| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2022/1268/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/273 |
| Огноо | 2023-03-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/273
2023 03 06 2023/ШЦТ/273
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Г.Лхагвасүрэн,
шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ж овогт Бгийн Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2308004030321 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Архивчдын гудамж 806 дугаар байр 50 тоотод бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 23-17 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ж овогт Бгийн У /РД:УК90050155/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.У нь 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 23-17 тоот гэртээ өөрийн эхнэр Б.Мыг “гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэлээ” гэх шалтгаанаар үснээс нь зулгаах, хоолойг нь боох, хөл рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, баруун сарвуунд дунд хуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Б.Мын мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24 дэх тал), гэрч С.Гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал), гэрч Б.Мийн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-37 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1353 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 78 дахь тал), хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 45-46 дахь тал), аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 47-48 дахь тал), гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 49-51 дэх тал), яллагдагч Б.Уын мэдүүлэг (хавтаст хэргийн 96-98 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.У нь 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 23-17 тоот гэртээ өөрийн эхнэр Б.Мыг “гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэлээ” гэх шалтгаанаар үснээс нь зулгаах, хоолойг нь боох, хөл рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, баруун сарвуунд дунд хуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан үйл баримт нь:
1. Хохирогч Б.Мын: “...2023 оны 01 дүгээр сарын 08-ны орой 21:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 23-17 тоотод гэртээ ирсэн юм. Хашааны гадаа би найзуудтайгаа гар утсаар яриад хашааны хаалгаар ортол манай нөхөр У хашаан дотор тамхи татаад зогсож байсан тэгснээ надад “хэнтэйгээ яаж яриад орж ирдэг гэнээ” гэхээр нь би “хэнтэй ч яаж ч ярьсан байсан чамд ямар хамаатай юм” гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр “гар утсаа өг” гэхээр нь би “чамд тагнуулж шалгуулах алба байхгүй” гээд хэсэг муудалцаж зогссон. Тэгтэл У миний үснээс зулгааж үсдээд гэр рүү чирч оруулсан, тэгээд гэрт ороод хоолой боогоод чиний хөлийг чинь хугална шүү гээд миний баруун гуя, шилбэ рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би Мөнгөө эгчээ, Монхоо ахаа гээд урд айлынхаа 2 хүнийг дуудаж орилсон, тэгтэл удалгүй манай хөрш Монхоо ах, Мөнгөө эгч 2 манайд орж ирээд манай нөхрийг салгасан. Тэгэхээр нь би гарч тайвшрах гээд гэрийнхээ гадаа гарч тамхи татаад сууж байтал У гэрээс гарч ирээд дахиад миний зүүн хөлийн шилбэ рүү 2 удаа өшиглөөд модоор миний зүүн гарын чигчий хуруу руу 1 удаа цохисон. ...Манай нөхөр 2019 оны сүүлээр БНСУ руу ажил хийхээр яваад 2022оны 7 сард ирсэн, 2022 оны 4 сараас хойш бид 2 нилээн маргалдаж эхлээд би гэр бүлээс гадуурх харилцаатай болоод салах тухай бодож байсан. Одоо үр хүүхдүүдээ бодоод нөхөртэйгөө эвлэрээд нөгөө хүнээсээ бүрмөсөн салсан..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24 дэх тал),
2. Гэрч С.Гийн: “...2023 оны 01 дүгээр сарын 08-ны орой 21:00 цагийн үед ажлаасаа ирээд эхнэр бид 2 хоолоо идэх гээд сууж байтал манай хажуу талын айл болох Уын гэрээс “Монхоо ахаа авраарай” гээд орилох шиг болохоор нь би гэрээсээ гүйгээд гарсан чинь У эхнэрээ куртикнээс нь чирээд гэртээ орж байсан. Тэгэхээр нь би араас гэрт нь ортол У эхнэрийнхээ баруун талын гуя, шилбэ рүү нь өшиглөөд байхаар нь би “одоо боль” гээд салгаад гэр рүүгээ буцаж ороод “У нь Мыг зодоод байна, 2-лаа гэрт нь оръё” гээд эхнэр Мөнхцэцэгийг дагуулаад буцаад Уын гэрт орсон чинь М, У 2 хоорондоо хэрэлдээд байхаар нь болиулсан. Тэгээд У, Мөнхцэцэг, М бид 4 гэрээс нь гарч гадаа хэсэг зогссон, тэгэхэд У М 2 бас дахиад хэрэлдээд У Мын зүүн хөл рүү нь өшиглөсөн. У нь газарт унасан хутгыг гартаа барьчихсан байхаар нь би “алив наад хутгаа өг” гээд авсан, Тэгээд удалгүй цагдаа ирээд Уыг аваад явсан.У нь ажилсаг сайн залуу, харин МаМрал жаахан ааштай, М болдоггүй байхаа, би нэг их дотно биш болохоор сайн мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),
3. Гэрч Б.Мийн: “...Ажлаас ирээд хоолоо идэх гээд сууж байтал манай хажуу талын айл болох У, М нар орилолдоод байх шиг болсон. Тэгээд Монхоо ахаа туслаарай, гараад ирээч гээд М орилсон, тэгэхээр нь би нөхөр Ганхуягийг чи гараач, дууд байна гээд гаргасан. Тэгээд удалгүй манай нөхөр “У нь Мыг зодоод байна, 2-лаа гэрт нь оръё” гээд нөхөр бид 2 Уын гэрт орсон чинь М, У 2 хоорондоо хэрэлдээд М сандал дээр суучихсан, У нь Мын урд зогсчихсон байсан. Тэгээд хэрэлдээд байхаар нь манай нөхөр Уыг аваад тамхи татах гээд гарсан араас нь М бас тамхи татна гэхээр нь би цуг гарсан. Тэгээд У, М, Ганхуяг бид 4 гадаа хэсэг зогссон чинь тэр 2 бас дахин хэрэлдээд У нь Мын зүүн хөл рүү нь өшиглөсөн, М ёоо гээд орилсон, тэгэхээр нь би хүүе чи болиоч яаж байгаа юм гэхэд больсон. Тэгээд би өөр зүйлийн талаар мэдэхгүй. М нь хааяа манай машиныг аваад алга болчихдог, гэртээ ирэхгүй хонуутаар яваад бадаг, гэхдээ би айлын амьдралыг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал),
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1353 дугаартай “...Б.Мын биед баруун гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, баруун сарвуунд дунд хуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-аас доошгүй удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дахь тал),
5. Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 78 дахь тал),
6. Хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 45-46 дахь тал),
7. Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 47-48 дахь тал),
8. Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 49-51 дэх тал),
9. Шүүгдэгч Б.Уын: “...Манай эхнэр намайг Солонгос улсад байх хугацаанд гэр бүлээс гадуурх харилцаатай болсон байсан. Тухайн өдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 08-ны орой 21:00 цагийн үед хашаандаа зогсож байтал манай эхнэр М гаднаас хүнтэй утсаар яриад хашаанд орж ирсэн, тэгэхээр нь би хэнтэй ярьж байгаа юм бэ гэтэл манай эхнэр чамд ямар хамаатай юм бэ гэсэн.Тэгэхээр нь би наадах чинь дуусах болоогүй юм уу гэсэн чинь эхнэр маань дуусах болоогүй гэж хэлсэн, тэгээд миний уур хүрээд эхнэртээ гар хүрсэн юм” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 96-98 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч Б.У, хохирогч Б.М нар эхнэр, нөхөр болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа болон тэдгээрийн хохирогч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдсон (хавтаст хэргийн 78 дахь тал) байх тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд гэж үзнэ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, хохирогч Б.М нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэх асуудлыг өөрөө мэдүүлснээс гадна гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн, түүний энэхүү үйлдэл нь нөхөр Б.Утай муудалцах, маргалдах шалтгаан болсон байна. Шүүгдэгч Б.У нь шүүхийн хэлэлцүүлэгт “...3 хүүхдээ бодоод эхнэр Б.Мтай учир зүйгээ олж амьдрах гэж хичээсэн боловч эхнэр Б.М нь хонуутаар явдгаа зогсоогүй” гэх мэдүүлгийг өгсөн ба түүний гэр бүлээ хадгалж үлдэх гэсэн оролдлогыг буруутгах үндэслэлгүй хэдий боловч гэр бүлийн аливаа зөрчилдөөнтэй асуудлыг хүчирхийллийн аргаар шийдвэрлэж буйг зөвтгөх үндэслэл болохгүй юм.
Шүүгдэгч Б.У нь хүний биед халдвал гэмтэл учрах эрсдэлтэй гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийг үсдэх, өшиглөх, хоолойг боох зэргээр түүний бие махбодод халдаж хүч хэрэглэж буй үйлдлийг хохирогчид хохирол учруулахыг хүсэж үйлдсэн гэж үзэх, дүгнэх үндэслэл болсон төдийгүй шүүгдэгчийн энэхүү үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.
Иймд шүүгдэгч Б.У хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.
Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь Б.Ут холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) Б.Ут танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Шүүгдэгч Б.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг харгалзсанаас гадна шүүгдэгч нь хувиараа том машин түрээсэлж ажилладаг зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Б.Ут Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.У нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Бгийн Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ут 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ут оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Талууд, оролцогч нар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ