Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2025/0373

 

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2025/0373

Улаанбаатар хот

 

 

                                      Г.Г***ийн нэхэмжлэлтэй

                                       захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***,

Гуравдагч этгээд Ж.Б***,

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Г.Г***,

Хариуцагч: Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга,

Гуравдагч этгээд: Ж.Б***, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд Г.Г***ийг томилохыг даалгах, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/85 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 119/ШШ2024/0051 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч Г.Г***,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н***,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***,

Гуравдагч этгээд: Ж.Б***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э***.

Хэргийн индекс: 119/2024/0039/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Г***ээс Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд Г.Г***ийг томилохыг даалгах, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/85 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 119/ШШ2024/0051 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.3, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Г.Г***ийн Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Г***од холбогдуулан гаргасан Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн 2024.03.22-ны өдрийн 17 дугаар тогтоолын хэрэгжүүлэхгүй байгаа Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд Ганбаатарын Г***ийг томилохыг даалгах, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/85 дугаар тушаалыг хүчингүй болгуулахнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

Төрийн албаны тухай хуулийн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2, 75.3, 75.5, 76 дугаар зүйлийн 76.3-д тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь Төрийн албаны төв байгууллагад хуульд заасны дагуу гомдол гаргасан эсэх, Төрийн албаны төв байгууллага гомдлыг хүлээн авсан эсэх нь тодорхойгүй. Энэ талаар хэрэгт авагдсан баримт байхгүй, хариуцагчийн зүгээс тус баримтуудыг гаргаж өгөх боломжгүй талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарлаж, шүүхийг нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх, талууд тэгш эрхтэй оролцох талаар мэдэгдсэн боловч анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1-д тус тус заасныг зөрчиж, шийдвэр гаргасан.

Дээрх нотлох баримтууд хэрэгт авагдаагүйн улмаас магадгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байсан болохыг ч үгүйсгэх аргагүй.

Иймд хэрэгт зайлшгүй шаардлагатай нотлох баримтууд цуглараагүй байхад хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

3.2 Гуравдагч этгээдээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн буюу “Төрийн албаны салбар зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” шаардлагатай холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийгээгүй. Нэхэмжлэгч нь 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай тогтоолыг гарснаас хойш Аймгийн Засаг даргын Тамгын газарт ажилд орохоор ирээгүй, хүсэлт зоригоо илэрхийлээгүй, 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр буюу 6 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Төрийн албаны зөвлөлд 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хандсан гэх боловч энэхүү нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй.

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд Г.Г***ийг томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд Төрийн албаны салбар зөвлөл болон хуульд заасан төлөөлөх эрх бүхий этгээдийн эрх хэмжээнд шүүх хөндлөнгөөс халдаж, хуульд заасан эрх хэмжээгээ хэтрүүлсэн. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно” гэж заасан тул санал болгосон нэр дэвшигчийг томилох, томилохоос татгалзсан тохиолдолд төрийн албаны төв байгууллагаас дахин өөр нэр дэвшигчийг санал болгох хуульд заасан процесс ажиллагааг алгасан шүүх томилох чиг үүрэг хууль тогтоомжоор олгогдоогүй.

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/85 дугаар тушаалыг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хуульд заасны дагуу нээлттэй сонгон шалгаруулалт зарлан, оролцсон 2 иргэний дунд шалгалт зохион байгуулагдаж, үр дүнг баталгаажуулан Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 67 дугаартай тогтоол гарч, нэр дэвшүүлсээр байтал уг тогтоолыг үл хэрэгсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, салбар зөвлөлийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн сонгон шалгаруулалтын зар, 10 дугаар сарын 07-ны өдрийн төрийн жинхэнэ албаны бүтцийн нэгжийн удирдлагын албан тушаалын тусгай шалгалтын комиссын дүнгийн үнэлгээ, салбар зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 67 дугаартай тогтоол нь одоог хүртэл хүчин төгөлдөр байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д заасныг зөрчсөн.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах” зарчмын хүрээнд миний бие уг албан тушаалд Төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан сонгон шалгаруулалтад орж, хамгийн өндөр оноог авч томилуулах санал болгосны дагуу ажиллаж байгаа энгийн нэгэн ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхол хохироход хүрч байгаад туйлын гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

 

4. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдээс гаргасан давж заалдах гомдлыг эсэргүүцэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

 2. Давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 119/ШШ2023/0024 дүгээр шийдвэрээр “Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.3, 33 дугаар зүйлийн 33.2.2, 33.12, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Г.Г***ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Орхон аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд Г.Г***ийг томилуулахаар нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлд даалгаж” шийдвэрлэсэн. Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 221/МА2023/0708 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэснээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон

Улмаар Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолоор “Орхон аймаг дахь Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд Г*** овогтой Г***ийг томилуулахаар нэр дэвшүүлсэн”-тэй холбогдуулан хариуцагчаас 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 03/1034 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлд хандан “...Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байсан албан хаагч Б.О***нь өөр байгууллагад шилжин ажилласан тул Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасны дагуу сул орон тоо гарсан. Иймд ... төрийн байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалд хамаарах бүтцийн нэгжийн удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг зарлах эсэх, эсвэл Г.Г***ийг томилох эсэх талаар арга зүйн зөвлөгөө” хүссэн.

Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 04/1077 дугаар албан бичгээр “...Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Г.Г***ийг дээрх албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхээр байна.... Төрийн албаны зөвлөл болон Салбар зөвлөлийн санал болгосон удирдах албан тушаалд нэр дэвшигчийг хуульд заасан үндэслэлээр нэг удаа томилохоос татгалзах эрхтэй...” гэх хариуг хүргүүлсэн.

Үүнтэй холбогдуулан хариуцагч Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн “Нэр дэвшүүлэх тухай” 17 дугаар тогтоолоор нэр дэвшсэн нэхэмжлэгч Г.Г***ийг томилох эсэх асуудлыг хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэлгүй, тухайн албан тушаалд дахин сонгон шалгаруулалт явуулах захиалгыг өгч, сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, шалгаруулалтад оролцож шалгарсан гуравдагч этгээд Ж.Б***г     Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/85 дугаар тушаалаар албан тушаалд томилсон болох нь тогтоогдсон байна.

4. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “... Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно” гэж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж тус тус заасан.

5. Хууль, тогтоомжийн дээрх зохицуулалтаас үзэхэд, томилох эрх бүхий этгээд болох аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг зөвхөн “хуульд заасан үндэслэл”-ээр нэг удаа татгалзах эрхтэй. Хуулийн энэхүү заалтын агуулгыг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 74 дүгээр тогтоолд тодорхой тайлбарласан.

Захиргааны хэргийн шүүхийн хяналтын цар хүрээ нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндсэн дээр тухайн татгалзал “хуулийн хязгаарыг хэтрүүлсэн”, “буруу хэрэглэсэн”, эсхүл “өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласан” эсэх хүрээнд хэрэгжих журамтай.

6. Тухайн тохиолдолд, хариуцагч Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 17 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн этгээд болох нэхэмжлэгч Г.Г***ийг томилох эсэх асуудлыг шийдвэрлэлгүй хууль бус эс үйлдэхүй гарган, сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулж, гуравдагч этгээдийг тухайн албан тушаалд томилсныг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласан гэж үзэх бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 7. Гуравдагч этгээдээс гаргасан “...Г.Г***ийг томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд Төрийн албаны салбар зөвлөл болон хуульд заасан төлөөлөх эрх бүхий этгээдийн эрх хэмжээнд шүүх хөндлөнгөөс халдаж, хуульд заасан эрх хэмжээгээ хэтрүүлсэн...” гэх гомдлын үндэслэлийг тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй...” хэмээн заасан бөгөөд тухайн тохиолдолд хариуцагч нь Төрийн албаны Салбар зөвлөлөөс тухайн албан тушаалд нэр дэвшүүлсэн этгээдийг хуульд заасан үндэслэлээр татгалзсан талаар ямар нэг шийдвэрийг гаргаагүй атлаа сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулах зэргээр төрийн албаны хууль тогтоомжийг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

8. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 119/ШШ2024/0051 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэйсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                 ШҮҮГЧ                                                 С.МӨНХЖАРГАЛ

                     ШҮҮГЧ                                                 О.ОЮУНГЭРЭЛ

                                ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА