| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2019/03380/и |
| Дугаар | 2743 |
| Огноо | 2019-10-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2743
| 2019 оны 10 сарын 11 өдөр | Дугаар 101/ШШ2019/02743 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М ХХК-ийн гаргасан,
Хариуцагч: С ХХК-нд холбогдох,
17,400,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ХХК-иас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн:
“Манай компани хариуцагч С ХХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд нийт 19,680,000.00 төгрөгийн гурилыг нийлүүлсэн ба үүнээс үлдэгдэл 16,400,000.00 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд авч чадаагүй.
Хариуцагч тал бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоног тутамд төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн бөгөөд 16,400,000.00 төгрөгөөс алданги тооцвол 1,000,000.00 төгрөг болсон.
Бид, хариуцагчаас тус төлбөрийг авах гэж маш их хугацаа алдсан, хариуцагчийн оршин суугаа хаягийг тогтоож, уг нэхэмжлэлийг гаргасан боловч бас л хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирсэнгүй. Гэвч хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтэй байх тул 17,400,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ХХК-ийн гаргасан хариуцагч С ХХК-нд холбогдуулан 17,400,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 08:30 цагт товлож, энэ тухай хариуцагчид мэдэгдсэн хэдий ч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.
Гэвч шүүх, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтийн дагуу хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч С ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гүйцэтгэх захирал *******т 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан байна.
Тус хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж, мөн 72.3.-д “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2.-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3.-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заажээ.
Хариуцагч С ХХКнь нэхэмжлэлийн хувийг гардан авч, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хариу татгалзал, түүнтэй холбоотой нотлох баримтаа өгөх үүрэгтэй байсан хэдий ч хариу тайлбараа өгөөгүйн зэрэгцээ шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч М ХХК нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч С ХХК-тай бүтээгдэхүүн нийлүүлэх тухай гэрээ байгуулж, гурил нийлүүлэхээр тохирсон ба талуудын тооцоо нийлсэн актад дурдсанаар 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлсэн гурилын үнийн төлбөрөөс 16,400,000.00 төгрөгийг төлөөгүй байна гэжээ /х.х-ийн 11, 12-15 хуудас/.
Түүнчлэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн хариуцагч С ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хүсэлтэд уг 16,400,000.00 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сард төлж барагдуулна гэсэн бол 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн албан бичгээр 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000.00 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000.00 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр үлдэх 6,400,000.00 төгрөгийг төлөхөөр тохирсон байна /х.х-ийн 16, 17 хуудас/.
Тодруулбал, талуудын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу нэхэмжлэгчийн “хариуцагч тал нийт 16,400,000.00 төгрөгийг төлөөгүй” гэсэн тайлбар үндэслэлтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасны дагуу зохигчдыг энэ талаар маргаагүй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбараар зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Тодруулбал, хэдийгээр талууд тухайн худалдсан гурилын үнийг нэн даруй бус хожим төлөхөөр тохирсон боловч худалдан авагч тал гэрээний зүйл болох гурилын зөвхөн үнийг худалдах үеийн үнийг төлөх тул энэ хуулийн 262 дугаар зүйлд заасан бэлэн мөнгөөр төлөх хэмжээ, хэсэгчлэн төлөх үнэ, зээлээр авч буйн төлөө нэмж төлөх хүүгийн талаар тохироогүй, гэрээний зүйлийн үнэ “эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнэ”-ээс нэмэгдсэн шинж агуулаагүй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, худалдагч тал гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэнд тооцно.
Хариуцагч С ХХК-иас 16,400,000.00 төгрөгийн үнэтэй гурилыг хүлээн аваагүй гэж маргаагүй ба харин гурилын үнийг хугацаандаа буюу 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төлж дуусгах үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан. Тодруулбал, худалдах, худалдан авах гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч тал гэрээнд заасан төлбөр төлөх үүргийг тогтоосон газар, хугацаандаа заавал гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хэрэв хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцох учиртай.
Гэвч нэгэнт хариуцагч тал гэрээнд заасан хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тул энэ хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байна гэж дүгнэв.
Энэ хуулийн 222 дугаар зүйлийн 222.2.-т “үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх” тухай зохицуулалттай ч хариуцагчийн зүгээс үүргээ ямар шалтгааны улмаас гүйцэтгэхгүй байсан тухайгаа тайлбарлаагүй.
Иймд, талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг үндэслэн худалдагч буюу нэхэмжлэгч тал 16,400,000.00 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй юм.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.-т “Худалдан авагч тал төлбөр тооцоогоо цаг хугацаандаа хийгээгүй хугацаа хэтэрвэл хоног тутамд 0.3 хувийн алданги төлнө” гэж үүргийн гүйцэтгэлийг хангахаар анзыг хэрэглэхээр тохирчээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, мөн 232.6.-т “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, түүнчлэн 232.3.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасан ба талуудын алдангийн талаарх гэрээнд заасан тохиролцоо нь хуульд нийцэж байна.
Хэдийгээр талууд 16,400,000.00 төгрөгийг хэзээ төлөх талаар тодорхой тохироогүй боловч хариуцагчийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн албан бичигт дурдсанаар 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000.00 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000.00 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр үлдэх 6,400,000.00 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байх тул уг хугацаанаас алдангийн хэмжээг нэхэмжлэл гаргасан 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэл тооцвол:
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас нийт 16,835,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 565,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР