| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2022/1268/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/530 |
| Огноо | 2023-05-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.7.1., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/530
2023 05 02 2023/ШЦТ/530
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,
улсын яллагч П.Эрдэнэбат,
шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******** овогт Б-гийн Ч-т холбогдох эрүүгийн 2308000000509 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
****************************************
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ч нь 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 24-ний өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны *********** засварын газрын дэргэд:
иргэн Ц.Оын биед халдаж зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, дух хамарт өнгөц цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр иргэн Б.Д-ын зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн *****УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч явсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ч шүүхийн хэлэлцүүлэгт “...О нь манай найзын нөхөр нь юм. Тэгээд олон удаа зодсон гэж дуулаад уг асуудлаас болж буруу ойлголцоод цохисон юм. Машиныг бол айлгах харшаах зорилгоор авч яваад 2-3 гудмын цаана орхисон. Түүнээс зарж борлуулах, дээрэмдэх зорилго надад байгаагүй. Би сүүлийн 2 жил бие даан амьдарч байгаа. Засварын газарт ажиллаж орлого олдог” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ч нь 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 24-ний өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны UB авто засварын дэргэд:
иргэн Ц.Оын биед халдаж зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, дух хамарт өнгөц цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, улмаар иргэн Б.Дын зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн *****УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч явсан үйл баримт нь:
1. Хохирогч Ц.О-ын: “... Би өмнө нь фейсбүүк зар дээр “дугуй обуд зарна” гээд зар тавьсан байсан бөгөөд 2023 оны 2 дугаар сарын 23-ны өдөр чатаар үл таних залуу орж ирээд “обуд үзье” гээд байсан бөгөөд эргээд холбогдъё гээд чимээгүй болсон. Тэгээд 24-ний өдөрт шилжих шөнө би өөрийн найз Д-ын хамт Их наран чиглэлд дуудлагын жолоочийн ажил хийгээд явж байхад 04 цагийн орчимд ФБ-ээр нөгөө залуу орж ирээд чат явуулаад тэгээд такситай явж байна, таксинаас буугаад хүлээж байя гэсэн. Тэр үед манай танил ах Золоо нь Д руу холбогдохоор нь би хажуугаас “би обудаа хүнд үзүүлэх гэж байна, хамт явъя” гэхэд Золоо ах зөвшөөрөөд би гэрээр нь дайраад хамт аваад нөгөө залуу руу холбогдоход би уруудаад цагаан худаг дээр байж байя гэсэн. Тэгээд бид цагаан худаг дээр очиход нөгөө залуу буюу Ч зогсож байхаар нь би машиндаа суулгаад граш руу явж байхад гэнэт “Отгоо гэдэг нь аль нь юм бэ?” гэж бид 3-аас асуухаар нь би “намайг Отгоо гэдэг” гэхэд Ч “Ёо за ашгүй, чамайг ямар удаан хайваа” гэхээр нь би гайхаад “юу гэсэн үг юм бэ” гэсэн чинь обудыг чинь авах гээд гэж ярьсан юм гэсэн. Тэгээд би өөрийн ажлын гараашны гадаа ирэхэд Ч түрүүлээд машинаас буугаад жолооч талын цонхон дээр ирж зогсоод юм хэлэлгүй шууд миний нүүр лүү гараараа цохисон. Тэр үед араас машин ирж зогсож харагдсан бөгөөд Д яаж байна гээд Чийг цохиод авсан чинь нөгөө залуус тойроод ирсэн. Тэгээд Ч хаалга онгойлгож байгаад намайг зодоод байсан бөгөөд арын хаалгаар нэг урт савхи өмссөн залуу орж ирээд Золоо ахыг зодоод, Дыг харанхуй руу аваад явах үед нь Д зугтаасан байсан. Намайг арагшаа харахад Золоо ах бас зугтаагаад би ганцаараа үлдсэн байсан. Ч нь Дын гүйсэн гудамж руу миний унаж явсан Дын машины түлхүүрийг аваад гүйгээд явахаар нь би шууд доошоо гудамжаар нефтийн байрны зүг ганцаараа алхаж яваад танил ах Сэргэлэнбаатарын гэрт ороод болсон явдлын талаар хэлээд хамт нөгөө газраа эргээд ирэхэд хэн ч байхгүй, машин байхгүй болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Маргааш нь машиныг Д зодоон болсон газраас 2 гудамжны цаанаас олсон байсан. Би эдгээр залуусыг огт танихгүй, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19 дэх тал),
2. Хохирогч Б.Дын: “...2023 оны 02 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 03 цагийн орчимд би өөрийн найз О-ын хамт дуудлагын жолоочийн ажилд яваад буцаад гарааш руугаа явж байсан юм. Тухайн үед О өөрийнхөө машины гоёлын обудыг зарахаар зар байрлуулсан байсан чинь хүн үзье гэнэ, хамт очъё” гэхээр нь Золбоо ахыг бас хамт явъя гэж гуйгаад гэрээс нь очиж З*********** ахыг авсан. Тэр үед нөгөө обуд авах хүн нь шинэ замын цагаан худаг дээр хүлээж байя гэсэн ба З************ ах, О бид 3 цагаан худаг очиход 1 өндөр туранхай Чинзо гэж өөрийгөө танилцуулсан залуу арын суудалд орж суугаад бид нар хөдөлсөн. Тухайн үед тэр залуу “Отгоо гэдэг нь хэн юм бэ” гэж асуухад нь З******* ах “Отгоо урд машин барьж байгаа залуу” гэж хэлсэн. Тэгээд бид нар манай граш дээр ирэхэд нөгөө залуу арын хаалгаар буугаад жолооч талын цонхон дээр очоод шууд Оын нүүр рүү цохихоор нь би бууж очоод “яаж байна аа” гээд толгой руу нь цохисон чинь ард машин ирж зогсоод 6-7 залуу бууж ирсэн. Ч********* гэдэг нь О-ыг машинаас буулгахгүй зодоод, З-г урт савхин куртиктэй залуу машины хойд хаалгаар орж дотор нь сууж байгаад зодоод эхэлсэн юм. Энэ үед 2 өндөр залуу ирээд намайг түлхээд харанхуй булан руу оруулсан бөгөөд тэр үед урт савхитай залуу гартаа ногоон иштэй заазуур барьчихсан “намайг нааш ир, чамайг ална” гэхээр нь би зугтаах гээд эргээд хартал би мөсөн дээр халтираад унатал миний нуруу руу хөлөөрөө өшиглөхөөр нь би шууд зугтааж яваад таньдаг ахын гэрт очоод цагдаа дуудсан юм. Тэгээд би өглөө 8 цаг болох гэж байхад миний машин байхгүй болохоор нь хорооны цагдаа дээр очоод хайсан чинь зодоон болсон газраас 2 гудамжны цаана миний машиныг аваачаад хаясан байсан бөгөөд дотроос нь хуучин хөгжим 1 ширхэг, хуучин Самсунг Галакси нөөт 9 гар утас мөн түрийвчинд байсан 285.000 төгрөг алга болсон байсан. Тэгээд би машинаа аваад буцаад явсан юм. Энэ машиныг би Мөнхтэнгэрийн ноёд ХХК-с авсан бөгөөд нэрийг нь шилжүүлж амжаагүй байсан юм. Миний ойлгосноор Оын хуучин найз охин С****** нь Ч---д “О өөрийг нь зодсон” талаар хэлснээс болоод Содмаралыг өмөөрч зодсон байсан. ...Ер нь бол тухайн үед Оыг Чинзо, Золбоог урт савхитай залуу болох Төгөлдөр нь зодоод, тэгээд намайг мөсөн дээр халтирах үед араас ташаа руу жийсэн ба Төгөлдөр нь заазуур барьчхаад орилоод байсан, бусад нь зодож цохиогүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),
3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2921 дугаартай “...Ц.Оын биед зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, дух, хамарт өнгөц цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
4.Гэрч А.Т-ийн: “...2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баяржаргал бид хоёр Толгойтын хуучин эцэс дээр найз Б-тэй уулзаад Тахилтад байх Ц, Ха нарын гэрт очоод байж байхад гаднаас Лхагваа, Ч гэх хүмүүс цуварч ирээд уг айлд 5 ширхэг 2 литрийн хэмжээтэй пиво уугаад сууж байхад Ч нэг обуд үзэхээр болж, уулзахаар тохирсон юм. Тэр үед манай найз Г********* өөрийнхөө машинтайгаа хүрч ирэхээр нь Б-ээс бусад нь бүгдээрээ Г-ийн машинд суугаад Чийн хүнтэй уулзаж обуд үзэхээр тохирсон газар буюу Цэнхэр дэлгүүр дээр очсон. Тэнд очиход саарал мэт энгийн Соната 5 загварын машин зогсож байсан ба манай машинаас Ч буугаад тэр машинд сууж хөдөлсөн. Бид нар Гантөгсийн машинтай араас нь явсаар байгаад цэнхэр дэлгүүрээс хойшоогоо байх Tuning нэртэй сервисийн гадаа очиж зогсоход Гантөгс бид нарыг буулгачхаад өөрөө яваад өгсөн. Харин бид нар машинаас буугаад байж байтал Ч**** нөгөө соната 5 машинаас бууж ирээд жолоочтой нь маргалдаад хоёулаа чанга дуугаар орилоход цаанаас нь сахалтай бондгор залуу хүрч ирээд Чийг цохих шиг харагдахаар нь бид нар бүгдээрээ гүйж очоод нөгөө соната 5-ын 3 хүнтэй зодолдож, тэнд 1-2 минутын зодоон болсон юм. ...Эхлээд Чинзо машины гадаа жолоочтой цохилцож эхэлсэн. Би машины хойно сууж байсан залуутай машин дотор нь цохилцсон ба машинаас бууж харахад бүгд пижигнэлдсэн байсан. Мөн би машинаас буугаад сахалтай залуу дээр оччихоод буцаад машин дээр ирээд уг соната 5 маркын хойд талын сандал дээр байсан ногоон өнгийн иштэй заазуурыг аваад машины дугуйг хагалах зорилгоор гартаа бариад тэрүүгээр гүйж байгаад зугтахдаа заазууртайгаа зугтсан, тухайн үед би Халзкаатай нэг зүг рүү гуйж зугтсан, Ч ард хоцорсон юм. Ч нь Бямбанайдан бид хоёрыг гудамжнаас ирж аваад Тахилт явж байх үед “нөгөө залуу чинь энэ машинаа хаяад зугтахаар нь би машиныг нь унаад та хэдийг энэ хавиар хайгаад явж байсан чинь миний дуудсан манай найз машинтай ирэхээр нь машиныг нь гудамжинд хаячхаад ирлээ гэж ярьсан” ..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37,82 дахь тал),
5. Гэрч С.С-ын: “...Төгөлдөр гэх залууг би танихгүй, Ч гэх хүнийг би танина. Ч бид 2 багын найзууд. О гэж манай найз залуу маань намайг зодож, цохисон талаар ярихад Ч их уурлаад надтай таарах болгондоо дуудчих гэдэг байсан. Оыг зодуулсан талаар би өнөөдөр буюу 2023 оны 02 дугаар 24-ны өглөө үүрээр мэдсэн. О бид хоёр хардалтаас болж салцгаасан..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46, 48-49 дэх тал),
6. Гэрч Г.Гийн: “...2023 оны 02 дугаар сарын 23-ны шөнө холын хамаатан Б******* 03 цаг өнгөрч байх үед согтуу залгаад " би Тахилтад байна, Эссэ авраад өгөөч” гэхээр нь тэр хаягаар нь 04 цаг нэлээн өнгөрч байх үед тамхи аваад очиход манай хамаатны залуу Бат-Эрдэнэ өөрийн найзууд гэх нэрийг нь үл мэдэх 6 хүүхэд том савтай пивонууд уугаад сууж байсан. Тэгээд би тамхиа өгчхөөд жоохон сууж байгаад явлаа гэсэн чинь Ч гэж өөрийгөө танилцуулсан залуу намайг "чи намайг Толгойт хүргээд өгөөч, би яаралтай хүнтэй уулзах хэрэг болчихлоо, гэртээ харих замаараа хүргээд өгөөч” гэсэн тэгэхээр нь би зөвшөөрөөд аваад явах гэсэн чинь бүгд миний унаж явсан манай аавын эзэмшлийн *****УНТ улсын дугаартай хөх өнгийн приус 20 машинд бүгд суусан бөгөөд Бат-Эрдэнэ согтуу унтаад үлдсэн. Тэгээд би хаана очих талаар Чоос асуухад Ч зам зааж өгөөд Толгойтод шинэ замын хажуугийн цагаан өнгийн худаг дээр очиход удалгүй араас саарал өнгийн Сонота **** маркийн машин ирж зогсоод Ч буугаад тэр машинд орж суугаад машинтайгаа хөдлөөд бид нарыг араасаа дагаад яв гэхээр нь дагаад явж байтал Толгойт руу явах шинэ зам дээр байдаг Авто угаалга дугуй засварын гадаа очоод зогсохоор нь би ар талд очоод зогссон. Тэгтэл тэр машинаас бүдүүвтэр залуу "яагаад байгаа юм бэ хөөе" гээд орилоод буугаад Чийн сууж байгаа тал руу очиход миний машинд явсан 4 залуу маш хурдан буугаад тэр бүдүүн залуугийн хажууд очихоор нь би шууд хөдлөөд яваад өгсөн юм. Тэгээд өнөөдөр цагдаагаас дуудахаар нь ирж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дахь тал),
7. Гэрч Ш.Шийн: “...Ч тэр машины арын хаалгаар буугаад жолооч талынх нь цонхон дээр очоод зогсоод жолоочтой юм ярилцаж байтал гэнэт тэр сонота 5 машины арын хаалга онгойгоод том бүдүүн сахалтай 25 орчим насны залуу бууж ирээд Чийг барьж аваад толгой руу 1 удаа, зүүн шанаа руу нь 1 удаа цохиж харагдсан. Тэр үед Т***** ах “зодоон болох гэж байна, бууя" гээд Гантөгсийн машинаас буусан чинь Гантөгс шууд хөдлөөд яваад өгсөн. Тэгээд бид 4 тэр залуу дээр очиход Б********, Л*********, хоёр Ч****-ийг цохисон залууг дагуулаад цаашаа яваад, Төгөлдөр ах Сонота 5 машины арын суудалд суугаад тэр тэр машины арын суудалд сууж байсан залуутай маргалдаад хоорондоо цохилцож харагдсан, жолоочтой нь Ч зодолдоод байсан юм. Тэр үед Чийг сонота 5 машины жолооч хоёр гарыг нь толгой дээр нь мушгиж барьчхаад машиныхаа үрүүл рүү түлхээд байхаар би гарыг нь салгах гээд тэр жолоочийн цээж рүү 2-3 удаа баруун гараараа цохиж байж гарыг нь тавиулсан чинь хашааны булангаас Бямбанайдан гүйж ирснээ нөгөө залуу нь зугтчихлаа, хэдүүлээ явъя гэхээр нь цагдаа дуудах гээд явлаа гэж бодоод Ч жолоочтой зуралдаж үлдээд бид 4 хамтдаа гараашны арын гудамж руу гүйсэн юм. Тэгээд бид нар салж гүйж байгаад Тахилтад намайг ирэхэд миний араас бүгд цувраад ирсэн бөгөөд хамгийн суулд 07 цагийн орчимд Төгөлдөр, Ч, Б****** 3 хамтдаа орж ирээд би машиныг нь унаж явж байгаад 3 гудамжны цаана хаалгыг нь онгорхой хаяад ирлээ машин дотор нь байсан 2 гар утсыг жолоочийнх нь шалавчны доор хийчихсэн гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61, 80 дахь тал),
8. Гэрч М.Бын: “...Ч тэр машины арын хаалгаар буугаад тэр машины жолооч дээр очоод хэрэлдээд байх шиг байсан бөгөөд Төгөлдөр ах харснаа муудалцаад байх шиг байна, бууя гээд Гантөгсийн машинаас буусан чинь Гантөгс шууд хөдлөөд яваад өгсөн юм. Тэгээд бид хэд машиных нь хажууд очсон чинь сонота 5 машины арын хаалга онгойгоод том бүдүүн, сахалтай 25 орчим насны залуу бууж ирээд Чийг барьж аваад толгой руу 1-2 удаа цохиж харагдсан ба тэр сахалтай бүдүүн залууг "боль" гээд салгаад цаашаа нь дагуулаад гудамж руу орсон бөгөөд тэр үед Төгөлдөр ах машины арын суудал дээр байсан залуугийн хажууд орж сууж байгаад зодоод байсан. Ч ах болохоор жолоочийн хаалгыг онгойлгоод жолоочтой зодолдоод байхаар нь би машины арын хаалгаар Төгөлдөр ахыг салгах гээд араас нь ороод татсан чинь Төгөлдөр ах намайг "чи цаашаа бай" гээд түлхсэн, намайг эргээд харах үед тэр Төгөлдөр ахтай зодолдож байсан залуу миний мөр рүү араас цохихоор нь би уурлаад тэр залуугийн зүүн мөр рүү нэг удаа гараараа цохичхоод буусан, тэгээд би яаж салгахаа мэдэхгүй хараад зогсож байтал Төгөлдөр ах машинаас буугаад ирсэн чинь тэр бүдүүн сахалтай ах зугтаагаад явсан чинь Төгөлдөр ах " бүгдээрээ явъя, наадах чинь хүн дуудах гээд явчихлаа” гээд гүйхээр нь бид нар дагаад гүйсэн. Намайг эргэж харахад Ч ах жолоочтой зодолдоод үлдсэн харагдсан. Би Төгөлдөр ахын хамт гүйж байгаад нэг айлын хашаа руу ороод суугаад хүлээж байтал 30 орчим минутын дараа Ч ах Төгөлдөр ах руу залгаад бид хоёрыг хар өнгийн Акуа машинтай хүнтэй ирж аваад хамт Тахилтад ирээд нөгөө машинаа явуулсны дараа Ч ах "жолооч машинаа онгорхой хаяад зугтчихаар нь тэд нарыг ойрхон хүн дуудах гээд явчихлаа гэж бодоод машиныг нь авч яваад 4 гудамжны цаана хаячихлаа, машин дотор нь нэг хуучин утас байхаар нь урагш нь шидчихээд машиных нь түлхүүрийг шалавчны доор нь хийгээд машиныг нь онгорхой хаячхаад ирлээ” гэж ярьсан. Тухайн үед ямар шалтгааны улмаас ийм зүйл болсныг сайн мэдэхгүй байна. Ч ахыг хүн машинаас бууж ирж цохихоор нь бид нар өмөөрөөд муудалцсан юм” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дэх тал),
9. Гэрч Т.Лийн: “...Ч жолоочийг “буугаад ир” гээд хаалгыг нь онгойлгоод татаад байхаар нь би "яасан юм, юу болсон юм бэ” гээд Чийг татсан чинь машины араас сахалтай бүдүүн залуу гарч ирээд Чийг толгой руу нь гараараа 1 удаа цохчихоор нь би тэр залууг салгах гээд түлхсэн чинь уг залуу шууд миний хоолойноос заамдаад авахаар нь Б*********** бид 2 тэр залууг салгаад болиулсан бөгөөд намайг эргээд харсан чинь Ч жолоочийн хаалга онгойлгоод жолоочийг цохиж байсан. Төгөлдөр нь машины арын суудал дээр өөр хүнтэй зодолдож байгаа харагдсан юм. Тэр үед Бямбасүрэн нөгөө сахалтай залуутай харанхуйд ярилцаад зогсож байтал Төгөлдөр машинаас гартаа заазуур барьчихсан бууж ирээд нөгөө залууг "хөөе нааш ир" гэсэн чинь нөгөө залуу зугтаагаад явсан. Дараа нь Төгөлдөр зугтъя гээд бид нар зугтахад Ч жолоочтой зодолдоод үлдсэн юм. ...Намайг харахад Ч жолооч талын хаалга онгойлгоод жолоочтой зодолдоод байсан, нэг гараараа жолоочийг заамдаад барьчихсан, нөгөө гараараа нүүр рүү нь цохиж харагдсан, өөр зүйл хараагүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дахь тал),
10. Гэрч Н.Бийн: “...машин дотроос бүдүүвтэр сахалтай залуу бууж ирээд шууд Чийн толгой руу 1 удаа цохиход Лхагва-Эрдэнэ гүйж очоод салгасан чинь тэр бүдүүн залуу Лхагва-Эрдэнийг заамдахаар би араас нь очоод тэр залууг түлхээд гудамж руу орсон юм. Тэгээд эргээд тэр залууг зодоон хийлгэлгүй хориод зогссон. Тэгээд Ч жолоочтой зодолдож үлдээд, бид бүгд гүйгээд явсан юм. Сүүлд цагдаа дээр ирээд хамт шалгагдаж байх үед Содмарал гэх охиныг өмөөрч маргалдсан юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дахь тал),
11. Гэрч Ө.Зийн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 23-наас 24-ний өдөрт шилжих шөнө гэртээ байж байгаад танил дүү О руу 04 цагийн орчимд залгаад "ойрхон явж байвал СЮ ороод 1 том пиво аваад ирээч" гээд залгасан чинь би 21 дүгээр хорооллоос Дын хамт Тахилт руу ажилтай явж байна, энд хүн миний машины обудыг одоо үзье гэнээ, та хамт яваад өгөөч" гэхээр нь би зөвшөөрөөд хүрээд ир гэсэн чинь манай гадаа ирээд хамт хөдөлсөн юм. Тэр үед нөгөө залуу нь Нарангийн голын шинэ замын ойролцоо явж байна гэнээ, тэндээс аваад гарааш явъя гэхээр зөвшөөрөөд явж байтал шинэ замын цагаан худаг дээр нөгөө залуу нь зогсож байгаад бид 3 машинтай очиход машины арын суудалд миний хажууд суугаад явж байгаад тэр залуу "би обуд үзье гэсэн хүн байна, чи Отгоо юу" гэхээр нь би “үгүй, урд жолоо барьж байгаа нь Отгоо гэдэг” гэж хэлээд гарааш дээр очиход уг залуу түрүүлж машинаас буугаад Оын цонхон дээр очоод "Отгоо нь чи юу буугаад ир" гэж хэлснээ шууд Оыг нүүр рүү нь цохиод авсан чинь Д “юу болоод байна” гээд буугаад тэр залуугийн нүүр рүү нэг удаа цохиод авсан. Тэр үед машины ард приус 20 машинтай 5-6 залуу ирж зогсоод бүгд бууж ирээд намайг машинаас бууж амжаагүй байх үед арын хаалгаар урт савхи өмссөн Төгөлдөр гээд найзууд нь дуудаад байсан залуу орж ирээд ямар нэгэн юм ярилгүй шууд миний нүүр рүү цохихоор нь би хоёр гарыг нь бариад авсан, тэгээд ноцолдоод байж байтал Төгөлдөр "Чинзо хутга аваад ир, би энийг дүрчихье, яасан овоо хулгайч вэ?” гээд орилоод байсан. Тэгээд намайг нэг ноцолдож байгаад харахад Төгөлдөр гартаа ногоон иштэй жижгэвтэр заазуур барьчихсан цохих гээд далайгаад байсан бөгөөд яг бол цохиогүй, тэгээд нэг харсан чинь Д руу Чинзо, Төгөлдөр гэдэг 2 залуу буугаад "Хүрээд ир ална " гээд дөхөөд очсон чинь Д зугтаагаад явсан юм. Тэр үед би машинаас буухад хүнгүй болчихсон байхаар нь шууд гүйгээд гэр лүүгээ харьсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 72-73 дахь тал),
12.Шүүгдэгч Б.Чийн:“...О нь манай багын найз Содмаралыг хамт амьдарч байх үедээ хэд хэдэн удаа зодсон тухай Содмарал ярьсан болохоор би Отай уулзъя гэж бодож байсан, тэр өдөр машины обуд зарна гэхээр нь очоод уурандаа зодчихсон юм. Надад тухайн үед соната 5 машиныг хулгайлах дээрэмдэх зорилго огт байгаагүй, тухайн үед зодоон болоод надтай зодолдсон О зугтаагаад явахаар нь нэмээд хүмүүс ирээд намайг ганцаараа байхад зодож магадгүй гэж, мөн Оыг уурандаа хорлож айлгах зорилгоор машиныг нь унаж яваад гудамжинд хаяад явсан юм. Тэр үед Дын машин байсан талаар би мэдээгүй юм. Би тэр машин дотроос ямар нэгэн эд зүйл огт аваагүй, намайг харахад машин дотор хуучин Ж7 гар утаснаас өөр эд зүйл харагдаагүй. Тэгэхээр нь би тэр гар утас, түлхүүр хоёрыг нь жолооч талын шалавчийн доор хийгээд машиныг нь тэр гудамжинд орхиод шууд Золжаргалын машинд суугаад явсан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 142-145 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Хэргийн үйл баримтыг харахад, шүүгдэгч Б.Ч нь өөрийн багын найз С.Содмаралтай уулзаж түүний хамтран амьдрагч Ц.О нь зоддог гэх яриа өгүүлэмжийг нь сонссоноор Ц.О гэгчтэй уулзахаар хайж эхэлсэн байх ба энэ цаг хугацаанд Ц.О нь өөрийнхөө машины обудыг зарна гэсэн зарыг фейсбүүкт байршуулснаар эдгээр хүмүүс хоорондоо уулзалдах нөхцөл байдал үүссэн байна. Улмаар шүүгдэгч Б.Ч нь хохирогч Ц.Отай уулзсан даруй түүний нэр усыг асууж тодруулсны дараагаар түүн рүү довтолж, бие махбодод халдаж гэмтэл учруулсан болохыг хохирогч Ц.О мэдүүлснээс гадна хохирогчтой болон шүүгдэгчтэй хамт байсан нэр бүхий гэрч нар нь гэрчилж мэдүүлцгээсэн нотлох баримтын эх сурвалжтай, шүүгдэгчийн үйлдлээс шалтгаалж хохирогчид учирсан гэмтэл хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул энэхүү үйлдлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэсэн.
Мөн тухайн цаг хугацаанд хохирогч Ц.О нь иргэн Б.Дын эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан байх бөгөөд шүүгдэгч Б.Чт зодуулсны дараагаар тээврийн хэрэгслийг орхин зугтаасан хойгуур шүүгдэгч Б.Ч нь эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ****УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хэрэг болсон газраас 2-3 гудмын цаана аваачиж орхисон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг хангасан гэж үзэхээр байна. Учир нь,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэдэгт авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан санаатай үйлдлийг ойлгох бөгөөд дээрх нотлох баримтуудад, шүүгдэгч Б.Ч нь хохирогч Б.Дын зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн тээврийн хэрэгслийг авч явсан идэвхтэй үйлдэл хийснээр тухайн гэмт хэрэг төгссөн /хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хохирол учирсан байхыг шаардахгүй/, шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг завших гэсэн санаа зорилго агуулаагүй байна.
Түүнчлэн шүүгдэгч Б.Чийн гэмт үйлдэл нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй байх тул прокурорын зүйлчлэл тохирсон гэж үзсэн. Өөрөөр хэлбэл,
“Хулгайлах” гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг, бусдын өмчлөх эрхэд халдаж, бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг.
“Дээрэмдэх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор илээр, хүч хэрэглэхгүйгээр, хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсноор төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Гэтэл хэргийн нөхцөл байдлаас үзвэл, шүүгдэгч Б.Ч нь шунахай сэдэлтээр, илээр, хохирогчийн эд хөрөнгийг авах зорилгоор хохирогчид аливаа хэлбэрээр халдсан байдал тогтоогдоогүй, мөн шунахай сэдэлтээр, хохирогчийн эд хөрөнгийг хууль бусаар хулгайлж, өөртөө захиран зарцуулах бодит бололцоо олгосон байдал тогтоогдоогүй болно.
Энэ бүгдээс дүгнэвэл, шүүгдэгч Б.Чийн зүгээс хохирогч Ц.Оын эсрэг хийсэн хүч хэрэглэсэн үйлдэл, мөн хохирогч Б.Дын эзэмшлийн тээврийн хэрэгслийг түүний зөвшөөрөлгүй авч явсан үйлдлүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлүүдийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарласан хэдий боловч түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч нарт хохирол, хор уршиг учруулсан ба үйлдэл, хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Чийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг, мөн “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй юм.
2023-03-15-ны 11 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай прокурорын тогтоолоор Б.Чт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. (хавтаст хэргийн 152-160, 182-183 дахь тал)
Гэтэл 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 340 дугаартай прокурорын яллах дүгнэлтдээ уг үйлдлээ оруулан бичсэн байх бөгөөд прокурор нь уг асуудлыг тайлбарлахдаа бичиглэлийн алдаа гарсан мэтээр тайлбарласан тул цаашид уг зөрчлийг гаргахгүй байх тал дээр анхаарвал зохино.
Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Б.Ч нь хохирогч Б.Дд 635.000 төгрөгийг төлж барагдуулсан төдийгүй хохирогч нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ хүлээн авсан байна. Харин хохирогч Ц.Оын хувьд эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх хэдий ч хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Б.Чийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 161-162 дахь тал)
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “... шүүгдэгч Б.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, цагдан хоригдсон хугацааг хасаж тоолох” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч нь “...прокурорын дүгнэлт дээр хэлэх зүйл байхгүй, бага сага ажил хийдэг тул төлөх боломжтой” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Б.Ч-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “учруулсан хохирлыг төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, мөн шүүгдэгч Б.Чийн хувийн байдал /хувиараа авто засварын газарт ажиллаж, орлого олдог гэх/, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх торгох ялыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ч нь 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 8 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон (8х15000=120 нэгж буюу 120,000 төгрөг)-ийг шүүгдэгч Б.Чт оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөс хасаж, биелүүлбэл зохих торгох ялын хэмжээг 780 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 780,000 төгрөгөөр тогтоож, улмаар түүний орлогын байдлыг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ч нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б****** овогт Б-гийн Ч--ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-ийн цагдан хоригдсон 8 (найм) хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр (8х15000=120 нэгж буюу 120,000 төгрөг)-өөр тооцон шүүгдэгч Б.Чт оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөс хасаж, биелүүлбэл зохих торгох ялын хэмжээг 780 (долоон зуун ная) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 780,000 (долоон зуун наян мөнгө) төгрөгөөр тогтоож эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чт оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ч--т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ч--т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ