Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/355

 

 

 

   2023          05          02                                     2023/ШЦТ/355

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: Б.Солонго,

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205012730358 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***,  тоот регистртэй,

 Шүүгдэгч *** нь 2022 оны 3 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Фламинго” баарны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар нэгэн шалтгаангүйгээр хохирогч ***тэй маргалдаж түүнийг заамдаж унагаан өшиглөж, цохин биед нь баруун хөмсөг, баруун чамархай, хоёр чихний зулгаралт, дээд уруул, хүзүүний цус хуралт, дээд зүүн 1-р бага араа шүдний булгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2022 оны 3 дугаар сарын 25-ны орой ...22 цагийн үед Фалимонго бааранд өөрийн найз ***, *** гэж дууддаг *** бид 4 ороод тэндээсээ 4 шил пиво захиалж уугаад ойролцоогоор 23 цагийн үед баарнаас гарахад баарны үүдэнд *** гэж дууддаг ***тамир тааралдсан. Мэнд мэдээд байж байхад хажуугаас нэг залуу гэнэт маргаад байж байтал *** ирээд салгаад байсан. Юунаас болж маргаснаа санахгүй байна. ...маргаж байсан улаан саравчтай малгайтай залуу дээр очоод маргалдаад уг залуу намайг хоолойноос заамдаад тэнд зогсож байсан хоёр машины гол руу оруулаад газар унагаад миний дээрээс нүүр рүү цохиод цээж рүү өшиглөөд байсан. ...Манай хоёр найз ***, *** нар Солонгос Улсад байгаа ...гомдол гээд байх зүйл байхгүй. Надад ямар нэгэн эмчилгээнд гарсан баримт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 59, 63-64/,

Гэрч Ч.***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...найз *** газар хэвтсэн байдалтай үл таних хүн ...дээрээс нь зодож байсан.. цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 18/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...***, *** хоёр маргалдаж байгаад ***ийг *** цохичихлоо гээд *** хэлж байсан. Хоорондоо маргаад байхаар нь би ***ийг салгаж, Дээгий ах, ***ийг салгаж хоёр тийш болгож байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд больцгоо гэхэд *** машины тэнд байсан. ...*** ах хоолойг нь боогоод бие биеэ заамдалцаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 25/,

Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...бид нар согтуу байна ирээд машин бариад өг гээд би гэрээсээ гараад 00 цаг 30 минутын үед очиход “Фалиманго” болон Экс эс баарны гадаа цагдаа ирчихсэн байсан. ...***ийг авах гээд очиход ***, ***ийн нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд би ***ийг чи зүгээр бай гээд түлхээд явуулсан. Би 3 дугаар сарын 26-ны 00 цаг 30 миунтын үед Оюунболд дуудахаар нь очсон. Тэр үед маргаан болоод дууссан цагдаа нар ирсэн байсан. ...***, *** нарын хоолой улайчихсан байсан. ...цус гараагүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 30-31/,

Гэрч Д.***тамирын мөрдөн байцаалтад өгсөн: “...*** ах *** ахтай машин дунд зууралдаад орсон. ...*** ахыг салгах үед ард цагдаагийн алаг машин ирсэн бөгөөд машинаас хоёр цагдаа бууж ирээд бид нараас юу болсон талаар асуусан. ...*** ах “за, за болъё” гээд нэг машинд ороод суусан. Би *** ахтай нэг доор өссөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 41/,

Шинжээчийн 5073 тоот дүгнэлтэд: “...***ийн биед баруун хөмсөг, баруун чамархай, хоёр чихний зулгаралт, дээд уруул, хүзүүний цус хуралт, дээд зүүн 1-р бага араа шүдний булгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэжээ /хх-н 44-45/,

Яллагдагчаар ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...тогтоолтой уншиж танилсан бөгөөд хүлээн зөвшөөрч байна...” гэжээ /хх-н 95-96/,

 

Дуудлагын лавлагааны хуудас /хх-н 12/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 13/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 101-105/, хохирогчийн хүсэлт /хх-н 110/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч *** нь 2022 оны 3 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Фламинго” баарны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар нэгэн шалтгаангүйгээр хохирогч ***тэй маргалдаж түүнийг заамдаж, унаган өшиглөж, цохин биед нь баруун хөмсөг, баруун чамархай, хоёр чихний зулгаралт, дээд уруул, хүзүүний цус хуралт, дээд зүүн 1-р бага араа шүдний булгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч Ч.***, ***, Д.***тамир нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***тэй маргалдаж түүнийг цохиж, зодон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** нь хохирогч ***ийг цохиж, зодсон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***ийн эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч *** нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 110/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан улсын яллагчийн ялын санал буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч нь хохирол хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхэтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР