Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/491

 

 

 

 

 

 

 

 

 

2023           04           24                                     2023/ШЦТ/491

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

           улсын яллагч Н.Ундрах,

            шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос С овогт Б-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208021200*** дугаартай хэргийг 2023 оны 04 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

***********************

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М* нь 2022 оны 07 дугаар сарын 01-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ****** дүгээр хороо, **************** тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас:

- гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эгч Б.М-ын нүүрэн тус газарт алгадаж, нуруугаар нь чирч зодож, эрүүл мэндэд нь зүүн доод зовхи, дээд уруул, зүүн эрээн булчин, чихний дэлбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол,

-гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай нагац ах Б.Г-ийн толгойн тус газарт стаканаар нэг удаа цохиж эрүүл мэндэд духны зүүн хэсэгт шарх, цус хуралт, зүүн хацрын шонтонд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүний эсрэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

           

            1.Шүүгдэгч Б.М* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би мэдүүлэг өгөхгүй, маргахгүй. Хохирогч Б.М миний төрсөн эгч, Г***** нь манай ээжийн дүү буюу нагац ах, бид бүгд эмээтэй хамт амьдардаг” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас: “...шүүгдэгч Б.М-ийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хоёр хүний эсрэг,  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч А.Очбадрал: “...шүүгдэгч нь гэм буруу дээр маргахгүй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцож байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Б.М** нь 2022 оны 07 дугаар сарын 01-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 15-26а тоот гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас:

- төрсөн эгч Б.М-ын нүүрэн тус газарт алгадаж, нуруугаар нь чирч зодож, эрүүл мэндэд нь зүүн доод зовхи, дээд уруул, зүүн эрээн булчин, чихний дэлбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол, нагац ах Б.ГА--ийн толгойн тус газарт стаканаар нэг удаа цохиж эрүүл мэндэд духны зүүн хэсэгт шарх, цус хуралт, зүүн хацрын шонтонд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 

 

1. Хохирогч Б.Г-ийн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их наран 15-26а тоотод ээж Цэгмэд, эгч Солонго, ах Г, зээ хүү Номин-Эрдэнэ нарын хамт амьдардаг юм. Манай талийгаач эгчийн том охин М 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр манай гэрт ирж хоносон юм. 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн үед бид нар гэртээ байж байхад Мын төрсөн дүү Мэ жаахан халамцуу ирсэн. Тэгээд Мэ, Г бид 3 шил 0,5 граммын архи хуваагаад ууж байхад Мэ өмнө болсон асуудлаа сөхөж яриад эгч рүүгээ дайраад хацар луу нь ганц хоёр алгадаад авахаар нь би Мыг өмөөрөөд Мэд “эгчийгээ боль” гээд хэдэн үг хэлэхэд гартаа барьсан байсан стаканаар миний толгой руу нэг удаа цохиход толгойны зүүн талын духны хажууд язарч, цус гарсан ба стакан аяга хагарсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Өөр  болсон зүйл байхгүй. Мэ нь тусдаа эхнэр Ууганзаяагийн  хамт түрээсийн  байранд амьдардаг, хаягийг нь мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),

 

2.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 9484 дугаартай “...Б.Г-д духны зүүн хэсэгт шарх, цус хуралт, зүүн хацрын шонтонд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл тогтоов. Дээрх гэмтэл нь 2-3 хоногийн өмнө үүссэн байна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал)

 

3. Хохирогч Б.М-ын: “... Сонгинохайрхан дүүргийн  ****** дүгээр хороо И* ***************** тоотод гэртээ 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ирээд байж байхад 2022 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 16 цагийн үед манай төрсөн дүү М** жаахан халамцуу ирсэн. Тэгээд Мэ, ГА, Г нар 0,75 граммын 2 шил архи хуваагаад уусан, би ч бас архи уусан. Архи уугаад сууж байхад Мэ “охин чинь намайг цагдаад өгсөн” гээд өмнө болсон асуудлыг сөхөж яриад босож ирээд миний хацар луу 2 удаа алгадаж газар унагаагаад нуруугаар чирсэн. Энэ үед ГА ах “боль” гээд намайг өмөөрөөд хэдэн үг хэлэхэд Мэ гартаа барьсан байсан стаканаар толгой руу нь нэг удаа цохиод хагалчихсан. Тэгээд цагдаад өгсөн. Энэ асуудал болохоос хэд хоногийн өмнө Мэ ирээд агсам тавиад байхад манай охин айгаад цагдаад дуудлага өгсөн юм. Энэ асуудлыг яриад танай охин цагдаад дуудлага өгсөн гээд намайг зодсон юм. Мэ нь тусдаа эхнэр Ууганзаяагийн  хамт түрээсийн  байранд амьдардаг, хаягийг нь мэдэхгүй. Надад нэхэмжилж байгаа эд зүйл байхгүй тул гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

 

4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 9482 дугаартай “...Б.Мд зүүн доод зовхи, дээд уруул, зүүн эрээн булчин, чихний дэлбэнд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл тогтоов. Дээрх гэмтэл нь 2-3 хоногийн өмнө үүссэн байна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

5. Шүүгдэгч Б.М-ийн: “....хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дэх хэсгийн  3.1.1 дэх заалтад “...тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1. “гэр бүлийн хүчирхийлэл” гэж  энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ...бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, 5.1.2. “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ...бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчилсан.

 

Хэргийн үйл баримтаас харахад, хохирогч, шүүгдэгч нар нь төрсөн эгч дүү болон төрөл садны харилцаа холбоотой хүмүүс байх ба бүгдээрээ нэг гэрт хамтдаа амьдарцгаадаг төдийгүй хоорондоо таарамжгүй харилцаатай, өмнө нь шүүгдэгч нь төрсөн эгчийгээ зодсон зөрчлөөр баривчлах шийтгэл авч байсан байна. Эдгээр хүмүүс нь тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйлийг хамтдаа хэрэглэж байх явцдаа маргалдан шүүгдэгч нь төрсөн эгч Б.Мыг өмнө цагдаа дуудаж өгсөн гэх шалтгаанаар цохиж зодсон төдийгүй Б.Мыг өмөөрсөн нагац ах Б.ГАийг мөн зодож, хэн алинд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь хохирогч нарын өөрийн хийгээд бие биеийнхээ зодуулж цохиулсан асуудлыг нотолж  мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдсон байх тул шүүгдэгч Б.Мэ нь хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэж үзэв.

Шүүгдэгч Б.Мэ нь  нэг санаа зорилгоор, нэг цаг хугацаанд хоёр хүний эрүүл мэндэд халдаж тус бүрд нь хөнгөн хохирол учруулсныг хоёр хүний эсрэг үйлдсэн гэж дүгнэхээр байна.

Шүүгдэгч Б.Мийн зүгээс хохирогч нарын эсрэг хийсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч нарт хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

            Иймээс шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д “хоёр, түүнээс олон хүнийг”, 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” учруулсан гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

            Хохирол төлбөрийн тухайд:

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.М, Б.ГА******** нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нар нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, хохирол нэхэмжлэхээс татгалзсан байна. Иймээс шүүгдэгч Б.М-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...шүүгдэгч Б.М-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,  өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 26 хоногийн хорих ялыг нэмж биечлэн эдлэх ялыг 2 жил 4 сар 26 хоногоор тогтоож, цагдан хоригдсон 25 хоногийг эдлэх ялаас хасах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч А.Очбадрал: “...шүүгдэгч Б.М нь гэм буруу дээр маргаагүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан прокурорын санал болгосон ялыг бууруулж оногдуулж өгнө үү ” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.М****нь “...надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.

Иймээс шүүгдэгч Б.М-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь  архидалтаас үүдэлтэй, тэрээр архи уусан үедээ эгч, ах дүүсээ үл хүндэтгэсэн байдал нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн, хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийн байдал, хохирогч нар нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэхээс татгалзсан, мөн нөгөө талаас шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.М-ийн хувийн байдал /хязгаарлалт тогтоосон хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн/ зэргийг харгалзан эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Иймээс шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гаргасан “хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гээн санал, дүгнэлтийг хүлээн аваагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, 2-т “хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан.

 

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн 1084 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар 15 жилийн хорих ял,  145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хөнгөнийг хүндэд нь багтааж, биечлэн эдлэх ялын хугацааг 15 жилээр тогтоосон, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1094 дугаартай шүүгчийн захирамжаар Б.М--ийг эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад  заасан “Согтууруулах ундаа,  мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг хэрэглэсэн хэдий боловч Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ХМШЗ/122 дугаар захирамжаар өмнөх 1094 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 11 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна. (хавтаст хэргийн 80-90 дэх тал),

Улмаар 417 дугаар нээлттэй хорих ангийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ялын тооцооны тодорхойлолтоор 2023 оны 03 дугаар сарын 24-ны өдрөөр тасалбар болгон бодоход 2 жил 1 сар 26 хоног үлдсэн гэсэн байна. (хавтаст хэргийн 127 дахь тал),

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мэд энэ тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 90 хоногийн буюу 3 сарын хорих ялд шилжүүлэн, өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ХМШЗ/122 дугаар захирамжаар эдлүүлэхээр тогтоосон 2 жил 6 сар 11 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 01 сар 26 хоногийг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 2  жил 4 сар 26 хоногийн хугацаагаар тогтоож, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.М-д 2023 оны 03 сарын 23-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд 32 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.   

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч с овогт б-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүний эсрэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мэд 720 (долоон зуун хорь)  цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д энэ тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 90 хоногийн буюу 3 сарын хорих ялд шилжүүлэн, өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ХМШЗ/*** дугаар захирамжаар эдлүүлэхээр тогтоосон 2 жил 6 сар 11 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 01 сар 26 хоногийг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 2 (хоёр) жил 4 (дөрөв) сар 26 (хорин зургаа) хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийн цагдан хоригдсон 32 (гучин хоёр) хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мэд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ