Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/488

 

 

 

 

 

 

 

 

 

    2023           04            21                                    2023/ШЦТ/488

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Б.Наранжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

           улсын яллагч Н.Ундрах (томилолт)

            иргэдийн төлөөлөгч О.Золзаяа,

            хохирогч О.Ч, түүний өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг,

            шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Л.Цэндоо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Бага мэргид овогт Нармандахын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 230800128***** дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******************

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.А нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр, *** ***** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.Ч-ыг эхнэртэйгээ хардаж маргалдан хутгаар зүүн гуянд нь 2 удаа хутгалж, эрүүл мэндэд нь зүүн гуяны тараагуур судас, суудлын мэдрэлийн тасрал, зүүн гуянд зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...тухайн өдөр 500 гр пиво уусан байсан. О.Ч нь анх манай эхнэрийн ах нь гэж надтай танилцаж байсан.  О.Ч нь манай эхнэртэй 3 жил харьцаж байгаа. Ч-тай маргалдаад дайрч байтал хөлдөөгч дээр байсан хутга газар унасан байхаар нь би айлгах гэж авсан.  Гэм буруугийн тал дээр маргахгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

Хохирогч О.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр ангийнхантай уулзаад хүний 5, 5 пиво уугаад багын найз Ч--гийнд очихоор болоод очсон. А-ын эхнэр нь манай найзын дүү байгаа юм. Ч--гийнд  А байсан ба  над руу эхэлж өөрөө дайрсан, тэгээд дайраад байхаар нь би “намайг 2 цохь, би илүү цохиулахгүй шүү” гээд 2 цохиулсан.  Тэгээд дахиад дайраад байхаар нь би “дахиж цохиулж чадахгүй шүү” гэж хэлсэн. Би хутгалуулснаа мэдээгүй, гэнэт хутгалсан байсан. Тэгээд намайг хутгалчихсан байна  ш дээ гэхэд “гүйцээгээд ална” гээд дайраад байсан. Тэгээд цагдаа дуудаад ирсэн. Би хагалгаанд орсон. 600.000 төгрөгөөр шинжилгээ өгсөн. Би ээжтэйгээ хоёулаа байдаг учир тэтгэвэр зээлж авч хэрэглэсэн. Дахиж хагалгаа хийлгэнэ, мэдрэл нь сэргэхгүй бол сүүлдээ хөлөө тайруулна гэсэн. Би мөнгө муутай байгаа болохоор эмчилгээгээ бүрэн хийлгэж чадахгүй байгаа. Би хувиараа ажил хийдэг байсан, барилгын пассатны ажил хийдэг байсан.  Сардаа ямар ажил авснаас шалтгаалж цалин нь өөр өөр байдаг. Би шүүгдэгчээс одоо хийлгэсэн эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, сэтгэл санааны зардал зэргийг нэхэмжлэхээс гадна цаашид хийлгэх эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “...Н.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцуулж, улмаар шүүгдэгчээс 8.682.265 төгрөгийг гаргуулж хохирогч О.Чад олгох, мөн шүүгдэгчээс 2.084.000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх” тухай дүгнэлтийг,

            Иргэдийн төлөөлөгч нь “...шүүгдэгч Н.А нь  хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэм буруутай байна” гэсэн дүгнэлтийг,

            Хохирогч О.Ч, түүний өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг: “...маш их гомдолтой байна. Хохирогч /О.Ч би/ нь 2022 оны 12 дугаар сарын 06-07 шилжих шөнө нүүрэн тус газар нь цохиулж, гуяндаа нь 2 удаа хутгалуулсан байдаг. Тулгуур эрхтэн болох хөлөндөө гэмтэл авч цаашид хөлөө ч тайруулж болох эрсдэл учирч байна.  О.Ч нь хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан байгаа. Шүүгдэгчээс нийт 13.637.265 төгрөгийг гаргуулж өгнө үү. Цаашид гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна” гэсэн санал дүгнэлтийг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цэндоо: “...шүүгдэгч Н.А нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруу дээр маргадаггүй. Хохирлын хувьд  шаардлага хангасан зардлыг гаргуулбал төлж барагдуулах боломжтой. Харин  хуулийн шаардлага хангахгүй, хэрэгт хамааралгүй зардал, мөн өмгөөлөгчийн хөлсийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй тул эдгээр зардлыг хасаж тооцож шийдвэрлэж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Н.А нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ******** ны нутаг дэвсгэр, ********  тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.Ч-ыг өөрийн эхнэртэй холбон хардаж, хутгаар зүүн гуянд нь 2 удаа хутгалж, эрүүл мэндэд нь зүүн гуяны тараагуур судас, суудлын мэдрэлийн тасрал, зүүн гуянд зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

1. 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...СХД-ийн ********  ********   тоот  өрөөнд үзлэгийг явуулахад ... орны доод хэсэгт цус мэт улаан өнгийн шингэн зүйлээр бохирлогдсон, орны хөл модон хэсгийг дагаж доор шалан дээр  мөн цус мэт  шингэн зүйл  урсаж бохирлогдсон,  орны доод хулдаасан шалан дээр түмпэн дотор  мөн цус мэт зүйлтэй холилдсон шингэн улаан өнгийн зүйл байв. ...уг газраас хуванцар иштэй нийт урт нь 25 см,  ажлын хэсэг нь  13 см,  бариул хэсэг нь 12 см урттай хутга 1 ширхгийг  хураан авсан. (хавтаст хэргийн 5-6, 7-8 дахь тал),

 

2. 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хутганд үзлэг хийсэн тэмдэглэл: “...нийт урт нь 25.5 см, ажлын хэсэг  нь 13,5 см, бариул хэсэг нь 12 см хутга байх ба  ажлын  хэсэг нь  цус мэт  зүйлээр  бохирлогдсон байв” гэж тэмдэглэгдсэн.  (хавтаст хэргийн 9-10 дахь тал),

 

3. Хохирогч О.Ч-ын: “...Би 2022 оны 12 дугаар сарын 06-ны орой Сансар дээрээс такси бариад найз болох Батчимэгийн Сонгинохайрхан дүүргийн ********  ********  тоотод байх гэрт нь 01 цаг өнгөрч байхад ирсэн юм. Гэрт нь ирэхэд Батчимэг өөрөө байхгүй байсан тул би нөгөө талд байх Батчимэгийн ээжийнх нь гэр лүү орж асуухад гэрт нь А эхнэртэйгээ, Батчимэгийн ээж нар нь байсан юм. Би А-ын эхнэртэй нь одоогоос 14-15 жилийн өмнө үерхэж байсан бөгөөд А тэрнээс болж, эхнэрээ надтай хардаад надтай явалддаг гэж бодоод яваад байдаг юм шиг байна лээ. Тэрнээс болж тэр өдөр А бид хоёрын дунд маргаан гарсан. Тэгэхээр нь би “тэр үедээ явж байсан нь үнэн, тиймээс би чамд 2 удаа цохиулчихъя” гэж хэлээд би Ат цохиулаад унаад өгсөн. Уначхаад би хэсэг хэвтэж байгаад босоод ирсэн ба  би гэрт нь ороод сууж байхад А орж ирээд над руу “..чи манай эхнэрийн дугаарыг нь блоклоогүй байна..” гэхээр нь би блоколсон гэж харуулсан. Тэгтэл А утаснаасаа А-ын эхнэр бид хоёрын урьдын бичиж байсан чатыг гаргаж ирээд “...чи манай эхнэртэй одоо болтол холбоотой байдаг юм байна” гэж хардаад надтай хэрүүл хийгээд байхаар нь би “одоо чамд цохиулна гэж байхгүй шүү” гэж хэлээд сууж байсан чинь гэнэт хөл хүндрээд явчихаар нь би гараа явуулаад үзтэл миний гуянаас цус гараад байсан. А нь “одоо чамайг дуусгачихъя” гэж дайраад байхаар нь Батчимэгийн нөхөр Энхбаяр нь ирээд А-ыг аваад гарсан. Тэгээд би нэг удаа хутгалуулсан байх гэж бодсон чинь эмнэлэг дээр очоод үзэхэд 2 удаа хутгалуулсан байсан. Би анх хутгалуулсан өдөр гэмтэл дээр очиж хагалгаанд орж, оёдол тавиулсан. Одоо өдөр болгон гэмтийн эмнэлэг дээр очиж зүү тавиулж байгаа. Түүний дараа сэргээн засах эмчилгээ хийлгүүлнэ. 600.000 төгрөгөөр шинжилгээ өгсөн. Би ээжтэйгээ хоёулаа байдаг учир тэтгэвэр зээлж авч хэрэглэсэн. Дахиж хагалгаа хийлгэнэ, мэдрэл нь сэргэхгүй бол сүүлдээ хөлөө тайруулна гэсэн. Би мөнгө муутай байгаа болохоор эмчилгээгээ бүрэн хийлгэж чадахгүй байгаа. Би хувиараа ажил хийдэг байсан, барилгын пассатны ажил хийдэг байсан.  Сардаа ямар ажил авснаас шалтгаалж цалин нь өөр өөр байдаг. Би шүүгдэгчээс одоо хийлгэсэн эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, сэтгэл санааны зардал зэргийг нэхэмжлэхээс гадна цаашид хийлгэх эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Гомдолтой байна. хуулийн дагуу шалгуулаад хохирлоо барагдуулмаар байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

 

4. Гэрч Г.Б-ийн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 06-ны ...02 цагийн үедээ гэртээ ирээд өөрийнхөө нийтийн байрны өрөөнд ороод сууж байтал Ч манайд орж ирээд мэнд ус мэдээд сууж байтал А орж ирээд "пизда пизда" гээд амандаа үглээд байхаар нь Ч А-ыг "хоёулаа гарья, би чамд ганц хоёр цохиулчихъя" гээд Ч, А нар  гадаа гарсан. Би араас нь ойролцоогоор 3-4 минутын дараа гарахад Ч манай хашаан дотор доошоо харсан байдал хэвтэж байхаар нь босгох гэсэн чинь босохгүй, хамар амнаас цус гарсан байдалтай байж байхад манай нөхөр Энхбаяр гаднаас орж ирээд Чыг босгож манай өрөөнд оруулаад нүүр гарыг нь угаасан ба Ч нь манай нөхөрт " ..зүгээр зүгээр би өөрөө цохиулъя.." гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд байж байтал А манай өрөөнд уурласан байдалтай орж ирээд Ч руу "чи манай эхнэртэй чаталсан байна, саяхан хүртэл хадам ээжийн фейсбүүкээр чаталсан байна” гэхээр нь Ч нь "...би танай эхнэрийг блоколчихсон байгаа, чи өөрөө хар" гээд утсаа харуулсан ба хоорондоо хэрэлдээд байсан.  Тэгээд Ч нь А луу " би одоо чамд дахиж цохиулна гэж байхгүй" гээд хоорондоо хараал хэлээд бие биетэйгээ хэрэлдэж байх үед манай нөхөр Э нь “...хутгалчихлаа ш дээ” гэхээр нь би Ч, А нар луу харахад Ч нь орон дээр доошоо харсан байдалтай, зүүн талын бүдүүн гуяны ар талаас цус гараад байсан. А " ..чамайг дуусгачихъя алчихъя ..." гээд дайраад байхаар нь манай нөхөр А-ыг түлхээд өрөөнөөс гаргаад цагдаад дуудлага өгсөн. Хутгалсан хутга нь хар өнгийн иштэй, дунд хэмжээний ахуйн хэрэглээний хутга байсан. Ч тухайн өдөр 2 удаа хутгалуулсан байсан, би тэрийг нь гэмтлийн эмнэлэг дээр очиж мэдсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),

 

5. Гэрч Ч.Эын: “...Би 2022 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө эхнэр Батчимэг, эхнэрийн эгч Ууганцэцэг, нөхөр нь Мөнхболд нарын хамт гадуур явж байгаад манай эхнэр 01 цаг өнгөрч байхад надаас түрүүлээд гэр лүү яваад өгсөн, би араас нь 02 цаг болж байхад Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар ********  тоот хаяг дээр байдаг нийтийн байрандаа ирж хашаа руу ороход хашаанд Ч доошоо харсан байдалтай хэвтэж байхаар нь би хажууд очиход хамар амнаас цус гарсан, босож чадахгүй байсан тул би босгоод нийтийн байрныхаа 10 тоот өөрийнхөө өрөөнд оруулж нүүр гарыг угааж өгсөн. Тэгээд юу болсон талаар асуухад " би өөрийгөө буруутай юм шиг санагдаад байхаар нь Ат нэг удаа цохиулсан гэж яриад сууж байтал А манай өрөөнд орж ирээд утсаа Ч-д үзүүлээд "чи манай эхнэр луу яагаад чат бичээд байгаа юм, чи чаталдаг юм байна шүү дээ” гэхээр нь Ч " ..үгүй тийм юм байхгүй, би бүгдийг нь блок хийсэн байгаа...” гээд Ат утсаа үзүүлсэн, тэгээд Ч нь А луу “би чамд дахиж цохиулна гэж байхгүй шүү, би чиний эхнэрийн бүх юмыг блок хийсэн, харьцахгүй удаж байна...” гэж хэлээд тэр хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаад байсан. Тэгээд Ч манай орон дээр сууж байтал А " ...чи яг яах гээд байгаа юм ...” гэж уурлаад манай өрөөний гал тогооны шүүгээнд байсан хар өнгийн иштэй хутгыг аваад Чын зүүн гуя руу нь хутгалахаар нь би босоод А-ыг барьж аваад хорьсон боловч А “чамайг дуусгачихъя алчихъя" гээд Ч руу дайраад дийлдэхгүй байхаар нь би хүчээр өрөөнөөс гаргаад цагдаад болон 103-т дуудлага өгсөн. А манай гал тогооны шүүгээнд байсан хутгыг аваад Чыг хутгалсныг би өөрийнхөө нүдээр харсан. Ч нь А-ын эхнэр Дэлгэрсайхантай өмнө нь уулздаг байсан юм шиг байна лээ. Тэрийг нь би сайн мэдэхгүй. Ямар ч байсан эхнэрээсээ болж маргаан болсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),

           

6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Сэргэлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 193 дугаартай: “... О.Ч-ын биед зүүн гуяны тараагуур судас, суудлын мэдрэлийн тасрал, зүүн гуянд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна... гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

 

7. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч М.Өнөржаргалын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 57 дугаартай дүгнэлт: “..хэргийн газрын үзлэгээр хураан авсан хар өнгийн иштэй хутга нь шинжилгээнд тэнцэж байна. Уг хар өнгийн хутга дээр  хүний цус илэрсэн. Уг цус нь  А/II/ бүлгийн  харьяалалтай байна. (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

 

8. ГССҮТөв эмнэлгийн  17255 дугаартай өвчний түүх: (хавтаст хэргийн 78-86 дахь тал)

 

9.Шүүгдэгч Н.А-ын өгсөн: “...Би хохирогчид 300.000 төгрөг шилжүүлж өгсөн. Өөр хохирол барагдуулаагүй байгаа. Манай эхнэр, О.Ч нар нь 2021 оноос хойш харилцаатай, хоорондоо чаталж харьцаад байсан. Би уг чатуудыг олж уншсан. Тэгээд уг асуудал болохоос өмнө О.Чад энэ асуудлаа болих хэрэгтэй гэж чат бичсэн ч манай эхнэртэй холбоотой хэвээрээ байсан. Дээрх асуудлаас болоод эхнэр бид хоёрын хоорондох харилаа ч муудаад бие биеэ ойлгохгүй,  итгэхгүй асуудлууд гараад байнгын хэрэлддэг болсон. Тухайн өдөр хутга хөлдөөгч дээр байсан, Чулуунбаатартай маргалдаад дайрч байтал хөлдөөгч дээр байсан хутга газар унасан байхаар нь би айлгах гэж авсан.  Хохирогчийн хохирлыг барагдуулна гэдгээ илэрхийлж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 74 дэх тал) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Хэргийн үйл баримтаас харвал, тухайн гэмт хэрэг гарахад нэг талаас хохирогч, шүүгдэгч нарын архи согтууруулах ундааны зүйлийн зохисгүй хэрэглээнээс үүдэлтэйгээр үүссэн байхыг үгүйсгэхгүй, нөгөө талаас хохирогч нь шүүгдэгч Н.А-ын эхнэртэй өмнө нь үерхэж байсан, улмаар 2021 оноос хойш хоорондоо чат бичиж харилцдаг байсан, тус чатыг нь шүүгдэгч Н.А уншиж, уг харилцааг зогсоохыг хохирогч О.Чаас өмнө нь шаардаж байсан ч хүлээн аваагүй гэх асуудал нь эцсийн дүндээ хэн нэгэндээ хүч хэрэглэхэд хүргэсэн, уг асуудал нь нөлөөлсөн байна.

Өөрөөр хэлбэл, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Ч нь  шүүгдэгч Н.А-ын эхнэртэй өмнө үерхэж байснаа үгүйсгээгүй төдийгүй хоорондоо чаталж байсан, уг чатаа устгаж  блоколсон гэх асуудлыг мэдүүлсэн нь шүүгдэгч Н.А-ын мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрөөгүй тул эдгээр хүмүүсийн дунд үүссэн маргаан нь эр, эмийн хардалт, гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэлтэй үүссэн гэж дүгнэхэд хүргэсэн болно.

Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч болон хохирогч нарын хувьд “хутгалсан, хутгалуулсан” гэх асуудлын тухайд хэн аль нь маргаагүй, нэг нь хутгалснаа хүлээн зөвшөөрч, нөгөө нь өөрийг хэн, хэрхэн хутгалсан талаар тодорхой зааж мэдүүлсэн, түүнчлэн шинжээчийн дүгнэлтэд хохирогчид учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болох нь тусгагдсан, дүгнэлтийг оролцогч аль нэг тал үгүйсгэж, няцаагаагүй, маргаагүй тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч Н.А-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

 

Хохирогч О.Ч-ын биед учирсан хүнд гэмтэл нь шүүгдэгч Н.А түүний зүүн гуян тус газарт хутгалснаас үүссэн ба шүүгдэгчийн шууд санаатай гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Н.А-ын энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймээс шүүгдэгч Н.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд: Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон. 

            “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хохирогч О.Ч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч О.Ч нь “...Эмчилгээ, эм тарианы зардал болон цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин, өмгөөлөгчийн хөлс, бусад хохирол гээд нийт 13.637.265 төгрөг нэхэмжилнэ” хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн мэдүүлгийг, холбогдох баримтын хамт шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн. 

Хохирогчоос шүүх хуралдаанд хэрэгт хавсаргуулахаар гаргасан баримтыг нэг бүрчлэн судлахад:

-эм тарианы зардалд 755.592 төгрөг зарцуулсан,

-шатахуун, такси үйлчилгээний зардалд 754.800 төгрөг зарцуулсан,

-хоол хүнс, архи, пиво, шампанск, тамхи, чихэр зэрэг зардалд 353.794 төгрөг зарцуулсан,

-өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг төлсөн,

-гэмт хэрэг гарахаас өмнөх хугацаанд эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн 173.500 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн буюу 2.537.686 төгрөгийн баримт гаргаж өгсөн байна.

Үүнээс гадна ажилгүй байсан хугацааны цалин хөлс гэж 6.205.000 төгрөг нэхэмжилж хаан банкны дансны хуулга гаргаж өгсөн төдийгүй сэтгэл санааны хохиролд 5000,000 төгрөг баримтгүйгээр нэхэмжилсэн байна.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардалд зарцуулсан 755.592 төгрөг, шатахуун, такси үйлчилгээнд зарцуулсан зардал 754.800 төгрөг, нийт 1.510.392 төгрөгийн  шаардлагыг хангаж, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн. Иймээс энэ тогтоолоор шүүгдэгч Н.А-с 1.510.392 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч Н.А нь шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд хохирогчид 1.500.000 төгрөгийг төлсөн болох нь дансны хуулгаар тогтоогдсон тул түүнээс үлдэгдэл 10.392 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй.

Харин хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас хоол хүнс, согтууруулах ундааны зүйл, тамхи, ахуй хэрэглээний зардлын дүн болох 353.794 төгрөг, гэмт хэрэг гарахаас өмнөх хугацааны буюу 2022 оны 09 сарын 06-ны өдөр эмчилгээ, үйлчилгээ авсан зардал болох /78500+62000+33000/=173.500 төгрөг, /353.794+173.500/=527.294 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоогүй, тухайн гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцогдохгүй, мөн  хохирогч О.Ч нь өөрийн  хууль ёсны эрх ашгаа хамгуулахаар өмгөөлөгч авсан, зайлшгүй гаргуулахаар тусгасан зардал бус байх тул өмгөөллийн хөлс гэж нэхэмжилсэн 500,000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулах боломжгүй гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл, дээрх зардал /527.294+500.000=/1.027.294 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын зөрүү гэж 6.205.000 төгрөг нэхэмжилсэн ч Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх болон түүний орлогыг илэрхийлэх шаардлагатай нотлох баримтгүй, зөвхөн дансны хуулга гаргаж өгсөн нь түүний дутуу авсан цалин хөлс орлогыг бүрэн илэрхийлэх баримт болохгүй тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх боломжгүй байна.

Мөн хохирогч О.Ч нь сэтгэл санааны хохирол  гэж 5000.000 төгрөг нэхэмжилсэн ч  баримтгүй тул  хангахгүй орхиж шийдвэрлэсэн болно.

Иймд хохирогч О.Ч нь цаашид гарах эмчилгээний зардал болон цалин орлоготой холбоотой шаардлагад хамаарах нотлох баримт, сэтгэл санааны хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Иргэний нэхэмжлэгч Д.Г нь “...Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч О. Чын эмчилгээнд зориулж 2,084,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Н.А-с гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 22-23 дахь тал), Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 04/765 дугаартай албан бичиг авагдсан (хавтаст хэргийн 88-90 дэх тал) байх тул  хохирогч О.Ч-ын эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсны төлбөр болох 2.084.000 төгрөгийг шүүгдэгч Н.А-с гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгуулахаар шийдвэрлэсний дагуу шүүгдэгч нь уг зардлыг дээрх дандсанд төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Н.А нь уг санд төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “ ... шүүгдэгч Н.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг,

Хохирогч О.Ч “... Эрүүгийн хариуцлага дээр хэлэх зүйлгүй” гэж,

Хохирогчийн өмгөөлөгч “...нэгэнт улсын яллагч ялын санал, дүгнэлтээ хэлсэн учир манай талаас энэ асуудал дээр хэлэх ямар нэгэн тайлбар байхгүй” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...миний үйлчлүүлэгч Н.А-ын үйлдэлд хэд хэдэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж харж байна. Тухайлбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг баримтын хүрээнд төлсөн”, 1.4-т заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн” зэрэг, харин Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Хохирогч нь шүүгдэгчийн эхнэртэй харилцаатай, гэр бүлээс гадуурх харилцаатай  байснаас үүдэн шүүгдэгч Н.А нь тухайн үйлдлийг хийхдээ сэтгэл санаа тогтворгүй, цочрон давчидсан байхыг үгүйсгэхээргүй байна.  Иймээс дэрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар  хорих ялын 3/2-оос хэтрүүлэхгүйгээр буюу 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Н.А нь “...ямар нэгэн хэлэх зүйлгүй” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Н.А-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг баримтын хүрээнд төлсөн”, 1.4-т заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.А-ын үйлдсэн зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан бөгөөд тухайн зүйл хэсэг, заалтад таван жилээс арван хоёр жил хүртэл  хорих ял шийтгэнэ” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл  арван таван  жил хүртэл  хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн  хүн тухайн  гэмт хэргийн улмаас учруулсан  хохирлоо нөхөн төлсөн  бол тухайн зүйл,  хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах”-аар заасан.

 

Хэрэгт авагдсан хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан тухайн нотлох баримтууд буюу баримт сэлт, мэдээллээс үзэхэд шүүгдэгч Н.А нь өөрийн үйлдэл, үйл ажиллагаагаа удирдах, хяналт тавих чадвар, боломж нь алдагдаж, сэтгэл санааны гүн цочролд орсон гэж үзэх үндэслэл  тогтоогдоогүй байна. Тодруулбал, шүүгдэгч нь эхнэрээ хохирогч О.Ч-тай хардаж, хэрүүл маргаан үүсгэж улмаар эхлээд 2 удаа цохиж авсан,  хэсэг хугацааны дараа мөн уг хэрүүлийг үргэлжлүүлэн маргалдах явцдаа хутга авсан, хутгалсан байх ба уг үйл явдлаа санаж мэдүүлсэн буюу өөрийн үйлдлээ тодорхой төлөвлөсөн буюу удирдан хянаж байсан байх тул шүүгдэгч Н.А-ын сэтгэл санаа нь агшин зуур хүчтэй цочрон давчидсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Дээрх байдлаас улбаалан шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй, үндэслэлгүй ба шүүгдэгч Н.А нь хохирол, хор уршгийг бүрэн арилгаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар ялын доод хэмжээний  гуравны  хоёроос  багагүй ял оногдуулах боломжгүй гэж дүгнэсэн болно.

Иймд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь архидалт, гэр бүлийн хамаарал бүхий этгээд нь гэр бүлийн харилцаанаас гадуур харилцаа үүсгэснээс үүдэлтэйгээр гэмт хэрэг үйлдэгдсэн, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчид баримтын хүрээнд хохирлыг төлж барагдуулсан, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд, өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.А-д 5 жилийн  хугацаагаар хорих ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Н –ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.А-д 5 (тав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар өнгийн иштэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч О.Ч-ын нэхэмжлэлийн шаардлагаас 1.027.294 (нэг сая хорин долоон мянга, хоёр зуун ерэн  дөрөв) төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Н.А нь  хохирогч О.Чад 1.500.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 2.084.000 төгрөг төлсөн болохыг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-с 10.392 (арван мянга, гурван зуун ерэн хоёр) төгрөгийг гаргуулж, хохирогч О.Чад олгож, хохирогч О.Ч нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардал, дутуу авсан цалин хөлс, сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.А-с нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

            

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.АЛТАНЦЭЦЭГ

 

                                   ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР

 

     ШҮҮГЧ                          Б.НАРАНЖАРГАЛ