Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 1199

 

                                                       

 

 

 

 

 

  2019        11            28                                             2019/ДШМ/1199               

 

 

                                            Х.С-т холбогдох эрүүгийн

                                                             хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Дэлгэрмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 2019/ШЦТ/1552 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мөнхболор нарын гаргасан гомдлуудаар шүүгдэгч Х.С-т холбогдох эрүүгийн 1903007380340 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х.С- нь 2019 оны 6 дугаар сарын 25-ны 21 цаг 40 минутын орчимд “Howo ZZ5257” маркийн 87-64 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо “Эм Ай Ю” дээд сургуулийн зүүн талын автобусны буудлын зохицуулдаггүй явган хүний гарцан дээр Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 а-д заасан жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, ажиллахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй Хово ZZ52573 маркийн 87-64 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа мөн дүрмийн 16.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Г.Тамирыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Х.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хөвхөт овогт Халзангийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлж гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Х.С-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаатай хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Х.С-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Х.С-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Х.С- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Х.С- нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Х.С-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В,С ангилалын жолоочийн 760217 үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Бүртгэл мэдээллийн төвд хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх Х.С-ыг ял шийтгэсэн тогтоолдоо Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно гэж заасан. Мөн ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон бусад хэрэг гарсан нөхцөл байдал, хор уршгийн шинж чанарыг харгалзан үзэж, шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай бөгөөд уг дүгнэлт нь оногдуулж буй ял шийтгэлтэйгээ зөрчилдсөн гэж үзэж байна.

                 Х.С- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргийн газар дээрээс түргэн тусламж дуудаж, хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд нь эмчилгээ, оношилгоо, хагалгааны бүх зардал төлбөрийг хариуцан төлж, хохирогч талаас нэхэмжилсэн 20 сая төгрөгийг, хохирлын тооцоогоо гаргаж, шаардсан үед нь бүрэн төлж барагдуулсан юм. Цаашид хохирогчийн ар гэр, үр хүүхдүүдэд тусламж дэмжлэг үзүүлэх, жил бүр хоол хүнс, нүүрс түлээг нь бэлтгэж өгөх, хүүхдүүдийн хичээл сургуулийн бэлтгэл, бусад асуудалд туслах талаар өөрийн зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлэхээ илэрхийлж, мөн энэ хугацаанд бодитой тусламж үзүүлсэн байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мөнхболор, түүний өмгөөлөгч нараас гадна төрсөн ээж Г.Оюунбаатар нар шүүхэд хандаж, хохирол төлбөрөө авсан, гомдол саналгүй, аль болох хорихгүй байж хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү гэсэн хүсэлтээ өгсөн, шүүх хуралдаанд эдгээр баримтыг шинжлэн судалсан боловч шүүхийн тогтоолд огт дурдаагүй нь шүүх ял шийтгэлийг оногдуулахдаа хуульд заасан хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж үзэлгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

            Х.С- нь Баянхонгор аймгийн Баянговь сумын 5 дугаар багт эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Улаанбаатар хотод ажил хийж, амьдралаа залгуулах ар гэрээ тэжээж тэтгэх зорилготой, өөрийн төрсөн ахын компанид жолоочоор ажиллаж байгаад энэ гэмт хэргийг үйлдсэн. Х.С-ын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх хохирол төлбөр байхгүй, түүний үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мөнхболор тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Х.С- нь осол болсон даруйд түргэн тусламж дуудаж, миний нөхрийг эмнэлэгт яаралтай хүргэсэн, эмнэлэгт байх хугацаанд нь эм, тариа, эмчилгээ, оношилгоо, хагалгааны зардлыг хариуцан төлж амь насыг нь аврахын төлөө өөрөөсөө шалтгаалах бүх зүйлийг хийсэн. Мөн бидэнд учирсан хохирол, төлбөрийг бүрэн барагдуулж, 20 сая төгрөг төлж өгсөн. Хохирогч миний бие С.Мөнхболор өөрийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш, Т.Отгонпүрэв нарын хамт Х.С-т холбогдуулан гаргах санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнд аль болох хөнгөн ял шийтгэл оногдуулж, нийгмээс тусгаарлахгүй байхаар шийдэж өгөхийг хүссэн хүсэлтээ шүүхэд өгсөн. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар огт бичээгүй, миний өмнө нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн гомдолтой гэсэн мэдүүлгийг бичсэн байгаа нь хохирогч болон миний хадам ээж Г.Оюунбаатар нарын санал хүсэлтийг шүүх уншиж танилцаагүй юм уу гэж ойлгогдож байна. Х.С- болон түүний ах, дүү нар бидэнд хүнлэг сайхан сэтгэл гаргаж, үр хүүхдүүдэд маань тусламж, дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд Х.С- нь мөн ар гэр, үр хүүхдүүдээ тэжээж, амьдралаа залгуулахаар ажил хөдөлмөр хийж явсан ганц хүн нь юм байна. Х.С-ыг нийгмээс тусгаарлаж, шүүхээс оноосон ялыг заавал биечлэн эдлүүлснээр цаана нь олон хүний, хүүхдүүдийн амьдрал бас хүнд байдалд үлдэж байна. Бидний зүгээс энэ хүнд шүүхээс оноосон ял шийтгэлийг хөнгөрүүлж, Баянзүрх дүүргийн шүүхэд бичиж өгсөн хадам ээж Г.Оюунбаатар болон хохирогч С.Мөнхболор бидний хүсэлтийг хянан үзэж, хорих ялыг тэнсэн суллаж өгөхийг хүсье. ... ” гэжээ.

Прокурор Б.Дэлгэрмаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч урьд нь зам тээврийн ослын гэмт хэрэгт холбогдож байсан. Тухайн гэмт хэрэгтээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 6 сар 1 хоногийн баривчлах ялаар шийтгэгдэж байсан. Мөн тухайн осол болох үед бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож, явган зорчигчийг мөргөж улмаар амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогдсон. Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан. Анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд хууль ёсны төлөөлөгч оролцоогүй. Мөрдөн байцаалтын явцад оршуулгын ажилд мөнгө төлөөгүй байсан. Шүүхийн шатанд хохирол төлбөр төлсөн. Хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй талаараа хүсэлт гаргаагүй. Харин түүний ээж тухайн хүсэлтийг гаргасан байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ... ” гэв.

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Х.С- нь 2019 оны 6 дугаар сарын 25-ны 21 цаг 40 минутын орчимд “Howo ZZ5257” маркийн 87-64 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо “Эм Ай Ю” дээд сургуулийн зүүн талын автобусны буудлын зохицуулдаггүй явган хүний гарцан дээр Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Г.Тамирыг мөргөж амь насыг нь хохироосон хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мөнх-Болорын “...Би талийгаачийг гэртээ ирэхгүй байхаар нь утас руу нь залгатал гэмтлийн эмч байна гэж хүн утсыг нь авсан. Тэгээд л осолд орсныг нь мэдсэн...” /хх 20/,

гэрч Д.Моломжамцын “...талийгаач Тамир нь Баянзүрх хотхоны харалдаа автобусны буудал дээр буучихъя, такси бариад гэртээ харина гээд ганцаараа буусан. Бид 10 дугаар хорооллоос гараад шууд явсан, замдаа дахиж архи дарс хэрэглээгүй. Тамир их согтуу байгаагүй. Машинаас буухдаа утсаар ярьж байсан хэнтэй ярьсныг мэдээгүй. ...” /хх 71/

гэрч Ц.Дашдаваагийн “...Талийгаач Г.Тамир нь миний мэдэлд ажилладаг учраас би цагийн бүртгэлийг нь өөрөө хөтөлдөг юм. Тэрээр тухайн өглөө 08.30 цагийн орчимд жагсаад ажил үүргээ аваад ажилдаа орсон. 18.00 цагийн орчимд надтай болон тэргүүн ахлагч Б.Пүрэвсүрэн, хошууч Б.Бат-Ялалт, хошууч Ц.Одбаяр, ахмад Д.Моломжамц бид ажлаас гарч яваад 10 дугаар хороололд манайд хоол идэхээр очсон. Би гэртээ орохдоо дэлгүүрээс 0.75 архи нэгийг авч ороод бид нар хувааж уусан. Би гэртээ үлдсэн...” /хх 74/,

гэрч Г.Оюунбаатарын “...Энэ ослын талаар нарийн сайн мэдэх зүйл байхгүй. Ослын талаар тухайн шөнө эхнэрээс нь мэдээд Гэмтлийн эмнэлэг дээр эхнэрээс нь түрүүлээд очтол миний хүү эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байсан...” /хх 78/,

Г.С-ын “...21.50 цагийн орчимд байх Чулуун Овооны хойд талд буюу “Эм Ай Ю” дээд сургуулийн зүүн талын замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа зүгт явж байхад уг сургуулийн зүүн талын замын голын төмөр хайсыг налаад утсаар яриад нэг залуу зогсож байсан. Би явган хүний гарц луу ойртоод иртэл тэр агшинд уг явган зорчигч миний урдуур шууд алхаад ороод ирсэн. Би тоормос гишгэсэн боловч зогсож амжилгүй уг явган зорчигчийг мөргөөд зогссон. Би машинаасаа буугаад иртэл явган зорчигч автомашины баруун урд хэсэгт зам дээр хэвтэж байсан би биеийн байдлыг нь асуухад юм хариулж чадахгүй ухаангүй байсан учир шууд 102, 103-т дуудлага өгсөн. Удалгүй түргэний эмч нар ирээд явган зорчигчийн биед үзлэг хийгээд Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүн ирээд хэмжилт хийсэн. Би хэмжилтээ хийлгэж дуусаад шууд Гэмтлийн эмнэлэг явсан...” /хх 37/ гэх мэдүүлгүүд,                

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 1455 тоот шинжээчийн “...Талийгаачид гавал тархины битүү гэмтэл, зүүн зулай яснаас титэм заадас давж дух яс руу үргэлжилсэн шугаман хугарал, хугарлын нэг үзүүр духны хөндийн гадна ялтас руу, нөгөө үзүүр дух ясны баруун тал руу үргэлжилсэн хугаралтай. Зүүн чамархай зулай, чамархай хэсэгт хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулай чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, зүүн тал бөмбөлгийн дух, духны суурь, зулай, чамархайн дэлбэнгийн тархины эдэд голомтлог няцрал /6.8х5.5х1.5 см/ Баруун тал бөмбөлгийн зулай чамархайн аалзан хальсан доорх цус харвалт, дагзны суурь хэсгийн тархины эдэд зөөлрөлтэй, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, суурийн хэсгийн хатуу хальсан доор /80 мл/ цусан бүлэн гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь авто ослын үед үүсгэгдэнэ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ. Талийгаач нь Гэмтэл Согог судлалын өвчний түүх №8183 тоотод 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр буюу эмнэлэгт 3 хоног 21 цаг 15 минут эмчлэгдсэн. Талийгаачид хийгдсэн мэс заслын эмчилгээ нь зохих журмын дагуу хийгдсэн байна…” /хх 155-159/         

2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 3800 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн Ганбаяр Тамир 41 настай эрэгтэй гэж хаягласан цусанд 2.7 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2.7 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” /хх-ийн 168/,

                 Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн “...Хово маркийн 87-64 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Халзан овогтой С- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг, ...зөрчсөн  байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Г.Тамир нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Осол хэрэг гарахад нөлөөлсөн бусад шалтгаан юу болох /замын барилга, байгууламж, хайс хашаа, тэмдэг, тэмдэглэгээ, гэрэлтүүлэг, цаг агаар гэх зэрэг нөхцөлөөс зам тээврийн осолд нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна...” /хх 196/ гэсэн дүгнэлтүүд,

Гэмтэл Согог үндэсний төвийн өвчний түүх /хх 123-152/, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 51847 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 182-183/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол,хэргийн үзлэгээр тогтоосон байдал,осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-12/, “...Х.С- согтууруулах ундаа хэрэглээгүй байна. ...” гэсэн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 14/, нас барсны гэрчилгээ /хх 29/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийж, шүүгдэгч Х.С-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 заалтад зааснаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Анхан шатны шүүх прокуророос Х.С-ыг Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 а-д заасан жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, ажиллахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй Хово ZZ52573 маркийн 87-64 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явж, зөрчсөн гэж үзсэнийг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Шүүгдэгч Х.С-ын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг “...хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч өгнө үү. ...”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мөнхболорын “...хорих ялыг тэнсэж суллаж өгнө үү. ...” гэсэн утга, агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг.

Харин шүүх Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн үзэмжээр, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүд юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно...” гэж, мөн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус заажээ.

Энэхүү зохицуулалт шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй юм.

Нөгөөтээгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

Шүүгдэгч Х.С- нь хохирогч нас барснаас учирсан гэм хор болох оршуулахтай холбогдсон зардлыг төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хэдий ч түүний хувийн байдал, урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хүний амь нас хохирсон зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.С-ын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар хуульд заасан хорих ялын хэмжээний дотор хорих ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мөнхболор нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 2019/ШЦТ/1552 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мөнхболор нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ