Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/106

 

 

 

 

 

 

 

 

 

2023           01           18                                   2023/ШЦТ/106

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

           улсын яллагч Н.Уранбайгаль, (томилолт)  

            шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

            Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б******* овогт А******гийн Н*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 220300700********** дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19***** оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ****аймагт төрсөн,**** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд механизмын жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 2 эхийн хамт, *****аймгийн ****сум **** дугаар баг ********гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б***** овогт А**гийн Н (РД:********),

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Н нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 14 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Дүүргийн автобусны буудлын замд “Тoyota Land cruiser Prado” маркийн **** СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан 13 настай, явган зорчигч Ч.М*ийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Н нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 14 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Дүүргийн автобусны буудлын замд өөрийн эзэмшлийн “Тoyota Land cruiser Prado” маркийн **** СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан 13 настай, явган зорчигч Ч.Мийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж, зам тээврийн осол гаргасан үйл баримт нь:

 

1.Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 13 дахь тал),

 

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...Уг зам тээврийн осол болсон гэх газар нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороон нутаг дүүргийн автобусны буудлын явган хүний гарц дээр үйлдэгдсэн байв. Үзлэгийн баг ослын газарт очиход зам орчны байдал асфалт шулуун тэгш, хуурай, явган хүний гарцтай, суурингийн доторх үзэгдэх орчин чөлөөтэй, тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, эгнээний тоо 4, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зам байв. Анх автомашинд явган зорчигч мөргүүлсэн гэх цэгийг жолоочоор заалган А үсгээр тэмдэглэв. Явган зорчигч автомашинд мөргүүлэн газарт унасан гэх цэгийг зорчих хэсэг дээр үүссэн цус мэт улаан хүрэн өнгийн зүйлийг үндэслэн Б үсгээр тэмдэглэв. Хэмжилтийг хийхэд А цэгээс Б цэг хүрттэл 2.3м, А цэгээс автомашин хүртэл 9.5м, автомашины толь хугарч унасан цэгийг 3 тоогоор тэмдэглэв. А цэгээс 3 тоо хүртэл 17.8м зорчих хэсгийн өргөн 14.0м, А цэгээс зорчих хэсгийн зүүн хашлага хүртэл 4.8м,  Б цэгээс зорчих хэсгийн зүүн хашлага хүртэл 3.7м, явган хүний гарцны өргөн 4.0м, 21-44 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд дугуйнаас зорчих хэсгийн зүүн хашлага хүртэл 5.8м, баруун хойд дугуйнаас үүссэн тоормосны мөрний урт 3.20м тус тус байв. Жолооч А.Ныг драгер багаж үлээлгэн шалгах үед 0.00%-тай эрүүл байв.” гэж тэмдэглэсэн (хавтаст хэргийн 3-11 дэх тал),

 

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бийн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажил дээрээ байж байтал 13 цаг өнгөрч байхад манай хүү Мөнхдөлгөөн над руу утсаар залгаад ах М-ийг машин мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгээд би хаана гэж асуутал Сонгинохайрхан дүүргийн автобусны буудлын явган хүний гарц дээр гэж хэлсэн, тэгэхээр нь би очих гээд байж байтал цагдаагаас над руу холбогдоод таны хүүхдийг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан, та шууд гэмтлийн эмнэлэг рүү очоорой гэж хэлсэн. Тэгээд би шууд Гэмтлийн эмнэлэг яваад хүү Мий дээр очиход толгойны дух хэсэгт оёдол тавиулсан, гар, хөл, дээрх цусыг нь цэвэрлэж байсан. Тэгээд би хүүхдийнхээ биеийг эмчид үзүүлээд нарийн шинжилгээ өгтөл манай хүүхдийг үзсэн эмч 2 төрлийн хагалгаанд орно, толгой, дух хэсгээр цөмөрсөн хөлний шилбэний савхан яс хугарсан байна. Биеийн байдал бол маш хүнд байна гэж хэлээд шууд манай хүүг гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн. Тэгээд миний хүү эмнэлэгт 10 хоног эмчлүүлж байх хугацаанд 2 хагалгаанд орсон. Одоо эмнэлгээс гараад гэртээ хэвтрийн дэглэм бариад эмчилгээ хийлгэж байгаа. Миний хүү 13 нас 4 сартай байна. Миний хүү Ч.Мий одоо байнгын хэвтэрт хүний асаргаанд өвчих намдаах эм хэрэглэж байгаа. Хөл, толгой байнга өвдөж байгаа. Хоол нь сайн шингэхгүй, хэвлий бага зэрэг өвдөж байгаа. Миний хүү Ч.Мий нь одоо зам тээврийн ослын талаар юм санахгүй, мөн ухаан санаа нь үе үе орж гараад мэдүүлэг өгөх боломжгүй байгаа. ...Миний хүү Ч.Мийн бие одоо гайгүй сайн болж байгаа. Миний хүүг мөргөсөн тухайн жолооч зам тээврийн осол болсон өдрөөс эхлээд миний хүүгийн эмчилгээнд туслаад явж байгаа. Нийт миний хүүгийн эмчилгээнд 5.500.000 төгрөгийн эмчилгээ хийлгэж өгсөн. Мөн дээрээс миний хүү адуунд дуртай болохоор уг жолооч нь миний хүүд гурван тооны адуу өгсөн. Одоо миний болон манай гэр бүлийн зүгээс ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх хохирол байхгүй. Манай хүү Мийн хохирол бүрэн барагдсан. Миний хүүгийн бие одоо сайн болж байгаа. Шүүх хуралд суухгүй...” гэсэн мэдүүлэг. (хавтаст хэргийн 16, 18, 20 дахь тал),

 

4. Насанд хүрээгүй гэрч Ч.Мөнхдөлгөөний: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 13 цагийн үед гэрээсээ ах Мийтэй хамт гараад сургууль руугаа явж байсан. Тухайн Сонгинохайрхан дүүргийн автобусны буудал дээр автобуснаас бид хоёр хамт буугаад ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй зам хөндлөн гарч хичээлийн хэрэгсэл авах гэж байсан. Тэгээд би явган хүний гарцаар түрүүлээд зам хөндлөн гарчхаад буцаад хартал манай ах Мий машинд мөргүүлчихсэн, газарт хэвтэж байсан. Тэгэхээр нь би ах руугаа шууд гүйгээд очтол толгой хэсгээс маш их цус гарч байсан. Тэгээд би манай аав хөдөө байсан учир ээж Бямбасүрэнд болсон зам тээврийн ослын талаар хэлсэн, удалгүй хэсэг хугацааны дараа эмч ирээд манай ахыг үзээд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Би тухайн үед хамт 103-н машинд суугаад явсан. Тухайн үед ослын дараа манай ахыг мөргөсөн машины жолооч бид хоёр дээр ирсэн. Тэгээд эмнэлэг дээр ах Мийг үзүүлээд явж байтал манай ээж ирсэн. Тухайн үед манай ахыг яг машин мөргөж байхыг хараагүй. Машинд мөргүүлээд газарт унасан байх үед нь харсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн  25 дахь тал),

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 15035 дугаартай дүгнэлт: “...Ч.Мийн биед дух ясны цөмөрсөн, зүүн чамархай ясны шугаман хугарал, зүүн шаант ясны хугарал, духанд шарх, зүүн зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус харвалт, зүүн сарвуу, зүүн өвдөг, шилбэ, шагайнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр авто ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” (хавтаст хэргийн 41-42 дахь тал),

 

6. Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Жавхлангийн гаргасан 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 93 дугаартай мөрдөгчийн магадлагаа: “...“Тoyota Land cruiser Prado” маркийн **** СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч А.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн” гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Явган зорчигч Ч.Мий нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 56 дахь тал),

 

7. “Тoyota Land cruiser Prado” маркийн **** СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа (хавтаст хэргийн 78 дахь тал),

 

8. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 04/5515 дугаартай албан бичиг, хавсралтын хамт (хавтаст хэргийн 71-72 дахь тал),

 

9. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/65 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 74 дэх тал),

 

10. Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн: “Эрүүл мэндийн даатгалын сангаас 4.133.00 төгрөг гаргасныг яллагдагч А.Наас гаргуулж эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан дахь 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 87 дахь тал),

 

11. Шүүгдэгч А.Нын: “..2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр болсон зам тээврийн ослын талаар өмнө нь гэрчээр мэдүүлэг өгсөн мэдүүлэгтээ бүгдийг үнэн зөв дэлгэрэнгүй хэлсэн байгаа. Би хохирогчид дансаар 2.000.000 төгрөгийн хохирол өгсөн байсан. Сүүлд хүүхдийн эмчилгээний зардалд нэмээд 3.000.000 төгрөг, мөн бага насны 3 тооны адуу өгч бүх хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо надаас өөр нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөөд хохирогчийн бүх хохирлыг бүрэн барагдуулж өгсөн.. Эрүүл мэндийн даатгалаас нэхэмжилж буй хохирлыг төлж барагдуулах болно” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч А.Н нь тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцохдоо тухайн үед зохицуулдаггүй гарцаар ойртон ирэх үедээ хурдаа хасалгүй явснаар гарцаар гарч явсан насанд хүрээгүй хохирогчийг мөргөж, зам тээврийн ослыг гаргахад хүргэсэн байна.

Шүүгдэгч А.Нын гаргасан энэхүү үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн шинжтэй  болох нь мөрдөгчийн магадлагаагаар (хх-ийн 56х),  уг зам тээврийн ослын улмаас иргэн Ч.Мийгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан шинжээчийн 15035 дугаартай дүгнэлт (хх-ийн 41-42х) зэргээр тус тус тогтоогдсон, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, бие биеэ харилцан нотолсон шинжтэй ажээ.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч А.Н болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд оролцохдоо хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Иймд шүүгдэгч А.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Ч.Мийн нь эмчилгээ хийлгэсэн зардалд нийт 5.500.000 төгрөгийг төлсөн, 3 тооны адуу өгсөн, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг гаргасан байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзсэн.

Харин Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хохирогчийн эмчилгээнд зарцуулсан 4.133.000 төгрөгийг шүүгдэгч А.Наас нэхэмжилсэн байх тул шүүгдэгчээс гаргуулж, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан дахь 100900020080 тоот дансанд төлүүлэх нь  зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор нь шүүгдэгч А.Н-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай саналыг шүүгдэгч А.Н-т танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

Шүүгдэгч А.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа  гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “... гэмт хэрэг үйлдсэний дараа  хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн,  учруулсан хохирлыг  баримтын хүрээнд төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй  болохыг дурдав.

 

Шүүхээс шүүгдэгч А.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчид хохирлыг сайн дураараа төлж барагдуулсан байдал, Эрүүл мэндийн даатгалын санд хохирол төлөхөө илэрхийлсэн байдал, түүний хувийн байдал  зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн  шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч А.Н-т мэдэгдэж, шүүгдэгч А.Н-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор тогтов.

 

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон           

                                                                                                         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт А-гийн Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Н-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил 6 (зургаан) сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж  байгаа эрх бүхий  байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн  шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч А.Н-т мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.Н-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга  хэмжээг авсан үеэс эхлэн тоолсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Н-аас нийт 4.133.000 (дөрвөн сая нэг зуун гучин гурван мянган) төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан дахь 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.

 

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Н нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.АЛТАНЦЭЦЭГ