Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 128/шш2022/0084

 

 

 

 

 

Улаанбаатар хот \ъ

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ж” ХХК /РД:..../,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Н,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э,

Хариуцагч:   Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Жнарын хоорондын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг цуцалсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Снар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ж” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын “Ж” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/155 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Чандманы аманд 0,24 га хэмжээтэй газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн 2016/193 дугаар гэрчилгээг “Ж” ХХК-д олгожээ.

Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн газар ашиглах эрхийг эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, гэсэн үндэслэлээр цуцалж, гэрчилгээг хүчингүй болгосон байна.

3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг анх Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1488 дугаар албан бичгээр мэдэж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/5426 дугаар “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичгээр газар ашиглах эрхийг дуусгавар болсон тул газар ашиглах эрхийг сэргээх боломжгүй гэх татгалзсан хариу авсан.

Үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4. Нэхэмжлэгч “Ж” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 

1/ Манай компани газар ашиглах эрхийн 2016/193 тоот гэрчилгээ бүхий газартаа Аялал жуулчлалын үйлчилгээний зориулалт бүхий цогцолбор барихаар төлөвлөж, 2016 оноос хойш шаардагдах зөвшөөрөл, бичиг баримтуудыг бүрдүүлж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд манай компанийн зүгээс өөрийн ашиглах эрхтэй газартаа нийт 1,070,832,640 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж аялал жуулчлалын үйлчилгээний цогцолборын барилгын ажлыг эхлүүлэхэд шаардагдах бүх зөвшөөрөл бичиг баримтуудыг бүрдүүлсэн.

Ингээд манай компанийн газар ашиглах эрхийн хугацаа дуусаж байсан тул газар ашиглах эрхийн хугацаагаа сунгуулахаар хөөцөлдөж, хүсэлтээ гаргатал Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1488 дугаар албан бичгээр “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус зөрчсөн үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар танай газар ашиглах эрх цуцлагдаж хүчингүй болсон байна. Иймд гэрчилгээг сунгах асуудлыг шийдвэрлэх боломжгүй.” гэсэн хариу өгсөн.

Дээрх хариуг авснаар манай газар ашиглах эрхийг цуцалсан болохыг бид мэдсэн. 2021 оны гуравдугаар сард Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас манай компанид газар ашиглах эрхийг цуцалсан шийдвэрээ мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй, холбогдох захиргааны актыг манай компанид гардуулж өгөөгүй, маргаж буй захиргааны актыг бид одоог болтол олж үзээгүй байна.

Мөн манай компани 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 036/2021 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад манай компанийн газар ашиглах эрхийг хууль бусаар хүчингүй болгосон талаар гомдол гаргасан ч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/5426 тоот албан бичгээр “...газар ашиглах эрхийг сэргээх боломжгүй” гэсэн хариу өгсөн.

Ийнхүү манай компани Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/5426 тоот албан бичгээр ирүүлсэн “... газар ашиглах эрхийг сэргээх боломжгүй” гэсэн хариу ирүүлснийг эсэргүүцэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

2/ Уг албан бичигт дурдсанаар бол манай компанийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” гэсэн заалтуудыг зөрчсөн үндэслэлээр цуцалсан гэжээ.

Гэтэл манай компани ийм зөрчил гаргаагүй бөгөөд газрын төлбөрт 2016 онд 2,000,000 төгрөг, 2017 онд 3,168,000 төгрөг, 2018 онд 3,168,000 төгрөг, 2019 онд 4,291,200 төгрөг, 2020 онд 4,255,440 төгрөг төлсөн. Мөн 2019 онд Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албатай тооцоо нийлж, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар газрын төлбөрийн үлдэгдэлгүй болохыг баталгаажуулж, 820190054 дугаартай газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдсэн.

3/ Газрын ашиглалтын тухайд газар дээрээ шав тэмдэг тавьж, хашаа барьсан, эрчим хүчний шугам татсан ба ашиглах эрхтэй газартаа аялал жуулчлалын цогцолбор барихаар барилгын холбогдох зөвшөөрөл, зураг төсөл, техникийн нөхцөлүүдийг эрх бүхий байгууллагуудаас авч барилгын ажил эхлүүлэхэд бэлэн болоод байгаа болно. Түүнчлэн газар дээрээ хашаа барьж, барилгын суурийн ажил болон эрчим хүчний шугам татаж, дэд станц байгуулаад байгаа болно. Иймд манай компанийг газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэл байхгүй.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаар тушаал нь бодит нөхцөл байдалд нийцэхгүй, манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй байхад гарсан хууль бус захиргааны акт байна. Ийнхүү Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаар тушаалаар манай компанийн тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн 2016/193 тоот гэрчилгээ бүхий газар ашиглах эрхийг хууль бусаар хүчингүй болгосноор манай компанийн газар ашиглах эрх зөрчигдөж байна. Мөн тухайн газарт төсөл хэрэгжүүлэхээр оруулсан хөрөнгө оруулалтаар хохирч байна. Уг хууль бус захиргааны актыг хүчингүй болгосноор манай компани газар ашиглах эрхээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, тухайн газарт төлөвлөсөн төслөө хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаар тушаалын "Ж" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09/81 дугаартай мэдэгдлийн дагуу манай тал хариуд нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 36/2020 дугаартай албан бичгийг явуулсан. 2020 оны 12 дугаар сараас цар тахлын улмаас хөл хорио тогтоосон байсан. 36/2020 дугаартай алба бичгийн хариуд Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас холбоо бариагүй. Бид хийсэн ажлынхаа баримтуудыг албан бичигтээ хавсаргаж явуулсан. Ийм нөхцөл байдлуудыг бид удаа дараа тайлбарлаж ирсэн. 2020 оны 12 дугаар сард ковидын улмаас хөл хориог тогтоосон байсан. Байгаль орчны яамнаас ирүүлсэн албан бичиг дээр и мэйлээр материалаа ирүүл гэсэн байсан. Бид  нар албан бичгээр материалаа аваачиж өгсөн. Албан бичгийг судлаад үзэхээр тусгай хамгаалалттай газрын захиргаа хүлээж авангуутаа танайх шилжүүлсэн байна хариу тайлбарыг шилжүүлье гэж хэлсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дахиж манай компани эргэж холбогдоогүй. Бодитоор ажлаа хийгээд, бичиг баримтуудыг нь албан бичигт хавсаргаад явуулсан. Гэтэл энэ нөхцөл байдлуудаа тайлбарласан байхад Байгаль орчин аялал жуулчлалын сайд бол тухайн нөхцөл байдлыг шалган тогтоогоогүйгээр, манай гаргасан тайлбар баримтыг судалж үзээгүйгээр газраа ашиглаагүй байна гэж дүгнэлт хийж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна.

Тайлан боловсруулаад тухайн үнэлгээний зөвлөлийн хурал нь хуралдана гэж байгаа юм. Зун хуралддаггүй, өвлийн улиралд хуралддаг. Газар дээр зөвшөөрөл авч байж барилга байгууламжаа барьж ажлуудаа хийнэ. Бодит байдал дээр газар дээр сууриа хийгээд цахилгаанаа татаад хашаагаа бариад бүх зураг төсөл барилгын ажлаа эхлүүлэх гээд зөвшөөрлөө авсан байж байгаа.

2/ Төлбөрийг төлөөд явж байсан, өмнөх жилүүдийг дутуу төлсөн байна гээд тухайн үед асуудалтай байсан бол хэлэх ёстой. Зөрчил нь арилснаас хойш, 3 жилийн өмнө төлбөрөө нөхөж төлсөн гэж цуцалж болохгүй, төлбөрийн зөрчил арилснаар төлбөрийн тооцоо нийлсэн актаа үйлдсэн болохоор зөрчилгүй болсон гэж үзэж байгаа юм. 2016-2018 оны төлбөрийг төлөөгүй гэж хэлж байна. Төлбөр төлөөгүй шалтгаан нь газрын төлбөрийн хэмжээг аж ахуйн нэгж тухайн дүүргийн Засаг дарга, газрын алба Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа 3 гуравласан гэрээ байгуулж төлбөрийн хэмжээг тогтооно. Гуравласан гэрээнд төлбөрийн хэмжээ болон төлбөр төлөх дансыг тохирсон заалтууд нь тодорхой орсон. Гэрээ байгуулсантай холбоотойгоор Ж ХХК-аас өмнөх онуудын төлбөрүүдийг 2019 онд бүрэн төлж дуусаад тооцоо нийлсэн актаа 2 удаа үйлдээд төлбөрийн зөрчил арилж байгаа юм. Нэгэнт зөрчил арилсан байхад захиргааны байгууллага дараа нь 3 жилийн өмнө төлбөрөө хоцроож төлж байсан байна. Тийм учраас цуцаллаа гэж хэлэх боломж байхгүй болж байгаа юм. Газрын төлбөрийн зөрчил нь Ж ХХК дээр сайдын тушаал гарахад ямар нэгэн зөрчил үүсээгүй байсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. “Ж” ХХК 2019 онд гэрээ байгуулагдсанаас хойш тог цахилгаанаа татаад барилгын зураг төслийг батлуулах ажилдаа орж байгаа юм. 2020 оны 3 дугаар сард скиз зургийг Байгаль орчны яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын агентлаг, ерөнхий төлөвлөлтийн газар зөвшилцөөд баталсан. Үүний дараа бүх ажлуудыг явуулахад “Ж” ХХК-аас 19 төрлийн баримт бичиг баримтуудыг бүрдүүлж байгаа юм. Газар дээрх цахилгааны дэд бүтцийн байгууллага, суурь хийх ажлуудыг хийж байгаа юм. Газрыг шууд зориулалтын дагуу ашиглана гэхээр өнөөдөр гэрчилгээ аваад маргааш газар дээр нь аялал жуулчлалын цогцолбор барина гэж байхгүй. Хууль тогтоомжийн дагуу барилга байгууламжид холбогдох бүх зөвшөөрлийг тус тусдаа захиргааны байгууллагаас авдаг.

Энэ захиргааны байгууллагаас авах ажлуудыг “Ж” ХХК нь хийдэг. Нийтдээ тэрбум далан сая төгрөгийн хөрөнгө зарцуулаад, 19 төрлийн бичиг баримтуудыг бүрдүүлээд, тухайн газар дээрээ суурин ажлаа хийгээд бодитоор явж байхад, аж ахуйн нэгжийг ашиглаагүй гэх үзэх боломж байхгүй.

3/ Цагдаагаас 660 аж ахуйн нэгжийг шалгасан байсан. Үүн дээр Захиргааны хуулийг зөрчөөгүй, захиргааны эрх зүйн актыг зөрчөөд зөрчлийн арга хэмжээ авхуулсан баримт байхгүй. Мэдэгдэл хүргүүлж байгаа гэдэг үндэслэлээр аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг газар эзэмших ашиглах цуцлах шийдвэр гаргаад байгаа нь үндэслэлгүй.

 

4/ “Ж” ХХК дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ажиллагаа байхгүй гэдгийг цагдаагийн байгууллага хэлдэг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн газар эзэмших ашиглах гэрчилгээ авснаас хойш зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах, барилга байшин барихын тулд газрын гэрчилгээ авсны дараа ерөнхий үнэлгээ гаргаад батлуулдаг. Гуравласан гэрээг Хан-Уул дүүргийн Засаг даргатай 06 дугаар сард гэрээ хийгдэж байсан. Энэ  барилга барих үйл ажиллагаа явуулах хүртэл ажлын зураг төслөө батлуулаад ажил хийх зөвшөөрлөө аваад ажлаа эхлэх ёстой гэсэн хуулийн зохицуулалттай. Үүний дараа архитектур төлөвлөлтийн даалгаврын үндэслэл болоод дараа нь скиз зураг батлуулдаг. Энэ нь Байгаль орчны яаманд батлагдсан байгаа. Скиз зургаа батлуулсны дараа техник нөхцөлүүдээ авдаг. Үүний дараа ажлын зургаа хийдэг. Эдгээр зүйлүүдийг хийсний дараа бичиг баримтуудаа цуглуулаад ажил хийх зөвшөөрлөө авдаг. Цар тахлын үед скиз зураг батлагдахгүй байна гээд тусгай хамгаалалттай газар дээр скиз зургийг батлахгүй гээд тодорхой хугацаанд албан хүсэлт хүлээж авахаа больдог. 3 сарын татвар, гуравласан гэрээ хийсэн гэрчилгээ олгох байгууллага байхгүй байх. Энэ нь бас хүндэтгэн үзэх шалтгаан юм болов уу гэж харж байна.

2/ Сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдэл ирэхэд хариуг нь өгсөн. Газар цуцлах тухай тушаал шийдвэр цар тахлын үед гарсан. Хориотой үед ч гэсэн бичиг баримтыг аваачиж өгч байсан гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жшүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ Авлигатай тэмцэх газар болон цагдаагийн байгууллагаас тусгай хамгаалалттай газар нутагт нэр бүхий иргэн, хуулийн этгээд нь аялал жуулчлал, амралт сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар газар ашиглах тусгай зөвшөөрөл авч улмаар газрыг зориулалтын бусаар ашигласан үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах эрхтэй иргэн, хуулийн этгээд нь газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл тогтоогдож, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 11и-3/5988 тоот албан бичгээр мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлсэн. Тус мэдэгдэлд Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн 660 иргэн /433-д "Ж" ХХК орсон/, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг нь хүчингүй болгож, цуцлах талаар мэдэгдсэн.

2/ Нэхэмжлэгч компани нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасны дагуу хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 5 жил дараалан ашиглаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно", "Мөн зүйл, хэсэгт заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно" гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.

3/ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж мөн Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.4-т “... Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгал орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна" гэж заасан бөгөөд нэхэмжлэгч мөн дээрх үүргийг хэрэгжүүлээгүй байна.

4/ Яагаад хугацаа гэж яриад байна вэ, гэвэл тухайн газар 5 жилийн хугацаатай олгогдож байгаа. Тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаад өөрсдийн  хүссэн бүтээн байгуулалтыг барихын тулд хүсэл эрмэлзэлтэй байх ёстой. Үүнийхээ хүрээнд гуравласан гэрээг байгуулаад зориулалтын дагуу тухайн газраа ашиглаад төлбөрөө төлөөд явах ёстой. Гэтэл компаниуд нь хүсэлт гаргаад өгдөг, 2016 онд газар ашиглалаа гэхэд 2019 онд гуравласан гэрээг байгуулаад байдаг. Бүх зүйл хууль дүрмийн дагуу явагддаг. Гуравласан гэрээг байгуулаад хүсэлт гаргаад тухайн хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй, хүсэлтийн хариуг 30 хоногийн дотор өгөхгүй бол Иргэн аж ахуйн нэгж өргөдөл гомдол гаргах тухай хууль дээр 30 хоногийн доторх хариугаа авна, хариугаа хүлээн зөвшөөрөхгүй бол дээд шатны байгууллагат хандаад цаашлаад шүүхэд хандаж шийдвэрлэх боломжтой. Үүний хүрээнд тухайн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа захиргааны байгууллага хариугаа аваад тухайн хариутай холбоотой шийдвэрт нөлөөлөх хугацаагаа хэмнээд явах бүрэн боломжтой.

2016 онд газар ашиглах эрх аваад газар ашиглах эрхээ хэдэн онд төлж байгаа вэ, гуравласан гэрээг хэзээ байгуулсан, өмнөх онуудын газрын төлбөр нь хэрхэн яаж төлөгдөж байна гэдгийг бүгдийг нь харна. Газраа зориулалтын дагуу ашиглах гэдгийг Улсын Дээд шүүх тайлбарлахдаа хуанлийн бүтэн 2 жилийн дотор гээд тайлбарласан. Цаасан баримтыг 2,3 жил бүрдүүлээд явсан бол 4 дэх жил дээр санхүүжилтээ шийдээд, 5 дахь жил дээр үйл ажиллагаа явж байтал газрын эрх нь дуусаад байвал ямар компани 5 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа бүрэн гүйцэт явуулж амжих юм. 2 жилийн дотор тухай газраа ямар зориулалттай явагдах вэ, гэсэн нөхцөл байдлыг шаардаад байдаг. Бичиг баримтуудыг бүрдүүлээд үйл ажиллагаа явуулахад 2 жил бол хангалттай хугацаа юм. Гэтэл хугацаандаа  үйл ажиллагаа явуулахгүй байна гэдэг дээр үнэлэлт дүгнэлт өгөөд тухайн зөрчлийг илрүүлээд захиргааны акт гаргаад байгаа юм.

5/ Иймээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3  40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Богдхан уулын дархан цаазат гарын хамгаалалтын захиргааны 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 11и-3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн мэдэгдлийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/79 дугаар тушаалыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж гаргасан байна. Мөн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09/8172 тоот албан бичгээр “Ж" ХХК-д дээрх шийдвэрийг гаргах болсон талаар мэдэгдэж холбогдох тайлбар, санал, ирүүлэхийг тусгасан ба захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан Үүргийг хэрэгжүүлж ажилласан байна. Иймд Байгаль орчин , аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12 нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

2. Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Бшүүхэд хандаж “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын “Ж” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж түүний үндэслэлээ “...захиргааны актыг гаргахдаа мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийгээгүй, газрын төлбөрийг төлж тооцоо нийлсэн акт үйлдсэн, маргаан бүхий газарт холбогдох зөвшөөрлүүдийг авч гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаж байгаа тул 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй...” гэж тодорхойлсныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл анх Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/155 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Чандманы аманд 0,24 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн 2016/193 дугаар гэрчилгээг 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 5 жилийн хугацаатай олгосон, уг гэрчилгээг үндэслэн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.А, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Днартай “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай2019/81 дүгээр гэрээг 2021 оны 5 дугаар сарын 12ы өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан, үйл баримтууд тус тус тогтоогдсон, эдгээр үйл баримтуудын талаар хэргийн оролцогчид маргаагүй.

4. Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаар бүхий “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус үндэслэн “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө нь хугацаанд бүрэн төлөөгүй хавсралтад заасан нэр бүхий...иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот албан бичгээр ирсэн санал, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс 2020 оны 9 дүгээр сарын 04-ны өдөр 11и-3//5988 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмж, иргэн аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлсэн мэдэгдлийн дагуу цуцалж, хүчингүй болгож шийдвэрлэсэн, уг тушаалын хавсралтын 129 дүгээрт нэхэмжлэгч “Ж” ХХК багтсан байна.

5. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгөөр дараах үйл ажиллагаа явуулж болно:” мөн зүйлийн 7 дахь хэсэгт “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах”, 27 дугаар зүйлд “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 1 дэх хэсэгт “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараах үүрэг хүлээнэ:” 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх;”, 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх;” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлд “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” үндэслэлүүдийг заасан ба 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заажээ.

6. Хариуцагч захиргааны байгууллагаас гаргасан маргаан бүхий актын үндэслэлээс үзвэл нэхэмжлэгч компанийг Газрын тухай хууль тогтоомж зөрчиж, “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, мөн “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлүүдээр газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон байх боловч ийнхүү хүчингүй болгохуйц нөхцөл байдлыг хангалттай шалгаж тогтоогоогүйгээс тухайн захиргааны актыг үндэслэл бүхий акт гэж үзэх хууль зүйн боломжгүй гэж шүүх дүгнэв.

Тухайлбал, нэхэмжлэгчийг Газрын тухай хуульд зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байх боловч Газрын тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт нь нэгдүгээрт гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх, хоёрдугаарт ийнхүү ашиглаагүй нь “хүндэтгэн үзэх шалтгаангүй байх”-ыг шаардана.

Өөрөөр хэлбэл дээрх хоёр нөхцөл хамт бүрдсэн тохиолдолд Газрын тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан зохицуулалт хэрэглэгдэх бөгөөд энэ тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчийг тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг шалгаж тогтоосны үндсэн дээр тухайн шийдвэрийг гаргах учиртай.

7. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасан.

Хуулийн дээр дурдсан заалтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага захиргааны актыг гаргахын өмнө тухайн актад хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг, тухайлбал ашиглах эрх үүссэнээс хойш тухайн газрын хувьд үйл ажиллагаа явуулсан эсэх, явуулаагүй бол энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг нарийвчлан тогтоох үүрэгтэй байхад энэ үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч компанийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж дүгнэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй, тухайн захиргааны актыг зорилгодоо нийцсэн гэж үзэх боломжгүй байна. Учир нь:

8. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “Ж” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай2019/81 дүгээр гэрээг байгуулснаас хойш ашиглаж буй газраа зориулалтын дагуу ашиглахаар тодорхой үйл ажиллагаа явуулж, эрх бүхий байгууллагуудад хандсанаар 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 218/Е23 дугаар “Ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудас”, 2019 онд “Ж” ХХК-ийн аялал жуулчлалын барилгад зориулсан инженер-геологийн судалгааны дүгнэлт гаргуулан 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ГБМЗХ2020/16-048 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг батлуулснаас гадна тус газрын гадна цахилгаан хангамжийн ажлын зураг /10/0.4 кВ-ын ЦДКШ, 250 кВа дэд станц/-ийг гаргуулсан байна.

Түүнчлэн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газраас “Барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай 11 дүгээр дүгнэлт, 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр цахилгаан шугам сүлжээний газраас, 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 15/4458/20 дугаар Техникийн нөхцөл батлуулж мөн оны 10 дугаар сарын 22-ны өдөр Эрчим хүчний хөгжлийн төвийн 485/2020 дугаар “Зураг төслийн магадлалын ерөнхий дүгнэлт”, 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Барилгын хөгжлийн төвөөс 1063/2021 дугаар бүхий “Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл” гэх баримт бичгийг тус тус гаргуулсан байх ба одоогийн байдлаар тухайн газар дээр барилгын зоорийн давхрын цутгалтыш бүрэн хийсэн, хашаа татсан, өндөр хүчдэлийн шугам татаж суурилуулсан байгаа нь холбогдох нотлох баримтууд болон шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тус тус тогтоогдсон, эдгээр үйл баримттай мөн хэргийн оролцогчид маргаагүй.

Үүнээс үзвэл газар ашиглах эрхээ хэрэгжүүлэхээр төрийн захиргааны эрх бүхий байгууллагуудаас зохих зөвшөөрлүүдийг авч барилгын ажлаа эхлүүлэн зоорийн давхрын цутгалтаа бүрэн хийсэн байхад нэхэмжлэгч компанийг гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх, улмаар энэ нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байсан гэж шууд дүгнэх боломжгүй, энэ тохиолдолд хариуцагчийн гаргасан захиргааны акт хууль зүйн үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл хариуцагч тухайн захиргааны акт гаргахын өмнө нөхцөл байдлыг тогтоолгүй шууд Газрын тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй, бодит нөхцөлд тохироогүй, уг хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж шүүх дүгнэв.

9. Маргаан бүхий захиргааны актад заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлийн тухайд:

“Ж” ХХК-иас Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.А, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Днартай байгуулсанБогдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай2019/81 дүгээр гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т “Газрын төлбөрийн хэмжээ”-г Хан-уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 11 дүгээр тогтоолын дагуу 1 жилд 4291200 /дөрвөн сая хоёр зуун ерөн нэгэн мянга хоёр зуун/ төгрөгийг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлөхөөр тохиролцсон байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн болон шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Хан-Уул дүүргийн газрын албаны 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн актад 2016 оны гэрээгээр 2,000,000 төгрөг, 2017 оны гэрээгээр 3,168,000 төгрөг, 2018 оны гэрээгээр 3,168,000 төгрөг, 2019 оны гэрээгээр 4,291,200 төгрөг төлж 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр үлдэгдэлгүй гэж тодорхойлжээ.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нь 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай2019/81 дүгээр гурвалсан гэрээ байгуулсан боловч ийнхүү гэрээ байгуулахаас өмнөх хугацаанд ч хуульд заасан газар ашиглагчийн үүргээ биелүүлж газрын төлбөрөө төлж байсан, маргаан бүхий захиргааны акт гарах үед буюу 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гэхэд газрын төлбөрийн үлдэгдэлгүй байсан болох нь тогтоогдсон, энэ тохиолдолд нэхэмжлэгчийг газрын төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй гэж дүгнэн түүний газар ашиглах эрхийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

10. Нөгөө талаар хариуцагч маргаан бүхий А/50 дугаар тушаалыг гаргахдаа Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс 2020 оны 09 сарын 24-ны өдөр 11И-3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмж...болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот тоот санал...-ыг тус тус үндэслэл болгожээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Б.Ганчулууны гарын үсэг бүхий 2020 оны 09 сарын 24-ны өдөр 11И-3/5988 тоот албан бичгээр Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн даргад хандаж “...Авлигатай тэмцэх газар болон цагдаагийн байгууллагаас Тусгай хамгаалалттай газар нутагт нэр бүхий иргэн, хуулийн этгээд нь аялал жуулчлал, амралт сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар газар ашиглах тусгай зөвшөөрөл авч улмаар газрыг зориулалтын бусаар ашигласан үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөргөн шалгах ажиллагаа явуулж байна, мөрдөн шалгах ажиллагааны явцад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Усны тухай хууль зэрэг бусад салбар хуулийг зөрчсөн үйлдэл тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлд заасны дагуу мөрдөгчийн мэдэгдэл бичиж хүргүүлэв. Мэдэгдлийн дагуу холбогдох арга хэмжээг авч, хуульд заасан хугацаанд хариуг ирүүлэх”-ийг мэдэгдсэн,

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч Ж.Бн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 15 дугаар мэдэгдэлд “...Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөлтэй боловч Газрын тухай хуулийн 40.1.6 дахь хэсэгт /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/ заасныг зөрчсөн 660 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, газар ашиглах эрхийг нь Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуцлах”-ыг мэдэгдсэн, уг хавсралтын 433-т нэхэмжлэгч компанийн нэр орсон үйл баримтууд мөн тогтоогдов.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6.1-д “Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоомогц мөрдөгч, прокурор нь зохих хуулийн этгээдэд тэрхүү шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авхуулахаар мэдэгдэл бичиж хуулбарыг хэрэгт нь хавсаргана” гэж зааснаас үзвэл мөрдөгчийн мэдэгдэл нь аливаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авахыг л эрх бүхий этгээдэд мэдэгдсэн агуулгатай тул захиргааны байгууллага уг мэдэгдлийг үндэслэн нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг шууд хүчингүй болгохгүй, харин хуульд заасан үндэслэл журмын дагуу л цуцлах үүрэгтэй.

Нөгөө талаар тус шүүхэд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 11и-3/664 дүгээр албан бичгээр “...Өнөөдрийн байдлаар “Ж” ХХК-д холбогдуулж хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн болон эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэг тус хэлтэст шалгагдаагүй болно...” гэсэн тодорхойлолт ирүүлснээс үзвэл нэхэмжлэгч байгууллагыг гэм буруутай гэх үндэслэл бүрэн шалгагдаж тогтоогдоогүй гэж үзэхээр байна.

Энэ тохиолдолд, маргаан бүхий А/50 дугаар тушаалд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс 2020 оны 09 сарын 24-ны өдөр 11И-3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот тоот саналыг тус тус үндэслэл болгосон нь буруу.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д.”Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж, 26.2-т ”Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ...” гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан нотлох баримт болох Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09/8172 дугаар албан бичгээр “Ж” ХХК-д захиргааны акт гаргах болсныг урьдчилан мэдэгдсэнээр нэхэмжлэгч компаниас 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 038/2020 дугаар албан бичгээр холбогдох баримтуудыг, мөн өдрийн 036/2020 дугаар “Хүсэлт гаргах тухай” албан бичгийг тус тус хүргүүлсэн боловч захиргаа шийдвэр гаргахдаа эдгээр нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” тушаалын “Ж” ХХК-д холбогдох хэсэг хууль бус, уг хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул уг тушаалын “Ж” ХХК-д холбогдох хэсгийг  хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.4, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын “Ж” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН