Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 1232

 

 

 

 

 

 

     2019         12              12                                       2019/ДШМ/1232

 

 

Н.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                 

прокурор Б.Дэлгэрмаа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2213 дугаартай шүүгчийн  захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Дэлгэрмаагийн бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 24 дугаартай эсэргүүцлээр яллагдагч Н.Бд холбогдох эрүүгийн 1903007820348  дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хантайшир овгийн Н Б, 1991 оны 10 дугаар сарын 13-ны өдөр  Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 84 дүгээр гудамжны 12 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: УШ91101373/;

 

Н.Б нь 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 19 цаг 8 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Сонсголон” зуурмагийн үйлдвэрийн гарц замд “Beiben” маркийн 31-54 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар зам нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Э.Билгүүний жолоодож явсан “Toyota Prius” маркийн 10-64 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Э.Билгүүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Н.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгчийн захирамжаар хэргийг буцаахдаа: Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Нямбаяр нь энэ хэрэгт хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг эрхлэн явуулж, хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй оролцжээ. Гэтэл тэрээр 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр мөрдөгчийн магадлагаа гаргасныг шүүх ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн тул уг магадлагааг үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм. Тодруулбал, шинжээч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад оролцогчид хамаардаг бөгөөд бусад оролцогч гэдэг нь тухайн хэрэгт ашиг сонирхлын зөрчилгүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр татагдан оролцож буй шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч зэргийг хамааруулдаг, харин хэргийг мөрдөн шалгаж буй мөрдөгч нь бусад оролцогч байж чадахгүй. Түүнчлэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээс үзвэл “Норд Бенз” маркийн “Beiben” загварын өөрөө буулгагч бүхий том овор хэмжээтэй, хүнд даацын тээврийн хэрэгсэл байна.

Харин хохирогч Э.Билгүүн мөрдөн шалгах ажиллагаанд: “...миний урдуур “Beiben” маркийн 31-54 УНК улсын дугаартай машин гэнэт зүүн гар тийш эргэх гээд гараад ирсэн. Тэгээд би тоормос гишгэх хооронд түс тас гээд мөргөсөн. ...” гэсэн агуулгатай мэдүүлэг өгчээ. Иймд энэ хэргийн хувьд хүнд даацын уг тээврийн хэрэгсэл нь гэнэт гарч ирэх буюу хохирогчид гэнэт харагдах нөхцөл байдал бодитой байсан эсэхийг тогтоох зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлд заасны дагуу туршилт хийж:

  • “Веiben” маркийн ачаатай хүнд даацын тээврийн хэрэгсэл нь хэргийн газрын үзлэгийн гэрэл зураг үзүүлсэнчлэн өгсүүр байдлаар зорчих хэсэг рүү дээд тал нь ямар хурдтай нэвтэрч орох боломжтойг тогтоох;
  • Энэ хэргийн хохирогчийн хувьд тухайн замд үзэгдэх ижил нөхцөлд “Веiben” маркийн хүнд даацын тээврийн хэрэгслийг ямар зайнаас харах боломжтой болох;
  • Хохирогчийн тээврийн хэрэгсэл 50 км/цаг хурдтай явж байгаад зогсоох арга хэмжээ авахад ямар зайд зогсож байгааг тус тус шалгаж тогтоох шаардлагатай.

Ийнхүү хэргийн үйл явдлыг үндэслэл бүхий сэргээн дүрсэлж, шалгаж тогтоосны эцэст хэний үйлдлийн улмаас гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг тогтоосны үндсэн дээр хэргийн материалаар шинжээчийн дүгнэлт гаргуулах нь хэргийн бодит үнэнийг тогтоох зарчимд нийцнэ. Түүнчлэн улсын яллагчийн яллах дүгнэлт тэмдэглэх хэсэгт “...Веiben” маркийн 31-54 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Э.Билгүүний жолоодож явсан “Toyota Prius” маркийн 10-64 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж...” гэх агуулгаар бичсэн байгаа нь хэргийн үйл баримтыг тогтоосон гэж үзэхээргүй байгааг  анхаарах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

                              

Прокурор Б.Дэлгэрмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“...1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйл болон 27.11 дүгээр зүйлд заасан зохицуулалтаас үзэхэд хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шинжилгээ хийлгэнэ, харин уг нөхцөл байдлыг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл мөрдөгч “магадалгаа” гаргахаар тусгагдсан.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар хянан хэлэлцэж шийдвэр гаргана”, мөн зүйлийн 9 дэх хэсэгт заасан “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ”, мөн зүйлийн 10 дугаар хэсэгт заасан “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч дангаар удирдан явуулж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ хуулийн 11.7, 11.8 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдэж, прокурор, оролцогчид танилцуулна.”, мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4-т заасан “шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох” тухай хохирогчийн эрхийг зөрчиж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт прокурор, хохирогчийг оролцуулалгүйгээр явуулж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хэний хүсэлт, гомдол, санаачлагаар явуулсан талаар захирамжид огт дурдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараахь үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2213 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно” гэж хуульчлан тогтоож өгчээ. Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд мөрдөгч магадлагаа гаргаж, хэргийн оролцогч нарт танилцуулан гарын үсэг зурагдсан /хх21-22/ байх бөгөөд мөрдөгчийн магадлагааг эс зөвшөөрч, дахин шинжээч томилуулах талаар  талуудаас ямар нэгэн гомдол, санал гаргаагүй байна.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан хэргийг прокурорт буцаах үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол”, 1.3-т “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” гэж заасан хууль зүйн үндэслэлд хамаарахгүй бөгөөд хэргийг прокурорт буцааж, зайлшгүй хийгдэх ажиллагаанд байна.

  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу прокуророос ирүүлсэн Эрүүгийн хэргийн хүрээнд, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шаардлагатай гэж үзвэл оролцогчдыг бүрэн оролцуулан хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдол, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар хянан хэлэлцэж шийдвэр гаргана. ...” гэж заасан.

Анхан шатны шүүх өөрийнхөө санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлгийг явуулсан хэдий ч, хэргийн оролцогч нарт мэдэгдээгүй, мөн мэдэгдсэн талаар баримт хавтас хэрэгт авагдаагүй байх тул  энэ талаар цаашид анхаарвал зохино.

 

Иймд прокурор Б.Дэлгэрмаагийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2213 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож,  Н.Бд холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл яллагдагч Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ш.БАТ-ЭРДЭНЭ        

 

 

                        ШҮҮГЧ                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                             О.ЧУЛУУНЦЭЦЭГ