Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 17

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ж.Мөнхтуяа, Ю.Энхмаа /и/ нарын бүрэлдэхүүнтэй,

 -шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

 -улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын туслах прокурор Д.Нэргүй,

 -иргэдийн төлөөлөгч Х.Цогзолмаа,

 - хохирогч Х.Дондогжав

 -шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар, Б.Энхтуяа,

 -шүүгдэгч Н.Энхмандах нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Энхмандахад холбогдох эрүүгийн 201619000321 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, 31 настай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл-2, ээжийн хамт Төв аймгийн Бүрэн сум, 4 дүгээр баг, Эрдэнэхангай гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Амбааболд овогт Нямжавын Энхмандах /РД:НК85031015/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Н.Энхмандах нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн орой 21 цагийн орчимд Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр баг, Баярт гэх газарт байх иргэн Х.Дондогжавд загнуулсандаа хорсож, улмаар түүний 3 ханатай гэр, түүн дотор байсан Хонда маркийн мотоциклийг бусад эд хөрөнгийн хамт бензин цацаж санаатайгаар гал тавьж галдан шатаах аргаар устган 7.440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Энхмандах шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ахынхаа гэрийг тамхи татаж байгаад өөрийн санамсар болгоомжгүй байдлаас болж шатаасан. Би тамхи татаад чүдэнзээ унтраагүй байснаас гал гарсан гэв.

                                                                                                                                  

Хохирогч Х.Дондогжав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Н.Энхмандахаар малаа маллуулдаг учраас түүнд хөлс мөнгө өгч чадахгүй гээд тэр мотоциклийг худалдаж авч өгсөн.  Хохирол төлбөр бүрэн барагдсан учраас надад Н.Энхмандахаас нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед Н.Энхмандах архи уусан байснаас гэмт хэрэг үйлдсэн байх. Шатсан гэрийн мод миний эзэмшлийнх бүрээс туурга нь Н.Энхмандахынх гэв.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

      

Иргэний нэхэмжлэгч Л.Ихбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ..мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ..Би мотоцикль худалдаж авсан мөнгөө л авмаар байна.. гэх мэдүүлэг /хх-34 тал/,

 

Гэрч Ц.Батцэнгэл мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: .. Дондогтой утсаар муудалцаад тэгээд хотоос ирж байхад нь гэрийг нь бензин хийж байгаад шатаасан гэж ярьсан...Хар эрээн дээлтэй, хромон гуталтай л явж байсан... гэх мэдүүлэг /хх-35/,

 

 Гэрч Б.Жамбалжав мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...манай хүү Жанчив хэлэхдээ манайд Улаанбаатар хотод хонохдоо Энхмандах ах хөдөө айл байдаг Дондогжав гэж ахынхаа гэрийг уурандаа шатаачихсан гэж байна лээ гэж надад хэлсэн ба би Энхмандахаас юу болсон юм гэхэд харин Дондогжав ах уур хүргээд гэрийг нь шатаачихсан тэгээд айгаад зугтаж яваа талаараа хэлж байсан ба манайд 3 хоноод Жанчивын хамт Улаанбаатар хот руу явсан юм...Энхмандах надад хэлэхдээ Дондогжав ах Өндөрширээт сумын төв рүү мотоцикльтой надаар хүргүүлэхдээ унаанаас хоцроочихлоо гээд загнаад байсан тэгээд миний уур хүрээд Дондогжав ахын гэр лүү бензин цацаж байгаад шатаачихсан гэж хэлж байсан өөр нарийн зүйл яриагүй...Миний харснаар Энхмандахын биед ил харагдах шарх гэмтэл байгаагүй... гэх мэдүүлэг /хх-37-38/,

 

Гэрч Л.Жанчив мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ..орой унтахдаа би Энхмандах ахаас та ямар ажлаар Улаанбаатар хотод ирсэн юм гэхэд ах нь Доондогжав ахын гэр эд зүйлийг шатаачихсан гэж байсан би өөр зүйл асуугаагүй...Энхмандах надад хэлэхдээ Дондогжав ахад уур хүрээд гэрийг нь шатаасан талаар ярьсан...надад яаж шатаасан талаараа яриагүй... гэх мэдүүлэг /хх-39-40/,

 

 Гэрч Х.Нямжав мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Манайх Төв аймгийн Өндөрширээт сумын баянтуул 1 дүгээр багийн нутаг Баярт гэх газар нутаглаж байгаа бөгөөд 2016.05.08-ны өдөр намайг гэртээ байхад цагийг нь санахгүй байна үдээс хойш байсан манай хүү Энхмандах архи уусан согтуу гэртээ ирсэн ба би тухайн үед нь хаана хэнтэй уусан талаар асуугаагүй тэгээд орой болоод нар жаргаал малаа хотлуулаад байж байхад Лхагвасүрэн гэх хүн ирээд ямааны хорхог боодог хийж байгаа манайд очиж ид гээд тэгээд би Лхагвасүрэнтэй сундлаад Энхмандах өөрийнхөө улаан өнгийн Даюун маркийн мотоцикльтой дагаад хамт Лхагвасүрэнгийн гэрт очсон тэгээд очоод байж байтал Энхмандах мотоцикльтойгоо ганцаараа хөдлөөд яваад өгсөн ба хаашаа явчихав гээд хартал гэрийн зүг давхиад явчихсан тэгээд би гэртээ очих гэж байгаа юм байлгүй гээд байж байтал удалгүй орой би цагийг нь сайн санахгүй байна 21 цаг өнгөрч байхад буюу гадаа бүрэнхий болсон байхад Энхмандлах мотоцикльтойгоо ганцаараа давхиад ирсэн тэгсэн би Дондогжав ахын гэрийг шатаачихлаа гэж хэлэхээр нь би худлаа ярьж байгаа байлгүй гээд итгээгүй ба гэрийн зүг харахад манай гэрийн зүг дээшээ утаа гараад байсан манай гэр харагддаггүй юм. Тэгээд Лхагвасүрэнгийн машинтай охин Оюунсүрэн, хүргэн Цэрэндаш нарын хамт очиход манай баруун талд байдаг манай дүү дондогжавын 3 ханатай монгол гэр шатаж байсан манай дүү Дондогжав Улаанбаатар хот руу гэр лүүгээ яваад гэр нь эзэнгүй цоожтой байсан юм. Тэгээд Лхагвасүрэн хүргэн Цэрэндаш нар гал унтраах гээд чадаагүй би манай хүү Энхмандах архи уусан согтуу тэр шатаасан Дондогжавын гэр лүү орж шатаж үхнэ гэж дайраад Лхагвасүрэн хориод оруулаагүй тэгээд гэр нь шатаад дууссан ба Лхагвасүрэнгийн охин хүргэн нар нь машинтайгаа яваад өгсөн тэгсэн дараа нь Энхмандах мотцоикльтойгоо ганцаараа яваад өгсөн хаашаа явсныг нь мэдээгүй тэгээд гэртээ ирэлгүй байсаар байгаад 5 дугаар сарын 18-ны өдөр очоод тэгээд хэсгийн төлөөлөгч бариад явсан юм... Би хүү Энхмандахыг Дондогжавын гэрийг шатаасныг хэлэхээр хэрэгт ороод шоронд орчих байх гэж айгаад худлаа хэлчихсэн юм...Энхмандах хэлэхдээ Дондогжав ахад уурлаад гэж байсан яг юунаас болсныг нь мэдээгүй...Дондогжав Энхмандахыг цохиж зоддоггүй харин загнаж зандардаг ба хэрэг гарахын өмнө 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Дондогжав Улаанбаатар хот руу гэр лүүгээ явах гээд сумын төв орж унаанд суухдаа Энхмандахаар хүргүүлэх байсан ба Энхмандах малдаа яваад оройтсон тэгээд хамт Өндөрширээт сумын төв рүү явсан тэгэхэд замдаа унаанаас хоцроочихлоо гээд Энхмандахыг загнасан гэсэн манайд миний хажууд бол загнаагүй ер нь манай хүү Энхмандах Дондогжав ах загналаа би хүний эрхэнд баймааргүй байна гээд урьд нь уурладаг байсан... Би Лхагвасүрэнгийнхээс гэртээ очиход Дондогжавын 3 ханатай гэр, эд зүйл нь шатаж байсан тэгэхлээр нь Энхмандах би Дондогжав ахын гэрийг шатаачихлаа гэсэн тул би Энхмандахыг загнаад цохиж аваад яаж шатаасан юм гэхэд би бензин цацаад шатаачихсан гэж байсан ба манайд байсан тосолны цэнхэр савтай мотоцикльд хийх бензин байхгүй сав нь ч байхгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/,

      

Гэрч Н.Гүнчимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...би 5 дугаар сарын 09-ний өглөө Гантөмөр ахын гэрт очиход Дондогжав ахын гэр нь шатсан байна лээ гэж хэлсэн тэгээд Гантөмөр ах бид нар очиход Дондогжав ахын 3 ханатай монгол гэр, эд зүйлүүд нь шатаж юу ч үгүй болсон хажууд нь Дондогжав ах сууж байсан...Дараа нь сонсоход Энхмандах тэр Дондогжав ахын гэрийг шатаасан гэж сонссон... гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,

      

Гэрч Н.Гантөмөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...2016 оны 05 дугаар сарын 08-ны орой би цагийг нь санахгүй байна харанхуй болсон байхад унтах гэж байхад манайд мотоцикльтой нутгийн хүн ирээд танай ээжийн гэр шатаж байх шиг байна гэхээр нь би ээж Нямжавын гэрт очиход ээж Нямжавын гэр биш айл байсан Дондогжав ахын 3 ханатай гэр шатаад дуусаж байсан Энхмандах байхгүй ээж Нямжав гэртээ ганцаараа байсан тэгээд би шатаж байгаа гэр дээрээс ус цацаж унтраасан тэгээд байж байгаад гэр лүүгээ явсан...Энхмандах тэр Дондогжав ахын гэрийг шатааснаас хойш гэртээ ирэхгүй байж байгаад 5 дугаар сарын 18-ны өдөр гэртээ ирсэн...Дондогжав ахын гэрт гал гарч шатахаар эд зүйл байхгүй байсан ба дондогжав ах гэртээ байхгүй Улаанбаатар хот руу яваад 6 хонож байсан гэр нь цоожтой байсан...Энхмандах л надад Дондогжав ахыг загнадаг гэж урьд нь хэлж байсан.. гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,

      

  Гэрч Г.Лхагвасүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...нэг сэргэсэн гэртээ ирсэн Нямжавын айл Дондогжавын гэр шатлаа гээд Нямжав, хүргэн охин яваад өгсөн би араас нь мотоцикльтой ганцаараа очиход Нямжавын айл байдаг төрсөн дүү Дондогжавын гэр шатаад дуусчихсан байсан тэгээд намайг яв гээд би буцаж яваад гэртээ ирж амарсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/,

 

   Гэрч Б.Цэрэндаш мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Би 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн нутаг Бургасны ар гэх газар гэртээ 2 найз ирсэн байж байхад манай саахалт нутагладаг Энхмандах гэж залуу ганцаараа мотоцикльтой ирсэн ба тэгэхдээ 2 литрийн Нийслэл пиво авчирч өгсөн тэгээд тэр пиво задлаад 2 уучихаад Өндөрширээт сумын төв рүү явлаа гээд яваад өгсөн тэгээд би гэртээ 2 найзтайгаа үлдсэн ба 18 цагийн орчим Энхмандах Өндөрширээт сумын төв орсон үгүйг мэдэхгүй 2 литрийн Нийслэл пиво авчирч өгчихөөд яваад өгсөн тэгээд байж байгаад би ямаа боож хорхог хийж идэхээр болоод эхнэр Оюунсүрэнгийн хамт хорхогны чулуунд яваад ирэхэд Энхмандахын ээж Нямжав ирсэн байсан ба гэрт байхгүй байсан хадам аав Лхагвасүрэн авчирсан согтуу унтаж байна гэж хэлж байсан тэгсэн манай эхнэр Оюунсүрэн айлын гэр шатаж байна гэнэ гээд тэгээд хадам аав Лхагвасүрэнгийн машинтай Нямжав эгчийг аваад бид нар гэр лүү нь явахад Энхмандах мотоцикльтой ганцаараа явж таарсан тэгээд мотоцикльтой машины урдуур орчих гээд байхаар нь ээж Нямжав нь машинд суулгачих гэхээр нь зогсоод Энхмандахыг машинд суулгаад би мотоциклийг нь бариад явсан тэгээд Нямжав эгчийн гэрт нь очиход айл байдаг Дондогжав гэж айлын гэр шатаад дуусаж байсан тэгээд гэр нь шатаад дуусаж байсан тул бид нар яваад өгсөн юм...Энхмандах ирж ээж Нямжавдаа Дондогжав гэж ахынхаа гэрийг шатаасан талаар хэлсэн гэсэн тухайн үед эхнэр Оюунсүрэн бид хоёр байгаагүй ба хорхогны чулуу түүх гээд явсан байсан хадам аав Лхагвасүрэн согтуу унтаж байсан...гэр нь жижиг гэр байсан тэгээд гэр, эд зүйл, мотоцикль нь шатаад дууссан байсан...Энхмандах тэр шатаж байгаа гэрийг хараад орж шатаж үхнэ гээд дайрахад нь болиулсан тэгсэн Энхмандах газар дээшээ харж хэвтчихээд уйлаад байсан ба та нарт хамаагүй явцгаа гээд байсан бас би Дондогжав ахыг ирэхээр өөрөө уучлалт гуйна гээд байсан юм...Энхмандах шатаж байгаа гэр дээр очсон байхад харахад их согтсон байгаа харагдсан хаана архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснийг мэдэхгүй манайд өдөр 2 литрийн Нийслэл пиво авчирч өгөхдөө 2 аяга пиво л уусан өөр уугаагүй юм.. гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,

      

  Гэрч Л.Оюунсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...орой 18 цагийн орчйм байсан санагдаж байна Энхмандах согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн халамцуу ирсэн ба тэгэхдээ бас 2 литрийн Нийслэл пиво авчирсан тэгээд тэр авчирсан пивоноосоо уулгүй яваад өгсөн...Нямжав эгч бие засаад ирж байгаа бололтой ирсэн тэгэхэд уйлсан байгаа харагдсан ба тэгсэн хойд талын гүүрний замын далан дээрээс хэн байсныг нь мэдэхгүй би хараагүй таниагүй замаар явж байсан хүн саахалт айлын чинь Дондогжавын гэр шатаад байх шиг байна гэсэн тэгээд харахад хар утаа гарч байсан ба Нямжав эгч нөхөр Цэрэндаш нар машинтай яваад өгсөн тэгсэн аав Лхагвасүрэн согтуу унтаж байгаад босож ирээд юу болоод байгаа юм би очино гээд явах гээд байхаар нь би аав Лхагвасүрэнтэй хамт эгчийнд очоод Портер машинтай Нямжав эгчийнд очсон аавыг үлдээсэн намайг очиход Дондогжав ахын гэр нь шатаад дуучихсан байсан Нямжав эгч уйлаад байсан. Энхмандах шатсан гэрийн хажууд хэвтсэн байсан ба босож ирсэнээ та нар явцгаа би өөрөө Дондогжав ахаас уучлалт гуйна би энэ гэрийг шатаасан юм гээд хөөгөөд байсан араас аав Лхагвасүрэн согтуу ирэхээр нь би яв гэртээ оч гээд буцаагаад явуулчихсан...тэгэхдээ Дондогжав ах намайг загнасан би голдоо ортол гомдож байна намайг оролдоод байгаа гэх мэт юм яриад байсан ба тэр гомдолдоо шатаасан байх надад бол гэр, эд зүйлийг нь шатаах талаар юм ярьж байгаагүй...Энхмандах тэр шатаж байгаа гэр дээр очсон байхад харахад их согтсон байгаа харагдсан тэгэхдээ гайгүй харагдсан мэдрэлээ алдаагүй байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/,

 

   Гэрч Ж.Батбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...2016 оны 05 дугаар сарын 08-ны орой 21 цаг өнгөрч байхад гэрээс гарахад манай урд талд нутагладаг Дондогжав ахын гэрийн орчим гал асаж байхаар нь хогоо шатааж байгаа юм байх гээд тоогоогүй тэгтэл манай утас дуугарахаар нь авахад Дондогжав ахын хамаатны хүн яриад Дондогжав ах гэр шатаж байна гэнэ гээд ярилаа чи очоод үзээдэхээч гэхээр нь би яьж очиход Дондогжав ахын гэр нь шатаад дууссан айлынх нь Нямжав гэж эгч гэртээ ганцаараа байсан удалгүй хүү Гантөмөр нь ирээд Гантөмөр бид хоёр усанд яваад ус авчраад шатаад дууссан цогон дээр нь хийж бүрэн унтраасан учир нь тэр цог нь хажуу талын дэрс рүү үсэрч гал асах гээд байсан юм...Дараа нь сонсож байхад Энхмандах гэж залуу гэрийг нь шатаагаад зугтаж яваад ирээд хэсгийн төлөөлөгчид баригдаад явсан гэж байсан надад нарийн мэдэх зүйл байхгүй байна.. гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/,

      

  Шүүх шинжилгээний албаны кримналистикийн шинжээчийн 98 тоот: ..1.Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг товч болон сэжигтэн Н.Энхмандахаас хураан авсан шар өнгийн саатай хээтэй, хөх өнгийн дээлний товчинд адилтгалын шинжилгээ хийхэд тэнцэнэ.2.Хэргийн газрын үзлэгээр хураан авсан 1 ширхэг товч нь сэжигтэн Н.Энхмандахаас хураан авсан шар өнгийн саатай, хээтэй хөх өнгийн дээлний товчнуудтай нэг төрлийн товчнууд мөн байна.З.Харьцуулах шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн метал товч нь өнгө, зураглал, хэлбэр, хэмжээ, хийц зэрэг содон шинжээрээ тохирч байна.. гэх дүгнэлт /хх-62/, 

 

БУСАД БАРИМТ СЭЛТ:

 - хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-6-9/

 - эд зүйлийн үнэлгээ /хх-31/,

 - шүүгдэгч Н.Энхмандахын ял шийтгэлийн хуудсыг шалгахад ял шийтгэлгүй  гэх лавлагаа /хх-91/,

   -шүүгдэгч Н.Энхмандахыг 2016 оны 05 дугаар сарын 20-ний өдөр сэжигтнээр /хх-85/, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар /хх-89/ байцаасан тэмдэглэл  зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

 Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

  Шүүгдэгч Н.Энхмандах нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн орой 21 цагийн орчимд Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр баг, Баярт гэх газарт байх нагац ах Х.Дондогжавд загнуулсандаа уурлаж, улмаар түүний 3 ханатай гэрийг галдан шатааж хохирогч Х.Дондогжавд 7,440,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Х.Дондогжав болон гэрч  Д.Батцэнгэл, Б.Жамбалжав, Л.Жанчив, Х.Нямжав, Н.Гүнчимэг, Н.Гантөмөр, Г.Лхагвасүрэн, Б.Цэрэндаш, Л.Оюунсүрэн, Ж.Батбаатар, Төв аймгийн Онцгой байдлын газар 2016 оны 06 сарын 03-ны өдрийн 08/14 тоот галын түймэр гарсан тухай акт /хх-66-67 тал/, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Н.Энхмандахын хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэм хэмжээний хүрээнд цуглуулж бэхжүүлж авсан хууль ёсны нотлох баримтуудаар тус тус давхар нотлогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Энхмандахад холбогдуулан Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Энхмандахыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар галдан шатаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Төв аймгийн Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын гаргасан ...гэмт хэргийн бүрэлдэхүүний нэг шинж байхгүй байна. Санаатайгаар устгасныг нотлох баримт хэрэгт байхгүй байна. 60 хоног цагдан хорихдоо 1 удаа л байцаалт авсан. Эрүүгийн хуулийн 154 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн ч болж чадахгүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн гаргасан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд буюу хэний эд хөрөнгийг шатаасан талаар нарийвчлан тогтоогоогүй, эргэлзээтэй байна. Шалгавал зохих асуудлуудыг тогтоогоогүй байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах саналтай байна гэх хүсэлтүүдийг тус тус хүлээн авах боломжгүй байна.

 

Учир нь: Шүүгдэгч Н.Энхмандах нь бусдын эд хөрөнгийг галдан шатаах аргаар буюу 2016 оны 05 сарын 08-ны өдрийн 21 цагийн үед хохирогч болох Х.Дондогжавд ууралсны улмаас түүний эд хөрөнгийг устгасан болох нь гэрч Ц.Батцэнгэлийн ...Х.Дондогтой утсаар муудалцаад тэгээд хотоос ирж байхад нь гэрийг нь бинзен хийж байгаад шатаасан гэж ярьж байсан... гэх  мэдүүлэг /хх-35 ар тал/, гэрч Б.Жамбалжавын ... Н.Энхмандах надад хэлэхдээ Дондогжав ах Өндөрширээт сумын  төв рүү мотоциклтой надаар хүргүүлэхдээ унаанаас хоцроочихлоо гээд загнаад байсан тэгээд миний уур хүрээд Дондогжав ахын гэр лүү нь бинзен цацаж байгаад шатаачихсан гэж хэлж байсан өөр нарийн зүйл яриагүй.. гэх мэдүүлэг /хх-38 тал/, гэрч Л.Жанчивын ... Энхмандах надад хэлэхдээ Дондогжав ахад уур хүрээд гэрийг нь шатаасан талаар ярьж байсан... /хх-49-н ар тал/, Төв аймгийн Онцгой байдлын газар 2016 оны 06 сарын 03-ны өдрийн 08/14 тоот галын түймэр гарсан тухай акт /хх-66-67 тал/ гэх акт болон мөрдөн байцаалтын шатанд Н.Энхмандахын өмгөөлөгчийн хамтаар мэдүүлсэн сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх-85-90 тал/, 2016.09.27-ны өдрийн 109 тоот шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг зэргээр давхар нотлогддог.

 

Түүнчлэн бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах гэмт хэргийн бүрэлдэхүүн нь хохирлын хэмжээ шаардахгүй бөгөөд хохирогч Х.Дондогжавын эд хөрөнгө болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн Х.Дондогжавын .. тухайн гэрт миний өөрийн эд зүйл байсан. Зуны цагт би тэр гэрт амьдарч мал хуйгаа хардаг байсан гэх мэдүүлэг, хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдож байна.

 

Иймд  шүүгдэгч Н.Энхмандахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч Н.Энхмандахад ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа барагдуулж байгаа, хохирогч гомдол санал гаргаагүй байдал, мөн шүүгдэгч Н.Энхмандахын хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулж эдлэх дэглэмийг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хохирлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Дондогжавт 7.440.000 төгрөгийн хохирол учирсан боловч мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Дондогжав нь 2.000.000 төгрөг авсан одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.  

 

Эд мөрийн баримт болон битүүмжилсэн зүйлийн талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг дээлний товч хураагдаж ирсэнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар устгах, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдах,

 

2016 оны 07 сарын 08-ны өдөр мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Х.Нямжавын эзэмшлийн 2 давхар бүрээстэй 4 ханатай монгол гэр-ийг, мөн 2016 оны 06 сарын 03-ны өдөр мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Л.Ихбаярын эзэмшлийн улаан өнгийн даюун маркийн мотоцикль зэргийг битүүмжлсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Н.Энхмандахын цагдан хоригдсон 60 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцвол зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 288, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Амбааболд овогт Нямжавын Энхмандахыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар галдан шатаах аргаар бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Энхмандахыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Энхмандахад оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

      

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Энхмандахын 2016 оны 5 сарын 20-ны өдрөөс 2016 оны 7 сарын 19-ний өдрийг хүртэл урьдчилан цагдан хоригдсон 60 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дээлний товчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6. Энэ хэрэгт ялтан Н.Энхмандах нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

      

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 07 сарын 08-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Х.Нямжавын эзэмшлийн 2 давхар бүрээстэй 4 ханатай монгол гэр-ийг, мөн 2016 оны 06 сарын 03-ны өдөр мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Л.Ихбаярын эзэмшлийн улаан өнгийн даюун маркийн мотоцикль зэргийн битүүмжлэлийг хүчингүй болгосугай.

 

8. Ялтан Н.Энхмандахад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Н.Энхмандах авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ц.ОТГОНЖАРГАЛ

                    

                               ШҮҮГЧИД                        Ж.МӨНХТУЯА

                            

                                                                    Ю.ЭНХМАА