Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 1201

 

                                                           

 

 

 

 

 

 2019         11             28                                           2019/ДШМ/1201                                                    

 

Б.Б-, Б.М- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Д.Даваа, Т.Баясгалан,

шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Энхтуяа,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 2019/ШЦТ/1544 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Д.Даваагийн гаргасан гомдлоор шүүгдэгч Б.Б-, Б.М- нарт холбогдох эрүүгийн 1903006910329 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.М- нь 2019 оны 6 дугаар сарын 15-ны шөнийн 00 цаг 01 минутын орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо “Монел”-ийн уулзварын зүүн талд Хаан банкны салбарын урд замд “Истана” маркийн, 46-30 УБП улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 1.1 дэх заалт “Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх ” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Н.Магсарыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан,

Б.Б- нь 2019 оны 6 дугаар сарын 15-ны шөнийн 00 цаг 01 минутын орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо “Монел”-ийн уулзварын зүүн талын Хаан банкны салбарын урд “Тоёота приус-30” маркийн, 37-94 УБЛ улсын дугаартай Автомашиныг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 11.5 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс дээш олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, мөн дүрмийн 12.2 дахь хэсэгт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам дээр хэвтэж байсан Н.Магсарыг дайрч, амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар, Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Барнууд овогт Баасанжавын М-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Хөтөл овогт Баярцогтын Б-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт тус тус зааснаар тээврийн хэрэгсэл жолоодон явуулахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглох, мөн оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Б.Б-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.М-гийн №1893 дугаартай жолооны үнэмлэх, шүүгдэгч Б.Б-ын №784903 дугаартай жолооны үнэмлэхийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад шилжүүлэхээр тогтоож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Энхтуяа нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Д.Даваа тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б.Б-ыг 1 жилийн хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр заасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Мөн тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд тус тус заасныг баримтлах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв гэсэн нь ч ойлгомжгүй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтад шүүх дүгнэлт хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчөөгүй гэж дүгнэсэнтэй маргахгүй. Харин шүүхээс шүүгдэгч Б.Б-т хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан буюу 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь хэсэг гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан материаллаг хохирлыг нотлох баримтыг үндэслэн төлсөн байдлыг харгалзан үзсэнгүй. Б.Б-ын үйлдэлд хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байгаагүй болно. Дээр дурдсан 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтуудыг анхааран үзвэл Б.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалт буюу энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн ... бол 5 жил түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно гэсэн заалтыг үндэслэн шийдвэрлэж болох байсан. Шүүгдэгчийн ахуй амьдралын талаар тодруулбал Б.Б- нь эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Нарлаг өргөө хотхоны 722-75 тоотод оршин суудаг. Эхнэр нь жирэмсэн байсан боловч Б-ын холбогдсон үйлдлээс шалтгаалан сэтгэл санаа нь хямарч дутуу төрсөн. Б.Б-ын эцэг Жагдалын Баярцогт нь элэгний /цирози хатуурал/ өвчний улмаас элэг шилжүүлэн суулгах мэс засалд орох зайлшгүй шаардлагатай бөгөөд Б- түүний донор болохоор 2019 оны 9 дүгээр сарын 10-наас эхлэн шинжилгээ өгсөн. Одоо эцэг Баярцогтынх нь биеийн байдал хүнд, элэг шилжүүлэн суулгах мэс засалд орохоор хүүгээ хүлээж байна. Иймд Б.Б-ын хувийн байдал, амьдралынх нь нөхцөл, эцэг Баярцогтын хүнд өвчтэй түүнд туслах ёстой донор нь Б- мөн болохыг харгалзан дээр дурдсан хариуцлага хөнгөрүүлэх нөхцлүүдийг дүгнэж түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, өвчтэй эцэгтээ богино хугацаанд туслах боломжийг олгож өгнө үү. Гомдол гаргаснаас хойш Б.Б-ын эцэг Ж.Баярцогт нь удаа дараа эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд, одоо ч гэсэн Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар талууд санал дүгнэлт хэлэхдээ анхан шатны шүүхийн тэмдэглэл, дуу, дүрсний бичлэг, хэрэгт авагдсан нотлох баримтыг ашиглахаас гадна, ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгч болно гэсэн заалт байгаа учраас Б.Б-ын аав Баярцогтын эрүүл мэндийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөхөөр бэлтгэж ирсэн. Энэ нотлох баримтуудыг дурдвал Б.Б-ын аав Баярцогтын эмчлүүлж  байгаа эмнэлгээс эмчлэгч эмчийн тодорхойлолт, мэс ажилбар хийлгэх зөвшөөрлийн хуудас, эмчийн тэмдэглэл зэрэг 7 хуудас баримт байгаа. Түүний дараа “Бриллиант Хоспис” эмнэлгийн хөнгөвчлөх тасгийн эмчийн гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, мөн өвчтөнийг илгээх хуудас, Б.Б-ын донорын шинжилгээ, томографийн шинжилгээ, “Гэгээн ар үр” эмнэлгийн шинжилгээ, Улсын төв хоёрдугаар эмнэлгийн үзлэг, шинжилгээ, оношилгооны материал зэрэг нийт 25 хуудас материалыг шүүхэд гаргаж өгч байна. Гомдолд дурдсан нөхцөл байдал байгаа учир Б.Б-т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Т.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй гэж үзсэн атлаа тогтоогдохгүй нөхцөл байдал юугаар нотлогдож байгаа талаар дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн байгаа учраас давж заалдах шатны шүүх үүнийг залруулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хорих ялыг тэнсэж өгнө үү гэсэн саналтай байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Энхтуяа, шүүгдэгч Б.М-, прокурор Б.Мөнгөншагай нар давж заалдах шатанд гомдол гаргаагүй учраас анх удаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хохирлыг бүрэн төлсөн байгаа тул Б.Б-т хорихоос өөр төрлийн ял оногдуулж, тэнсэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.М-гийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.М- ямар нэгэн гомдол, санал  гаргаагүй. Анхан шатны шүүхээс тогтоосон хохирлыг шүүгдэгч Б.Б-тай хамтарч барагдуулсан. Б.Б-т хорих ял оноосон байгаа. Б.Б- нь залуу хүн. 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуульд хүнийг аль болох нийгэмд нь нийгэмшүүлэх, гэм бурууг нь ойлгуулах, төлөвшүүлэх аргыг хэрэглэхийг чухалчилсан байдаг. Хорих ял оногдуулж, хүнийг хорьсноор засарч хүмүүжих нь бага байдаг. Энэ бол амьдрал дээр батлагдсан зүйл юм. Тийм учраас Б.Б-ын өмгөөлөгч нарын санал дүгнэлттэй нэг саналтай байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэлэх зүйлгүй...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид аавыгаа алдсан. Б.Б-ын аавын бие маш муу байгаа гэснийг үндэслээд хүн чанараа харуулж, тэнсэн харгалзаж өгнө үү гэсэн бодолтой байгаа. Миний аав босоод ирэх биш, дахиад нэг хүнийг ааваас нь салгаад яахав. Мөн залуу хүүхдэд ял шийтгэл оногдуулаад хэрэггүй болов уу гэж бодож байгаа тул оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Дэлгэрмаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.1 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, хор уршгийн шинж чанар арилаагүй, хүний амь насанд хүрсэн байгаа. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1  дүгээр зүйлд “хор уршгийг арилгасан бол” гэж байгаа учраас анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-т ял шийтгэл оногдуулсан шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв.

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.М- нь 2019 оны 6 дугаар сарын 15-ны шөнийн 00 цаг 01 минутын орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо “Монел”-ийн уулзварын зүүн талд Хаан банкны салбарын урд замд “Истана” маркийн, 46-30 УБП улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 1.1 дэх заалт “Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх ” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Н.Магсарыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан,

Б.Б- нь 2019 оны 6 дугаар сарын 15-ны шөнийн 00 цаг 01 минутын орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо “Монел”-ийн уулзварын зүүн талын Хаан банкны салбарын урд “Тоёота приус-30” маркийн, 37-94 УБЛ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс дээш олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, мөн дүрмийн 12.2 дахь хэсэгт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам дээр хэвтэж байсан Н.Магсарыг дайрч, амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Энхтуяагийн “....Би талийгаачийн төрсөн охин байгаа юм. 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Тээврийн цагдаагийн газар дээр очиж аавыгаа осолд орж, нас барсаныг мэдсэн. ...” /хх /,

иргэний хариуцагч Ж.Баярцогтын “...Б.Б- нь миний хүүхэд бөгөөд түүний жолоодож явсан “Тоёота приус-30" маркийн 37-94 УБЛ улсын дугаартай автомашин миний эзэмшлийнх юм. ...” /1хх 116-117/,

гэрч Н.Цэрэннадмидын “...би 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нөхөр М-гийн хамт “Истана” маркийн 46-30 УБП улсын дугаартай машины хажууд нь би суугаад Цайз захын урд замаар 23 цаг 50 минутын орчимд зүүнээс баруун тийш замынхаа зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр явж байтал замын хойд талаас нэг хүн манай машины урд талаар гүйгээд нөхөр тоормос гишгээд хурдаа хасаад баруун гар тал руугаа огцом дараад нөгөө хүн машины зүүн урд хэсэг рүү мөргөгдөөд зам руу унасан. Тэгээд би буух гээд машины хаалганы бариулыг онгойлгож чадахгүй мунгинаж байх хооронд манай машины зүүн талаар нэг суудлын автомашин өнгөрч гараад зам дээр хэвтэж байсан хүний дээгүүр овгоноод дайраад гарчихсан. Нөгөө хүн нь машин доор нь хөдлөөд байсан...” /1хх 119-120/,

Шинжээч эмч Т.Чимэд-Очирын “... тухайн гэмтлүүдийн аль аль нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...талийгаач нь цээжний гэмтлийн улмаас нас барсан байна...” /1хх 164-166/,

Б.М-гийн “...2019 оны 6 дугаар сарын 15-ны шөнийн 23 цаг 50 минутын үед Истана маркийн 46-30 УБП улсын дугаартай автомашинаа жолоодоод Гачууртаас гараад Дэнжийн 1000 руу гэр лүүгээ харихаар явж байсан ба Цайз захын уулзварын баруун талын замаар зүүнээсээ баруун чигт замынхаа зорчих хэсгийн гуравдугаар эгнээгээр 20-30 км/цагийн хурдтай явж байтал замын хойд талаас хоёрдугаар эгнээгээр явж байсан жижиг суудлын машины урд талаар нэг хүн гэнэт маш хурдтай гүйгээд гараад ирэнгүүт би огцом тоормос гишгэсэн ба тэр хүн гүйсэн чигээрээ миний машины урд талаар гүйгээд гарчихсанаа буцаад огцом эргээд миний зүүн гар талаас ороод ирэнгүүт нь зайлуулаад рулиэ баруун гар тал руугаа дараад 2 дугаар эгнээ рүү орсон боловч тэр хүн миний машины зүүн урд хэсэгт мөргөгдөөд зам дээр унасан. Би аваарын гэрлээ асаагаад хаалгаа онгойлгоод кабинаас буух гэтэл миний зүүн талаар буюу эсрэг урсгал сөрөөд нэг жижиг машин орж ирээд нөгөө зам дээр хэвтэж байсан хүний дээгүүр цээжин биен дээгүүр нь баруун талын урд хойд 2 дугуйгаараа овгонож гараад нөгөө хүн ч гэсэн машины доор арваганаад хөдлөөд байсан. ...” /1хх-н 204-206/,

Б.Б-ын “...2019 оны 6 дугаар сарын 15-ны шөнийн 00 цагийн үед би тоёота приус маркийн 37-94 дугаартай автомашинаа бариад Улаанхуарангаас Сансараар дамжаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орохоор явж байсан. Тэгээд Цайз захын баруун талын замаар зүүнээсээ баруун тийш чигтэй замынхаа 2 дугаар эгнээгээр 10-20 км/цагийн хурдтай явж байгаад Монелын уулзварын зүүн талын Хаан банкны урд талын төв замаар явж байтал миний өмнө микро автобус зогсож байгаа харагдахаар нь тэр микро автобусны зүүн гар талаар нь тойрч гараад цаашаа явж байтал миний доор нэг юм түг гэж дугарах шиг болоод машин нэг юман дээгүүр овгос гээд гарах шиг болохоор нь баруун гар талын толио хартал машины ард нэг хар юм харагдахаар нь би өөрийнхөө машин доороос юм уначихсан байна гэж санаад шууд зогсоод машинаасаа гараад машиныхаа хойшоо явтал нөгөө зам дээр зогсож байсан микро автобусны жолооч бас машинаасаа буугаад зам дээр хэвтэж байсан хүн дээр ирсэн. ...” /1хх-н 210-211/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Талийгаач цогцост шүүх эмнэлгийн шинжилгээгээр гавлын орон суурь ясны далд хугарал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, дагзны баруун хэсгийн хуйханд цус хуралт, зүүн хацар, эрүү, зүүн мөр, баруун сарвуунд зулгаралт, баруун бугуй, алга, зүүн тохой, шуунд цус хуралт гэмтэл нь автомашинд мөргөгдөх үед үүссэн байх боломжтой. Хоёр талын олон хавирганы хоёрлосон шууд бус хугарал, хугарал орчмын зөөлөн эдийн цус хуралт, хоёр талын уушигны тархмал няцрал, зүүн уушигны доод дэлбэнгийн шарх, цээжний хөндий дэх сул цус 150 мл, гол судасны өгсөх хэсгийн зардал, үнхэлцэгийн хөндий дэх сул цус 200 мл, үнхэлцэг хальсны задрал, голтын эрхтэн дагуух цус хуралт гэмтлүүд нь цээж дарагдах үед үүсэх боломжтой бөгөөд үхэлд хүргэсэн байх боломжтой гэмтлүүд байна. ...” /1хх 150-154/,

Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн “...Истана маркийн 46-30 УБП улсын дугаартай автомашины жолооч Б.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 1.1 дэх заалт “Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх” гэснийг зөрчсөн. ...“Тоёота приус” маркийн 37-94 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Билгүүнаяр нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.5 дахь заалтад “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс дээш олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” мөн дүрмийн 12.2 дахь хэсэгт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Н.Магсар нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 дахь заалт “Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...” /1хх 159-160/,

Автотээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн “...хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 0,2 кн, зөрүү нь 0,0% стандартад 30% боловч хойд дугуйн тоормос, тоормосны стенд дээр зогсохгүй байгаа нь стандарт шаардлагыг хангахгүй байна. Хойд хоёр дугуйн тоормос зогсохгүй байгаа нь автотээврийн хэрэгслийг бүрэн зогсолтын зам уртсах байдлаар нөлөөлнө. Зүүн гар талын их гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 3100 cd, баруун гар талын их гэрлийн тохиргоо алдагдсан стандартын шаардлага хангахгүй байна.” /1хх 171-181/ гэх дүгнэлтүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 2/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 315/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх 16/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 17-20/, Н.Магсарын тухайн үед өмсөж явсан хувцас болон эд зүйлийг талийгаачийн ар гэрийнхэнд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 22/, Н.Магсарын эрүүл мэндийн дэвтэр /1хх 109-115/ зэрэг хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийж, шүүгдэгч Б.М-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Б.Б-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Гэвч шүүгдэгч Б.Б- нь хохирогч нас барснаас учирсан гэм хор болох оршуулахтай холбогдсон зардлыг төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, түүний хувийн байдал, хохирогч Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчснөөс гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, шүүгдэгчийн зорчиж явсан эгнээний хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжийг хязгаарласан буюу хөдөлгөөнгүй биет зүйл болох зам тээврийн ослын улмаас зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийг тойрон гарах үйлдэл хийж эсрэг урсгал сөрсөний улмаас зам тээврийн осол гарсан зэрэг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан үзэх нь Эрүүгийн хуулийн зорилт, шударга ёсны зарчимд нийцэх юм.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заажээ.

 Дээрх байдлыг үндэслэж, шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.

Энэ нь шүүгдэгч Б.Б-ыг нийгэмшүүлэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид цаашид учрах зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Д.Даваагаас гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Үүнээс анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт тус тус зааснаар тээврийн хэрэгсэл жолоодон явуулахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглох үүрэг хүлээлгэж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт “...хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж; .., бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ уг зүйл ангид заасан нэмэгдэл ялыг хэрэглэхгүйгээр, тээврийн хэрэгсэл жолоодон явуулахыг хориглох үүрэг хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.” гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заажээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэхдээ нэмэгдэл ялын хугацааг хэрхэн тоолохыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй болно.

Нөгөөтээгүүр анхан шатны шүүх шүүгч Б.М-д хорих ял оногдуудахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, мөн тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд гарах хуульд заасан үр дагаврыг дурдалгүй шийдвэрлэсэн байна.

Эдгээрийг зөвтгөж шийдвэрлэх нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 1.5 дахь заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 2019/ШЦТ/1544 дугаартай шийтгэх тогтоолын:

 тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.М-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.М- оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.” гэж, 

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б- оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай”,

 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоосугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч Б.Б- нь энэ хэрэгт нийт 51 хоног цагдан хоригдсоныг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ