| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 109/2025/0006/З |
| Дугаар | 221/МА2025/0370 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2025/0370
| 2025 оны 06 сарын 04 өдөр | Дугаар 221/МА2025/0370 | Улаанбаатар хот |
Г.Э***ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т***,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Г.Э***,
Хариуцагч: Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: “2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 18,076,439 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах”,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 109/ШШ2025/0010 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч Г.Э***,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д***.
Хэргийн индекс: 109/2025/0006/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Э***аас Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад холбогдуулан анх “2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 21,194,390 төгрөг гаргуулж, уг олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган авч, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж нөхөн төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгах”-аар маргасан. Улмаар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд “ажилгүй байсан хугацааны цалинг 18,076,439 төгрөг гаргуулах” хэмээн нэхэмжлэлийн шаардлага багасган тодорхойлсон.
2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 109/ШШ2025/0010 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, 57 дугаар зүйлийн 57.1, 61 дүгээр зүйлийн 61.1.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Г.Э***ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Г.Э***ын 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 18,076,439 (арван найман сая далан зургаан мянга дөрвөн зуун гучин есөн) төгрөгийг хариуцагч Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаас гаргуулж, тус олговрын дүнгээс тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад даалгаж шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1 Хэдийгээр Г.Э***ыг ажлаас халсан тушаалыг хүчингүй болгон шийдвэрлэсэн ч тухайн маргаанаар хэлэлцэгдсэн сахилгын зөрчил давхцуулсан гэх үндэслэлд дурдсан зөрчлүүд одоог хүртэл арилаагүй, арилгах арга хэмжээ аваагүй. Г.Э*** ажиллаж байх хугацаандаа Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хууль зөрчсөн болох тодорхой үйлдлүүд нь одоо Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа,
3.2 Ажлаас үндэслэлгүй халагдсан хэмээн маргаж байхдаа цалин хөлсөө тогтоолгох талаар маргаагүй тул хариуцагчаас хяналтын шатны шүүхэд гомдол гаргалгүй маргааныг зогсоож, Г.Э***ыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар шийдвэрлэсэн,
3.3 Нэхэмжлэгч хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа үйлдэл, шинж байдал, хариуцагчийн гаргасан процессийн алдааны шинж байдал, шалтгааныг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д нийцүүлэн шалгаж, талуудын аль алиных нь нөхцөл байдлыг зөвөөр тогтоож, хуулийн зөв заалт үндэслэж, дундаж цалин хөлсөөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шийдвэрлэх нь зүйтэй байсан,
3.4 Тухайн маргаан нийтийн эрх зүйн маргаан биш байхад анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг үндэслэсэн нь буруу, тухайн нэхэмжлэгчийг бодитоор ажиллаагүй, ажил эрхлээгүй байхад Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг үндэслэсэн нь буруу. Мөн хариуцагчийн нэхэмжлэгчийг ажлаас халсан захиргааны актыг гаргасан шалтгаан бодит нөхцлийг тогтоогоогүй, энэхүү бодит нөхцлийг тогтоосны үндсэн дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасны дагуу дундаж цалин хөлсийг нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэх нь хэн алиных нь эрх ашигт шударгаар нөлөөлөх шийдвэр болох байсан,
3.5 Иймд шийдвэрийг зөвтгөн өөрчилж өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдлыг эсэргүүцэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар нэхэмжлэгч Г.Э***ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Нэхэмжлэгчээс ажлаас чөлөөлөх тухай дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 109/ШШ2024/00029 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2025/0001 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэснээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.2-д “давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах журмаар гомдлыг хянан хэлэлцээд энэ хуулийн 119.2-т заасны дагуу гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй...” гэж зааснаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
Улмаар хариуцагчаас шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгч Г.Э***ыг 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн Тариат сумын газрын даамлаар томилсон байна.
4. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.2-д “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна”, 102 дугаар зүйлийн 102.1-д “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно” гэж,
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-д “хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх” гэж тус тус заасан.
5 Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтаас үзэхэд, нэхэмжлэгч Г.Э*** нь ажлаас чөлөөлсөн хариуцагчийн шийдвэр хууль бус болох нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсонтой холбогдуулан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагаас гадна мөн хууль бус шийдвэрийн үр дагаварт ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулахаар хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй. Нэхэмжлэгчийн энэхүү эрхийг сэргээн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “...Г.Э*** ажиллаж байх хугацаандаа Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хууль зөрчсөн болох тодорхой үйлдлүүд нь одоо Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа ... ажлаас үндэслэлгүй халагдсан хэмээн маргаж байхдаа цалин хөлсөө тогтоолгох талаар маргаагүй .... тухайн нэхэмжлэгчийг бодитоор ажиллаагүй, ажил эрхлээгүй байхад Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг үндэслэсэн нь буруу...” гэх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 109/ШШ2025/0010 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА