Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 31

 

“Цагаан-Уул тэрхэн” ХХК-ний

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 155/2014/0928/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 189 дугаар шийдвэртэй,  

Нэхэмжлэгч “Цагаан-Уул тэрхэн” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Т-, Ё.Ц-, Ц.Ж-, Г.Ү-, Б.Б-, Ц.Д- нарт холбогдох

“Бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, олох байсан орлого нийт 124.290.000 төгрөг гаргуулах” тухай,

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан “Гэм хорын хохирол нийт 90.590.100 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

“5.325.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч “Цагаан-Уул тэрхэн” ХХК-ний захирал Ж.Алтанхуягийн давж заалдсан гомдлыг үндэслэн

2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Батжав, Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Батдорж, Хариуцагч Ц.Д-, Ц.Ж-, Ч.Т-, Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхзаяа, шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Цагаан-Уул тэрхэн” ХХК-аас:

...Мөрөн сумын Засаг даргын 2008 оны 146 тоот захирамжийг хуульд нийцүүлэн гаргуулах 2009 оны 02 дугаар 09-ний өдөр аймгийн засаг даргад өгсөн хүсэлтийг үл ойшоон улмаар дээрх захирамжийг хүчингүй болгон аймгийн засаг дарга Л.Цэрэнжав

2009 оны 107, уг газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлэх боломжтой байхад Газрын тухай хууль зөрчин манай компаниас өмнө газар эзэмших хүсэлтээ гаргаж байгаагүй Хот тохижилт ХК-д 3261 м.кв, иргэн Ц.Г-д 250 м.кв газар эзэмшүүлсэн 108 тоот захирамжуудыг гарган 18 жил эзэмшсэн газрыг түрэмгийлэн авсныг Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны хуралдааны 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 249 дүгээр тогтоолоор Хөвсгөл аймгийн Засаг даргын 2009 оны 107, 108 дугаар тоот захирамжуудыг хүчингүй болгож манай компанид 3871 м.кв газар эзэмшүүлэхийг аймгийн засаг даргад даалгасан юм. Гэтэл шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн Хот тохижилт ХК-д эзэмшүүлсэн газрыг дуудлага худалдаанд оруулах 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/409, Ц.Г-д эзэмшүүлсэн газрыг Ч.Т-т хууль зөрчин шилжүүлсэн А/409 тоот давхардсан хууль бус захирамжуудыг Улсын дээд шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 107 дугаар тогтоолоор хүчингүй болгож аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав Улсын дээд шүүхийн 2010 оны 249 дүгээр тогтоолыг биелүүлж, 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 84 тоот захирамж гарган гэрчилгээ шинэчилж олгосон. Газрын тухай хуулийн 40.5 дахь заалт, аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай 2009 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 71, 2010 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 40, 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 50 тоот захирамжуудыг зөрчин Хот тохижилт ХК болон Ц.Г-, Ч.Т- нарт удаа дараа газар эзэмших гэрчилгээ олгосноор хууль дээдлэх зарчим алдагдан 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хот тохижилт ХК болон иргэн Ц.Г-, Ч.Т- нар 44 сарын турш хүчин төгөлдөр бус гэрчилгээгээр газар эзэмшин бусдад зарах, газар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулснаас манай компани олж байсан орлогоо олж чадаагүйгээр барахгүй төрийн албан хаагчдын буруутай үйлдлийн улмаас газрын захирамж удаа дараа алга болж эрх баригчдын буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хууль шүүхийн байгууллагаар олон жил явж шалгуулж компани болон миний нэр хүнд хохирч сэтгэл санааны хохирол амсаад зогсохгүй ажилчдын цалин нэмэх өөрчлөлт шинэчлэл хийх боломжгүй болж эзэмшил газраас ашиг орлого олох түүнийгээ захиран зарцуулах эрх зөрчигдөн компани өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж олох ёстой орлогоо олж чадаагүй гарах ёсгүй зардал гарч бизнесийн нэр хүнд эдийн засгийн хувьд хохирсон юм.

Мөн Ч.Т- нарын 3 гэр бүл зөвхөн 2013 оноос өнөөдрийг хүртэл эрх баригчдад дулдуйдан манай эзэмшил газарт 414.3 м.кв газар бүхий худалдааны талбайд архи, пиво, хүнсний бөөний худалдаа эрхлэн тасралтгүй ашиг орлого олж манай компаниар үйлчлүүлж байгаа боловч гэрээ хийхээс татгалзан бусдыг гэрээ хийхгүй байхад турхирч хэвлэл мэдээллээр нэр хүндэд халдаж үндэслэлгүйгээр Цагдаа, Прокурор Авлигатай тэмцэх газраар олон удаа шалгуулж манай компаниар өдөр тутам үйлчлүүлж буй үйлчилгээний хураамжаа төлөхгүй эзэмшил газраа захиран зарцуулах эрхэнд халдаж хүнсний захыг машины зогсоолгүй болгон дэлгүүр барих контейнер нэмж тавих зэргээр дураараа аашлан нийтийн эрх ашгийг хохироон осол аваар гарах эрсдэл үүсгээд байгаа тул газар чөлөөлүүлэх хохирол төлүүлэх гарах ёсгүй зардал олох ёстой орлогыг буюу төрийн албан хаагчийн буруутай үйлдлээс учирсан гэм хорыг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын Хяналтын шатны хуралдааны 2010 оны 249, 2012 оны 107 дугаар тогтоолууд газар эзэмших захирамж, гэрээ, гэрчилгээ, Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн газар эзэмшигчтэй гэрээ хийхээс татгалзан газар эзэмшигчийн зөвшөөрөлгүй манай эзэмшил газарт үйл ажиллагаа явуулж манай компаниар өдөр тутам үйлчлүүлж байгаа боловч үйлчилгээний хураамж төлөхгүй нийтийн эрх ашгийг хохироож авто машины зогсоол байсан газарт архи, пиво худалдан борлуулах зорилгоор дэлгүүр контейнерүүдийг газрын маргааны явцад нэмж байршуулсан зэрэг эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсож зөрчихөөс өмнөх байдал сэргээн Ч.Т-, Ц.Ж-, Ц.Д- нараас Баянцагаан, Андууд, авто машины зогсоолын нийт 250 м.кв газар чөлөөлүүлэх, мөн иргэн Ч.Т-, эхнэр Ё.Ц- нараас Ёлт дэлгүүр, контейнерийн 43,4 м.кв газар, иргэн Ц.Д-, эхнэр Б.Б- нараас Оргих дэлгүүр контейнерийн 59,2 м.кв газар, иргэн Ц.Ж- эхнэр Г.Ү- нараас Бумбат дэлгүүр, контейнерүүдийн 61,7 м.кв газрыг буюу нийт 414,3 м.кв газрыг чөлөөлүүлж өгнө үү.

Хариуцагч иргэд өнөөдөр ч манай эзэмшлийн газарт худалдаа эрхэлж манай компаниар үйлчлүүлж байгаа боловч үйлчилгээний хураамжаа төлөхгүй хохироосоор байгаа тул 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх 5 жил буюу нийт 60 сарын үйлчилгээний хураамж нэхэмжилж байна.

Иргэн Ч.Т-, Ц.Ж-, Ц.Д- нарын гэр бүлээс 250 м.кв худалдааны талбайд сарын 1.250.000 төгрөгийг 60 сараар 75.000.000 төгрөгийг,

Дээрхээс тусдаа иргэн Ч.Т-, Ё.Ц- нарын Ёлт дэлгүүр, контейнерийн хураамж сарын 217.000 төгрөгийг 60 сараар 17.760.000 төгрөг,

Ц.Д-, Б.Б- нарын Оргих дэлгүүр контейнерийн хураамж сарын 296.000 төгрөгийг 60 сараар 17.760.000 төгрөг,

Иргэн Ц.Ж-, Г.Ү- нарын Бумбат дэлгүүр контейнерийн хураамж сарын 308.500 төгрөгийг 60 сараар 18.510.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас гэм хорын хохирол нэг сарын үйлчилгээний хураамж олох ёстой орлого 1.979.500 төгрөг, 44 сарын 87.098.000 төгрөг, өмгөөллийн зардал 3.000.000 төгрөг, нотариатын зардал 396.100 төгрөг, унааны зардал 96.000 төгрөг, нийт 90.590.100 төгрөгийг Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Ж-, Ц.Д- нараас: 

... Ж.Алтанхуягийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй түүний нэхэмжлэлийн шаардлага нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шаардлага биш. Үүнийг бид дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Ж.Алтанхуягт ..... маргааны улмаас газар олгосон гэх Улсын дээд шүүхийн 2010 оны 249 дүгээр тогтоолд заагдсан тогтоох хэсэгт..... “Цагаан-Уул тэрхэн” ХХК-д 3871 м.кв газар олгох асуудлыг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Цэрэнжавт даалгасугай гэсэн байдаг. Үүнийг Газрын тухай хуулийг үзээд тайлбарлахад хуулийн 33 дугаар зүйлд газар эзэмшүүлэх шийдвэр гаргах заалтын 33 дугаар зүйлийн 33.1-д Монгол Улсын иргэн ААНБ-д газар эзэмшүүлэх асуудлыг дараах журмыг баримтлан шийдвэрлэнэ. Хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх газрын хэмжээ, байршил, төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны засаг дарга гаргана. Илүү газар эзэмших хүсэлт гаргасан ААНБ-д газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны засаг дарга дуудлага худалдаа,төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэсэн байхад үүний алинд нь ч хамрагдахгүй шууд газар эзэмших болсны үнэн учир юунд байгаа нь ойлгогдохгүй өдий хүрч байна. Үүнийг үргэлжлүүлэхгүй дараа нь Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Цэрэнжав нь 2013 оны 4 дүгээр сарын 17-ний өдөр 84 тоот захирамжаар .....Ж.Алтанхуягт 3871 м.кв газрыг олгосонд бид маргаж байна. Тухайлбал.....газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлд газар эзэмших гэрээ байгуулахдаа түүний байгуулах журмыг хэрэгжүүлэх ёстой. Үүнийг тодруулбал хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заахдаа ....үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан ААНБ нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэнэ. Хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшил олгож байгаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа болон, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг тухайн газар эзэмших гэрээний хавсралт болгоно. Хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ. Хуулийн 35-р зүйлд Газар эзэмшигчдийн эрх үүрэг, Хуулийн 35.3.4-т газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх ийм ийм заалтуудыг хэрэгжүүлдэггүй. Газар эзэмшигч Ж.Алтанхуягийн нэхэмжлэлийн шаардлага хууль ёсны биш болно. Бидний хүмүүс Хөвсгөл аймгийн засаг даргад....газрын хууль зөрчөөд хууль бус үйл ажиллагаа явуулаад байгаа “Цагаан Уул тэрхэн” ХХК-ний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шаардлага тавьсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн ямар ч үндэслэлгүй болно гэжээ.

Хариуцагч Ч.Т-ээс:

...Нэхэмжлэгч Ж.Алтанхуягийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид Ж.Алтанхуягийн албан ёсны захирамжтай эзэмшил газар 2500 м.кв газартай хамааралгүй, “Цагаан-Уул Тэрхэн” ХХК-ны захирал Ж.Алтанхуяг нь нийтийн эзэмшлийн газар дээрх худалдаа үйлчилгээ, үйл ажиллагаа явуулж байсан хүмүүсээс захирамжгүйгээр хураамж авч ард иргэдийг хохироож байгаад, улмаар захирамж гаргах эрхгүй нэг намын журмын нөхөр Мөрөн сумын засаг дарга асан Мэндээг ажлаа өгөх үед нь хуурамч, хууль ёсны бус 2008 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 146 дугаар захирамжаар өөрийн компанидаа 3871 м.кв газрыг нэмж эзэмшихээр захирамж гаргуулж авсан нь маргаан гарах эх үндэс болсон юм. Энэ нь газрын тухай хууль болон, аймгийн өөрөө удирдах шашны байгууллага, Хөвсгөл аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2004 оны 35 дугаар тогтоолд: Мөрөн сумын нутаг дэвсгэрт инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар олгох эрх хэмжээ нь зөвхөн аймгийн засаг даргад олгогдсон байхад эрх мэдэлгүй Мөрөн сумын засаг дарга асан Ц.Мэндээ нь орон нутгийн хурлын байгууллагын шийдвэр болох...35 дугаар тогтоол болон Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3. 23.3.2 дахь заалтыг тус тус ноцтойгоор зөрчсөн нь маш тодорхой байгаа билээ. Үүнийг захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрүүд мөн давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд, зөв үнэлгээ манай талд шийдвэрүүд гарч байсан. Гэтэл хяналтын шатны 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 249 дугаар тогтоолын тогтоох нь хэсэгт: “Цагаа Уул Тэрхэн” ХХК-ны 3871 м.кв газрын маргааныг Газрын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Цэрэнжавт даалгасугай гэснийг дутуу ойлгож, илтэд мушгин гуйвуулж надад олго гэсэн гэж маргаан үргэлжилсээр байгаа юм. Газрын тухай хуулийг үзээд тайлбарлаж .....хуулийн 33 дугаар зүйлд газар эзэмшүүлэх шийдвэр гаргах заалтын 33.1-д .....Монгол улсын иргэн Аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараах журмыг баримтлан шийдвэрлэнэ. Хуулийн 33.1.2-т .....эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх газрын хэмжээ байршил, төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэхэд тухайн шийдвэрийг тухайн шатны засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэсэн байхад, үүний алинд нь ч хамаарагдахгүй шууд газар эзэмшигч болсон нь хууль зөрчигдөж байна. Газрын тухай хуулийн 34-р зүйлд газар эзэмших гэрээг байгуулахдаа түүний байгуулах журмыг хэрэгжүүлэх ёстой. Хуулийн 34.2-т заахдаа.....үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан Аж ахуй нэгж байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгож улсын бүртгэлд бүртгэнэ. ...Хуулийн 34.7-д үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшилд олгож байгаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа болон байгаль орчин нөлөөллийн үнэлгээг тухайн газар эзэмшигч гэрээнд хавсралт болгоно. Хуулийн 34.3-т .гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ. Хуулийн 35-р зүйлд Газар эзэмшигчийн эрх үүрэг, хуулийн35.3.4-т Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх гэж заасан байна. Ийм ийм заалтуудыг хэрэгжүүлдэггүй газар эзэмшигч Ж.Алтанхуягийн нэхэмжлэлийн шаардлага хууль ёсны биш болно гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас:

...Ж.Алтанхуяг нь нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2. Эрх бүхий этгээд эд хөрөнгийг буцааж авах хүртэл эд хөрөнгө болон үр шим нь өмнөх эзэмшигчийнх байна, гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нь учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй гэжээ. Эрх бүхий этгээд гэдэг нь тухайн эд хөрөнгийг хууль гэрээний дагуу эзэмших эрхтэй этгээдийг ойлгодог. Ж.Алтанхуяг нь газрыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсэх ёстой. Гэтэл Ж.Алтанхуяг нь 2500 м.кв талбай бүхий газрыг эзэмшиж байсан бөгөөд Мөрөн сумын Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 146 дугаар захирамжаар 3871 м.кв газрыг нэмж олгохоор болсон байдаг. Дээрх захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны 2004 оны 35 дугаар тогтоолыг тус тус зөрчсөн байдаг. Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2010 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 249 тоот тогтоолд “Цагаан-Уул Тэрхэн” ХХК-нд 3871 м.кв газрыг эзэмшүүлэх асуудлыг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Хөвсгөл аймгийн засаг даргад даалгасугай гэсэн бөгөөд уг маргаж буй газар нь Аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газар бөгөөд уг газрыг эзэмшүүлэх, ашиглуулах талаар Газрын тухай хуулийн 33.1.2-д .....газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу 2010 онд А/410 дугаар газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах аймгийн засаг даргын захирамж гарч Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолд заасны дагуу Зууны мэдээ сонинд болон орон нутгийн ЛХА, Далай ван телевизүүдээр нийтэд мэдээлсэн. Ж.Алтанхуягт хуульд заасны дагуу буюу тухайн газрыг дуудлага худалдаанд оруулах замаар эзэмшүүлэхээр 2010 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр албан тоот хүргүүлсэн боловч хүрэлцэн ирээгүй. Ингээд Газрын тухай хуулийн 33.1.2. дахь хэсэгт зааснаар дуудлага худалдаа явуулж иргэдэд газрыг эзэмшүүлсэн. Аймгийн Засаг даргын захирамж гарч хууль ёсны дагуу буюу гэрээ гэрчилгээ нь олгогдсоноор Ж.Алтанхуяг нь эрх бүхий этгээд болох ёстой. Иймд Ж.Алтанхуяг нь 2013 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр хүртэл уг газрыг хууль ёсоор мэдэлдээ авч эрх бүхий этгээд болоогүй байсан. Иймд Ж.Алтанхуяг 2008 оноос 2013 он хүртэл уг газрын эзэмшигч мөн үр шимийг нь хүртэх ёстой гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Төрийн байгууллагын зүгээс Ж.Алтанхуягийн эд хөрөнгөнд халдах, эд хөрөнгөнд нь хохирол учруулах зэргээр ямар нэгэн үйлдэл эс үйлдэхүй гаргаагүй бөгөөд уг зах болон түүнийг түрээсэлж байсан иргэд нь үйл ажиллагаагаа тасралтгүй хэвийн явуулж байсан тул мөнгөн орлогоо олж байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Ж.Алтанхуяг нь олох ёстой орлого гэдэгт бизнес төлөвлөгөөнд тусгагдсан мөнгөн орлогыг хамааруулж байгаа нь сар бүр олох ёстой байсан бодит орлого гэж үзэх боломжгүй байна. Мөн гарах ёсгүй зардал гэдэгт өмгөөлөгчийн зардал, нотариатын зардал, унааны зардал зэргийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм.  Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1.6-д /Газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно гэж заажээ. Газрын аль нэг ашигтай чанарыг гаргаж хэрэглэхийг газар ашиглах гэж ойлгоно. Гэтэл Ж.Алтанхуягийн газраа түрээсэлж байгаа үйлдэл нь захын орчинд байрлал сайтай газрын ашигтай чанарыг гаргаж хэрэглэж байгаа үйлдэл юм. Ингэж газраа түрээслэхдээ Газрын тухай хуулийн 35дугаар зүйлийн 3.2-д заасан Төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглахтай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлээгүй хууль зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 498.2. хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/ улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцаж арилгана гэж заасан байна.Төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/ хийсэн болохыг шүүхээс тогтоогдоогүй байхад Ж.Алтанхуяг буюу “Цагаан-Уул Тэрхэн” ХХК нь Төрийн албан хаагчийг албан үүргээ зөрчсөн гэм буруутай гэж үзэж төрөөс мөнгө нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Ж- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“..Ц.Ж- миний бие нь 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Цагаан-Уул тэрхэн” ХХК-ий захирал Ж.Алтанхуягаас Сум дундын 27 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Тус зах болон түүний зүүн талд байдаг 3871 м.кв газрыг “Цагаан-Уул тэрхэн” ХХК-ийн захирал Ж.Алтанхуяг нь 2008 оны 09 дүгээр сарын 17-нд эзэмшихээр болсон гэж бидний эзэмшлийн хувийн өмчид халдаж эхэлсэн. Иймд бидний эзэмшиж байсан газрыг түүнээс өмнө хууль бусаар “Цагаан-Уул тэрхэн” ХХК-ий газар гэж хууль бус төлбөр авч байсныг мэдсэн. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу “Цагаан-Уул тэрхэн” ХХК-ийн захирал Ж.Алтанхуягаас дээрх хугацаанд авч байсан 5.325.000 төгрөгийг хуулийн дагуу буцаан олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Цагаан-Уул тэрхэн” ХХК нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

“...манай эзэмшил газрын захирамжийг хүчингүй болгосон аймгийн засаг дарга 2009 оны 10 дугаар захирамж, уг газраас Хот тохижилт ХХК-д 3662 м.кв иргэн Ц.Г-д 250 м.кв газрын тус тус эзэмшүүлсэн 108 дугаар захирамжуудыг шүүх түдгэлзүүлж байгаад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн хариуцагчид газар эзэмшиж байгаагүй. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуульд зааснаар захирамж хүчингүй болсныг мэдмэгц хуульд заасан хугацаанд манай компани шүүхэд гомдол гаргаж, шүүх аймгийн засаг даргын хууль зөрчсөн захирамжийг түдгэлзүүлж хэргийг шийдвэрлэсэн.

Иргэн Ц.Г- эрхийн зөрчилтэй хөрөнгө Ч.Т-т шилжүүлсэн нь хууль бус байсан. Иргэн Ц.Г- эрхийн зөрчилтэй хөрөнгө Ч.Т-т шилжүүлсэнд манай компани буруугүй. Хариуцагчид манай компанид болон Хот тохижилт ХХК-д түрээсийн төлбөр төлж өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж ашиг орлогоо олсоор байгаа тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Ц.Ж-, Г.Ү- нар нь өнөөдрийг хүртэл манай компанийн эзэмшил газарт хүнсний бөөний худалдаа эрхэлж улмаар манай компаниар үйлчлүүлж үүрэг гүйцэтгэн орлого олж ашиг хүртэж байгаа тул ашгаасаа үйлчилгээний хураамж төлөх үүрэгтэй бөгөөд цаг хугацаа хожин үйлчилгээний хураамжаа сар бүр төлөхгүй хуримтлуулсаар байгаагийн үр дагавар нь манай компани олох ёстой орлогоо олох, орлогоо захиран зарцуулах эрх тус тус зөрчигдөж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны  02 дугаар сарын 09-ний өдрийн 189 дугаар  шийдвэрээр:

            Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 95 дугаар зүйлийн 95.1-т заасныг баримтлан “Цагаан-Уул тэрхэн” ХХК-ний Цагаан-Уул захад байрлах 250 м.кв газрыг Ч.Т-, Ц.Ж-, Ц.Д- нарын хууль бус эзэмшлээс, 43.4 м.кв газрыг Ч.Т-, Ё.Ц- нар хууль бус эзэмшлээс, 59.2 м.кв газрыг Ц.Д-, Б.Б-      нарын хууль бус эзэмшлээс, 61.7 м.кв газрыг Ц.Ж-, Г.Ү- нарын хууль бус эзэмшлээс тус тус чөлөөлж, нэхэмжлэгчийн гаргасан Ч.Т-, Д.Ж-, Ц.Д- нараас 75.000.000 төгрөгийг, хариуцагч Ч.Т-, Ё.Ц- нараас 13.020.000 төгрөгийг, хариуцагч Ц.Д-, Б.Б- нараас 17.760.000 төгрөгийг, хариуцагч Ц.Ж-, Г.Ү- нараас 18.510.000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

                 Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1. 492 дугаар зүйлийн 492.1, 497 дугаар зүйлийн 497.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Цагаан-Уул тэрхэн” ХХК-ний гаргасан хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас 90.590.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг  хариуцагч Ц.Жадамбын гаргасан нэхэмжлэгчээс 5.325.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

                 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.314.148 төгрөгөөс илүү төлсөн 12.598 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 1.302.550 төгрөгийг, хариуцагч Ц.Жадамбын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100.150 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Т-,        Ё.Ц-, Г.Ү-. Ц.Ж-, Ц.Д-, Б.Б- нараас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

         Нэхэмжлэгч “Цагаан-Уул тэрхэн” ХХК-ийн захирал Ж.Алтанхуяг давж заалдсан гомдолдоо:

         Миний бие Иргэн Ч.Т-, Ц.Ж-, Ц.Д- нарын гэр бүлээс 75.000.000 төгрөг, Ч.Т-, Ё.Ц- нарын дэлгүүр, контейнерийн хураамж 2.320.000 төгрөг, Ц.Д-, Б.Б- нарын контейнерийн хураамж 17.751.000 төгрөг, Ц.Ж-, Г.Ү- нарын Бумбат дэлгүүрийн хураамж 18.510.00 төгрөг, нийт 124.290.00 төгрөгийг нэхэмжилсэн. Энэ мөнгийг манай компани авах ёстой бөгөөд анхан шатны шүүхээс 1 м.кв-ын үнэлгээг тогтоосон тушаал байхгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Миний бие хураамжийг захираг тогтоодог тухайгаа шүүх хурал дээр хэлсэн бөгөөд 100 гаруй хүнээс 5000 төгрөгөөр тооцож хураамж авдгаа хэлж, жишээ болгон Ц.Чулуунбаатартай байгуулсан гэрээг нотлох баримтаар өгсөн. Хариуцагч талаас үйлчилгээний хураамж төлөх ёсгүй гэж маргаагүй, худалдааны талбайн хэмжээнд ч маргаагүй бөгөөд зөвхөн Ж.Алтанхуяг уг мөнгийг авах ёсгүй байсан гэж л хэлдэг. Иймээс энэ мөн гаргуулж өгнө үү.

Хөвсгөл аймгийн засаг даргын тамгын газраас нэхэмжилсэн нэхэмжлэлийн хувьд хариуцагч биш гэдэгтэй санал нэгдсэн тул энэ нэхэмжлэлийн хувьд давж заалдахгүй.

Г.Ү-аас Ц.Ж-д шүүх хуралд өөрийг нь төлөөлөн оролцох итгэмжлэлийг 2014 оны 10 сарын 29-ний өдөр 3 жилийн хугацаагаар олгосон байна. Гэвч шүүх хуралдаанд итгэмжлэлийн хугацаа дууссаныг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэлгүй, 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр шүүх хуралдаан хийж, иргэний хэргийн оролцогч Г.Ү-ын шүүх хуралдаанд оролцох эрхийг ноцтой зөрчжээ. Миний бие Г.Ү-ыг байлцуулан шүүх хуралд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлж. мөнгөө яагаад өгөхгүй байгаа, яагаад сөрөг нэхэмжлэл гарган надаас мөнгө нэхэмжилсэн зэргийг нь асуух шаардлагатай байсан.

Нэхэмжлэгч миний бие 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр иргэн Ч.Т-, Ё.Ц-, Ц.Д-, Б.Б-, Ц.Ж-, Г.Ү- нарын нэр дээрх өмчийн талаарх лавлагааг Оюуны өмч, Улсын бүртгэлийн газраас шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийг хангаагүй. Энэхүү хүсэлт нь шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг хангахад чухал ач холбогдолтой байсан бөгөөд энэ баримт байгаагүй учир шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг хангаагүй гэж ойлгож байна. Иймд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг, шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-д заасны дагуу хариуцагч Г.Ү-ын итгэмжлэлийн хугацаа дууссан байхад Ц.Ж-ар төлөөлүүлэн шүүх хуралдаан хийж, хууль зөрчсөн, 168.1.7-д зааснаар шүүхийн журмаар хувь хүний нууцтай холбоотой лавлагаа гаргуулах хүсэлтийг хангалгүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж, шүүх хуралдаан хийсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Цагаан-Уул тэрхэн” ХХК нь Ч.Т-, Ё.Ц-, Ц.Ж-,  Т.Ү-, Ц.Д-, Б.Б- нарын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, хураамж буюу олох байсан орлого 124. 290.000 төгрөг гаргуулах, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан гэм хорын хохиролд нийт 90.590.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч Ц.Ж- нь ”Цагаан-Уул тэрхэн” ХХК-д холбогдуулан хууль бусаар авч байсан төлбөрт  5.325.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Ч.Т- нарын нэр бүхий 6 хүний эзэмшлээс  газрыг чөлөөлөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хохирол буюу хураамж  нэхэмжилсэн мөн Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдох гэм хорын хохирол нэхэмжилсэн шаардлагуудыг болон  сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

            Нэхэмжлэгч дээрх шүүхийн шийдвэрийн  хариуцагч Ч.Т- нараас хураамж  нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргахдаа анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хугацаа нь дууссан итгэмжлэлээр Г.Ү-ыг Ц.Ж- шүүх хуралдаанд  төлөөлсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-д заасныг зөрчсөн, мөн шүүх нотлох баримт байхгүй гэж үзэн хураамж нэхэмжилснийг хангаагүй бөгөөд  энэ талаарх тайлбар болон жишиг тогтоосон гэрээ гэх мэтийн нотлох баримтыг үнэлээгүй, хариуцагч нарын эд хөрөнгийн лавлагааг гаргуулах хүсэлтийг хангаагүй зэрэг үндэслэл дурджээ.

            Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлагдахгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Өмчлөгчийн бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардах эрх нь гагцхүү түүний уг эд хөрөнгийг хууль ёсны өмчлөх эрхтэй тохиолдолд хэрэгждэг бөгөөд энэ шаардах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн  зохицуулалт нь хууль ёсны эзэмшигчид  ч мөн хамаарах  юм.

            Хэрэгт авагдсан баримтууд болох газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээ болон Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн тогтоол зэргээс “Цагаан-Уул тэрхэн” ХХК нь газрыг хууль ёсоор эзэмших эрхтэй этгээд мөн болох нь тогтоогдож байх тул  газрыг эзэмших ашиглахад саад болж буй аливаа үйлдлийг зогсоолгох газрын эзэмшлийг шаардах эрхтэй байна.

            Энэ эрхийн дагуу шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч нар газрыг газар эзэмших эрх нь хуулиар болон хүчин төгөлдөр гэрээгээр үүссэн талаарх баримтыг шүүхэд гаргаагүй тул газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хангаж  шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

            Мөн Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан гаргасан хохирлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон бөгөөд нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаагүй байна.

            Харин Ч.Т-, Ё.Ц-, Ц.Ж-,  Г.Ү-,  Б.Б-, Ц.Д- нараас тэдгээрийн ашиглаж байгаа газрын 1 м.кв  газрыг 5000 төгрөгөөр тооцож,  захын үйлчилгээний хураамжийг нэхэмжилжээ.

Дээрх нэхэмжлэлийн агуулгаас  нэхэмжлэгч нь хураамж гэдгийг ямар агуулгаар хэрэглэж байгаа нь ойлгомжгүй байна.

            Хураамж гэдэг нь Татварын ерөнхий хуульд тодорхойлсноор төрийн зохих байгууллагаас хувь хүн, хуулийн этгээдэд хууль тогтоомжийн дагуу үйлчилгээ үзүүлсний  төлөө тэднээс тухай бүр авч улс орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг хэлдэг.

            Харин нэхэмжлэгч  эдгээр байгууллагад үзүүлсэн ямар үйлчилгээний төлөө эрх бүхий ямар байгууллагын тогтоосон  хураамжийг хэнээс олгосон эрх хэмжээний хүрээнд  нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй бөгөөд аж ахуйн нэгж нь иргэд аж ахуйн нэгжээс хураамж авах хууль зүйн үндэслэлгүй  байна.

            Харин газар эзэмшигч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д  зааснаар “...газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг буюу зарим хэсгийг ашиглуулж болно . Ийнхүү ашиглуулахдаа  гэрээгээр төлбөр тохиролцсон тохиолдолд уг төлбөрийг нэхэмжлэх эрхтэй боловч ийм тохиролцоо талуудын хооронд хийгдээгүй байна.

Иймд хураамж болон төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч шүүхэд Ц.Чулуунбаатартай байгуулсан гэрээг нотлох баримтаар гаргасныг шүүх үнэлээгүй гэж гомджээ. Дээрх нотлох баримтыг тухайн маргаанд хамааралтай, үнэн зөв гэж үнэлээгүйд анхан шатны шүүхийг  буруутгах боломжгүй байна.

            Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч Г.Ү-ын Ц.Ж-д өгсөн итгэмжлэлийн хугацаа дууссан байхад түүнийг төлөөлүүлэн хуралдаанд оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг ноцтой зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагддаг  тул хэргийн оролцогчдод хуулиар олгосон эрхийг  тэр тусмаа шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх боломжоор хангах нь шүүхийн  үүрэг юм.

Зохигчийн дээрх эрхийг эдлүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил бөгөөд шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болох талаар хуулийн 168  дугаар зүйлийн 168.1.2-т заасан.

            Гэхдээ тухайн  эрх нь зөрчигдсөн этгээд гомдол гаргасан тохиолдолд  хуулийн энэ заалт хэрэгжих  үндэслэлтэй гэж үзнэ.

            Харин тухайн хэргийн хариуцагч Г.Ү- нь шүүхэд өөрийгөө нөхрөөрөө төлөөлүүлсэн бөгөөд энэ итгэмжлэлийн хугацаа дууссан байгааг шүүх анхаараагүй нь шүүхийн алдаа боловч хариуцагчийг хамтран хариуцагч болох нөхөр нь шүүхэд нэгдмэл сонирхолтойгоор төлөөлсөн бөгөөд энэ талаар гомдол гаргаагүй тул нэхэмжлэгчийн  энэ талаарх гомдлыг хүлээн авч  шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй юм.

            Хариуцагч Ч.Т-, Ё.Ц-, Ц.Ж-, Г.Ү-, Б.Б-, Ц.Д- нарын нэр дээрх эд хөрөнгийн лавлагааг гаргуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн авч 2017 оны 07 дугаар сарын 6-ны өдрийн 3381 тоот шүүгчийн захирамжаар  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгч хуульд заасны дагуу гомдол гаргаж гомдлыг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хэлэлцэж эрх хэмжээнийхээ хүрээнд шүүхийн тогтоол гаргасан байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 189 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Цагаан-Уул тэрхэн” ХХК-ийн захирал Ж.Алтанхуягийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 779.900 төгрөгийг Төрийн сангийн орлогд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЭНХЖАРГАЛ

                                     ШҮҮГЧИД                                                С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                     О.НАРАНГЭРЭЛ