Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 379

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,

шүүгдэгч Э.Бямбасүх  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1, мөн хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бямбасүхэд холбогдох эрүүгийн 201619000480 дугаартай 1 хавтас хэргийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатын 6-66 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Хөхмайдар овогт Эрдэнэцэцэгийн Бямбасүх /РД:СА94111215/ гэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Э.Бямбасүх нь согтуугаар Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг, Туулын гүүр гэх газрын орчимд 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр зам тээврийн осол гаргасан Ланд Круйзер 200 маркийн автомашинаас бууж ирэхээр нь Заамар сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Дагвадорж хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж, түүнийг “бичиг баримтаа шалгуул” гэж хууль ёсны шаардлага тавихад Ц.Дагвадоржийн дүрэмт хувцасны захнаас нь барьж аван, хоолойг нь боож, дүрэмт хувцасыг нь урж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг,

Ахмад Ц.Дагвадоржийг эрхэлсэн ажил буюу үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан олны өмнө хэл амаар нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон ёс суртахууны шаардлагын хэм хэмжээнд харшилсан үг хэллэгээр нэр төр, алдар хүндийг нь санаатай гутаан доромжилсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд МЭДҮҮЛГИЙН НОТЛОХ БАРИМТ болох нь

Шүүгдэгч Э.Бямбасүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.

 

МӨН МӨРДӨН БАЙЦААЛТ:

Хохирогч Ц.Дагвадорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст багт хөдөөгүүр албан ажлаар Ууганбаатар гэх хүний хамт явж байсан юм. Тэгээд орой 18 цагийн үед Хайлааст багийн төв орохоор Туулын гүүр гэх газар явж байхад манай машины хажуугаар ардаа улсын дугааргүй саарал өнгийн Ландкрузер 200 маркийн машин их хурдтай явж өнгөрөөд өөдөөс ирж байсан жижиг машинтай зогсож уулзсан. Би тэр үед нь хажуугаар нь гараад цааш явсан юм. Тэгтэл дахин тэр машин миний хажуугаар гүйцэж түрүүлээд их хурдтай явж байгаад миний урд явж байсан цагаан өнгийн Ландкрузер  105 маркийн машины буруу талаар гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үедээ бөгсөн хэсгээрээ тэр машины урд хэсгээр мөргөөд зам тээврийн осол гаргасан. Би тэр үед 200 гаран метрийн зайнаас осол болохыг хараад тэр хоёр машин дээр очиж машинаасаа буугаад хоёр машины жолооч нараас бичиг баримтаа шалгуулах талаар шаардлага тавьсан юм. Тэгтэл Ландкрузер 200 маркийн 48-00 дугаартай машины эзэн гэх шар өнгийн хагас түрийтэй гуталтай цэнхэр өнгийн жинсэн өмдтэй хар өнгийн нимгэн куртик, цагаан фудволктой залуу над дээр ирээд яах гээд байгаа юм чамаар шалгуулахгүй чи бичиг баримт шалгадаг хэн юм бэ гэхэд нь би ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Дагвадорж гэж хүн байна гэж өөрийгөө танилцуулаад дахин бичиг баримт шалгуулах шаардлага тавьсан чинь чиний цагдаагийн ахмад байх нь надад хамаагүй чи намайг мэдэхгүй байна би цагдаагийн дарга нарыг бүгдийг нь таньдаг. Чамайг гөлөг болгоно ална шүү гэж хэл амаар доромжлон над руу дайран дүрэмт хувцасны халааснаас барьж байгаад татаж урсан. Би энэ үед Цагдаагийн хэлтсийн жижүүр лүү утасдаж эргүүлийн цагдаа нарыг дуудуулсан. Энэ хооронд Бямбасүх гэх залуу намайг зодох гэж дайрч хувцаснаас зуурч ноцолдож байхад хамт явж байсан Ууганбаатар гэх хүнийг байгаа байдлыг бэхжүүлэн бичлэг хийчэх гэхэд тэр хүн утсаа гаргаад бичлэг хийх гэж байхад Бямбасүх намайг барьж байснаа тэр хүн рүү дайран нүүр лүү нь мөргөж цохиж зодож хөөж элдсэн. Ууганбаатар нь тэр хүнээс зугтаахад Бямбасүх нь буцаж над дээр ирж чи муу гөлөг хэн бэ би бүх цагдаагийн дарга нарыг танина чамайг гөлөг болгоно шүү гэж хэлэн заамдаж зууралдаж ноцолдон хоолой ам боож байсан. Энэ үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан ахмад Бямбацэцэг, дэд ахлагч Энхцэцэг, дэд ахлагч Батзориг нар ирж Цагдаагийн хэлтэс дээр очиж асуудлыг шийднэ цагдаагийн машинд суу гэж шаардлага тавихад суухгүй гэж эсэргүүцэн ноцолдож хоолой ам боож толгойгоороо цээж рүү мөргөж байсан ба дэд ахлагч Батзориг нь надтай хамт тэр хүнийг машинд суулгах гэтэд машины хаалга руу хөлөөрөө жийчихээд эсэргүүцэн улмаар машинд оруулахад дахин миний хоолойноос боож дээрээс дарж ноцолдож байсан. Тэгээд тэр хүнийг машинд суулгаад Цагдаагийн хэлтсийн жижүүрт хүлээлгэн өгсөн. Тэр Бямбасүх гэгч залуу архи уусан согтуу байсан ба уусан архиндаа агсарч өөдөөс хэл амаар доромжлон тавьсан шаардлага хүч хэрэглэн эсэргүүцэж олны өмнө намайг хэл амаар доромжилсон. Би тухайн үед хөдөөгүүр албан ажлаар хэрэг шалгаад явж байсан ба би цагдаагийн албан хаагчийн дүрэмт хувцастай явж байсан ба Бямбасүх гэх хүн миний дүрэмт хувцасыг урсан. Тэр хүн  мөнгөлөг саарал өнгийн Ландкрузер 200 маркийн 48-00 УНҮ гэсэн дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан ба жолоо барьж байсныг нь мэдээгүй. Намайг очих үед машинаас буугаад ирсэн. Бямбасүх гэж хүнээс өөр хүн эсэргүүцэл үзүүлээгүй. Тухайн үед надтай хамт явж байсан Ууганбаатар гэх хүн Бямбасүх түүнтэй хамт нэг залуу мөн Ландкрузер 105 маркийн машинаас 2 залуу бууж ирсэн байсан өөр хүн байгаагүй. Тэр хүн миний хоолойг боосны улмаас миний хүзүүний хэсэгт улайсан. Эрүүнд хумсны шалбарсан гэмтэл учирсан. Өөр гэмтэл бэртэл учраагүй. Миний бие зүгээр ба би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би тэр хүнийг огт танихгүй анх удаа харсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-24-25 тал/,

 

Гэрч М.Энхцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 18 цаг болох гэж байхад ахмад Бямбацэцэг, дэд ахлагч Батзориг нарын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгээд мөн Туулын гүүр гэх газрын архи согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагын архи лацдаад явж байсан юм. Тэгэхэд жижүүрийн утаснаас залгаад ахмад Дагвадорж нь Туулын гүүрний ойролцоо хүнтэй хэрүүл маргаан хийгээд байна очих хэрэгтэй байна гэсний дагуу бид гурав ахмад Дагвадоржийн байгаа газар нь явж очиход цагаан өнгийн жийп машин, саарал өнгийн жийп машинтай шүргэлцсэн байдалтай байсан ба түүний ойролцоо ахмад Дагвадорж нь Бямбасүх гэх залуутай зууралдчихсан тэр хүн ахмад Дагвадоржийг боогоод машин руу шахсан байдалтай байсан ба бид нарыг очингуут тэр залуу чи яагаад намайг ингэж байгаа юм бэ гэх зэргээр орилоод байсан ойр хавьд нь хоёр гурван залуучууд зогсож байсан. Тэгээд бид нар тэр хоёрыг салгаад Бямбасүх гэх хүнийг албаны машинд суулгах гэтэл суухгүй эсэргүүцээд цагдаа нар хүн зодож байна гэх зэргээр хашиграад эсэргүүцэл үзүүлээд байсан. Тэгж байгаад ахмад Дагвадорж, дэд ахлагч Батзориг нар тэр хүнийг машинд суулгаад тэгээд цагдаагийн хэлтэс рүү аваад явсан гэсэн мэдүүлэг /хх-26 тал/,

 

Гэрч С.Ядамсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн үед байх жижүүрийн албанаас утсаар Туулын гүүрэн дээр хүмүүс зодолдоод байна гэж дуудлага өгсөн. Дараа нь Дагвадорж ахлах тэнд хүмүүст зодуулаад байна яаралтай оч гэхээр нь тухайн үед ганцаараа явж байсан ба 4 минутын дараа явж очиход хэрүүл  маргаан дуусчихсан Бямбасүх гэх залуу нэлээн согтуу байсан ба тэр хүнийг албаны машинд суулгачихсан байсан. Мөн Ландкрузер 200 маркийн саарал өнгийн машин Ландкрузер 105 маркийн цагаан өнгийн машинтай зүүн хойд булангаараа түүний баруун урд хэсгээрээ мөргөлдсөн байдалтай ойрхон зогсож байсан. Тэгэхээр нь би Ландкрузер 200 маркийн машиныг жолоодоод цагдаагийн хэлтэст хүргэж ирсэн. Намайг очих үед Дагвадорж ахлахын хүзүү ам нь улаачихсан гитл нь заам хэсгээрээ болон халаасны доод хэсгээрээ урагдсан харагдаж байсан гэсэн мэдүүлэг /хх-27 тал/,

 

Гэрч Б.Ууганбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 06 сарын 28-ны өдөр 17 цагийн орчим ахмад Ц.Дагвадоржийн хамт Төв аймгийн Заамар сумын Хайлааст баг орохоор Туулын гүүр гэх газар өнгөрөөд явж байхад миний машины хажуугаар хойноо улсын дугааргүй саарал өнгийн Ландкрузер 200 маркийн тээврийн хэрэгсэл машин хурдтай гүйцэт түрүүлээд явсан юм. Тэгээд явж байхад нөгөө 200 маркийн машин чинь зам дээр өөр машинтай уулзаад зогсож байсан ба би түрүүлээд өнгөрөөд явсан юм. Тэгээд явж байтал нөгөө саарал өнгийн Ланд 200 маркийн машин чинь миний машины буруу талаар маш их хурдтай дахин гүйцэт түрүүлээд явсанаа урд талд явж байсан цагаан өнгийн ландкрузер 105 маркийн тээврийн хэрэгслийн буруу талаар гүйцэж түрүүлэхдээ шахаж ороод баруун талын тээврийн хэрэгслийг шүргээд зогссон юм. Энэ үед ахмад Дагвадорж бид хоёр араас нь хараад явж байсан ба ахмад Дагвадорж нь зам тээврийн осол гарчихлаа би шалгана гээд бид хоёр ард очиж зогсоод ахмад Дагвадорж машинаас буугаад очиход Ландкрузер 200 маркийн машины жолооч талаас нэг залуу бууж ирэхэд нь ахмад Дагвадорж бичиг баримтаа шалгуул ахмад Дагвадорж байна гэхэд тэр залуу чиний хэн байх нь хамаагүй. Би чамаар шалгуулахгүй, би чамайг гөлөг болгон шүү чи ямар том пизда бэ гэх зэргээр харааж доромжилсон мөн ахмад Дагвадоржийн хувцаснаас зуурч байгаад хоолойг нь боогоод толгойгоороо цээж рүү нь мөргөөд байсан энэ үед ахмад Дагвадорж нь намайг утсаа гаргаж ирээд бичлэг хийчэх гэхээр нь би утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэж байтал тэр залуу нь над руу гүйж ирээд миний цамцны энгэрээс барьж аваад нүүр лүү нь цохиж авсан тэгэхээр нь би согтуу хүнтэй маргалдаад яах бэ гээд тэр залуугаас зугатаад холдсон. Харин тэр залуу намайг жоохон хөөж байгаад буцаад ахмад Дагвадорж дээр очоод ч ямар том пизда бэ гээд цохих гээд дайраад байхаар нь ахмад Дагвадорж нь хойшоо ухарч хамгаалж байсан ба  ахмад Дагвадоржийн хувцасны захаар боогоод зууралдаад машин руу шахаад байсан. Тэгээд тэр залуутай хамт явж байсан хар саравчтай малгайтай залуу нь дундуур нь орж салгах гээд дийлэхгүй байсан намайг ойртохоор зодох гээд дайраад байсан болохоор би ойртолгүй ажиглаад зогсож байсан. Тэгж байтал хар өнгийн Делика маркийн машинтай цагдаа нар ирээд тэр залууг цагдаагийн хэлтэс рүү авч явна гэхэд тэр залуу эсэргүүцэн зууралдаж хэл амаар доромжлоод орилж хашиграад байсан тэгж байгаад машинд суулгаад цагдаагийн хэлтэс рүү авч явсан” гэсэн мэдүүлэг /хх-28-29 тал/,

 

Гэрч Э.Болор-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ..Манай засварын газар 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 48-00 УНУ улсын дугаартай Ландкрузер 200 маркийн тээврийн хэрэгсэл засвар хийлгэсэн. Уг машин нь хойд карландаа хонхойсон байсан ба түүний сэвийг гаргаад будуулсан. Өөр засвар үйлчилгээ болон сэв замаск хийлгээгүй. Өөр сэв ч байгаагүй. 80000 төгрөгөөр засвар хийлгэсэн” гэсэн мэдүүлэг /хх-30 тал/,

 

Гэрч Г.Ганзориг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Бат-Эрдэнэ гэх хүнтэй харуулын манаанд үүрэг гүйцэтгэж байхад орой манай постноос 200 метр орчим зайнд хүмүүс хашигралдаад хараал хэлээд байсан. Энэ үед Бат-Эрдэнэ тэнд хүмүүс цагдаа зодож байна гэхээр нь би түрүүлээд дөхөж очоод харсан чинь нэг хүн өөр нэг хүнийгээ хөөгөөд цохиод байсан. Мөн тэр жижиг залуу тэнд байсан цагдааг барьж аваад зууралдаад чи муу гөлөг надад үйлчлэхгүй чиний цагдаа байх нь хамаагүй чи юу олж долоох юм  бэ муу гөлөг минь, муу пизда минь гэх зэргээр их бүдүүлэг авирлаж хэлэх хэлэхгүй үгээр доромжилж байсан ба Бат-Эрдэнэ бид хоёрыг ойртож очиход тэр хар куртиктэй шар хагас түрийтэй гуталтай залуу болон түүнтэй хамт явж байсан залуу бид хоёрыг зайлаач та нар энд илүү шүү гээд хөөгөөд байсан. Бид хоёрыг очих үед тэр залуу тэр цагдааг зодох гэж байсан ба бид хоёрыг очиход сатаараад больж байх шиг байсан. Хэрэв очоогүй байсан бол зодох байсан байх. Тэгэхээр нь бид хоёр гайгүй болчихоор нь мөн тэр үед цагдаа нар нэмэгдэж ирэхээр нь бид хоёр яваад өгсөн. Тэгээд цагдаа нар ирээд машиндаа суулгах гэтэл тэр жижиг биетэй залуу эсэргүүцээд хараал хэлээд орилж хашиграад байсан. Тэгж байгаад цагдаа нар тэр залууг машиндаа суулгаад аваад явсан гэсэн мэдүүлэг /хх-31 тал/,

 

Гэрч Б.Бямбацэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр би дэд ахлагч Энхцэцэг, дэд ахлагч Батзориг нарын хамт эргүүлд яваад мөн Туулын гүүрний хүнсний дэлгүүрүүдийн архи  лацдаад явж байсан юм. Тэгээд цагдаагийн хэлтсийн жижүүрээс залгаад Дагвадорж ахмад Туулын гүүрний наана хэдэн хүмүүстэй муудалцаад зодолдоод байх шиг байна яваад оч гэхээр нь бид гурав явж очтол Дагвадорж ахмадтай Бямбасүх гэх хүн зууралдчихсан ерөөсөө салахгүй хамт явж байсан хүн нь тавьчихаач гээд бас гарнаас нь барьчихаад тавихгүй байсан. Хажууд нь хоёр хүн байсан. Тэгээд бид нар очоод Дагвадорж ахмадыг салгаж аваад барилцаж авсан байсан Бямбасүх гэх хүнийг машинд суулгах гэтэл сууж өгөхгүй нилээд ноцолдож байж машинд суулгасан. Тэгэх үед Бямбасүх нь та нар ингэж болохгүй та нар бөөн бөөнөөрөө зодлоо тэгж болдог юм уу та нарыг ажилгүй болгоно гэх зэргээр хашиграад ерөөсөө зүгээр байхгүй байсан. Тэгж байж байгаад машинд суулгаад хэлтэс рүү авчраад хамт явсан хүмүүсийг нь аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-32 тал/,

 

Гэрч В.Батзориг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн үдээс өмнө би ахмад Бямбацэцэг, дэд ахлагч Энхцэцэг нарын хамт Туулын гүүр гэх газрын хүнсний дэлгүүрүүдийн архи лацдаад явж байсан. Тэгтэл жижүүрийн утаснаас Туулын гүүрэн дээр Дагвадорж ахмадыг хоёр гурван хүн зодож байна гэсэн дуудлагын дагуу Сов орох замд Дагвадорж ахмад дөрвөн хүний хамт гурван машин зогсож байсан ба очиж байх замд харахад нэг хүн Дагвадорж ахмадын хоолойноос боож заамдсан байдалтай нэг хүн Дагвадорж ахмадын зүүн гарнаас нь татсан байдалтай нөгөө хоёр хүн нь хараад зогсож байсан. Тэгээд бид нар явж очоод Дагвадорж ахмадыг боочихсон байсан хүнийг салгаад тэр хүнийг машиндаа суулгах гэтэл нөгөө гурван залуу нь бид нар зохицоод явчихъя гээд эсэргүүцсэн байдалтай Дагвадорж ахмадыг боосон байсан хүн боосон чигээрээ эсэргүүцэж машинд орохгүй байсан. Тэгээд Дагвадорж ахмад бид хоёр элбэж байгаад машинд суулгаад байж байтал дэд ахлагч Ядамсүрэн ирсэн. Энэ үед нэг хоёр хамгаалагч ирж байсныг нэг өндөр залуу нь та нар яах гэж байгаа юм би та нарыг эргэж ирээд ална гээд сүрдүүлсэн чинь тэр хоёр хамгаалагч эргээд яваад өгсөн. Тэгээд бид нар тэдгээр хүмүүсийг бүгдийг нь Цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Бид нарыг очиход Дагвадорж ахмадтай зууралдсан байсан Бямбасүх гэх хүн нь би та нарыг хоолноос чинь салгана бүгдийг чинь ажлаас чинь халуулна та нар намайг хэн гэдгийг мэдэх үү гэх зэргээр орилж хашиграад байсан” гэсэн мэдүүлэг /хх-33 тал/,

 

            -гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/,

            -гэрэл зургийн үзүүлэлт /хх-17 тал/,м

            -хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх-18-19 тал/,

            -хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-20 тал/,

            -эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх-21-22 тал/,

            -шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №9583 тоот шинжээчийн дүгнэлт /шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт/

            1. Ууганбаатарын биед гэмтэл тогтоогдсонгүй /хх-36 тал/,

           

            -Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №117 тоот шинжээчийн дүгнэлт

            1. Шинжилгээнд ирүүлсэн цагдаагийн албан хаагчийн дүрэмт хувцас нь шинжилгээнд тэнцэнэ.

            2. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хүрэмний зүүн халаасны доод хэсэгт 3,5х1,5см хэмжээтэй урагдалт үүссэн байна.

            3. Уг урагдалт нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн байна.

            4. Үүссэн урагдалт нь оёдолын хажуугаар үүссэн байна /хх-43 тал/,

 

            -Шинжээчийн 117 тоот дүгнэлтэнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-49 тал/,

           

            -Согтуурал шалгасан тэмдэглэл /хх-60 тал/,

            -Илтгэх хуудас /хх-64-67 тал/,

            -мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хх-92-99 тал/,

- Э.Бямбасүхийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад ял шийтгэл үгүй гэх лавлагаа / хх-52-53 тал/,

- шүүгдэгч Э.Бямбасүхийг 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр сэжигтнээр /хх-52-53 тал/, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр яллагдагчаар  /хх-55 тал/, байцаасан  тэмдэглэл зэрэг болно.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдож байна.

Үүнд:

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Бямбасүхийг согтуугаар Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг Туулын гүүр гэх газрын орчимд 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Ландкруйзер маркийн тээврийн хэрэгсэлтэй зам тээврийн осол гаргасан гэж Заамар сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Дагвадорж хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж, түүнийг “баримтаа шалгуул” гэх хууль ёсны шаардлага тавихад түүний дүрэмт хувцасны захнаас барьж хоолойг нь боож, дүрэмт хувцасыг нь урж хүч хэрэглэн эсэргүүцсэн, олны өмнө хэл амаар доромжлон нэр төр, алдар хүндийг нь санаатай гутаан доромжилсон гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1, мөн хуулийн 231 дугаар зүйлийн 231.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар ялладагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

  Хавтаст хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлахад шүүгдэгч Э.Бямбасүх нь  ямар маркийн хэдэн номерийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан эсвэл жолоодож явсан эсэх, ямар маркийн хэдэн номерийн улсын дугаартай ямар тээврийн хэрэгсэлтэй Замын хөдөлгөөний ямар зүйл заалтыг зөрчиж осол гаргасан эсэх нь хэрэгт нотлох баримтаар авагдаагүй бөгөөд дээрх хэрэг учрал гарсан гэх газар нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг Туулын гүүр гэх газрын орчимд байх бөгөөд хөдөө орон нутгийн тэр зам дээр Заамар сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Дагвадорж мөрдөн байцаагчийн ямар ажил үүргээ гүйцэтгэж байсан эсэх нь хэрэгт нотлох баримтаар тусгагдаагүй, осол гаргасан гэх 2 тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч болон дотор нь явсан гэх хүмүүсээс тухайн үед яг ямар үйл явдал болсныг тодруулж гэрчийн мэдүүлэг аваагүй, хэт нэг талыг барьж зөвхөн үйл явдал болж дууссаны дараа хохирогч Ц.Дагвадоржийн дуудсанаар ирсэн цагдаагийн жижүүр хүмүүсийг гэрчээр байцаасан ба шүүгдэгч Э.Бямбасүх нь хохирогч Ц.Дагвадоржийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэсэн хүч хэрэглэхээр заналхийлсэн гэх үйлдэл нь хэрэгт нотлох баримтаар буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд зааснаар нотлогдон тогтоогдоогүй байх тул Эрүүгйин байцаан шйитгэх ххуулийн 13 дугаар зйүлийн 13.2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагчид ашигтайгаар шйидвэрлэнэ” гэж зааснаар шүүгдэгч Э.Бямбасүхийн төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн гэх үйлдэл буюу Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Харин шүүгдэгч Э.Бямбасүх нь Ц.Дагвадоржийг эрхэлсэн ажил буюу үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан олны өмнө хэл амаар нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон ёс суртахууны шаардлагын хэм хэмжээнд харшилсан үг хэллэгээр нэр төр, алдар хүндийг нь санаатай гутаан доромжилсон  болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Дагвадоржийн мэдүүлсэн “...Ландкрузер 200 маркийн 48-00 дугаартай машины эзэн гэх шар өнгийн хагас түрийтэй гуталтай цэнхэр өнгийн жинсэн өмдтэй хар өнгийн нимгэн куртик, цагаан фудволктой залуу над дээр ирээд яах гээд байгаа юм чамаар шалгуулахгүй чи бичиг баримт шалгадаг хэн юм бэ гэхэд нь би ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Дагвадорж гэж хүн байна гэж өөрийгөө танилцуулаад дахин бичиг баримт шалгуулах шаардлага тавьсан чинь чиний цагдаагийн ахмад байх нь надад хамаагүй чи намайг мэдэхгүй байна би цагдаагийн дарга нарыг бүгдийг нь таньдаг. Чамайг гөлөг болгоно ална шүү гэж хэл амаар доромжлон над руу дайран дүрэмт хувцасны халааснаас барьж байгаад татаж урсан” гэх /хх-24-25 тал/, гэрч М.Энхцэцэгийн мэдүүлсэн “..бид гурав ахмад Дагвадоржийн байгаа газар нь явж очиход цагаан өнгийн жийп машин, саарал өнгийн жийп машинтай шүргэлцсэн байдалтай байсан ба түүний ойролцоо ахмад Дагвадорж нь Бямбасүх гэх залуутай зууралдчихсан тэр хүн ахмад Дагвадоржийг боогоод машин руу шахсан байдалтай байсан ба бид нарыг очингуут тэр залуу чи яагаад намайг ингэж байгаа юм бэ гэх зэргээр орилоод байсан ойр хавьд нь хоёр гурван залуучууд зогсож байсан. Тэгээд бид нар тэр хоёрыг салгаад Бямбасүх гэх хүнийг албаны машинд суулгах гэтэл суухгүй эсэргүүцээд цагдаа нар хүн зодож байна гэх зэргээр хашиграад эсэргүүцэл үзүүлээд байсан” гэх /хх-26 тал/, гэрч Б.Ууганбаатарын мэдүүлсэн “...Тэгээд явж байтал нөгөө саарал өнгийн Ланд 200 маркийн машин чинь миний машины буруу талаар маш их хурдтай дахин гүйцэт түрүүлээд явсанаа урд талд явж байсан цагаан өнгийн ландкрузер 105 маркийн тээврийн хэрэгслийн буруу талаар гүйцэж түрүүлэхдээ шахаж ороод баруун талын тээврийн хэрэгслийг шүргээд зогссон юм. Энэ үед ахмад Дагвадорж бид хоёр араас нь хараад явж байсан ба ахмад Дагвадорж нь зам тээврийн осол гарчихлаа би шалгана гээд бид хоёр ард очиж зогсоод ахмад Дагвадорж машинаас буугаад очиход Ландкрузер 200 маркийн машины жолооч талаас нэг залуу бууж ирэхэд нь ахмад Дагвадорж бичиг баримтаа шалгуул ахмад Дагвадорж байна гэхэд тэр залуу чиний хэн байх нь би чамаар шалгуулахгүй би чамайг гөлөг болгон шүү чи яма том пизда бэ гэх зэргээр харааж доромжилсон” гэх /хх-28-29 тал/, гэрч Г.Ганзоригийн мэдүүлсэн “2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Бат-Эрдэнэ гэх хүнтэй харуулын манаанд үүрэг гүйцэтгэж байхад орой манай постноос 200 метр орчим зайнд хүмүүс хашигралдаад хараал хэлээд энэ үед Бат-Эрдэнэ тэнд хүмүүс цагдаа зодож байна гэхээр нь би түрүүлээд дөхөж очоод харсан чинь нэг хүн өөр нэг хүнийгээ хөөгөөд цохиод байсан. Мөн тэр жижиг залуу тэнд байсан цагдааг барьж аваад зууралдаад чи муу гөлөг надад үйлчлэхгүй чиний цагдаа байх нь хамаагүй чи юу олж долоох юм  бэ муу гөлөг минь, муу пизда минь гэх зэргээр их бүдүүлэг авирлаж хэлэх хэлэхгүй үгээр доромжилж байсан”  гэх /хх-31 тал/, гэрч В.Батзоригийн мэдүүлсэн “...Бид нарыг очиход Дагвадорж ахмадтай зууралдсан байсан Бямбасүх гэх хүн нь би та нарыг хоолноос чинь салгана бүгдийг чинь ажлаас чинь халуулна та нар намайг хэн гэдгийг мэдэх үү гэх зэргээр орилж хашиграад байсан” гэх /хх-33 тал/ мэдүүлгүүд, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-20 тал/, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №117 тоот шинжээчийн дүгнэлт /хх-43 тал/, Шинжээчийн 117 тоот дүгнэлтэнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-49 тал/, Согтуурал шалгасан тэмдэглэл /хх-60 тал/, илтгэх хуудас /хх-64-67 тал/, шүүгдэгч Э.Бямбасүхийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдн тогтоогдож байна.

Иймд  шүүгдэгч Э.Бямбасүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байна.

 

Шүүгдэгч Э.Бямбасүхийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “төрийн албан хаагч болон хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан олны өмнө доромжилсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас нэг зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч Э.Бямбасүхэд холбогдох “төрийн албан хаагчийг үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан олны өмнө доромжилсон” гэх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хохирлын талаар:

Хохирогч Ц.Дагвадорж нь мөрдөн байцаалтын шатанд “надад гомдол санал, нэхэмжлэх зүйл” байхгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх гэм хорын хохирол төлбөргүй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн цагдаагийн албан хаагчийн хувцасыг хохирогч Ц.Дагвадоржид буцаан олгож, гар утасны бичлэг буулгасан 1 ширхэг СД-ийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэргийн улмаас шүүгдэгч Э.Бямбасүх нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 295, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дах хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бямбасүхэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Шүүгдэгч Хөхмайдар овогт Эрдэнэцэцэгийн Бямбасүхийг төрийн албан хаагчийг үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан олны өмнө доромжилсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж үйлдэж ирүүлсэн Э.Бямбасүхэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          4.Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас Э.Бямбасүх нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

             

          5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах, хар өнгийн Цагдаагийн албан хаагчийн хувцасыг хохирогч Ц.Дагвадоржид буцаан олгосугай.

 

 6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Э.Бямбасүхэд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.ОТГОНЖАРГАЛ