Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 188/2022/1268/Э |
Дугаар | 2023/ШЦТ/497 |
Огноо | 2023-04-24 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/497
2023 04 24 2023/ШЦТ/497
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,
улсын яллагч Д.Ганчимэг,
шүүгдэгч Х.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О овогт Х-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308004710524 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
**********************************
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.М нь 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Халгайтын задгай тоотод оршин суух иргэн Л.Х-ийн хашаанд иргэн Б.Г-той маргалдаж, нүүрэн тус газарт цохиж, түүний биед духны хөндийн гадна ялтас, зүүн нүдний ухархайн дээд хана дайрсан цөмөрч бяцарсан хугарал, баруун нүдний ухархайн гадна хана болон доод хананаас хоншоорын хөндийн урд хана хамарсан зөрүүгүй хугарал, баруун хацар ясны нумын хугарал, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт 2 нүдний зовхи, дух, баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал зүүн хөмсгөнд шарх, хамарт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.М нь шүүхийн хэлэлцүүлэгт “...тухайн өдөр жаахан юм ууж сууж байх үедээ 20 жилийн өмнөх асуудлыг яриад хохирогчтой маргалдсан юм. Тэгээд Гийн баруун хацар хавьцаа цохисон юм” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.М нь 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ***дугаар хорооны нутаг дэвсгэр, ***************задгай тоотод оршин суух иргэн Л.Х-ийн хашаанд иргэн Б.Гтой маргалдаж, нүүрэн тус газарт цохиж, түүний биед духны хөндийн гадна ялтас, зүүн нүдний ухархайн дээд хана дайрсан цөмөрч бяцарсан хугарал, баруун нүдний ухархайн гадна хана болон доод хананаас хоншоорын хөндийн урд хана хамарсан зөрүүгүй хугарал, баруун хацар ясны нумын хугарал, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт 2 нүдний зовхи, дух, баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал зүүн хөмсгөнд шарх, хамарт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
1. Хохирогч Б.Г*ийн: ”... Тухайн өдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 09-ны орой 20 цагийн үед эмээлтэд малын арьс шир буулгадаг ажил хамт хийдэг Х-тэй хамт гэрт нь очоод нэг хашаанд тусдаа гэрт амьдардаг Б-гийн гэрт Х********бид хоёр хамт ороход Б***, М нар архи ууж байхаар нь бид хоёр суугаад 0.75 литрийн хараа архи нэг шилийг ууж дуусгасан. Баяраа, М бид дөрөв нэг нутгийн хүмүүс бөгөөд нутаг усаа яриад сууж байтал М над руу агсан тавиад “танай хамаатнууд хэдэн жилийн өмнө манай аавыг хулгайд хардаж байсан” гээд хэрүүл маргаан үүсгээд “намайг ална” гэхээр нь би “хэрэггүй миний дүү, хоёулаа эрүүлдээ ярилцъя” гэж хэлээд гэрээс гартал “яриад байх юм байхгүй” гээд М миний хойноос гарч ирээд хашаан дотор миний нүүр, нуд, дух хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохиход би баруун гар талаараа газар унах үед М гэр лүү буцаад орчихсон юм. Бид хоёрыг хажуугаас харсан хүн байхгүй, гэрийн гадаа хашааны дотор болсон асуудал юм. Тэгээд би хэсэг хугацаанд байж байгаад хашаанаас нь гарч яваад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. ...Би тухайн зодуулсан өдрийнхөө маргааш нь түргэн тусламжаар гэмтлийн эмнэлэгт очиж эмчилгээ үйлчилгээ авсан, энэ үед эрүүл мэндийн даатгалын сангаас 161.000 төгрөг гарсан. Мөн Улсын гуравдугаар төв эмнэлэгт 7 хоног өдрийн 30.000 төгрөгөөр хэвтэн эмчлүүлсэн. Мөн ойр зуур эмнэлэг рүү явахад таксидсан, эм тарианы мөнгө гэж нийт 500.000 төгрөг нэхэмжилж байна. Би хувиараа эмээлт махны зах дээр грүшик хийдэг болохоор ажлын газрын тодорхойлолт гарах боломжгүй. Өдрийн 70.000-80.000 төгрөгөөр ажил хийдэг. Би маш их гомдолтой байна. Эрүүл мэндээрээ хохирч ажил хийж чадахгүй байгаа. М надтай нэг нутгийн хүн байж нэг ч удаа ирж уучлалт гуйгаагүй. Согтуудаа хэл амаар доромжилж ярьсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7, 31 дэх тал),
2. Гэрч Н.О-ийн: “... Би Мтай хамтран амьдраад 5 жил болж байгаа, дундаасаа хүүхэдгүй, хууль ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Тухайн өдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр 18 цагийн үед эмээлтэд байх нутгийн айл болох Хүрэлцоожийн гэрт ганцаараа явж очиход тэдний гэрт Баяраа, М, Г нар архи уугаад сууж байхаар нь Маас машины түлхүүр авчхаад гэртээ харьж байгаад 22 цагийн үед Мыг авахаар буцаж иртэл Г ахын толгойноос цус гарчихсан, Баяраа, М тэр 3 илүү гэрт нь байж байсан юм. Юу болсон талаар асуухад надад ямар нэгэн зүйл хэлэхгүй байхаар нь толгойноос нь цус гараад байна, эмнэлэг дуудъя гэхэд Г ах хэрэггүй, зүгээр байна гэсэн. Тэгээд М явахгүй байхаар нь би хаяад явчихсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),
3. Гэрч Л.Х-ийн: ”...Би Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо эмээлт халгайт задгай тоотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Харин манайхтай нэг хашаанд манай нутгийн Баяраа гэх залуу, охины хамт амьдардаг. 2023 оны 1 дүгээр сарын 09-ний орой 17 цагийн үед Гийн хамт гэртээ ирэхэд Баяраа гэртээ Мын хамт архи уугаад сууж байсан ба Г тэр 2-той архи уугаад үлдсэн, харин би гэр лүүгээ орсон. Тэгээд хэсэг хугацааны дараа гэртээ хоолоо идээд сууж байтал гэрийн гадаа хашааны дотор зодоон болж байгаа юм шиг хүмүүс хэрэлдээд байгаа юм шиг орилолдоод байхаар гэрээс гартал хашааны дотор М нь Г-ийн дээрээс дарчихсан, Г уначихсан байхаар нь би очоод салгахад Г ахын нүүрнээс цус гарчихсан байдалтай “би явлаа” гээд орилоод байхаар нь би нүүр амыг нь угаалгачхаад явуулсан. Тэгээд М-т хандаж “нэг нутгийн хүмүүс байж ингэж болохгүй, очиж уучлалт гуй” гэж хэлэхэд М ардаас нь гараад хэсэг хугацааны дараа орж ирээд сууж байхад 2 цагдаа орж ирээд М-ыг аваад явсан юм. Би архи уугаагүй эрүүл байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),
4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1359 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Б.Г-ийн биед духны хөндийн гадна ялтас, зүүн нүдний ухархайн дээд хана дайрсан цөмөрч бяцарсан хугарал, баруун нүдний ухархайн гадна хана болон доод хананаас хоншоорын хөндийн урд хана хамарсан зөрүүгүй хугарал, баруун хацар ясны нумын хугарал, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, 2 нүдний зовхи, дух, баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсгөнд шарх, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дахь тал),
5. Шүүгдэгч Х.М-ын: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр жаахан юм ууж сууж байх үедээ 20 жилийн өмнөх асуудлыг яриад хохирогчтой маргалдсан юм. Тэгээд Гийн баруун хацар хавьцаа цохисон юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хүний Эрхийн түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж заасан ба Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” хэмээн тунхаглан заасан байдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.
Хэргийн үйл баримтаас үзвэл, хохирогч Б.Г, шүүгдэгч Х.М нар нь нэг нутгийн хүмүүс байх бөгөөд тэдгээр нь хэдэн жилийн өмнөх таарамжгүй дурсамжаа сөхөн хоорондоо маргалдаж, шүүгдэгч Х.М нь хохирогчийн халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан түүнд хүч хэрэглэн зодож цохисон, тухайн үед хохирогчийн нүүр ам нь цус болсон байдалтай байсан болохыг гэрч Н.О***, Л.Х************ нар гэрчилж мэдүүлснээс гадна хохирогч, шүүгдэгч нар өөрсдөө мэдүүлсэн, хохирогчийн биед учирсан гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр хүндэвтэр зэрэгт хамаарсан байна.
Шүүгдэгч Х.М нь хүний биед халдаж буй тухайн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарласан ч түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн шинжтэй байх тул шүүгдэгч Х.Мыг тус хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэхээр байна.
Иймд шүүгдэгч Х.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хохирогч Б.Г нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй байна.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирогч нь эмчилгээний зардалд 500.000 төгрөг нэхэмжилж мэдүүлэг өгсөн байх боловч холбогдох баримтуудыг гаргаж өгөөгүй байна.
Иймд хохирогч Б.Г нь эмчилгээ хийлгэсэн зардал, цаашид хийлгэх эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны дутуу авсан цалин хөлс орлогоо нотолсон баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Х.Маас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн: “...Хохирогч Б.Г нь эрүүл мэндийн даатгалын сангаас 716.000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Х.М*******аас гаргуулж, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 77 дахь тал),
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 04/742 дугаартай албан бичиг авагдсан (хавтаст хэргийн 73-74 дэх тал) байх тул эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Б.Гийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсны төлбөр болох 716000 төгрөгийг шүүгдэгч Х.Маас гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч Х.М нь төлж барагдуулсан болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон тул тэрээр Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй болно.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М*т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000,000 төгрөгийн торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэх” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч нь “...прокурорын санал дээр хэлэх зүйл байхгүй, зөвшөөрч байна” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Х.М-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал аль алин нь тогтоогдоогүй болно.
Иймээс шүүгдэгч Х.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчээс хохирогчид хохирол төлсөн зүйлгүй зэргийг харгалзсанаас гадна мөн тэрээр ажил хөдөлмөр эрхэлдэггүй, орлого олдог эсэхийг нотолсон баримтгүй тул прокурорын санал болгосон торгох ялыг шүүгдэгчид оногдуулах боломжгүй байна.
Иймээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Х.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Х-н М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мт 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Х.М-аас 716.000 (долоон зуун арван зургаан мянга) төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн санд төлсөн болохыг дурдаж, хохирогч Б.Г нь эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан болон цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлууд, ажилгүй байсан хугацааны дутуу авсан цалин хөлс орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Х.Маас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ