Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/520

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул, улсын яллагч Д.Ганчимэг, шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1614 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х овгийн Б-ийн М, 1995 оны ** дугаар сарын **-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ерөнхий цэргийн командын офицер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл хоёр, ээжийн хамт *** тоот хаягт бүртгэлтэй, *** байрлах ажлын байрандаа түр оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.М нь үргэлжилсэн үйлдлээр, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр иргэн Ө.Ж-д “...ахаа би таны утсаар фейсбүүк ороод чатаа шалгангаа Номин дэлгүүр орчхоод ирье” гэж хэлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Ө.Ж-ын өмчлөлийн Samsung Note 8 загварын гар утсыг өөртөө авч, бусдад 250,000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан бөгөөд залилах гэмт хэргийг үйлдсэн;

Мөн Б.М нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэн Ө.Ж-ын өмчлөлийн Samsung Note 8 загварын гар утаснаас түүний ХААН банкны интернет банкны данс, цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж нэвтэрсэн, дансны мэдээлэлтэй танилцсан буюу цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэргийг үйлдсэн;

Б.М нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэн Ө.Ж-ын өмчлөлийн ХААН банкны данснаас 1,960,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн;

Б.М нь үргэлжилсэн үйлдлээр, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр иргэн Бу.М-д “надад мөнгө зээлэх боломж байна уу, 200,000 төгрөгийг чинь зээлчихье, картаа өгчих би яваад ирье гэж хэлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүний өмчлөлийн ХААН банкны данснаас 1,800,000 төгрөгийг авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бөгөөд залилах гэмт хэргийг үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.      Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дараах үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо. Үүнд:

Шүүгдэгч Б.М нь үргэлжилсэн үйлдлээр, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Ө.Ж-ын гар утсаар фейсбүүк орж чатаа шалгангаа дэлгүүр орчхоод ирье гэж хэлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний өмчлөлийн Samsung Note 8 загварын гар утсыг өөртөө авч, бусдад 250,000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан бөгөөд залилах гэмт хэргийг,

Мөн Б.М нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Ө.Ж-ын өмчлөлийн Samsung Note 8 загварын гар утаснаас түүний ХААН банкны интернэт банкны данс, цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж нэвтрэн, дансны мэдээлэлтэй танилцсан буюу цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэргийг,

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Ө.Ж-ын өмчлөлийн ХААН банкны данснаас 1,960,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг,

Мөн Б.М нь үргэлжилсэн үйлдлээр, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр иргэн Бу.М-д мөнгө зээлэх боломж байна уу, 200,000 төгрөгийг чинь зээлчихье, картаа өгчих би яваад ирье гэж хэлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүний өмчлөлийн ХААН банкны данснаас 1,800,000 төгрөгийг авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бөгөөд залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн байна.

1.2.      Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Талуудаас шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүх хэргийн нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоосон болно.

- Хохирогч Ө.Ж-ын: “...Миний бие 2022 оны 05 дугаар сараас эхэлж Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төв цэвэрлэх гудамжны өргөтгөлийн ажилд мужаан хийж ажил дээр байрлан ажиллаж аа. 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 21 цагийн орчимд манай хамт ажилладаг залуу болох М нь надаас "ахаа би таны утсаар фейсбүүк ороод чатаа шалгаадахъя, шалгангаа номин дэлгүүр орчхоод ирье" гэж гуйгаад болохгүй байхаар нь би өөрийн Самсунг нөте-8 маркийн rap утсаа өгөөд явуулчихсан. Тэгээд би нойл орчхоод орж иртэл манай ажлын залуу Б надаас ахаа таны утасны код хэд юм бэ, М асуугаад байна гэхээр нь *** гээд хэлж өгсөн. Тэр оройдоо ирэхгүй болохоор нь маргааш өглөө нь өөрийнхөө *** гэсэн дугаар руу залгатал авахгүй таслаад байсан, ямар ч хариу байхгүй алга болчихсон. Тухайн өдөр манай байгууллагын цалин буусан байсан юм. Би 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дэлгүүрээс юм авахаар картаа уншуултал үлдэгдэл хүрэлцэхгүй байна гээд байхаар нь гайхаад хаан банкин дээр дансны хуулгаа шалгатал миний данснаас 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр *** тоот данс руу 400,000 төгрөгийг xbetpro гэсэн утгатайгаар, 09 дүгээр сарын 01-ний өдөр *** тоот данс руу 1,000,000 төгрөгийг А гэсэн утгатайгаар, мөн тэр өдөр *** данс руу 500,000 төгрөгийг xbetpro гэсэн утгатайгаар, ахин *** данс руу 60,000 төгрөгийг ochirOOOO гэсэн утгатайгаар 4 удаагийн үйлдлээр 1,960,000 төгрөгийг миний данснаас шилжүүлж авсан байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6-10 дахь тал);

- Иргэн Ө.Ж-ын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 4 дэх тал);

- Хохирогч Б.М-ийн: “...Миний бие 2022 оны 04 дүгээр сараас эхэлж Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төв цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн ажилд мужаан хийж ажил дээр байрлаж ажиллаж байгаа. 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 21 цагийн орчимд манай ажилладаг залуу болох М нь надаас "надад мөнгө зээлэх боломж байна уу, гэхээр нь би 200,000 төгрөгөөс илүү зээлж чадахгүй гэтэл наад мөнгийг нь зээлчихье, картаа өгчих би яваад аваад ирье" гэхээр нь картаа өгөөд явуулсан. Би ажил дээрээ байж байтал миний гар утсанд 1,400,000 төгрөгийн зарлага гарлаа гэх мессеж 22 цаг 28 минутад ирэхээр нь гайхаад өнгөрсөн. Тэгээд маргааш нь өглөөний 08 цаг 56 минутад ахин 400,000 төгрөгийн зарлага гарлаа гэх мессеж ирэхээр нь түүн рүү залгатал утсаа авахгүй байсан. Орой нь ахиж залгаж үзээд хариу байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр би түүний А.А нэр гэсэн фейсбүүк хаяг руу нь залгатал авахгүй байхаар нь байна уу, хэлэх зүйл байна уу гэж бичтэл 2, 3 хоногоос хийчихнэ гэсэн хариу өгсөн. Дараа нь дансны хуулга аваад хартал 1,400,000 төгрөг нь   тоот данс руу, 400,000 төгрөг нь *** гэсэн данс руу АТМ-ээр шилжүүлсэн байсан. Тухайн үед манай ажлын цалин орсон байсан юм” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-16 дахь тал);

- Иргэн Б.М-ийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 31-32 дахь тал);

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1675 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: “Үнэлгээний дүн 250,000 төгрөг” гэсэн үнэлгээ (хавтаст хэргийн 30-31 дэх тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

1.3.     Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.М нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бөгөөд шинжлэн судлагдсан нотлох баримтаар батлагдаж байх тул түүний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгон үнэллээ.

Шүүгдэгч Б.М монгол хэл, бичиг мэддэг гэх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

1.4.     Эрх зүйн дүгнэлт

Нэгдүгээрт: Шүүгдэгч Б.М бусдын өмчлөлийн гар утас, картыг “интернэт орчхоод өгье”, “картаас нь 200,000 төгрөг аваад ирье” гэх мэтээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар цаашид захиран зарцуулж хохирогч Ө.Ж-д 250,000.0 төгрөг, хохирогч Бу.М-д 1,800,000.0 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, цахим хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгө /мөнгө/-ийг нь шилжүүлэн авсан” шинжийг бүрэн хангасан байна.

Хоёрдугаарт: Хохирогч Ө.Ж-ын ХААН банкны данс бүхий интернэт банк ба түүний үйлчилгээ нь гагцхүү тухайн хохирогчийн хувьд цахим төхөөрөмж, интернэтийн сүлжээ ашиглан, нууц кодоор нэвтэрч ашиглагдах мэдээллийн сүлжээ буюу “компьютерын өгөгдөл, систем”-ийн нэг төрөл болох бөгөөд шүүгдэгч нь тус хохирогчийн цахим мэдээлэлд буюу кибер орчинд хууль бусаар халдаж, танилцан, нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан “Кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Түүнчлэн, хохирогч Ө.Ж-ын хувьд Кибер аюулгүй байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор нарийвчлагдсан зохицуулагдсан “интернэт банкны үйлчилгээ авах, ашиглах эрх болон цахим мэдээллийнх нь аюулгүй байдал”-ыг ноцтой зөрчсөн байх тул шүүгдэгч Б.М-д холбогдох цахим мэдээлэлд хууль бусаар халдсан гэмт хэргийн шинжийг үгүйсгэх боломжгүйг тодотгох нь зүйтэй.   

Гуравдугаарт: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломжийг бүрдүүлсэн санаатай үйлдэл хамаарах бөгөөд шүүгдэгч Б.М-ийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Ө.Ж-ын өмчлөлийн ХААН банкны данснаас 1,960,000.0 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Б.М-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын өмч хөрөнгөд халдсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг тус тус санаатай үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан, мөн хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр тус тус хангасан байх тул гэмт хэргийн зүйлчлэл хийхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус харгалзсан болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.М-ийг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “залилах” гэмт хэргийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, бусдын цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж нэвтэрсэн, дансны мэдээлэлтэй танилцсан буюу цахим мэдээлэлд хууль бусаар халдсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хууль тогтоогч 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин зургаадугаар бүлгийг бүхэлд өөрчлөн найруулсан ба тус бүлгийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж болон оногдуулах ялын төрөл, хэмжээ өөрчлөгдөөгүй байх тул шинэ хуулийг буцаан хэрэглээгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийн гэмт хэрэг үйлдэх үеийн хуулийг хэрэглэв.

1.5.     Хохирол, хор уршиг

Хэрэгт авагдсан баримтаар хохирогч Бу.М нь “хохирол төлөгдсөн, гомдол,санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийн зүгээс түүнд төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч Ө.Ж-д учирсан хохирлыг төлж барагдуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.М-ээс 2,010,000.0 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял шийтгэх саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 1 жил 8 сарын хорих ял шийтгэн, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хувийн байдлын хувьд урьд ял шийтгэлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлуудыг тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзлээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр төлөгдөөгүй. Иргэний нэхэмжлэлийг бүрэн болон хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгох, жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Шүүгдэгч Б.М-ийн баривчилсан, цагдан хорьсон хугацааг ял оногдуулахад тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна...” гэв.

Шүүгдэгч Б.М: “...Надад ямар ч эргэлт ирэхгүй, уулзах хүн байхгүй учраас хорих ялыг хаалттай хорих ангид эдэлмээр байна. Манай ээж намайг хүлээж амжихгүй байх, хорих ял нэмж өгсөн ч хүлээн зөвшөөрнө...” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 45 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), үндэсний гадаад паспортын бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал), регистрийн дугаарын лавлагаа (хавтаст хэргийн 52 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 53 дахь тал), Хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 56 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хувийн байдлыг тогтоов.

Шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа ухамсарлаж байгаа хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар, мөн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар тус бүр хорих ял оногдуулж шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтыг тус тус журамлан шүүгдэгч Б.М-д оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул түүний эдлэх хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.М нь 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс хойш нийт 48 /дөчин найм/ хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул түүний эдлэх хорих ялын хугацааг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.М-ийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо төлсөн, түүнчлэн шүүхийн шатнаас оргон зайлсан зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзсэн болохыг дурдах нь зүйн хэрэг.

2.3.      Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.М-ийн цагдан хоригдсон 48 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.М-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 37.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Х овгийн Б-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “залилах” гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “цахим мэдээлэлд хууль бусаар халдах” гэмт хэргийг цахим төхөөрөмжид хууль бусаар нэвтэрч, мэдээлэлтэй танилцаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зургаан сарын хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар тус тус хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д энэ тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 (нэг) жил 6 (зургаа) сараар тогтоосугай.

4.Шүүгдэгч Б.М-д оногдуулсан 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийн цагдан хоригдсон 48 (дөчин найм) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.М-ээс 2,010,000.0 төгрөгийг гаргуулан хохирогч Ө.Ж-д олгосугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                

 

 

ДАРГАЛАГЧ                Б.БАТАА