Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/437

 

 

 

 

 

 

 

 

  2023          04          10                                          2023/ШЦТ/437

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-О,

           улсын яллагч Т.Төмөртулга,

            шүүгдэгч Э.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Хошууч овогт Эы Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн *********** дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******************

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.О нь 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр Москва хорооллын 8 дугаар байрны 11 давхарт иргэн Д.Атай маргалдан түүнийг зодож, баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 бугалга, зүүн дал, нуруу, зүүн гуянд цус хуралт, цээж, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Э.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...хохирогч нь орцонд шээгээд байхаар нь цохичихсон юм. ” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

           

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.О нь 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр Москва хорооллын 8 дугаар байрны 11 давхарт иргэн Д.Атай маргалдан түүнийг зодож, баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 бугалга, зүүн дал, нуруу, зүүн гуянд цус хуралт, цээж, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 

 

1. 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр зөрчлийн талаар иргэн Д.Ааас гаргасан “намайг зодчихлоо” гэх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 21 дэх тал),

 

2. Хохирогч Д.Аы: “...Би салсан найз бүсгүй Б.Аын гэрийн гадаа ирээд орцонд сууж байтал Э.О орж ирээд бид 2 орцонд таараад 2 литрийн пиво авч 9 цаг хүртэл тэндээ пиво ууж сууж байгаад согтсон. Өглөө нь Аын гэрийн хаалгыг О нүдэхэд Б.А нь хаалгаа тайлахгүй, яв гээд байсан. Тэгээд О намайг ямар нэгэн шалтгаангүйгээр гараараа нүүрэнд цохисон. Цохих үед нь би газарт унасан, намайг газарт унасны дараа 2-3 удаа цээж руу өшиглөсөн. Би Оыг цохиж зодсон асуудал байхгүй, надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал),

 

3. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 8079 дугаартай “...Д.Аы биед баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 бугалга, зүүн дал, нуруу, зүүн гуянд цус хуралт, цээж, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 54-55 дахь тал),

 

4. Шүүгдэгч Э.Оын: “...Тухайн өдөр Аын гэрийн гадаа яваад очтол А орцонд нь унтаж байсан. Тэгээд очтол А нь орцонд шээчихсэн байхаар нь уур хүрээд зодчихсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 102 дахь тал) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, шүүгдэгч Э.О, хохирогч Д.А нар нь нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, шүүгдэгч нь хохирогч Д.Аын бие махбодод нь халдаж гэмтэл учруулсан байна.

Шүүгдэгч Э.О нь хохирогчийн эсрэг хийсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Э.Оын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.

 

Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Аы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй байна. Иймээс хохирогч нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.Ооос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “шүүгдэгч Э.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж 3 сарын хугацаанд төлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч Э.О нь “...би ажил хөдөлмөр эрхэлж байгаа тул уг ялыг биелүүлэх боломжтой” гэсэн санал, дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Э.Оын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал аль алин нь тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, шүүгдэгч нь хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн байдал, мөн шүүгдэгч Э.Оын хувийн байдал, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний орлогын байдлыг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

            Шүүгдэгч Э.О нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Хошууч овогт Эы Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Од 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Од оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Д.А нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.Ооос хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Талууд, оролцогч нар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ