5976/ дугаартай сонин баримтаар тогтоогдож байх ба зохигч энэ талаар маргаагүй.
Нэхэмжлэгч уг нийтлэл өөрийнх нь нэр төр, ажил хэргийн нэр хүндэд ноцтой хохирол учруулсан, уг нийтлэлийн улмаас сэтгэл санааны хохирол учирсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Өдрийн сонины 2018 оны 07 сарын 02-ны өдрийн Даваа гаригийн №133 /5976/ дугаарын 7 дугаар нүүрт “Цагдаагийн алба хаагчийн гарт иргэн амиа алджээ” гэсэн гарчигтай нийтлэлийг сэтгүүлч Д.Уранчимэг хянуулахгүйгээр сонинд хэвлүүлсэн, энэ нь зөрчил шалгах явцад тогтоогдсон, уг мэдээг “Өдрийн мэдээ” ХХК тараагаагүй, хохирол 90,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 сарын 28-ны өдрийн 1315 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...талийгаач нь спиртийн цочмог хордлогын улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ”, “талийгаачид эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь аврагдах боломжгүй” гэж дүгнэсэн,
мөн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2018 оны 08 сарын 28-ны өдрийн Шийтгэлийн хуудас баримтад Б.Уранчимэг нь 2018 оны 07 сарын 02-ны өдөр №133/5976/ дугаарын сонинд Б.Бяраасанг Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 37 настай иргэн цагдаагийн алба хаагчийн гарт амиа алджээ. Тодруулбал тус дүүргийн Дарь эхийн шинэ буудал хуучнаар Ганц худаг руу өгсөх замын ойролцоо амьдардаг 37 настай н.Төрөө гэх залууг цагдаагийн ахлах дэслэгч н.Бяраасан зодож амь насыг нь хөнөөсөн байна гэж хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд мэдээллийн хэрэгслээр дэлгэсэн болох нь тогтоогдсон тул Б.Уранчимэгийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авчээ.
Өдрийн сонины 2018 оны 07 сарын 02-ны өдрийн Даваа гаригийн №133 /5976/ дугаарын 7 дугаар нүүрт “Цагдаагийн алба хаагчийн гарт иргэн амиа алджээ” гэсэн гарчигтай нийтлэл нь бодит байдалд нийцээгүй болох нь тогтоогдсон, энэ нийтлэлийн улмаас Цагдаагийн албан хаагч Б.Бяраасангийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Д.Батсайхан, О.Өсөхбаяр нарын мэдүүлгээс тодорхой тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч нь бодит байдалд нийцээгүй мэдээ, мэдээлэл тараасан “Өдрийн мэдээ” ХХК-аас Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., 511 дүгээр зүйлийн 511.1., 511.2.-т заасны дагуу нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээлгэж, мэдээ тараагдсан хэлбэрээр няцаалт хийлгэх, эдийн бус гэм хорын хохирол шаардах эрхтэй.
Хариуцагч “...гаргасан нийтлэлийнхээ хариуцлагыг хүлээж, Зөрчлийн хуульд заасан шийтгэл хүлээсэн тул “Өдрийн мэдээ” ХХК хариуцлага хүлээх үндэслэлгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан, хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргасан боловч тус сонины сэтгүүлч Б.Уранчимэгт хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд мэдээллийн хэрэгслээр дэлгэсэн гэж Зөрчлийн хуульд заасан арга хэмжээ авч байгаа нь Цагдаагийн албан хаагчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гэм хорыг арилгаж байгаа хэлбэр биш юм.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан хариуцагч нь уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийх үүрэгтэй.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.-д “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ.” гэж заасан тул мэдээллийг нягталж шалгалгүй өөрийн сонинд нийтэлсэн “Өдрийн мэдээ” ХХК нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., 511 дүгээр зүйлийн 511.1., 511.2.-т заасан хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.
Уг нийтлэлийг бичсэн сэтгүүлч Б.Уранчимэг нь “Өдрийн мэдээ” ХХК-ийн гэрээт сурвалжлагч учир Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1.-д ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Бяраасанд учирсан гэм хорын хариуцлагыг “Өдрийн мэдээ” ХХК хүлээх үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч нь эдийн бус хохирлын хэмжээг 90,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмлэлийн шаардлага гаргасан боловч ийм хэмжээний хохирол учирсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар нотлогдоогүй тул шүүх нэхэмжлэгчид учирсан эдийн бус хохирлыг мэдээ тараасан арга хэрэгслийг харгалзан, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд “Өдрийн мэдээ” ХХК-ийн 2019 оны 04 сарын 25-ны өдрийн №67 дугаартай баримтад “Өдрийн сонины 2018 оны 07 сарын 02-ны өдрийн Даваа гаригийн №133 /5976/ дугаар 5964 ширхэг хэвлэгдсэн болно” гэснийг үндэслэн 1 ширхэг Өдрийн сонин 800 төгрөгөөр худалдаалагддаг үнэлгээгээр тооцон /5964 ширхэг х 800 төгрөг = 4,771,200 төгрөг/ 4,771,200 төгрөг гаргуулж эдийн бус гэм хорыг арилган, нэхэмжлэлийн энэ шаардлагаас үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., 498 дугаар зүйлийн 498.1., 511 дүгээр зүйлийн 511.1., 511.2.-т заасныг тус тус баримтлан “Өдрийн мэдээ” ХХК-ийн эрхлэн гаргадаг Өдрийн сонины 2018 оны 07 сарын 02-ны өдрийн Даваа гаригийн №133 /5976/ дугаарын 7 дугаар нүүрт “Цагдаагийн алба хаагчийн гарт иргэн амиа алджээ” гэсэн гарчигтай нийтлэлд нэхэмжлэгч Б.Бяраасангийн нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, мэдээг тараасан хэлбэр хэрэгслээр буюу Өдрийн сониноор дамжуулан няцаалт хийхийг хариуцагч “Өдрийн мэдээ” ХХК-д даалгаж, хариуцагч “Өдрийн мэдээ” ХХК-аас 4,771,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бяраасанд олгож, Б.Бяраасангийн нэхэмжлэлээс эдийн бус гэм хорын хохирол 85,228,800 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмлдэгтийн хураамжид төлсөн 804,510 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагч “Өдрийн мэдээ” ХХК-аас 91,289 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бяраасанд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БААТАР
ШҮҮГЧИД Д.УРАНЧИМЭГ
Ө.УЯНГА