Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2025/0371

 

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2025/0371

Улаанбаатар хот

 

 

 

                                “С***” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                  захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б***,

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/61 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 159/ШШ2025/0051 дүгээр шийдвэр,

Нэхэмжлэгч: “С***” ХХК,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А***

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О***

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д***

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э***,

Хэргийн индекс: 159/2024/0033/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С***” ХХК-иас “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/61 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан.   

2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 159/ШШ2025/0051 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч С*** ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/61 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3.1 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үүргийн анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй буюу нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, газар эзэмшигч газраа ашиглах бодит боломж, нөхцөл бололцоог эрх бүхий байгууллагаас олгоогүй, нөхцөл байдлыг тодруулаагүй, энэ тааар нотлох баримтыг цуглуулах, гэрч асуулгах талаар нэхэмжлэгч талын удаа дараа гаргасан хүсэлтийг шүүх хангаагүй атлаа, гомдол гаргаж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан гэж дүгнэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй

3.2 Гэрч асуулгах хүсэлтийг удаа дараа гаргасан ч шүүх ач холбогдолгүй гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа шийдвэрт энэ талаар дүгнэлт хийж байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр болсон

3.3 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэргийн материалтай бүрэн танилцаагүй, танилцах боломжоор хангаж өгөх хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан ч хүлээж авалгүй хэргийг шийдвэрлэсэн хууль зөрчсөн

3.4 Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч талаас нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

  ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 17 дугаар зүйлийн 17.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 32.2-д “Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэйхэмээн тухайлан заасан.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

4. Маргаан бүхий тохиолдолд, хариуцагч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга нь маргаан бүхий захиргааны акт болох сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/61 дүгээр захирамжаар “...”С***” ХХК-ийн үр тарианы зориулалттай газрыг 2015 оноос хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газар эзэмшүүлэх гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэгж талбарын 430***, 4304*** дугаар бүхий газрын эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн огноо бүхий 97 болон 98 дугаартай “Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэсэн акт” гэх нотлох баримтад “газрыг гэрээнд заасан газар ашиглалтын зориулалтын дагуу эзэмшиж/ ашиглаж буй эсэх” хэсэгт “тийм” хэмээн, гэрээний үүргийг биелүүлсэн эсэх талаар гаргасан дүгнэлт” “биелүүлсэн” гэсэн бичилт хийсэн үйл баримт нь хариуцагчийн маргаан бүхий захиргааны акт гаргах үндэслэл, тайлбар болон тухайн гэрээ дүгнэсэн актын доорх бичилтийг агуулгаас өөр, зөрүүтэй байгаа асуудалтай холбогдуулан анхан шатны шүүх ямар нэгэн тодруулах ажиллагаа хийгээгүй, шүүхийн шийдвэрт дүгнэлт хийлгүй орхигдуулсан.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн эдлэх эрхийг тусгайлан заасан. Үүнд, мөн зүйлийн 20.1.2-т “... шүүх хуралдаанд оролцох”, 20.1.3-т “... шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах” гэж, 30 дугаар зүйлийн 30.1-д “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно”, 30.3-т “Өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ”, 30.3.1-д “захиргааны хэргийн нотлох баримт, хэргийн материалтай танилцах, танилцах боломжит хугацаагаар хангуулах, тэмдэглэл хийх, шаардлагатай материалыг өөрийн зардлаар хувилж, хуулбарлан авах” хэмээн хуульчилсан.

6. Тухайн тохиолдолд, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан “..өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах” хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулан, 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр товлон зарласан.  2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч Х.О***ыг оролцуулах хүсэлт гаргасныг үндэслэн хойшлуулж, 4 дүгээр сарын 07-ны өдөр товлосон.

Улмаар, 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...Улаанбаатар хотод байрлан ажилладаг тул шүүх хуралдааныг хойшлуулсан 4 хоногийн хугацаанд хэргийн материалтай танилцаж амжаагүй. ...хэргийн материалтай танилцах боломжоор хангаж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасныг хүлээн авалгүй хэргийг шийдвэрлэсэн нь тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинээр оролцож буй этгээд болох нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  30 дугаар зүйлийн 30.3.1-т заасан “хэргийн материалтай танилцах, танилцах боломжит хугацаагаар хангуулах” эрх зөрчсөн бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

7. Иймд, анхан шатны шүүхийн шүүхийн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу цуглуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан үйл баримтыг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, залруулах боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 159/ШШ2025/0051 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

   

                                   ШҮҮГЧ                                              З.ГАНЗОРИГ

                                   ШҮҮГЧ                                              С.МӨНХЖАРГАЛ

 

                        ШҮҮГЧ                                              Г.МӨНХТУЛГА