Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 34

 

“Гобитекс” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00043/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 241 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Гобитекс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Р.Л-д холбогдох

          "1,797,378 төгрөг гаргуулах" тухай иргэний хэргийг

           Нэхэмжлэгч “Гобитекс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуяагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаяр, Ц.Мөнхтуяа, хариуцагч Р.Л-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Гобитекс” ХХК-аас:

...Нэхэмжлэгч Оросын холбооны улсын өмчлөлийн Дархан-Уул аймгийн 22 дугаар хороололд байрлах 6 дугаар байрыг 2006 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Оросын холбооны улсын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын дэргэдэх “Хилийн чанад дахь Өмчийн газар”-ын Үйлдвэртэй байгуулсан 524 дугаартай Түрээсийн гэрээний үндсэн дээр эзэмшдэг болно. Уг байрны 3-04 тоотын 1 өрөө орон сууцыг хариуцагч болох Г.Л-тай сарын 100.000 төгрөгийн хөлстэй нэг жилийн хугацаатайгаар хөлслүүлэхээр талууд харилцан тохиролцож 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 27/15 дугаар орон сууц хөлслөх гэрээг байгуулсан болно. Хариуцагч нь тус орон сууцыг талуудын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан боловч гэрээний дагуу хөлс төлөх үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрээд байна. Иймд хариуцагчаас байрны хөлс 1.429.942 төгрөг, алданги 185.004 төгрөг, цахилгааны төлбөр 178.932 төгрөг, нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлсэн зардал 3500 төгрөг, нийт 1.797.378 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

             Хариуцагч Г.Л-гаас:

...Миний бие 2010 оноос хойш уг байрыг түрээслэн сууж байсан түрээсийн хугацаанд төлбөрөө төлж байсан. Би ганц бие хөрөнгөгүй, ажилгүй тул түрээсээ төлж чадахаа болиод дүү нараа оруулсан 2016 оны 02 дугаар сараас халуун хүйтэн усгүй, тог байхгүй хэрэгцээнийхээ усыг гаднаас зөөж гаазан плиткэнд хоол ундаа хийж амьдарч байгаад 2016 оны 06  дугаар сард энэ байрнаас гарсан. Ямар ч хүн амьдрах боломжгүй байрнаас мөнгө нэхэж байгаа тул хүлээн зөвшөөрч чадахгүй гэсэн байна гэж тайлбар гаргажээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 241 дүгээр шийдвэрээр:

             Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 295 дугаар зүйлийн 295.4-т зааснаар хариуцагч Г.Л-гаас 119.124 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Гобитекс” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 1.678.254 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43.708 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Л-гаас улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Гобитекс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуяа давж заалдсан гомдолдоо:

            Хариуцагч Г.Л- нь тус орон сууцыг гэрээнд заасны дагуу, хүлээлгэн өгөөгүй, 2017 оны 10 дугаар сар хүртэл үргэлжлүүлэн ашигласан байдаг. Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно” гэж заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан гэрээ сунгагдсан болно. Гэтэл анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдлыг зөвөөр үнэлж дүгнэлгүй “...гэрээний харилцаа дуусгавар болсон...” гэх байдлаар шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтад нийцээгүй, илт үндэслэл муутай болсон гэж үзэж байна. Орон сууц хөлслөх гэрээний 1.2-т зааснаар орон сууцны сарын түрээсийн төлбөр 100.000 төгрөг бөгөөд уг төлбөрт дулаан, усны төлбөр багтдаг. Хариуцагч Г.Л- нь орон сууцны хөлс /цахилгаан/ төлөх үүргээ биелүүлэхгүй байсан тул гэрээний 2.5-д “Төлбөр тооцоо хийгээгүй тохиолдолд цахилгаан болон усны хязгаарлалт хийх” гэж заасны дагуу хөлслүүлэгчээс хязгаарлалт хийсэн тул Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.4-т зааснаар хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй юм. Цахилгаан, ус хязгаарласан нь хариуцагч Г.Л-гийн буруугаас болсон байхад анхан шатны шүүх “...цэвэр бохир усаар хангаагүй байхад усны төлбөрийг оруулан тооцсон түрээсийн төлбөр 100.000 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй...” гэж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Гобитекс” ХХК, хариуцагч Р.Л-д холбогдуулж  орон сууцны хөлс  1.429.942  төгрөг, алданги 158.004 төгрөг, цахилгааны төлбөр 178.932 төгрөг, нотлох баримт гэрчлүүлсний зардал 3500 төгрөг, нийт 1.797.378  төгрөг  гаргуулахаар  шаарджээ.

            Хариуцагч амьдрах нөхцөлгүй, ус, цахилгаангүй байранд амьдарч байсан тул төлбөр 1.797.378 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж  маргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагч Г.Л-гаас 119.124 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Гобитекс” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 1.678.254 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр  хэргийн баримтыг бүхэлд нь хянахад “Гобитекс” ХХК  нь Р.Л-тай байгуулсан  2014 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 17/15 тоот орон сууц хөлслөх гэрээгээр 4 дүгээр багийн 22 дугаар хорооллын  6 дугаар байрны  3-04 тоот  орон сууцыг  хөлслүүлж, 2014 оны  07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл  сарын 90.000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш  сарын  100.000 төгрөгөөр хөлсүүлэх, хэрэглэсэн цахилгааны  төлбөрийг  тоолуураар тооцохоор  тохиролцсон байна.

“Гобитекс” ХХК, иргэн Р.Л- нарын  хооронд   байгуулсан  “Орон сууц хөлслөх гэрээ”-г /хх 8 дугаар тал/ Иргэний хуулийн  302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт  заасан  шаардлагад  нийцсэн гэрээ  гэж  үзнэ.

            Орон сууц хөлслөх  гэрээний дагуу хөлслүүлэгч  “Гобитекс”  ХХК нь  хөлслөгч  Р.Л-гаас  хөлс төлөхийг  шаардах  эрхтэй  болно.

Орон сууц  хөлслөх гэрээний  хугацаа  дууссан  хэдий боловч  гэрээний талууд  гэрээг цуцлах талаар санал тавиагүй, хөлслөгч эд хөрөнгө буюу  орон сууцыг  хөлслүүлэгчид  буцааж шилжүүлээгүй  үргэлжлүүлэн  эзэмшсээр   байгаа  тохиолдолд   тул уг гэрээ нь  Иргэний хуулийн  296 дугаар зүйлийн 296.1.1-д зааснаар тодорхой бус хугацаагаар, тухайн нөхцлөөр буюу орон сууцны сарын хөлсөнд 100.000 төгрөг төлөхөөр сунгагдсан гэж ойлгоно.

Зохигчид 2017 оны 10 сарын 27-ны өдөр тухайн байрны түлхүүрийг өгөлцөж, авалцсан буюу орон сууц хүлээлцсэн талаар маргаагүй болно.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг  хүн амьдрах боломжгүй нөхцөлтэй байр, 2016 оны 6 сараас хойш амьдраагүй гэж тайлбар гаргаж байгаа боловч энэ талаар нотлох баримтаа хуульд заасан журмын дагуу шүүхэд нотолж чадаагүй, мөн Иргэний хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар гэрээ цуцлах хүсэлт болон байрны нөхцөлийг сайжруулах талаар нэхэмжлэгч талд шаардлага гаргах боломжтой боловч шаардлага тавиагүй байна.

Иргэний хулийн 294 дүгээр зүйлийг 294.2.1-т зааснаар нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй ...гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болох боловч нэхэмжлэгч тал 294 дүгээр зүйлийн 294.3-т зааснаар гэрээг цуцлах тухай хариуцагчид 294.6-д зааснаар бичгээр мэдэгдээгүй байна.

Иргэний хуулийн  289 дүгээр зүйлийн  289.1.2-т  эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх  үүрэгтэй, хөлслөгч үүргээ биелүүлсэн байхад нь цахилгааныг  тасалж, цахилгаанаар хангахгүй  байх зэргээр хуульд заасан бусад эрхийг зөрчсөн бол  хөлс төлөхгүй  байх боломжтой боловч  хөлслөгч Р.Л-  орон сууцны хөлс, цахилгааны төлбөрийг  гэрээнд  заасан хугацаанд  төлөөгүйн  улмаас цахилгаан тасалсан  үр дагавар  үүссэн  явдалд  хөлслүүлэгчийг  буруутгах  үндэслэлгүй  байна.

Хариуцагч нь гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүйгээс нэхэмжлэгч тал шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахад нотлох баримт гэрчлүүлсний зардалд 5000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан шаардлагад нийцсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нь нотлох баримтад тооцогдох тул тэмдэглэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч алданги болон 2016 оны 4 сараас хойш хэрэглээний хүйтэн усны төлбөрийг нэхэмжлэлээс хасаад үлдэгдэл 1.100.000 төгрөг төлүүлэх боломтой гэсний дагуу нэхэмжлэлийн шаардлагаас 1.100.000 төгрөгийг хангаж, үлдэх 697.378 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч “Гобитекс” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41.802 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 241 дүгээр шийдвэрийн шийдвэрийн Тогтоох хэсгийн  1 дэх заалтад,

“Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 295 дугаар зүйлийн 295.4-т зааснаар хариуцагч Г.Л-гаас 119.124 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Гобитекс” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 1.678.254 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг

“Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6, 295 дугаар зүйлийн 295.4-т зааснаар хариуцагчаас 1.100.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Гобитекс” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн үлдэх 697.378 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөлт оруулж,  шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “Гобитекс” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41.802 төгрөгийг шүүгчийн захирамжаар гаргаж, нэхэмжлэгч “Гобитекс” ХХК-д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

                                         

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   О.НАРАНГЭРЭЛ

                                                    ШҮҮГЧИД                                   Л.АМАРСАНАА                                             

                                                                                                        С.ОЮУНЦЭЦЭГ