Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/354

 

 

 

 

 

    2023          05          02                                     2023/ШЦТ/354

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: Ж.Энхжаргал,

Хохирогч: ***ын өмгөөлөгч О.Одхүү,

Шүүгдэгч: ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ***т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205006110331 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***,   тоот регистртэй,

Шүүгдэгч ***нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэн ***ын 86.000 төгрөгийн үйлчилгээний төлбөрийн барьцаанд үлдээж, итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 770.000 төгрөгийн үнэ бүхий монетан бөгжийг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ломбарданд тавьж мөнгийг өөртөө ашигласан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***шүүх хуралдаанд: “...Гомдол санал байхгүй, хохирол төлбөрөө төлж барагдуулна гэж бодож байгаа. 400.000 төгрөгийг төлж барагдуулсан” гэв.

Хохирогч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн орой 19 цагийн үед хорооллын тэнд найз ***ын гэрт очсон. Тэдний гэрт ***, ***, *** болон үл таних нэг эмэгтэйн хамтаар 1 шил архи хувааж уусан. Тэндээсээ гараад *** намайг хүргэж өгнө гээд *** болон түүний үл таних найзын хамтаар ***ын гэрээс гарсан. Тэгээд бид 4 хамт явж байгаад манай гэрийн урд талд байдаг Рич гэх нэртэй караокед оръё гээд орсон. Тэнд орж дуулж сууж байгаад бид хэд нэг шил архи авч уусан. Би ууж сууж байгаад ядраад унтчихсан байсан. Тэр хооронд манай найзууд нэмж нэг шил архи захиалж уугаад намайг босохгүй болохоор тэр караокед үлдээгээд явсан байсан. Би тэнд унтаж байгаад сэрээд гарах гэтэл тухайн караокены ажилтан үл таних эмэгтэй нь тооцоогоо хий гэж намайг татаж чангааж, миний хувцаснаас татаад байсан. Би тэр үед хамт явсан хүмүүсээ тооцоог нь хийгээд гарчихсан гэж бодоод гарах гэж байтал тэр эмэгтэй тооцоогоо хийх боломж өгөлгүйгээр татаж чангааж миний гар утсыг авах гээд дайраад байсан. Тэгж байгаад миний баруун гарын ядам хуруунд байсан алхан хээтэй бөгжийг татаж байгаад хүчээр авсан. ...тэгээд би тэр хүмүүстэй ойлголцохгүй гэдгийг мэдээд “за, за би дараа ирье” гээд гараад явсан. ...нөгөө караокед очиж чадаагүй байж байгаад 2022 оны 01 дүгээр сарын эхээр 2 удаа очиход хаалттай байсан. Тэгэхээр нь би утасны дугаарыг нь олж аваад утсаар холбогдоход нэг эмэгтэй хүн авахаар нь болсон асуудлын талаар хэлэхэд би мэддэг хүнээс нь асуугаад хэлье гэсэн. Тэрний дараа 10 орчим минут болоод үл таних эрэгтэй хүн нөгөө утсаар нь над руу залгаад “авахгүй юугаа хийж байсан юм, ломбарданд тавьчихсан тэндээс очиж ав” гэсэн. Тэгээд ломбардныхаа хаягийг өгчих гээд мессеж бичихэд хаягийг нь хэлэхгүй гэвэл яах уу гээд байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан...” гэжээ /хх-н 33/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...манай байгууллага нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа 7 дахь жилдээ явуулж байна. Уг бичгэн дээрх Мөнхбаатар гэх 45-50 орчим насны эрэгтэй хүн өөрөө мөн байсан, манайх эд зүйл барцьаанд хүлээж авахдаа тухайн хүнээс иргэний цахим үнэмлэхийг шаардаж цахим үнэмлэхтэй нь тухайн хүнийг тулгаж хараад прокридетор гэх программд тухайн хүний регистрийн дугаарын тулгалт хийж байж эд зүйлийг барьцаанд авдаг. ...тухайн эд зүйл одоо байхгүй, хуульд заасан хугацаа дууссан тул манайх гэрээнийхээ дагуу худалдан борлуулсан, тухайн эд зүйл тавьсан хүн рүү удаа дараа мэдэгдсэн, тухайн хүн ирж аваагүй тул худалдан борлуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 47-48/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би он, сар, өдрийг нь санахгүй байна, нөхөр бид хоёрын түрээслэн ажиллуулдаг байсан Рич караокед тухайн өдөр 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн орж ирээд үйлчлүүлсэн. Үйлчилгээний хөлс 86.000 төгрөг гарсан. Бүгд ар араасаа гарч явсаар байгаад нэг эрэгтэй үлдээд тэр эрэгтэйг гарахад би өөрөө очоод та тооцоогоо хий, таны тооцоо 86.000 төгрөг гарсан байна гэхэд тухайн эрэгтэй “яахаараа би хийдэг юм, өөр хүмүүс байгаа биз дээ” гэж хэлсэн. Би хариуд нь “танаас өөр хүн алга, та тооцоогоо хий” гэхэд тухайн хүн уурлаад гараад явсан би араас нь чирээд тухайн хүнтэй маргалдсан. Тэгэхэд тухайн хүн нөдөд мөнгө байхгүй гээд байсан. Тэгэхээр нь “та тооцоогоо хий эсвэл би цагдаа дуудлаа” гэхэд тухайн хүн надад нэг металл өнгийн бөгж өгсөн, би тухайн хүнийг хаанаас ямар бөгж гаргаж байсныг хараагүй, миний нөхөр энэ үед миний хажууд гараад ирээд зогсож байсан. Тэгээд тухайн хүнд наад бөгжөө барьцаанд аваад үлд, 7 хоног дотроо ирж авахгүй бол өөрсдөө наадахаараа хохирлоо барагдуулаарай гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 52/,

 

Хохирогчийн өргөдөл /хх-н 12/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 61-62/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 79-89, 104-106/ зэрэг болно.  

 

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 Шүүгдэгч ***нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэн ***ын 86.000 төгрөгийн үйлчилгээний төлбөрийн барьцаанд үлдээж, итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 770.000 төгрөгийн үнэ бүхий монетан бөгжийг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ломбарданд тавьж мөнгийг өөртөө ашигласан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч ***, *** нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч ***нь хохирогч ***ын 86.000 төгрөгийн тооцоонд үлдээсэн, 770.000 төгрөгийн үнэ бүхий монетан бөгжийг ломбарданд тавьж хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч ***нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

 

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч ***нь шүүх хуралдаанд хохирогчид 400.000 төгрөг төлсөн, хохирлын өмгөөлөгч шүүхэд 400.000 төгрөгийн хохирол төлсөн баримтыг гаргаж өгсөн болохыг дурдав.

Шүүгдэгч нь хохирогчийн үлдэгдэл хохирлыг барагдуулаагүй тул шүүгдэгч ***аас 370.000 төгрөг гаргуулж хохирогч ***ад олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, хохирогчийн өмгөөлөгч “Улсын яллагчийн санал дээр санал байхгүй. Эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэхгүй бол болохгүй байх” гэсэн эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт тус тус гаргасан болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”, 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ...хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч ***ын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч ***ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, 80 хувийн хөдөлмөр чадвар алдалттай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчийн зарим хохирлыг нөхөн төлсөн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч ***т ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг хорих ял оногдуулахгүйгээр, 01 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас 370.000 төгрөг гаргуулж хохирогч ***ад олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР