Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2835

 

 

 

 

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2019/02835

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д-ын гаргасан,

 

Хариуцагч: Н ХХК-нд холбогдох,

 

23,460,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Би, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Н ХХК-тай орон сууц захиалах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт барихаар төлөвлөсөн “Амар амгалан 2” хотхоны 2 дугаар байранд 31,28 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг захиалсан ба 1 м.кв талбайн үнийг 1,500,000.00 төгрөг, нийт 46,920,000.00 төгрөгөөр авахаар тохирсон.

 

Ингээд урьдчилгаа төлбөрт 23,460,000.00 төгрөгийг хариуцагч компанийн “Х” ХХК-ийн дансанд төлсөн ба 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ашиглалтанд хүлээлгэн өгнө гэсэн. Гэтэл намайг үүнээс хойш 6 сарын дараа буюу 2019 оны 04 дүгээр сард ............. тоот  утсаар борлуулагч нартай нь холбогдож барилгын ажлын талаар асуухад хэвийн явагдаж байна гэсэн.

 

Гэвч би орон сууцыг ямар шатандаа явж байгааг шалгахаар анх захиалга авсан газарт очиход тус компани нүүсэн байсан. Үүний дараа миний бие 2019 оны 06 дугаар сард Г захиралтай уулзахад тэрээр барилга барих ажиллагаа түр зогссон, та Амар амгалан хотхоны 2-1 байр руу гэрээгээ шилжүүлж болно гэсний дагуу гэрээгээ шилжүүлэх гэтэл уг компани олдоогүй.

Одоо надад 2021 оны 01 дүгээр улиралд ашиглалтанд орох байр хэрэггүй, энэ байрыг барьж эхлээгүй тул урьдчилгаа 23,460,000.00 төгрөгийг буцаан авах хүсэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

            Хариуцагч тал тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Нэхэмжлэгч нь манай компанийн барьж буй “Амар амгалан 2 хотхон”-д захиалга өгсөн бөгөөд уг төсөл зогсоогүй, ажил хэвийн явагдаж байгаа ч хугацаа алдсан талаар маргахгүй. Учир нь, бид нараас бус өөр хөндлөнгийн хүчин зүйлээс болсон. Тодруулбал, “Ч” ХХК нь хууль бусаар манай компанийн санхүүжилтийг татсанаас улбаалан барилгыг хугацаандаа хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхэд хүндрэл учирсан.

 

Гэвч тус банкинд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. “Амар амгалан 2-2” төслийн ажлыг 2020 оны 03 дугаар сараас эхлүүлнэ. Бид, эхний ээлжинд гэрээгээ цуцлах хүсэлтэй захиалагч нартай хугацаа тогтоон эвлэрч байна. Хэрэв санхүүжилт орж ирэх юм бол эдгээр хүмүүст мөнгийг нь тэр даруй буцаан өгнө. Уг нэхэмжлэлийн шаардлагын хувьд гэрээг цуцалж байгаагаа тодорхойгүй бичээгүй.

 

Хариуцагч тал урьдчилгаа төлбөрт 23,460,000.00 төгрөгийг хүлээн авсан талаар маргахгүй ч нэн даруй төлөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                        ҮНДЭСЛЭХ нь


           Нэхэмжлэгч Даас хариуцагч Н ХХК-нд холбогдуулан 23,460,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан энэ хэрэгт шүүхээс 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Д 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Н ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдах “Амар амгалан 2” орон сууцны хотхоны 2 дугаар байр, 1 дүгээр орц, 205 тоот хаягт 31.28 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг бариулахаар тохирчээ /х.х-ийн 3, 4 хуудас/.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар хариуцагч тал уг гэрээний зүйл болох орон сууцны 1 м.кв талбайг 1,500,000.00 төгрөг, нийт 46,920,500.00 төгрөгөөр барьж гүйцэтгэхээр болж, нэхэмжлэгчээс төлбөрийн урьдчилгаанд 23,460,000.00 төгрөгийг авсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй /х.х-ийн 7 хуудас/.

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн тэдгээрийн хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.6.-д зааснаар хариуцагч тал уг орон сууцыг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр барьж гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр тохирчээ.

 

Тодруулбал, талуудыг уг гэрээг байгуулж байх тухайн цаг хугацаанд гэрээний зүйл болох 31.28 м.кв талбайтай 1 өрөө орон сууц бодитоор бий болоогүй, ажил гүйцэтгэгч буюу хариуцагч тал шинээр барьж гүйцэтгэхээр тохирсон байх тул зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 343.2.-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж зааснаас гадна 343.3.-д “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж заасан.

 

Тайлбарлавал, ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч буюу хариуцагчийн үйл ажиллагааны үр дүнд шинээр бий болсон зүйлийг захиалагч болох нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлснээр гүйцэтгэгчид хэлэлцэн тохирсон хөлсийг шаардах эрх үүсэх бөгөөд тухайн гүйцэтгэсэн ажлын үр дүн аливаа доголдолгүйгээр бодитоор бий болсон байх учиртай.

 

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1.-д “гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, тус хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн  208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус зааснаар хариуцагч Н ХХК нь орон сууцыг барих үүргээ хугацаандаа биелүүлэх ёстой юм. 

 

Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдсанаар хариуцагч тал гэрээний зүйл болсон 31.28 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг өнөөдрийг хүртэлх хугацаанд барьж гүйцэтгээгүй байна. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Дын нэхэмжлэлийн үндэслэл болсон орон сууцыг тохирсон хугацаанд хүлээлгэж өгөөгүй гэх тайлбарыг хариуцагч Н ХХК-иас үгүйсгээгүй.  

 

Хэдийгээр Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2.-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасан боловч хариуцагчийн зүгээс үүргээ тийнхүү хугацаандаа гүйцэтгээгүй шалтгаан, үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан талаар баримтаар нотлохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ” гэж, мөн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж зааснаас гадна 107 дугаар зүйлийн 107.3.-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заажээ.

 

Тодруулан хэлбэл, уг хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч тал ажил гүйцэтгэх гэрээний хугацаа өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар хэтэрсэн гэсэн тайлбараа баримтаар нотлохгүй байна.

 

Иймд, хариуцагч Н ХХК-ийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд заасан үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Дын нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тэрээр гэрээний зүйлийг хүлээн авахаас татгалзаж, хариуцагчид төлсөн 23,460,000.00 төгрөгийг нэхэмжилж байх тул түүнийг хариуцагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцлах хүсэлтэй байна гэж үзэв.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.-д “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасан. Тайлбарлавал, зохигчдын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн тохиолдолд нөгөө тал гэрээг цуцлах эрхтэй бөгөөд ингэхдээ 225, 226 дугаар зүйлд заасан журмыг хэрэгжүүлэх учиртай юм.

 

Тус хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосноор үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байдаг. Гэвч зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Дын зүгээс хариуцагч Н ХХК-нд үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа өгөөгүй байна.

 

Талуудын гэрээгээр тохиролцсон 31.28 м.кв талбайтай 1 өрөө орон сууц нь гэрээ байгуулагдмагц бий болох ажлын үр дүн бус, харин бодитоор бий болгоход урт хугацаа шаардаж байх тул энэ төрлийн гэрээнээс татгалзах буюу цуцлах асуудлыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд тухайлан зохицуулсан. 

 

Тодруулбал, энэ хуулийн 221.1, 221.3.-д тус тус зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл /гэрээг зөрчсөн/ байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болдог бөгөөд гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн тус хуулийн 219.3, 225.2.-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болдог байна.

 

Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал тус хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3.-д зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээнээс татгалзах ба уг хуулийн 225 дугаар зүйлийн 225.2.-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үздэг.

 

Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгчийн захиалсан 31.28 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 2021 оны 1 дүгээр улиралд ашиглалтанд оруулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, уг хугацааг нэхэмжлэгч бус, харин хариуцагчаас тогтоосон хугацаа бөгөөд үүнийг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрөхгүй, тус хугацааг хүлээх нь ашиггүй хэмээн татгалзаж байна.  

 

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1.-д зааснаар ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол энэ хуулийн 204.2, 219.2.-т заасны дагуу үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүйгээр гэрээг цуцлах боломжтой юм.

 

Иймд, нэгэнт хариуцагч Н ХХК нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, гэрээний зүйлийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн, нэхэмжлэгч Д энэхүү зөрчлийг үндэслэн орон сууцыг хүлээн авахаас татгалзаж байх тул тэрээр Иргэний хуулийн 221.1, 221.3.-д тус тус зааснаар гэрээг цуцлах эрхтэй.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5.-д “Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлана. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар  зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан. Үүнийг нэхэмжлэгч Д нь гэрээнд заасан орон сууцыг хүлээн авахаас татгалзаж байгааг түүнд хариуцагч Н ХХК-ийн одоогийн гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдолгүй болсон гэж үзэж, талуудын хувьд 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаан өгөх үүрэг үүссэн гэж ойлгох ба үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч тал ажил гүйцэтгэх гэрээний дагуу авсан 23,460,000.00 төгрөгийг захиалагч болох нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэгтэй болно.

 

Ийнхүү шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн хариуцагчаас гэрээний урьдчилгаанд төлсөн 23,460,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1.-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Н ХХК-иас 23,460,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Дд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,250.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 275,250.00 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.МАНДАЛБАЯР