Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/04

 

 

 

 

           

 

 

 

2022           12           21                                    2023/ШЦТ/04

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

           улсын яллагч Ж.Отгончимэг,

            шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигин овогт Мын Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208031851677 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******************************

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч М.Т нь 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ************* дээр “хашааны банз хугалсан” хэмээн насанд хүрээгүй Г.Д рүү мод шидэж биед нь сээрний 3 дугаар нугалмын их биеийн хугарал бүхий гэмтэл үүсгэн хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Т шүүхийн хэлэлцүүлэгт “...мэдүүлэг өгөхгүй, яриад байх зүйлгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Т нь 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон гүүрний тоглоомын талбай орчимд хашааны банз хугалсан хэмээн насанд хүрээгүй Г.Д рүү мод шидсэний улмаас нуруу хэсэгт онож, биед нь сээрний 3 дугаар нугалмын их биеийн хугарал бүхий гэмтэл үүсгэн хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

1. Насанд хүрээгүй хохирогч Г.Д”... 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 21 цагийн үед би найзууд болох Энхтүвшин, Билгүүн, Эрхэссүрэн нартай Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Хайлааст руу давдаг зам дээр уулзаад саад орж тоглож байхад манай найз Эрхэс халгай аваад тоглоод байсан. Харин бид нар халгай олдохгүй болохоор дээш яваад нэг хашааны гадаа очоод Билгүүнээ бид гурав халгай аваад байж байтал хашаан дотроос нэг ах хөөе гээд орилохоор нь бид хоёр доошоо найзууд руугаа гүйгээд саад дээр очоод байж байтал нэг хүүхэд манай найзыг зодоод байна гэхээр нь буцаад гүйх замд манай найз Энхтүвшин тааралдсан. Тэрний баруун шагайн дээр гарын мөр гарчихсан, дээр Билгүүнээг зодоод байна гэхээр халгай авсан хашааныхаа гадаа иртэл нөгөө хөөе гэсэн ах Билгүүнээг заамдаад зодож байсан. Тэгээд намайг  гүйгээд ирсэн чинь миний өөдөөс чулуу шидэхээр нь би эргэж доошоо зугтаагаад нөгөө эрэгтэйг цааш явахаар нь буцаад 2 дүүгээ авахаар тоглоомын талбай дээр ирэхэд нөгөө ах над руу мод шидэхэд нуруу болон гар луу нөгөө мод нь оносон. Тэгээд би хоёр дүүгээ аваад явж байхдаа гүүрэн дээр ирээд хүний утсаар цагдаад дуудлага өгсөн. Т гэх ах миний араас нилээн урт мод шидэж миний сээр нурууг гэмтээсэн. Гомдолтой байна. Т гэх залуу 583.000 төгрөгийн хохирол төлсөн байгаа... Дараагийн баримтаа прокурорын шатанд гаргаж өгье. Одоогоор ямар нэгэн баримт байхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

 

2. Насанд хүрээгүй гэрч С.Бий: “... 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 21 цагийн үед би найзууд болох И.Энхтүвшин, Билгүүн нартай Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Хайлааст давдаг зам дээр уулзаад манай Эрхэссүрэн халгай аваад тоглоод байхаар нь бид нарт халгай хайгаад дээш яваад нэг хашааны гадаа очоод Билгүүнээ бид хоёр халгай аваад байж байтал хашаан дотроос нэг ах хөөе гээд орилохоор нь бид хоёр доош найзууд руугаа гүйгээд саад дээр очоод тоглоод байж байтал араас нөгөө орилсон 30 орчим настай ах ирээд яагаад хашааны банз хугалаад байгаа юм гээд Энхтүвшинийг алгадаад газар унагаад өшиглөхөөр нь би салгах гээд очсон чинь намайг барьж авч заамдаад хашааны ханатай хавсраад нүүр лүү 2 удаа мөргөсөн, манай найз Дийг хөөсөн. Тэгээд буцаж ирээд машинаа тавьчхаад бид нар луу мод барьж дайраад Д лүү мод шидээд нүүр лүү нэг удаа цохисон, харин Эрхэссүрэнгийн хүзүүг маажсан, тэгээд бид нарыг хэлтэс дээр авчирсан. Тэр ах Дий нуруун дээр модоор цохиж нуруунд нь гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 94 дэх тал),

 

3. Насанд хүрээгүй гэрч Э: ”...2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 21 цагийн үед ... Билгүүнээ бид хоёр халгай аваад байж байтал уг хашаан дотроос нэг ах хөөе гээд орилохоор нь бид хоёр доош найзууд руугаа гүйгээд саадан дээр очоод тоглоод байж байтал араас нөгөө ах ирээд яагаад хашааны банз хугалаад байгаа юм гээд намайг үсдээд дагз руу 1-2 удаа, гэдэс, хэвлий хэсэг рүү 1 удаа өшиглөөд манай найз Билгүүнээг барьж аваад нүүр лүү нь гараараа цохисон. Тэгээд бид нар доош зугтаасан. Тэгсэн нөгөө ах бид нарын хойноос хөөгөөд Д цаашаа гүйтэл араас нь мод шидээд нуруун дээр нь оноод нурууг нь гэмтээсэн, өөр болсон зүйлгүй...”  гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 97 дахь тал),

 

4. Насанд хүрээгүй гэрч Э.Эийн”...2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 21 цагийн үед би найзууд болох И.Энхтүвшин, Билгүүн, Д нартай Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Хайлааст давдаг зам дээр уулзаад би гүүрэн доороос халгай аваад бид нар хоорондоо тоглож байсан. Тэгээд би доор байж байтал манай найз Энхтүвшинийг нэг хүн зодоод байна гэхээр би яваад очсон чинь Энхтүвшинийг нэг танихгүй ах барьчихсан Билгүүн салгах гээд байж байсан. Тэгсэн нөгөө ах Билгүүнээгийн нүүр лүү 2 удаа мөргөхөд нь бид нар айгаад салаад зугтаасан чинь араас нөгөө ах машинтай хөөгөөд тэгээд мод авч шидээд Дий нуруун дээр цохисон. Тэр ах Дий нуруун дээр модоор цохисон бөгөөд Дий нуруу эвгүй болсон, дараа нь таарахад нуруун дээр нь нэг юм хугарсан гээд гараа сойчихсон явж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 96 дахь тал),

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 12911 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.Дий биед сээрний 3 дугаар нугалмын их биеийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтмол нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 44 дэх тал),  

 

6. Яллагдагч М.Тын: “...2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 21 цагийн үед би гэртээ байж байтал манай хашааны гадаа хүүхдүүд шуугилдаад байхаар нь би гэрээсээ гараад болиоч яагаад банз хугалаад байгаа юм гэсэн чинь бид нар хугалаагүй гээд цаашаа гүйчихээр нь араас нь тоглоомын талбай дээр очоод хар цамцтай /Билгүүн/ эрэгтэй хүүхдийг барьж аваад үснээс нь зулгаагаад гараараа цээж рүү нэг удаа цохисон. Тэгсэн хажуугаас найз нь гэх нэг эрэгтэй хүүхэд намайг цохих гээд ороод ирэхээр нь хувцаснаас нь барьж чирээд нүүрэн тус газар луу хоёр удаа мөргөсөн, тэгсэн нөгөө хүүхдүүд зугтаагаад яваад өгөхөөр нь араас нь газар хэвтэж байсан 70-80 см урттай модыг аваад шидтэл эрээн алаг хувцастай хүүхэд /Д/-ний нуруун тус газар нь оноод газар унасан, энэ талаараа өмнө сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ дэлгэрэнгүй ярьсан байгаа нэмж ярих зүйл байхгүй. Би хохирогчид 583000 төгрөг төлсөн. Цаашид гарах зардлыг төлнө...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 61 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч М.Т нь тухайн хүүхдүүдийг /халгай түүж байсан гэх/ өөрийнх нь хашааны банзыг хугалсан эсэхийг шалгаж нягтлаагүй байж  “хашааны банз хугаллаа” гэх шалтгаанаар хойноос нь машинтай хөөж, хүүхдүүдийг барьж аван нүүр лүү нь цохих, мөргөх, юм мөргүүлэх, мод шидэх зэрэг хууль бус хүч хэрэглэсэн үйлдлүүдийг хүүхдүүдийн эсрэг чиглүүлэн санаатай хийсэн байх бөгөөд түүний энэхүү үйлдлээс шалтгаалж насанд хүрээгүй хохирогч Г.Дий эрүүл мэндэд хохирол учирсан, тодруулбал, түүний шидсэн мод нь насанд хүрээгүй хохирогч Г.Дий нуруу хэсэгт онож, цохигдон Г.Дий биед сээрний 3 дугаар нугалмын их биеийн хугарал бүхий гэмтлийг учруулсан нь насанд хүрээгүй хохирогч болон насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч М.Тын насанд хүрээгүй хохирогч Г.Д рүү чиглүүлэн мод шидсэн үйлдлийг тухайн үед байсан  бүхий л хүмүүс /гэрч С.Билгүүн, Э.Эрхэссүрэн, Э.Энхтүвшин/ гэрчилж мэдүүлсэн байх бөгөөд шүүгдэгч М.Т ч уг үйлдлээ үгүйсгээгүй болно.

Иймд шүүгдэгч М.Т нь хүний биед халдаж буй тухайн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарласан ч түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн шинжтэй байх тул шүүгдэгч М.Тыг тус хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэхээр байна.

Иймээс шүүгдэгч М.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Дий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээний зардал нэхэмжилж холбогдох баримтуудыг гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч М.Т нь насанд хүрээгүй хохирогч Г.Дд 583.000 төгрөгийг төлсөн байна.

Насанд хүрээгүй хохирогч Г.Д болон түүний хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн байх тул энэхүү зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.Тоос нэхэмжлэх эрхтэйг дурдав.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...шүүгдэгч нь гэм буруу дээр маргаагүй, тодорхой хэмжээгээр хохирол төлж барагдуулсан, өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй тул прокурорын санал болгосон торгох ялын хэмжээг бууруулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч М.Тын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, улмаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тус гэмт хэргийн улмаас хүүхдийн эрх зөрчигдөж гэмт хэргийн хохирогч болсон, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж зэргийг харгалзсанаас гадна шүүгдэгч М.Т хувийн байдал, тодруулбал, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, орлоготойг илэрхийлэх баримттай зэргийг  тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 900 (есөн зуу) нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний сард олох орлогын хэмжээг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэдийгээр шүүгдэгчийн өмгөөлөгч нь торгох ялын хэмжээг бууруулах талаар дүгнэлт гаргасан боловч хүлээн авах боломжгүй байна. Учир нь, шүүгдэгчийн үйлдлээс шалтгаалж хүүхэд хохирсон, хохирогчийн эрүүл мэндэд тулгуур эрхтэнд буюу сээрний 3 дугаар нугалмын их биеийн хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан, энэхүү хохирол, уршгийн байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тус тус харгалзан ялыг оногдуулсан болно.

Харин шүүгдэгч М.Т нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч М.Тод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Мын Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тод 900 (есөн зуу) нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тод оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

            5. Шүүгдэгч М.Т нь насанд хүрээгүй хохирогчид 583.000 (таван зуун наян гурван мянга) төгрөг төлсөн болохыг дурдаж, насанд хүрээгүй хохирогч Г.Д, түүний хууль ёсны төлөөлөгч А.Дашзэвэг нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотолсон баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.Тоос нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Тод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.АЛТАНЦЭЦЭГ