Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 00203

 

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2019/00203

Жаргалант сум

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Чандмань сумын Тахилт багт оршин суух, Буянт олхонууд овогт Т-ийн С /../-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багт байрлах, ХААН банкны Ховд салбар,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох,

2,816,356 /хоёр сая найман зуун арван зургаан мянга гурван зуун тавин зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 153/2018/00649/и индекстэй иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэцэцэг нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2005 оноос 2008 оныг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Засаг даргын албан тушаалд ажилласан. Ажиллаж байх хугацаандаа 2007 оны 2 сард тэтгэвэрээ тогтоолгосон. Өндөр насны тэтгэврийн дэвтрээ аваагүй байсан бөгөөд данс руу сар бүр тэтгэвэр ордог байх гэж бодож байсан. Тэр үед Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын дарга Даваажамбал нь таны тэтгэврийг Ховд аймгийн төвд тогтоолгосон шүү гэж надад хэлсэн. Улмаар би Ховд аймгийн Чандмань сумын Засаг даргын албан тушаалаа 2009 онд өгсөн. 2009 оноосоо хойш тэтгэврийн дэвтрээ нээлгээд миний тэтгэвэр 290,000 төгрөгөөр тогтсон ба сар бүр аваад явсан. Би ажилласан жилээ нэмүүлэхээр хуулийн дагуу 2017 оны сүүлээр Ховд аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэст ирж байцаагч нартай уулзаад дутуу жилээ тооцуулахаар уулзаад явсан. 2018 онд Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын улсын байцаагч Анхтуяатай уулзахад та 2007 оноос тэтгэвэр тогтоолгосон байна гэж хэлсэн. Би 2007 оноос тэтгэврийн мөнгөө аваагүй тул ХААН банкны Ховд салбартай очиж уулзахад та 2007 оноос 2009 оны 2 жилийн тэтгэврийг бүтнээр 2 удаагийн үйлдлээр тэтгэврийн зээл нэрээр 2008 оны 04 сарын 14-ны өдөр 1,228,500 төгрөг, 2007 оны 10 сарын 01-нд 210,100 төгрөг, /үлдсэн 1,251,929 төгрөгний баримтыг банк надад өгөөгүй/ нийт 2,816,356 төгрөгийг хууль бусаар гаргасан байсан. Ховд аймгийн ХААН банкны салбар нь нийгмийн даатгал таны тэтгэврийг тогтоосон. Зээлийн зөвшөөрөл өгсөн байна. Тэр байгууллагатайгаа учраа ол гэсэн. Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс нь Хаан банкны Ховд салбараас баримт нэхэхээр өгөхгүй байна гэж хариу өгөхгүй өдийг хүрлээ. Гэтэл энэ 2 байгууллагын дунд хэн миний тэтгэвэр тогтоож, тэтгэврийн зээл өгөх зөвшөөрөл өгсөн, миний нэрээр дээрхи 2,816,356 төгрөгийг хэн авсан талаар надад лавлагаа гаргаж өгдөггүй, намайг чирэгдүүлсээр ирлээ. Би төрд 41 жил хариуцлагатай албыг нэр хүндтэйгээр ажилласан. Одоо 73 настай. Өндөр настан энэ 2 байгууллагын хүнд сурталаас болж миний хуулинд заасан хууль ёсны эрх ашиг хохирсоор ирлээ. Иймд 2007 оноос 2009 онд миний аваагүй өндөр насны тэтгэвэр 2,816,356 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.С нь Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажиллагаа хийгдэж нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд гарын үсгийн шинжилгээ хийлгэхээр хүсэлт гаргасан....Нэхэмжлэгчийн хувьд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа. Миний хувьд нэхэмжлэгч Т.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байгаа. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэлээс татгалзах нэхэмжлэлийг өөрчлөх эрх олгогдсон учраас Т.Сын шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна....Нэхэмжлэгч Т.С нь Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, ХААН банкны Ховд салбарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Гарын үсгийн шинжилгээний хариу гарснаар хариуцагч солигдохоор байгаа....Хариуцагч биш гэдэг үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хариуцагчийг солих асуудал байхгүй....гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.С нь ХААН банкны Ховд салбар, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан 2007 оноос 2009 онд өөрийн аваагүй өндөр насны тэтгэвэр болох 2,816,356 /хоёр сая найман зуун арван зургаан мянга гурван зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэцэцэг нь хариуцагч байгууллагууд нь энэ хэргийн хариуцагч биш, хариуцагчийг солихгүй гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг гаргасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Т.С нь 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Л.Эрдэнэцэцэгт итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэцэцэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна. /хх-ийн 124 дүгээр тал/

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэцэцэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлээс татгалзах эрхтэй болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,012 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Сын нэхэмжлэлтэй, ХААН банкны Ховд салбар, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох, 2,816,356 /хоёр сая найман зуун арван зургаан мянга гурван зуун тавин зургаа/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэцэцэг нь хариуцагч байгууллагууд нь энэ хэргийн хариуцагч биш, хариуцагчийг солихгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,012 /жаран мянга арван хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        С.ОЮУНЖАРГАЛ