| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2018/1268/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/156 |
| Огноо | 2023-02-01 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/156
2023 02 01 2023/ШЦТ/156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
улсын яллагч Д.Ууганцэцэг,
шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б*-** овогт Ч-ийн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208024270037 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
**********************************************************
**********************************************************
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “----*********-------” хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж байсан иргэн М.Б-ийн мартаад явсан Самсунг А-53 маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 1.500.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хохирогч М.Б-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал), гэрч Т.А-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал), “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 22/063 дугаартай хөрөнгийн үнийн тодорхойлолт (хавтаст хэргийн 41-42 дахь тал), Эд зүйл хураан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 24 дэх тал), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дахь тал), шүүгдэгч Ч.Баттулгын мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**************” хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа иргэн М.Б-ийн гээгдүүлсэн Самсунг А-53 маркийн гар утсыг бусдын эзэмшлийнх, гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 1.500.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
1. Хохирогч М.Б-ийн: “2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байрлах “Их хошуу” худалдааны төв орж жимс авсан бөгөөд тухайн үед өөрийнхөө гар утсыг тухайн касс дээр үлдээгээд явчихсан байсан. Эргэж ороод тухайн дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд 40 орчим насны эрэгтэй хүн миний утсыг тухайн дэлгүүрийн худалдагчид “Манай эхнэр утсаа орхичихсон байна" гэж хэлээд аваад явчихсан байсан. Тэгээд гарсан хяналтын камерыг харахад цагаан өнгийн приус 20 маркийн машинд суугаад явчихсан байсан бөгөөд тухайн машины улсын дугаар харагдахгүй байсан. Тийм учир цагдаагийн байгууллагад хандах болсон. Би өөрийн эзэмшлийн Самсунг А-53 маркийн гар утсаа 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Sain electronics-оос 1.699.000 төгрөгөөр худалдан авсан. Одоо би тухайн үнээрээ үнэлнэ.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал)
2. Гэрч Т.А-ын: “... 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр би нөхөр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салаанд байх “И-*******” хүнсний дэлгүүр орж хүнсний зүйл аваад гарсан ба миний араас манай нөхөр гарч ирэхдээ чи гар утсаа лангуун дээр орхиод гарсан байна гээд Самсунг А-53 маркийн арын таг нь цэнхэр өнгийн гар утас бариад ирэхээр нь үгүй ээ миний утас энэ байна. Самсунг А-52 маркийн гар утас загвар нь ижилхэн болохоор чи андуурсан байна гэж хэлсэн. Тэгээд чи буцаагаад оруулж өг гэтэл манай нөхөр хүнээс нь айгаад байна яах юм гээд оруулж өгөөгүй. Дараа нь хөдөө Сүхбаатар аймагт байхад нөгөө хүн нь залгаад миний гар утсыг аваад явсан байна гэж хэлэхээр нь андуураад аваад явчихсан байна. Одоо хөдөө явж байна. Ирээд гар утсыг чинь өгье гэж манай нөхөр хэлсэн. Тэгээд нөгөө гар утас унтарчхаад эзэнтэй нь холбогдож чадаагүй ба тэгээд хүн нь холбогдож магадгүй гээд сим картаа хийгээд барьж байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),
3. “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 22/063 дугаартай хөрөнгийн үнийн: “Самсунг маркийн А-53 загварын гар утас 1.500.000 төгрөг” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 41-42 дахь тал),
4. Эд зүйл хураан авсан тэмдэглэл: “...гэрч Т.Алтанзулаас Самсунг А-53 маркийн гар утас 1 ширхгийг хураан авсан. (хавтаст хэргийн 24 дэх тал),
5. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “...хохирогч М.Бт Самсунг А-53 маркийн гар утас 1 ширхгийг хүлээлгэн өгсөн. (хавтаст хэргийн 8 дахь тал),
6. Шүүгдэгч Ч.Бын: “...Би 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Их хошуу гэх дэлгүүрт эхнэр Алтанзулын хамт ороод эхнэр надаас түрүүлээд гарсан юм. Би удалгүй араас нь гарах гээд авсан эд зүйлийнхээ тооцоог хийгээд зогсож байсан чинь лангууд дээр нь манай эхнэрийн гар утастай адилхан гар утас байхаар нь эхнэр гар утсаа мартсан юм байх гэж бодоод уг гар утсыг аваад гарсан юм. Өөр надад нэмж ярих зүйл байхгүй. Би Сүхбаатар аймаг Наран суманд байх Баатарчулуун гэх айлд туслах малчин хийдэг юм. Би хэргээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хэргийн үйл баримтаас харахад шүүгдэгч Ч.Б нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулах Их хошуу гэх дэлгүүрээр үйлчлүүлэх үедээ өмнөх үйлчлүүлэгч болох М.Бийн мартаад явсан Самсунг А-53 маркийн гар утсыг кассны хажууд байхыг харж улмаар уг гар утсыг бусдын эзэмшлийн гар утас гэдгийг мэдсээр байж шунахай сэдлийн улмаас өөртөө авч завшсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйл нь “...төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан бол...” гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 4 дэх хэсэгт “...бага хэмжээний хохирол гэж” гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хэлэхээр заасан байна.
Дээрх байдлаас дүгнэвэл, шүүгдэгч Ч.Б нь гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд буйг мэдсэн ч буцааж өгөхийн оронд завшсан, өөртөө захиран зарцуулсан, түүний үйлдлээс үүдэлтэйгээр бага хэмжээнээс дээш хохирол хохирогчид учирсан энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Учир,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хувьд гэмт этгээд нь бусдын өмчийг өөрт олж авахын тулд аливаа байдлаар идэвхтэй үйлдэл хийсэн байхыг шаардахгүй бөгөөд хохирогчийн эд хөрөнгө нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шүүгдэгчийн эзэмшил, өмчлөлд шилжиж, шүүгдэгч нь тухайн эд хөрөнгийг шунахайн сэдэлтийн улмаас завшсан, өөртөө захиран зарцуулсан, шамшигдуулсан үйлдлээр гэмт хэргийн шинж, бүрдэл хангагдана.
Иймд шүүхээс шүүгдэгч Ч.Баттулгыг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогчид 1500,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Хохирлын тухайд: Шүүгдэгч Ч.Б нь хохирогч М.Бт гар утсыг буцаан өгсөн болох нь эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ч.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч /шүүгдэгч/ Ч.Бд танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт үйлдсэн, хохирлоо төлж барагдуулсан, гэмшсэн байдал, орлоготойг илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан зэргийг харгалзан шүүгдэгч Ч.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Ч.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
Шүүгдэгч Боржигин овогт Чийн Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгаа эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ