Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/235

 

 

  2023               2            24                              2023/ШЦТ/235

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч Д.Түмэнжаргал,

шүүгдэгч Л.С  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Л.С д холбогдох 2308000000225 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

 Монгол Улсын иргэн, өдөр Баянхонгор төрсөн, настай эрэгтэй, дээд боловсролтой, зураглаач мэргэжилтэй, хувиараа ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн гудамж тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Л.С  РД:(),

Холбогдсон хэргийн талаар :    

Шүүгдэгч Л.С  нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо Зээлийн 19 дүгээр гудамж 24 тоот-гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б.Б тай маргалдан улмаар түүнийг хөлөөрөө өшиглөж, нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн нүдний алим, доод уруулын салст, баруун мөр, зүүн бугалганд цус хуралт, баруун мөрөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэгт холбогджээ.                            

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :     

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

- Шүүгдэгч Л.С  нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо Зээлийн 19 дүгээр гудамж 24 тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч Б.Б ыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :       

- хохирогч Б.Б ын“...Тухайн үед манай нөхөр С  намайг гэртээ байхад орж ирээд ямар ч шалтгаангүй нуруу хэсэгт өшиглөсөн, нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохисон...Гэрт орж ирэхдээ чамаас болж машинаа ачуулсан гээд орж ирсэн...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),

- гэрч Л.Ба***ийн...Би 2023.01.05-ны өдөр  Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо Зээлийн 19 дүгээр гудамж 24 тоотод өөрийн дүү С ынд хоёр охин Энгүүн, Цэлмүүн нартай хамт хонохоор очсон, шөнө унтаж байсан хүүхэд уйлаад орилолдоод...С  Бямбаа хоёр зодолдоод байсан. Би салгаж байхад С  Бямбаа руу дайраад, Бямбааг аваад жижиг өрөөнд оруулсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),

- шинжээчийн дүгнэлт: 1. Б.Б ын биед зүүн нүдний дээд, доод зовхи зүүн хацар, зүүн нүдний алим, доод уруулын салст, баруун мөр, зүүн бугалганд цус хуралт. баруун мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна (хх-17-18-р тал),

- шүүгдэгч Л.С ын...2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ажлынхаа гадаа өөрийн *** УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор 0,7 литртэй архи ууж дуусаад гэр лүүгээ явж байгаад цагдаад баригдаад машинаа ачуулсан...Би согтууруулах ундааны зүйл маш их хэрэглэсэн байсан учир зарим зүйлийг сайн санахгүй байна. 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө гэртээ сэрсэн энхэр рүү залгах гэсэн боловч миний утас эвдэрсэн байсан...гэх мэдүүлэг (хх-64-65 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

 

  1. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

 

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд:  

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан   үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх тул шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэргийн субьектив болон объектив шинж хангагдсан байна.  

2.3. Шүүгдэгч нь хамтран амьдрагчаа ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр зодсон байтал “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” асуудалд хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан байгааг анхааруулж, тус хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болохыг дурдав.

2.4. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг хооронд зөрүүтэй байдалгүй, түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан /хх-63-64, шүүх хуралдааны  тэмдэглэл/, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, хамаарах бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байна.   

Иймд шүүгдэгч Л.С ыг хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

  1. Хохирол, хор уршиг :      

 

Тус гэмт хэргийн улмаас баримтаар хохирол нэхэмжлээгүй байх /хх-24, 72, шүүх хуралдааны тэмдэглэл/ тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзнэ.    

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт   

 

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 4, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-27-54 шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, талуудын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

  1. Бусад асуудал   

 

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Л.С ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Л.С ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.             

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.                           

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг  дурдсугай.        

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.С д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ГАНБААТАР