| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 147/2019/0325/и |
| Дугаар | 389 |
| Огноо | 2019-10-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 389
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Р.Гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Мт холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 5 320 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Г, хариуцагч Д.М, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Мтэй 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 3 500 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Д.М нь удахгүй өгнө гэж хэлсээр зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөдрийг хүрч байна. Сүүлдээ Д.М нь чаддаг юм бол шүүх, цагдаагаар яваад аваарай гэж загнасан. Хариуцагч нь 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 07-ны хоорондох хугацааны хүү 350 000 төгрөгийг хугацаа хэтрүүлсэн ч гэсэн төлсөн. Одоо 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацааны хүү 350 000 төгрөгийг төлөх ёстой гэж үзэж байна.
Иймд түүнээс үндсэн зээл 3 500 000 төгрөг, зээлийн хүү 350 000 төгрөг, зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож, 84 хоногийн алданги 1 470 000 төгрөг, нийт 5 320 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.М шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Р.Гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
2019 оны 3 дугаар сарын 07-нд 3 500 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн. Нэхэмжлэгчийн бичсэн шиг “... та шүүхийн байгууллагаар яв” гэдэг үгийг би шууд хэлээгүй. Дэлгүүрт ирж надтай маш муухайгаар харьцсан. 2 сарын хүү болох 350 000 төгрөгийг төлсөн. Гэтэл дахиад 2 сарын хүү авах ёстой гэж байна. Бидний хооронд байгуулсан зээлийн гэрээнд гэрээний хугацаа дууссанаас хойш хүү тооцох тухай заалт байгаагүй. Миний бие зээлийн гэрээний хугацаанд хүүгээ бүрэн төлсөн. Тийм учраас зээлийн хугацаа дууссанаас хойш тооцсон 350 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.
Мөн алданги 1 470 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гэрээ байгуулах үед тус зээлийн гэрээг баталж өгсөн нотариатч Г.Д алдангийн талаар огт тайлбарлаж өгөөгүй учраас ийм үр дагаварт хүрнэ гэж мэдээгүй, өөрөөр хэлбэл нотариатч гэрээнээс үүсэх үр дагаврыг тайлбарлах үүргээ биелүүлээгүйн улмаас ийм өндөр төлбөрт орсон гэж үзэж байна. Хэрвээ ийм өндөр алдангитай гэж ойлгосон бол би гэрээ байгуулахгүй байх байсан. Зээлийн гэрээг нотариатаар батлуулахад алданги 0.1-0.5 хувийн хооронд байдаг гэдгийг хэлээгүй. Тиймээс нотариатчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг гаргасан. Гэрээ хийж байхад хэдэн төгрөгийн зээл хийж байгаа юм, хүү байгаа юу, алданги байгаа юу гэж л асуусан. Сүүлд өөр хүнтэй зээлийн гэрээ хийхээр нотариатч Дагиймаа дээр очиход 0.5 хувиас доошоо алданги байдаг гэдгийг мэдсэн гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Д шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд гаргасан Р.Гийн нэхэмжлэл болон хариуцагч Д.Мийн хариу тайлбартай танилцаад гуравдагч этгээд болох нотариатч Г.Д миний бие доорх тайлбарыг гаргаж байна. 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр зээлдүүлэгч Р.Г, зээлдэгч Д.М нарын 187 тоот зээлийн гэрээг байгуулах үед талууд зээлийн хэмжээ, хугацаа, хүүг харилцан тохиролцсон байсан бөгөөд миний бие гэрээг боловсруулах явцад зээлдэгч, зээлдүүлэгч аль аль талаас алданги тооцох эсэх, алданги тооцох тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1-0.5 хувиар бодогддог ба талууд хэдэн хувиар гэрээнд тусгах талаар асууж тодруулсны үндсэн дээр 0.5 хувийн алдангийг тусгасан бөгөөд гэрээг хэвлэж талуудад уншуулж, танилцуулж, гарын үсэг зурсны дараа гэрээг гэрчилсэн. Зээлдэгч Мөнгөнцэцэг нь гэрээг уншиж танилцсаны дараа алдангийг багасгах талаар санал гаргаагүй бөгөөд гэрээг зөвшөөрч гарын үсэг зурсан. Зээлдэгч Д.М нь анх удаа зээлийн гэрээ байгуулж байгаа бус миний боловсруулж гэрчилсэн 94, 1987, 387,435 тоот зээлийн гэрээг байгуулах бүрт алдангийг 2 талаас асууж зөвшилцсөний үндсэн дээр гэрээнд тусгаж уншиж танилцуулсны дараа гэрээнд гарын үсэг зуруулдаг, алдангийг өөр өөр хувиар тусгасан зэргээс алдангийн талаар тайлбарлаагүй гэдгийг нотариатч Г.Д миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанд зохигч нарын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Г нь хариуцагч Д.Мт холбогдуулан “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 3 500 000 төгрөг, зээлийн хүү 350 000 төгрөг, алданги 1 470 000 төгрөг, нийт 5 320 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Р.Г, хариуцагч Д.М нар нь 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулан зээлдүүлэгч талаас 3 500 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч тал 2 сарын хугацаанд, 5 хувийн хүүтэйгээр мөнгийг буцаан төлөх, гэрээний 3.7 дахь хэсэгт “гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцохоор тус тус заасан.
Нэхэмжлэгч Р.Г нь 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 3 500 000 төгрөгийг хариуцагч Д.Мт шилжүүлсэн, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусч хариуцагч зээлийн хүүд 350 000 төгрөг төлсөн талаар зохигчид маргахгүй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр байгуулна”, мөн хуулийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэжээ.
Зохигчид нь анз тооцох тухай гэрээг хуульд заасан шаардлагын дагуу бичгээр
байгуулсан ба зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагч Д.М нь үндсэн зээл 3 500 000 төгрөгийг төлөөгүй 84 хоногийн хугацаа хэтрүүлсэн байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 3 500 000 төгрөгт алданги тооцож 1 470 000 төгрөг /3 500 000x0.5% =17 500x84 хоног=1 470 000 төгрөг/-ийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3 500 000 төгрөг, алданги 1 470 000 төгрөг, нийт 4 970 000 төгрөгийг хариуцагч Д.Мээс гаргуулж нэхэмжлэгч Р.Гт олгох нь зүйтэй байна.
Харин Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийх ба энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд зээлдүүлэгч хүү шаардах эрхээ алдахаар зохицуулсан тул гэрээний хугацааг талууд сунгаагүй тохиолдолд нэхэмжлэгч хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 350 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100 070 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Мээс 94 470 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Гт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Мээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3 500 000 төгрөг, алданги 1 470 000 төгрөг, нийт 4 970 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Гт олгож, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 350 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 100 070 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Мээс 94 470 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ