Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/528

 

 

 

 

 

 

 

2023          05           02                                           2023/ШЦТ/528

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

           улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

            хохирогч Б.Ө,

            шүүгдэгч У.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт У У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ************* дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*********************************************

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч У.У нь 2023 оны 03 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, * дүгээр байрны хажууд байрлах GS25 дэлгүүр дотор шалтгаангүйгээр Б.Өыг өвдөглөн зодож, үүдэн зүүн доод хоёрдугаар шүдний хугарал, үүдэн баруун шүдний хоёрдугаар шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч У.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тухайн үед ажил дээрээ уучхаад гэртээ харих замдаа памперс авах гээд GS-25 орсон. Тухайн үед надтай хамт явсан залуу нь эдгээр хүүхдүүдийг чамайг  дуурайгаад шоолоод байна гэж надад хэлсэн тул утсаар ярьж дуусчхаад очоод “одоогийн хүүхдүүд ах захгүй болжээ” гээд загнасан чинь өөдөөс хэрэлдэхээр нь цохисон” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

Хохирогч Б.Ө шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Одоо гомдол санал байхгүй. Тухайн өдөр найзтайгаа сууж байсан. Хохирогчийг даган дуурайсан зүйл байгаагүй. Найзаасаа энэ юу гэж байгаа юм бэ гэж асуугаад тухайн үед үл ойлголцол үүссэн гэж бодож байна. Хохирол төлбөрт нийт 1.030.000 төгрөг авсан. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч У.У нь 2023 оны 03 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр байрны хажууд байрлах GS25 дэлгүүр дотор шалтгаангүйгээр Б.Өыг үсдэх, өвдөглөх, цохих зэргээр зодож, үүдэн зүүн доод хоёрдугаар шүдний хугарал, үүдэн баруун шүдний хоёрдугаар шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 

1. Хохирогч У.Уын: “...Би 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01 цагийн орчим найз Энх-амгалангийн хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны GS25 дэлгүүрт сууж үйлчлүүлж байсан. Гэтэл гаднаас үл таних 2 эрэгтэй согтуу орж ирэх бөгөөд хоорондоо чанга чанга юм яриад, солонгос хэлээр хараал хэлээд найз бид 2 руу хараад байсан. Энх-амгалан найз маань бага зэрэг солонгос хэл мэддэг байсан тул би найзаасаа “энэ 2 хүн чи бид 2-луу хараад Солонгос хэлээр юм яриад байх юм, юу гэж байна” гэж асуухад манай найз “нохойн гөлөг минь” гэх утгатай зүйл хэлээд байна гэж хэлсэн. Тэгээд бид 2 хоорондоо ярилцаж байхдаа инээтэл бандгар намхан залуу нь хурдан алхаж бид 2 дээр ирснээ “чи цэрэгт явж үзсэн үү” гэж асуухаар нь “үгүй” гэж хэлтэл тэр ах намайг гараараа нүүр лүү шууд цохиод авсан. Тэгэхээр нь биеэ хамгаалаад энгэрээс нь барьж аваад өөрөөсөө зайтай байлгатал нөгөө өндөр нуруутай ах хүрч ирснээ салгах нэрийдлээр зай гаргаж байгаад намайг гараараа шууд 2-3 удаа цохиод авсан. Тэгээд би өөрийгөө хамгаалаад гараараа толгойгоо бариад доошоогоо тонгойгоод байж байтал намхан нуруутай ах миний нүүр лүү өвдгөөрөө өвдөглөсөн. Тэр үед миний шүд хугарч байгааг нь мэдсэн. Миний шүд хугарчихлаа гээд шүднийхээ хугархайгаа гаран дээрээ бариад нөгөө 2 ахад үзүүлтэл тэр 2 намайг тоогоогүй. Энэ үед тухайн дэлгүүрийн ажилчид “цагдаагийн албан хаагчид гадаа ирчихсэн байна, та нар бүгдээрээ гарцгаа” гэж хэлэхээр нь бид нар гарсан бөгөөд бид нар цагдаагийн албан хаагч нарт регистрийн дугаараа хэлээд бүртгүүлсэн юм. Тэгээд гэртээ ирээд шүдээ үзтэл хугарчихсан байдалтай, хоол идэх гэтэл аймар өвчинтэй байгаад байна. Иймээс уг асуудлыг ахин цагдаагийн байгууллагаар шалгуулах шийдвэр гаргаж, одоо өргөдлөөр хандаж байна. Тухайн 2 эрэгтэй ойролцоогоор 40 орчим насны хүмүүс байсан. ...Миний бие Шударга гарц эмнэлэгт үзүүлж мэдрэлийн судсыг 55.000 төгрөгөөр авхуулсан. Мөн удахгүй сувгийн эмчилгээ 70.000 төгрөгөөр хийлгэх гэж байгаа. Өөр ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Надад 55.000 төгрөгийн баримт нь байгаа. Цаашдаа дээд, доод үүдэн шүдэндээ 1 шүдний 1.200.000 төгрөгөөр бүрээс хийлгэх хүсэлтэй байгаа. Мөн 1 шүдэндээ паалан хийлгэх хэрэгтэй байгаа бөгөөд ойролцоогоор 150.000-200.000 төгрөгийн хооронд байгаа байх гэж бодож байна. Миний хохирлыг барагдуулсан тохиолдолд гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22, 25-26 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

 

2. Гэрч Э.Э-ийн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр шөнийн 02 цагийн орчим найз Өтой хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны GS25 дэлгүүрт миний утсыг цэнэглээд сууж байсан. Тэгтэл гаднаас үл таних 2 ах орж ирээд архи зардаг хэсэгт зогсож байхдаа бид хоёрын сууж байсан хэсэг рүү харж байснаа “нохойн гөлөгнүүд” буюу БНСУ-н хэлээр “гэсакагэяа” гэж хэлээд бид хоёр руу хараад зогсож байх үед манай найз Ө надаас “энэ 2 сая юу гэж хэлсэн бэ” гэж асуухаар нь би “нохойн гөлөгнүүд” буюу БНСУ-н хэлээр гэсакагэяа” гэж хэлж байна гэсэн. Тэгээд нөгөө 2 ах бид 2 дээр шууд хүрч ирээд “та хоёр 3 жил цэрэгт явж үзсэн үү, юу ч мэдэхгүй л дээ муу бацаанууд за юу” гэж хэлээд манай найзыг шууд алгадсан. Тэгсэн манай найз шууд зөрүүлээд өөрийг нь зөрүүлээд нэг алгадтал тэр ахтай хамт явж байсан залуу араас нь хүрч ирээд салгаж байхдаа өөрөө мөн адил манай найзыг гараараа цохиод байсан. Манай найз тэр 2-н өөдөөс гар хөдлөөгүй бөгөөд “ахаа, болъё” гэж гуйгаад байхад тэр анх маргалдаж ирдэг ах шууд зодох гээд дайраад байсан. Тэгээд сүүлдээ манай найзын нүүр хэсэг рүү олон удаа хөлөөрөө өвдөглөж, гараараа нүүр толгой руу нь олон удаа цохисон. Тухайн эрэгтэй нь ногоон өнгөтэй, нөгөө хамт явж байгаа залуу нь болохоор хар өнгийн куртиктэй явж байсан. Манай найзыг зодсон ах бол бандгар биетэй, дунд зэргийн нуруутай, жижиг хөмсөгтэй байсан. Харин нөгөө залуу нь болохоор нөгөөхөөсөө бага зэрэг өндөр нуруутай, туранхайвтар биетэй хүн байсан. Манай найзыг зодсон гэх ахтай хамт явж байсан. Тэгээд байж байтал гаднаас цагдаагийн албан хаагч нар орж ирсэн, миний биед ямар нэгэн гэмтэл шарх үүсээгүй, хэвийн байсан. Яг зодсоноос бол манай найзын шүд нь хугарчихсан. Тухайн үед манай найз “миний шүд уначихлаа” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),

3. Гэрч Б.Д-ийн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр үүрийн 2-3 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт албан үүргээ буюу хөдөлгөөнт явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж явж байхдаа Жи-Эс 25 дэлгүүрийн орчимд эргүүл хийж байхад тус дэлгүүрээс эрэгтэй хүн гарч ирээд “ахаа манай дэлгүүрт зодоон болоод байна, та хурдан ороорой” гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг дэлгүүрт яваад ороход уг дэлгүүрийн мухар хэсэгт 4 залуу хоорондоо барилцчихсан, маргалдаж байсан. Тэгэхээр нь би тэд нар дээр явж очоод салгаж, болсон явдлыг тодруулангаа дэлгүүрээс авч гарсан юм. Тэгсэн тэр дундаас хар куртиктэй залуухан залуу нь надад болсон явдлын талаар тайлбарлахдаа “ахаа би өөрийн гар утсыг хаячхаад дэлгүүр ороод байж байтал гаднаас энэ 2 ах орж ирээд  намайг солонгос хэлээр доромжлоод байсан. Тэгэхээр нь би солонгос хэлний бага сага үгийг нь мэддэг учраас энэ ахад яагаад намайг солонгосоор хараагаад байгаа юм гэж хэлтэл ногоон эрээн куртиктэй ах намайг зодчихсон” гэж хэлж байсан. Харин нөгөө маргалдсан эрэгтэй нь болсон явдлыг тайлбарлаж чадахааргүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Харин согтуу эрэгтэйн эхнэр нь машинаас бууж ирээд “юу болсон бэ, манай нөхөр харин ажил явдал гарчхаад сэтгэлээр унаад архи уучихсан юм. Би нөхрийгөө ердөө 5 минут найзтай нь Жи-эс дэлгүүр рүү оруулахад ийм асуудал болчихлоо” гэж хэлж байсан. Тухайн үед зодуулсан гэх хар куртиктэй залуу нь миний янзлуулчихсан гэх шүд хугарчихлаа гэж хэлж байсан..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),

4. Гэрч Б.Уын: “...Би 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шөнийн 00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Жи-Эс 25 худалдааны дэлгүүрт кассын ажлаа хийж байхад гаднаас “утсаа хаячихлаа, миний дугаар руу залгаад өгөөч” гэсээр 2 хүүхэд гаднаас орж ирсэн бөгөөд утсаа яаж олох уу гэж хоорондоо ярилцаад манай дэлгүүрт сууж байсан. Тэгээд манай дэлгүүрээс худалдан авалт хийж үйлчлүүлээд сууж байтал шөнө 2 цагийн орчим гаднаас ойролцоогоор 30 гаран насны 2 эрэгтэй хүн согтуу орж ирээд манайхаас үйлчилгээ авах гээд байгаа ч юм шиг, авахгүй ч юм шиг зогсоод байсан бөгөөд Солонгосоор яриад байсан. Гэхдээ яг юу гэж ярьж байсныг мэдэхгүй ч хараалын чанартай үг хэлээд байх шиг байна гэж миний хажууд байсан кассчин охин хэлж байсан. Нэг мэдсэн чинь нөгөө Солонгосоор яриад согтуурхаад яваад байсан ах нөгөө утсаа хаячихлаа гээд орж ирсэн хоёр хүүхэд дээр оччихоод аймар алгадаад “Чи цэрэгт явж үзсэн үү, бацаан нар минь” гэх зэргээр орилоод тэр хүүхдийг зодоод байсан. Тэр хүүхдийг тэр ах зодож байхдаа муухай үгээр хараал хэлээд зодоод байсан ба энэ үед гадаа хөдөлгөөнт эргүүлийн цагдаа явж байхаар нь тухайн албан хаагчийг дуудаж дэлгүүрт оруулж ирсэн. Тэгээд цагдаагийн албан хаагч манай дэлгүүрт орж ирээд тухайн 4 залууг авч гарсан. Ямартай ч 2 хүүхдийг зодоод байсан гэх 2 ах бол нэлээн согтолт ихтэй байсан. Харин зодуулдаг 2 хүүхэд бол хэвийн байсан тул архи уусан байсныг мэдэхгүй байна. Ямар учраас маргалдсан болохыг мэдэхгүй байгаа ч зодуулсан гэх 2 хүүхэд сандал дээр зүгээр сууж байхад гаднаас орж ирсэн ах тэр 2 хүүхэд дээр очоод шууд зодоод эхэлсэн. Тэр үед зодуулсан гэх хүүхдийн үүдэн шүднүүд нь хугарчихсан байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал),

5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ц.Ганболдын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 3692 дугаартай: “...Б.Өын үүдэн зүүн доод хоёрдугаар шүдний хугарал, үүдэн баруун хоёрдугаар шүдний эмтрэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмаар нэг шүдний хугарал нь цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги 5%-иар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоов. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон хугацаанд үүссэн байна....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 44-45 дахь тал),

6. Шинжээч эмч Ц.Ганболдын: “... Хохирогчийн үүдэн зүүн нэгдүгээр шүд импланттай байсан, өөрөөр хэлбэл хиймэл шүд суулгасан байсан. Тиймээс хиймэл шүд хугарсан байсан учир гэмтлийн зэрэгт хамааруулж үзэхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дэх тал),

7. “Шударга гарц” шүдний эмнэлгийн үзлэгийн хуудас (хавтаст хэргийн 54-57 дахь тал)

8.Шүүгдэгч У.Уын: “...Би 2023 оны 3 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө  ажил дээрээ танилцсан  залуугийн хамтаар 5 шил пиво  ууж улмаар ...тухайн өдөр танилцсан Баагий гэх залуугийн хамт GS-25 руу орсон. Тэр үед над руу Солонгос хүн залгаад  би тухайн хүнтэй Солонгос хэлээр  яриад ороход  Баагий надад  “чамайг Солонгосоор ярьж байгааг  тэр 2 хүүхэд  дагаад шоолоод байна” гэхээр нь утсаар ярьж байсан тул нэг их ач холбогдол өгөөгүй. Тэр 2 залуу нь  “Монголдоо байгаа бол монголоороо яриач” гэхээр нь “эх орондоо монголоор ярина уу солонгосоор  ярина уу  ямар хамаатай юм бэ”  гээд “ та нар яасан ах захгүй  хүүхэд вэ” гээд загнасан. Тэгээд тэр 2 хүүхэд дээр очоод хар куртиктэй эрэгтэйн зүүн талын хацар хэсэг рүү нь  нэг алгадахад намайг зөрүүлээд алгадсан. Тэгээд тэр хүүхэд доошоо тонгойхоор нь  нуруу руу нь гараараа 1-2 улаа  цохиход  нүүрээ гараараа хаасан. Тэр үед  гар луу нь  өвдгөөрөө 3-4 удаа өвдөглөсөн. Тэр хүүхэд тухайн үед миний шүд уначихлаа  гэж хэлэхэд тэр үед ирсэн  цагдаа нар харсан. Би хохирогчид эмчилгээний бүх зардлыг төлж барагдуулсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтыг дүгнэхэд шүүгдэгч У.У нь  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ GS-25  руу орж, улмаар тэнд байсан өөрөөс нь насаар дүү хүмүүстэй ямар нэгэн шалтгаангүйгээр маргалдан элдвээр хэлж, удаа дараа хохирогчийн биед халдаж гэмтэл учруулсан болохыг хохирогч Б.Ө, гэрч Б.Уянга, Э.Энх-Амгалан нар нь мэдүүлсэн, хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь агуулгын хувьд харилцан зөрүүгүй, бие биеэ нотолсон шинжтэй байх төдийгүй тухайн үед дуудлагаар ирсэн цагдаа Б.Доржсэнгэ нь“ хохирогч залуу зодуулаад шүд унасан” гэх асуудлыг өөрт нь хэлж байсныг мөн гэрчилсэн шинжтэй, шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан энэхүү шүдний хугарал гэмтэл нь хөнгөн зэргийн ангилалд хамаарсан байх тул хохирогч Б.Өод учирсан хохирол нь шүүгдэгч У.Уын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл,

Гэм буруу гэдэг нь гэмт этгээд өөрийн хийж буй нийгэмд аюултай үйлдэл  түүнээс үүсэх хор уршигт санаатай буюу болгоомжгүй хэлбэрээр хандаж буй сэтгэхүйн харьцаа байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг  хууль бус шинжтэй болохыг  ухамсарлаж  түүнийг  хүсэж үйлдсэн,  хохирол, хор уршигт  зориуд  хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж” хуульчилжээ.

 

Шүүгдэгч У.Уын зүгээс хохирогчийн эсрэг хийсэн дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч У.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Өын эрүүл мэндэд үүдэн зүүн доод хоёрдугаар шүдний хугарал, үүдэн баруун шүдний хоёрдугаар шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны үед 55.000 төгрөгийн шүдний эмчийн үйлчилгээний баримт, 1500 төгрөгийн CD бичлэгийн баримт гаргаж өгсөн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.У нь хохирогчийн шүдний сувгийн эмчилгээнд  зориулж 70.000 төгрөг, 85.000 төгрөг, бусад бүх эмчилгээ үйлчилгээнд 880.000 төгрөг өгснөөс гадна өмнө хохирогч өөрөөсөө гаргасан 55000 төгрөгийн зардлыг сүүлд нөхөж төлсөн буюу нийт 1.090.000 төгрөгийг хохирогчийн эмчилгээнд  зарцуулсан гэснийг хохирогч Б.Ө нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд маргаагүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч У.Уыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Уыг 900 нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 90.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч У.У нь “...би анх удаа ийм асуудалд холбогдож ирсэн, хохирлоо төлсөн бөгөөд иргэн хүний хувьд татвараа цаг хугацаанд нь төлсөөр ирсэн Монгол улсын нэг иргэн учир надад оногдуулах торгох ялын хэмжээг бууруулж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч У.Уын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй  нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, мөн шүүгдэгч У.Уын хувийн байдал /ажил хөдөлмөр эрхэлдэг, орлого олдог/, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний орлогын байдлыг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч У.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,,битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт У-н Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Уыг 600 (зургаан зуу) нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Уыг оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.У нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шүүгдэгч У.У нь хохирогч Б.Өод 1,090,000 (нэг сая, ерэн мянга) төгрөг төлсөн, цаашид төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ