Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/445

 

 

 

 

 

 

 

 

 

2023           04           12                                       2023/ШЦТ/445

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жавхлантөгс,

улсын яллагч Ж.Отгончимэг (томилолт),

шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн эрүүгийн ***************** дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсныг, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*********************

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Б нь 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "888" нэртэй бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Мийг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газар гараараа цохиж, биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

1. Шүүгдэгч С.Бийн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр манай найз Сүхбаяр, Олзоогийн хамт 0,75 литрийн савлагаатай архи 2 шил архи хувааж уугаад .... бид 3 караокеноос гарч “888” гэх бааранд орж үйлчлүүлсэн. Бааранд ойролцоогоор 21 цаг өнгөрөөгөөд орсон байх гэж бодож байна. 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдөр СХД-н цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очиж мэдүүлэг өгөөд байж байтал надад цохиулсан гэх үл таних залуу ирсэн. Ингээд би тухайн залуутай уулзсан ба тэр залуугийн баруун нүд хавдаж хөхөрсөн, хамар нь мурийсан байдалтай байсан. Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг бүрэн уншиж, танилцан ойлгосон. Би тус тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал) болон

 

2.Хохирогч М.Мийн: "... Би 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 21 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо “888” нэртэй бааранд найз Ууганбаярын хамт 0,75 литрийн хэмжээтэй архи уугаад сууж байхад улаан цамцтай залуу намайг цохичхоод гараад явсан....” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 6 дахь тал),

 

3. Гэрч Б.С-н: “...Би 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “888” нэртэй бааранд ороод сууж байтал найз Б нь хүнтэй маргалдаад цохилцоод байхаар нь би болон бааранд байсан хүмүүс салгасан. Б улаан цамцтай, хар куртик, жийнсэн өмд, хар гутал өмссөн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-10 дахь тал),

 

4. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн 2427 дугаартай: “...М.Мийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

 

5. Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Хяналтын камерын цагаар 21 цаг 00 минут 25 секундэд уг хяналтын камерын бичлэг эхэлж байх ба .. 21 цаг 00 минут 27 секундэд бүжгийн талбайн хажуу талын ширээнд сууж байсан улаан өнгийн урдаа хар хээ мэт зурагтай цамцтай, хар өнгийн өмдтэй эрэгтэй хүн босоод бүжгийн талбайд бүжиглэж байгаа хүний нүүр лүү цохиход цохиулсан хүн хойшоо ухарч хяналтын камераас гарч байгаа нь бичигдсэн ...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 20-24 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч С.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгийн харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол төлбөрийн тухайд: Энэ хэргийн улмаас хохирогч М.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч М.Мэ нь эмчилгээ хийлгэсэн болон хохирол төлбөртэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй хэдий ч шүүгдэгч өөрийн санаачилгаар хохирогчид 500.000 төгрөг өгсөн, хохирогч нь гомдол саналгүй талаар хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч С.Бөд Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч С.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч С.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

           

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б  овогт С Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бөд 500 (таван зуу) нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бөд оногдуулсан торгох ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ