Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 128/шш2022/0076

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х” ХХК /РД:.../,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Д.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Э,

Хариуцагч:   Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Ж нарын хоорондын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг цуцалсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ннар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “Х” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргаж байна.

2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/293 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Тайны аманд 1,5 га хэмжээтэй газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн 2011/111 дугаар гэрчилгээг “Х” ХХК-д олгожээ.

Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А121 дүгээр тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.5, 40.1.6, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1 тоот “Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай” албан даалгавар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудаст тавигдсан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн зарлал 1, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн зарлал 2, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн зарлал 3, Богдхан уулын хамгаалалтын захиргааны 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 455 дугаар саналыг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Х” ХХК-ийн газар ашиглах эрхийг эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, гэсэн үндэслэлээр цуцалж, гэрчилгээг хүчингүй болгосон байна.

3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг газар ашиглах гэрээгээ сунгуулахаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2019 оны 4 дүгээр сарын 08-өдөр хандсан боловч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 01/3002 дугаар “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичгээр газар ашиглах эрхийг дуусгавар болсон тул газар ашиглах эрхийг сэргээх боломжгүй гэх татгалзсан хариу авсан, үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4. Нэхэмжлэгч “Х” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 

1/ “Х” ХХК нь 2010 онд байгуулагдаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А-293 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Тайны аманд 1.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглан тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Бид газар ашиглах гэрээгээ сунгуулахаар Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандаж байгаад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болсныг олж мэдсэн.

Бид хамгаалалтын горимыг удаа дараа зөрчсөн зөрчил огт гаргаагүй, газраа бүхэлд нь буюу хэсэгчлэн бусдад дамжуулаагүй, тусгай хамгаалалтын горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулаагүй болно. Нөгөө талаар бидэнд газар ашиглах эрх дуусгавар болгох талаар урьдчилан болон шийдвэр гарсны дараа огт мэдэгдээгүй, захиргааны актын талаар хууль ёсны эрх ашгаа хамгаалах, захиргааны акт гаргах бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, тайлбарлах, гомдол гаргах хугацаа боломж огт олгоогүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол минь зөрчигдсөн болно. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, өөрөөр хэлбэл тушаалд заасан Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн 40 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлгүй бөгөөд газрын төлбөрт 2014 оноос 2018 оны 2 дугаар улирлыг дуусталх хугацаанд 65.340.000 төгрөг бүрэн төлсөн.

2/ Манай компани Байгаль орчны сайдын 2011 оны 9 дүгээр сарын 09 ний өдрийн 2011/111 дугаартай газар ашиглах гэрчилгээ авч, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний тайлан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг мэргэжлийн байгууллагаар орчин, аялал жуулчлалын яамны Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулсан. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээг 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулж, гэрээний дагуу газрын төлбөрөө тогтмол төлж ирсэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус , тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн газар ашиглах мэдээллийн санд бүртгэлтэй, ямар нэгэн аж ахуйн нэгжтэй давхцалгүй лавлагаа авсан. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний тайлан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, холбогдох хууль тогтоомжийн дагуу дараах баримт бичгийг бүрдүүлэн их хэмжээний зардал гаргасан болно .

Бид цахилгааны өндөр хүчдэлийн шугам төвийн шугамаас татан под станц байгуулж, мэргэжлийн байгууллагаар гүний усны хайгуул судалгааны ажил хийлгэж, гүний усны худаг гаргуулсан, хашаа татсан, аялал жуулчлалын зураг төсөл боловсруулж, барилгын инженер-геологийн судалгааны дүгнэлт гаргуулсан, мэргэжлийн байгууллагаар барилга угсралтын зураг, төсөв хийлгэж, ажилчдын түр ажлын байр барьсан. Эдгээр үйл ажиллагаанд 314.022.500 төгрөгийн зардлыг гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан  зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэх нь үндэслэлгүй юм .

3/ Ийнхүү хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, үйл ажиллагаа хэвийн явуулж байхад бидэнд мэдэгдэлгүйгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд бодит нөхцөл байдлыг судалж тогтоогүй, гарсан зардал, хөрөнгийг шийдвэрлэх талаар дээрх шийдвэрт тусгаагүй бидний эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргасан. Зүй нь хэрэв газар ашиглах эрхийг дуусгавар болгох байсан бол бидэнд урьдчилан танилцуулж, тайлбар гаргах, бодит нөхцөл байдлыг тогтоох, шийдвэр гаргахдаа харгалзан үзэх боломжтой байсан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, 27 дугаар зүйлд заасан урьдчилан мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй. Бид ч гарсан зардал, үйл ажиллагааны талаар үндэслэл бүхий тайлбар, нотлох баримт гаргах боломжтой байсан. Ийнхүү бидэнд мэдэгдэлгүйгээр газар ашиглах эрхийг дуусгавар болгож байгаа нь уг шийдвэрийг биелүүлэх бодит нөхцөл байдал байх боломжгүй, гарсан зардал, хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх нь ойлгомжгүй нөхцөл байдалд хүргэж тушаалыг биелүүлэх боломжгүй байна 

4/ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно" гэж заасны дагуу 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 018 дугаартай албан бичгээр хандахад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 01/3002 дугаартай албан бичгээр "... асуудлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй... " хариуг 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гардан авсан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт "дээд шатны захиргааны байгууллага гомдлыг захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй бол 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.", 14.5 дахь хэсэгт "захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт илт хууль бус болох нэхэмжлэлийн хувьд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна" гэж заасны дагуу Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна .

5/ Захиргааны ерөнхий хуулийн 37.5 дахь хэсэгт "Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно" гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/121 дүгээр тушаал нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт бөгөөд хуулийн 47.2 дахь хэсэгт "Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна." 47.3 дахь хэсэгт "Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна." Иймд захиргааны илт хууль бус акт гэж үзэн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Захиргааны хэргийн шүүхэд хандаж байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ Захиргааны актыг илт хууль болохыг тогтоолгох 2 үндэслэл байгаа. Нэгт утга найруулгын илэрхий алдаатай гэж үзсэн. Учир нь цуцлаад, хүчингүй болгоод байгаа эсэх нь тодорхой бус. Мөн төрийн захиргааны байгууллага нь хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй.

Хариу тайлбараас харахаар газар эзэмших болон ашиглах эрхийг хольж ойлгоод байна гэж өмгөөлөгчийн хувьд дүгнэж байна. Газар эзэмшихтэй холбоотой асуудал нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т заасан үндэслэлээр тодорхойлогдож хэрэглэгдэх ёстой. Байгаль орчин аялал жуулчлалын яаманд яагаад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг хэрэглэх эрх олгосон юм бэ гэхээр байгаль орчны үндсэн сөрөг нөлөө болон бусад нөлөөнөөс хамгаалах, хянах, хангах зорилгоор л олгосон гэж ойлгож байна. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 40.1-т заасан үндэслэлээр дуусгавар болгож болох тухай хуулиар зохицуулж өгсөн. Тус заалтын үндэслэлүүд дотор тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлийг заавал харах ёстой.

2/ Хариуцагчийн тайлбарлаж байгаагаар төлбөрөө төлөөгүй учир л гэсэн агуулгаар тайлбар гаргадаг. Нөгөө нь үндэслэл нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал л байгаа. 39 дүгээр зүйлд заасан ганц л үндэслэл байгаа бол газар эзэмших гэрчилгээг сайд хүчингүй болгоно гэсэн агуулга харагдаж байна. Энэ зүйлүүдийг нэхэмжлэгч зөрчөөгүй учир хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй.

Нөгөө талаар тухайн газар дээр нилээдгүй хөрөнгө оруулалт хийсэн байгааг захиргаа тодруулаагүй. Мөн сонсгох ажиллагаа явуулж тайлбар мэдүүлэг аваагүй. Энэ зүйлүүдийг тогтоогоогүй байж захиргааны акт гаргасан нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг нь зөрчөөд байна.” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ Нэхэмжлэгч "Х" ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/293 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат хязгаарлалтын бүс, Тайны аманд 1.5 га талбайг Аялал жуулчлалын зорилгоор ашиглах зөвшөөрөл олгож, газар ашиглах эрхийн гэрчилгээг олгосон. Нэхэмжлэгчийн газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.5, 40.1.6 дахь заалт, Монгол улсын Засгийн газрын 2017 оны 10 сарын 26-ны өдрийн 1 тоот "Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай" албан даалгавар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудаст тавигдсан 2018 оны 01. Дүгээр сарын 02-ны зарлал 1, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний зарлал 2, 2018 оны 02 дугаар сарын 12-ны зарлал 3, Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 455 дугаар тоот "Санал хүргүүлэх тухай" албан бичгийг тус тус үндэслэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.

2/ Нэхэмжлэгч нь газар ашиглах гэрчилгээг авснаас хойш хуульд заасны дагуу зориулалтын дагуу газраа огт ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй..." бол газар ашиглах эрхийг хүчингүй болгоно гэж заасныг зөрчиж байсан. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан". хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно", "Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй/ барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан байдаг .

Иймээс 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 455 дугаар тоот "Санал хүргүүлэх тухай" албан бичгээр ирүүлсэн.

3/ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Богдхан уулын дархан цаазат газарт газар ашиглах эрхийг авсан боловч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасны дагуу газраа зориулалтын дагуу ашиглаагүй 78 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Бид бүхэн Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлэх үүднээс газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн иргэн , аж ахуйн нэгж байгууллагад удаа дараа анхааруулж яамны албан ёсны www.mne.mn сайтад Захиргааны Ерөнхий хуулийн 27.2.2, 27.4.5-т зааснаар цахим хэлбэрээр 2018 оны 01 дүгээр сарын 02-ны зарлал 1, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний зарлал 2, 2018 оны 02 дугаар сарын 12-ны зарлал 3-аар мэдэгдэх, сонсох ажиллагааг хийсэн болно.

4/ Дараах үндэслэлүүдээр нотлогдож Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж гаргасан байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаал нь зорилгодоо нийцсэн, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуулийг үндэслэж гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

2. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М шүүхэд хандаж “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “Х” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж түүний үндэслэлээ “...захиргааны актыг гаргахдаа мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийгээгүй, газрын төлбөрийг төлж байсан ... маргаан бүхий газарт холбогдох зөвшөөрлүүдийг авч гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаж байгаа тул 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй...” гэж тодорхойлсныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/293 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Тайны аманд 1,5 га хэмжээтэй газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн 2011/111 дугаар гэрчилгээг 2011 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 5 жилийн хугацаатай олгосон, уг гэрчилгээг үндэслэн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Г, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Шболон нэхэмжлэгчийн төлөөлөгч нар “Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай2011/116 дугаар гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан үйл баримтууд тус тус тогтоогдов.

4. Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.5, 40.1.6, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1 тоот “Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай” албан даалгавар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудаст тавигдсан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн зарлал 1, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн зарлал 2, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн зарлал 3, Богдхан уулын хамгаалалтын захиргааны 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 455 дугаар саналыг тус тус үндэслэн “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зорилгоор газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй 78 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг хавсралтын ёсоор дуусгавар болгож, эдгээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан гэрээг цуцалж, хүчингүй болгож шийдвэрлэсэн, уг тушаалын хавсралтын 49 дүгээрт нэхэмжлэгч “Х” ХХК багтсан байна.

5. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” 1 дэх хэсэгт “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” үндэслэлүүдийг заасан ба 40.1.3-д “шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заажээ.

6. Хариуцагч захиргааны байгууллагаас гаргасан маргаан бүхий актын үндэслэлээс үзвэл нэхэмжлэгч компанийг “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, мөн “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлүүдээр газар ашиглах эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон байх боловч ийнхүү хүчингүй болгохуйц нөхцөл байдлыг хариуцагч захиргааны байгууллага хангалттай шалгаж тогтоогоогүйгээс тухайн захиргааны актыг үндэслэл бүхий гэж үзэх хууль зүйн боломжгүй гэж шүүх дүгнэв.

Тухайлбал, нэхэмжлэгчийг Газрын тухай хуульд зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр түүний газар эзэмших эрхийг дуусгавар болгож, эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байх боловч Газрын тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт нь нэгдүгээрт гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх, хоёрдугаарт ийнхүү ашиглаагүй нь “хүндэтгэн үзэх шалтгаангүй байх”-ыг шаардана.

Өөрөөр хэлбэл дээрх хоёр нөхцөл хамт бүрдсэн тохиолдолд Газрын тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан зохицуулалт хэрэглэгдэх бөгөөд энэ тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчийг тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг шалгаж тогтоосны үндсэн дээр тухайн шийдвэрийг гаргах учиртай.

7. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасан.

Хуулийн дээр дурдсан заалтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан захиргааны актыг гаргахын өмнө тухайн актад хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг, тухайлбал ашиглах эрх үүссэнээс хойш тухайн газар дээрээ үйл ажиллагаа явуулсан эсэх, явуулаагүй бол энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг тухайн газар дээр хээрийн судалгаа хийж нарийвчлан тогтоох үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй атлаа нэхэмжлэгч компанийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж шууд дүгнэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй, тухайн захиргааны актыг зорилгодоо нийцсэн гэж үзэх боломжгүй байна. Учир нь:

8. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “Х” ХХК нь Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай2011/116 дугаар гэрээг байгуулснаас хойш газраа зориулалтын дагуу ашиглахын тулд дараахь үйл ажиллагааг, тухайлбал, 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Хорол жуулчны төв”-ийн төсөлд 2010/В211 дугаар бүхий “Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт, 2012 онд уг төслийн “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан”, мөн онд “Байгаль хамгаалах төлөвлөгөө-Орчны хяналт шинжилгээний хөтөлбөр”, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “Худаг гаргах зөвшөөрөл”, 2019 онд “Инженер-геологийн судалгааны дүгнэлт” зэргийг гаргуулснаас гадна одоогийн байдлаар тухайн газар дээр хашаа татсан, өндөр хүчдэлийн шугам татаж суурилуулсан, худаг гаргасан байгаа болох нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тус тус тогтоогдсон, эдгээр үйл баримтын талаар хэргийн оролцогчид мөн маргаагүй.

Үүнээс үзвэл нэхэмжлэгчид газар ашиглах эрх үүссэнээс хойш уг эрхээ хэрэгжүүлэхээр төрийн захиргааны холбогдох байгууллагуудаас зохих зөвшөөрөл болон шаардлагатай бусад баримт бичгийг бүрдүүлэн улмаар цахилгааны шугам татаж, цэвэр усны худаг гаргасан нь тогтоогдож байгаа нөхцөлд нэхэмжлэгч компанийг гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх, улмаар энэ нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байсан гэж шууд дүгнэх хууль зүйн боломжгүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл үүсээгүй байхад хариуцагч захиргааны байгууллагаас тухайн нөхцөл байдлыг нарийвчлан тогтоолгүйгээр хүчингүй болгосон нь хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж шүүх дүгнэв.

9. Маргаан бүхий захиргааны актад заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлийн тухайд: “Х” ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай2011/116  дугаар гэрээг байгуулж уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т “Газрын төлбөрийн хэмжээ”-г Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгээр тогтоолын дагуу 1 жилд 5940000 /Таван сая есөн зуун дөчин мянган/ төгрөг байхаар тохиролцжээ.

Хэрэгт, шүүхээс шаардсаны дагуу ирүүлсэн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 16/2057 дугаар албан бичгийн хавсралтаас үзвэл нэхэмжлэгч нь 2012 оны 10 дугаар сарын 15-нд 4 950 000 төгрөг, мөн өдөр 1 485 000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 17-нд 10 279 500 төгрөг, нийт 16 714 500 төгрөг төлсөн гэж,  нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн “Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт”-д 2014 оноос хойш 2018 оны 2 дугаар улирлын байдлаар төлөх ёстой 65 340 000 төгрөгөөс огт төлөөгүй, үлдэгдэл 65 340 000 төгрөг гэж тогтоосон байна.

Гэвч нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн санхүүгийн төлбөрийн баримтуудаар нэхэмжлэгч нь 2012 оны 10 сарын 15-нд 1 485 000 төгрөг, мөн өдөр 4 950 000 төгрөг, 2014 оны 4 сарын 17-нд 10 279 500 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 4 000 000 төгрөг, нийт 20 714 500 төгрөг төлсөн байхад нэхэмжлэгчийн 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 10 279 500 төлсөн төлбөрийг огт төлөөгүй гэж дүгнэснээс үзвэл хариуцагчийн үндэслэл болгосон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 455 дугаар албан бичгийн хавсралтын 49-д нэхэмжлэгч компанийг 2015 оноос хойш газрын төлбөр төлөөгүй гэж зөрүүтэй тодорхойлсон болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч уг захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгчийн төлбөл зохих төлбөрийн дүн, түүнээс хэдийд хэдэн төгрөг төлсөн, үлдэгдэл хэдэн төгрөгийн төлбөрийг хэдийд төлөх үүрэгтэй байсныг нарийвчлан гаргаж тухайн төлбөрийн дүнг бодитоор тогтоогоогүй нь мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг зөрчсөн байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан.

Дээр дурдсан хуулийн заалтаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага нь маргаан бүхий захиргааны актад дурдсан, нэхэмжлэгчийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл үүссэн эсэх нөхцөл байдлыг бодитойгоор тогтоолгүйгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг шууд цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна. 

10. Харин нэхэмжлэгчээс “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох эрх Нийслэлийн засаг даргад л олгогдсон, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад ийм эрх олгогдоогүй, Сайд бол газар ашиглах эрхийг зөвхөн дуусгавар болгох л эрхтэй тул уг акт утга агуулгын илэрхий алдаатай” гэж тайлбарлан маргасан боловч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль,Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль,энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасан.

Үүнээс үзвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Газрын тухай хуулийг баримталж газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргах эрхтэй субъект мөн бөгөөд энэ тохиолдолд хариуцагчаас 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” тушаалыг Газрын тухай хуулийг баримталж гаргасныг утга агуулгын илэрхий алдаатай гэх үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчээс тухайн захиргааны актыг гаргахдаа мэдэгдэх сонсгох ажиллагааг явуулаагүй гэх үндэслэл дурдсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, мөн хуулийн 27 дугаар зүйлд “Сонсох ажиллагааг явуулах” талаар заасан ба 27.4-т “Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна”, 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж заасан.

Хэрэгт цугларсан, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудаст тавигдсан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн зарлал 1, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн зарлал 2, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн зарлал 3 зэрэг баримтаас үзвэл нийт 78 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад цахим хэлбэрээр сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн нь дээр дурдсан Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасантай нийцсэн боловч тухайн захиргааны актын талаар сонсох ажиллагааг мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан хэлбэрийн алинаар явуулсан болон нэхэмжлэгч ямар санал гаргасан талаарх тэмдэглэл зэрэг нотлох баримтыг хариуцагчаас ирүүлээгүй тул хуулийн дээрх заалтуудыг захиргаа хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” тушаалын “Х” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, 47.1 дүгээр зүйлийн 47.1.6, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “Х” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН