Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 118/ШШ2019/0024

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Тунгалаг даргалж, нарийн бичгийн дарга Ч.Алтанзулыг оролцуулан тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн ******* даргад холбогдох,

Завхан аймгийн ******* даргын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/76 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.сүрэн, хариуцагч Завхан аймгийн ******* даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч В., гуравдагч этгээд Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Завхан аймгийн ******* дарга Д.******* холбогдуулан төрийн албан хаагчийн зөрчигдсөн хөдөлмөрлөх эрхээ сэргээлгэхтэй холбоотой гомдлыг гаргаж байна. Би 2012 оноос эхлэн Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар томилогдон үр бүтээлтэй ажиллаж байсан. 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн ******* дарга Д. нь гэнэт ажлаас чөлөөлсөн. Үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн томилохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2017/0395 дугаартай магадлалаар хэвээр үлдээж, эргэн ажилдаа орсон. Ажил хүлээж авсан өдрөөс эхлэн Д. дарга надтай хамтран ажиллах боломжгүйгээ хэлж, ажлаа өг гэж байсан. Ингээд 7 хоногийн дараа ажлаас чөлөөлөгдөх эсвэл тэтгэвэр тогтоолгох боломж танд байна. Танд 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоё. Энэ бол миний эрх хэмжээний асуудал тул саадгүй өгнө гэсэн санал мэт зүйл тавьсан. Д. дарга намайг ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өг гэж шахаж ...бичүүлж аваад намайг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/76 тоот захирамжаар ажлаас чөлөөлсөн. Ийнхүү намайг ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 24.1.1 Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Миний бичиж өгсөн дээрхи өргөдөл нь миний хүсэл зоригийн илэрхийлэл биш бөгөөд шахалт дарамтын дагуу надаар бичүүлж авсан юм. Мөн намайг ажлаас чөлөөлсөн Б/76 тоот захирамж нь бодит байдалд хэрэгжих боломжгүй буюу би тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй. Одоо 57 настай. Мөн захирамжид заасан 36 сарын тэтгэмж /28.000.000/-ийг би захирамжийн дагуу аймгийн ******* даргаас гаргуулахаар өнөөдрийг хүрсэн боловч уг тэтгэмжээс надад 11.800.000 төгрөгийг нь хагас дутуу өгөөд үлдсэнийг нь олголгүй өдий хүрсэн. Миний нас 60 хүрээгүй /хуульд тэтгэвэр тогтоолгох насыг эрэгтэй 60 нас гэж заасан/, уг захирамжид дурдсан 36 сарын тэтгэмжийг надад олгохгүй атлаа цаасан дээр худал бичиж ******* дарга намайг хуурч мэхлэн хагас дутуу хэдэн төгрөг өгөөд миний ажлыг авсан нь тодорхой байна. ...намайг тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй байхад ажлаас чөлөөлсөн, уг захирамжинд заасан тэтгэмжийг бүхэлд нь надад олгохгүй атлаа надад 36 сарын тэтгэмж олгох мэтээр шийдвэрлэж ажлаас чөлөөлсөн нь үндсэн хуулиар хамгаалагдсан иргэн миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн, илт үндэслэл муутай байна... Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт Эрх, хууль ёсны ашиг, сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно гэж заасан байх тул Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.ы нэхэмжлэлээ гаргах болсон гол үндэслэл нь түүнийг 60 нас хүрээгүй байхад буюу өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас хүрээгүй байхад өргөдлөө бичиж өг гэсэн аймгийн ******* даргын дарамт шахалтын улмаас өргөдлийг нь хүчээр аваад шийдвэрээ гаргасан гэж нэхэмжлэлдээ тайлбарласан байдаг. Мөн тэтгэмжийн талаар маргадаг. 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах байтал 11.000.030 төгрөгийн тэтгэмж олгосон гэсэн. Нэхэмжлэгчийн энэ тайлбар дээр өмгөөлөгчийн зүгээс өгөх тайлбар нь аймгийн ******* даргын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/76 тоот Ажлаас чөлөөлөх тухай захирамж нь илт хууль бус болох хэд хэдэн үндэслэл байна гэж үзэж байна. Нэгдүгээрт Монгол Улсын ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-д ...хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг аймаг, нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх гэсэн ерөнхий заалт байгаа. Мөн 1995 оны 03 дугаар сарын 30-ны өдөр батлагдсан Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлд Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон ******* даргын бүрэн эрх гэсэн заалт байгаа. Тус зүйлийн 16.2.6-д Аймаг, нийслэлийн байгаль орчны албаны даргыг байгаль хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж томилох, чөлөөлөх гээд аймгийн ******* даргад эрх олгосон байдаг. Гэтэл тухайн Б/76 тоот захирамжаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөн агуулга харагдахгүй байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс өмнөх шүүх хуралдаан дээр зөвшилцөөгүй гэдгээ бас тайлбарласан. Захиргааны ерөнхий хуулийн албан ёсны тайлбар байхгүй хэдий ч Захиргааны ерөнхий хуулийн тайлбарт уг хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-47.1.5-д аль ч тохиолдолд илт хууль бус гэж үзэх алдаануудыг тусгасан. Жишээ нь: яамны эрх хэмжээний асуудлаар ******* дарга шийдвэр гаргах энэ тохиолдолд уг захирамжийг огт гаргаагүйтэй адилтгаж үзнэ. Илт хууль бус болох үндэслэл болно гэж тайлбарласан байдаг. Маргаан бүхий Б/76 тоот захирамжинд дүгнэлт хийхэд хамгийн ноцтой алдаа нь байгаль орчны яамны сайдтай зөвшилцөлгүйгээр шууд чөлөөлсөн байгаа нь өөрөө захирамжийг илт хууль бус байна гэж үзэх үндэслэл болж байна. Илт хууль бус захирамж гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үр дагавар, үйлчлэлгүй байна гэж дээрх тайлбар дурдсан байдаг. Гэхдээ илт хууль бус захирамжаар аймгийн ******* дарга өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн дангаараа асуудлыг шийдсэн байгааг тухайн үед Д. гуай ч, шинээр томилогдсон байгаль орчны газрын дарга ч анзаараагүй. Нэгэнт захирамж гарчихсан хэрэгжих ёстой гэдэг үүднээс нь хэрэгжүүлээд явсан юм болов уу? гэсэн дүгнэлт хийгээд байгаа юм. Хоёрдугаар үндэслэл нь 1999 оны Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 буюу тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр чөлөөлсөн байгаа. Д. гуай төрийн захиргааны албан хаагчаар ажиллаж байсан. Гэхдээ Хөдөлмөрийн тухай хуульд өндөр насны тэтгэвэр авах үндэслэлээр чөлөөлдөг заалт байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан Улсын Дээд Шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.3-т ...ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэдэг нь ажилтны иргэний үнэмлэхний дээрх он, сар, өдрөөр тоолоход 60 нас хүрсэн байхыг ойлгоно гэж тайлбарласан. Нэхэмжлэгчийн хувьд 60 нас хүртлээ ажиллах нөхцөл боломж нь байхад яагаад энэ хүсэлтийг бичиж өгөх болсон юм бэ? гэдэг нь эргэлзээтэй байдаг. Үнэхээр өөрийнх нь хэлсэнчлэн томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтны зүгээс ямар нэгэн дарамт шахалт байсан юм биш биз гэсэн байдал харагдаад байгаа юм. Дарамт шахалт байсан талаар нэхэмжлэгч тухайн үед 06 дугаар сарын 21-нд аймгийн ******* дарга намайг өрөөндөө дуудаад танд ийм ийм тэтгэмжүүд олгоё. Та өргөдлөө бичээд өгчих гэсэн утга бүхий зүйл яриад өөрийг нь чөлөөлөх захирамжийн ард, урд тал дээр өөрийнхөө гараар тавьсан саналуудаа бичиж өгсөн. Энэ нь миний нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг нотолно гэж тайлбарлаад байгаа. Тэгэхээр хэрэгт байгаа нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн аймгийн ******* даргын Б/76 тоот захирамжийн ноорог хувь гээд байгаа ******* даргын гарын үсэгтэй хувийг ар, өвөргүй нотариатч баталсан байгаа. Энэ нь өнөөдрийн хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан байна гэж үзэж байна. Энэ баримтаар томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтнаас дарамт шахалт үзүүлж хүсэлтийг нь авсан юм биш байгаа гэсэн өөрийнх нь дурдаад байгаа нөхцөл байдлууд харагдаад байгаа юм. Нийгмийн даатгалын тухай хуульд ажилтан өөрөө хүнд хортой нөхцлөөр тэтгэвэрт гарах нөхцөл нь бүрдэх юм бол өөрийнхөө хүсэлтээр тэтгэвэртээ гарч болно гэсэн заалт байдаг. Энэ заалтыг аймгийн ******* дарга тухайн үед нь тайлбарлаж өгөөд тэтгэвэрт гарахад чинь тусална гэсэн амлалтыг өгсөн гэж надад тайлбарладаг. Гэхдээ өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч Д. нь 2016 оноос хойш хөнгөлөлттэй буюу хүнд нөхцлөөр тэтгэвэрт гарч чадахгүй нөхцөлд нь хүрэхгүй явсаар 2019 оны 03 дугаар сард тэтгэвэр авах эрх нь үүссэн. Эндээс харахад бас л төөрөгдүүлж дарамт шахалт үзүүлж байгаад өргөдлийг нь бичүүлж авсан болов уу? гэх эргэлзээ төрж байгаа юм. Хамгийн сүүлд хэлэхэд Завхан аймгийн ******* даргын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/76 тоот захирамж нь нэхэмжлэгч Д.ы хуульд заасан насны дээд хязгаар хүртлээ хөдөлмөрлөх, бүрэн тэтгэвэр, тэтгэмж авах эрх ашиг сонирхлыг нь хөндөж байна...Захиргааны акт нь өөрөө тухайн актаар эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийн эрхийг хязгаарласан, ямар нэгэн хязгаарлалт бий болгосон, тухайн этгээдийн хүсэл зоригт нийцээгүй, тухайн цаг үедээ биш хэдий ч хожим нь нийцээгүй ийм актыг сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзэж байгаа. Б/76 тоот захирамж нь хавтаст хэрэгт байгаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, шүүхэд удаа дараа гаргаж байсан тайлбар зэргээс харахад нэхэмжлэгчийн 60 нас хүртлээ хөдөлмөрлөх хуульд заасан эрхийг хязгаарласан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байна. Түүний хүсэл зоригт нийцэхгүй байна гэж үзэж байна. Захиргааны актын алдааг нь засах боломжтой бол хууль бус захиргааны акт гэж үзнэ. Харин алдааг нь засах боломжгүй бол илт хууль бус захиргааны акт гэж үзнэ. Тэтгэмжийн тухайд би өнөөдөр ярихгүй. Яагаад гэвэл тухайн тэтгэмжийн үнийн зөрүүг засаад захирамж гаргаад шийдэх боломжтой. Харин яамтай зөвшилцөлгүйгээр ******* дарга өөрт олгосон эрх мэдлээ хэтрүүлж дангаар шийдвэрлэсэн процессыг яагаад ч засах боломжгүй. Илт хууль бус захиргааны актын хамгийн чухал онцлог нь эргээд өөр захиргааны актаар засаад гаргах боломжгүй байдаг. Сөрөг нөлөөлөл, эерэг нөлөөлөл гэдгийг ялгах нэг онцлог нь ерөөсөө тухайн эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийн эрх ашгийг хязгаарлаад хүсэл зоригт нь нийцэхгүй байх юм бол сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт болно. Тэгэхээр Б/76 тоот захирамж нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байна. Нэхэмжлэгч энэ актыг өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүсэл зоригт нь нийцэхгүй байна гэж үзэж байна. Зөвшилцөөгүй гэдэг үндэслэлээр энэ захиргааны акт илт хууль бус болох үндэслэлтэй. Захиргааны актын нэг заалт нь илт хууль бус болох юм бол бүхэлд нь илт хууль бус болгохгүй байж болно гэсэн зохицуулалт байдаг. Гэхдээ тухайн илт хууль бус болсон заалт нь өөрөө тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол тэр захиргааны акт бүхэлдээ илт хууль ус болно гэсэн ийм зохицуулалт байгаа. Хариуцагч тал хуулийн үгэн дээр ажиллаж байх шиг байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.6-д Аймаг, нийслэлийн байгаль орчны албаны даргыг байгаль хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж томилох, чөлөөлөх гээд аймгийн ******* даргад эрх олгосон байдаг. Гэхдээ зөвшилцөнө гэдэг үгийг оруулж өгсөн. Энэ нь өөрөө дангаараа шийдэхгүй зөвшилцөнө гэсэн агуулгыг харуулж байна. Мөн манай аймагт алба байдаггүй газар байдаг гэж ярьж байна. Үүнийг аймаг нийслэлийн байгаль орчны алба гэхээр хэн ч байгаль орчны газар юм байна гэж ойлгоно. Энэ ойлголт улсын хэмжээнд хэрэгжиж байгаа. Өмнө нь 2017 оны 06 дугаар сард нэхэмжлэгч Д.ыг шүүхийн шийдвэрийг үндэслэн эгүүлж ажилд нь томилоход шүүх энэ асуудалд дүгнэлт хийчихсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө тухайн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөөгүй байна гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэр гарч байсан. Тэгэхээр энэ нь Монгол Улсын хэмжээнд хэрэглэгдээд явж байгаа. Аль ч аймгийн байгаль орчны алба гэхээр байгаль орчны газар л гэж ойлгоно. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэж байгаа. Мөн хуулийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн бодит үндэслэл байгаагүй байна гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүдээр Б/76 тоот захирамжийг илт хууль бусад тооцож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Д.г урьд нь Төрийн аудитын газрын харьяа Завхан аймгийн Аудитын газрын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/32 дугаартай албан шаардлага, 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн ЗАН/09/2016/ГА-03 дугаартай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраар дамжин хэрэгжиж байгаа ойжуулалт болон бусад хөрөнгө оруулалтын үр дүнд хийгдсэн аудитын дүгнэлтээр ... ажлын байрны тодорхойлолтонд заасан... үүргээ биелүүлээгүй үндэслэлээр аймгийн ******* дарга Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10 дахь хэсэгт заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.той зөвшилцөхөөр 2016 оны 1/1182 дугаартай албан бичиг хүргүүлж, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дахь хэсэгт заасны дагуу албан тушаал бууруулан томилсон байдаг. Гэвч Д. нь дээрх асуудлаар гарсан аймгийн ******* даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/163 дугаартай захирамжийг үндэслэлгүй гэж шүүхэд хандсанаар Завхан аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаартай шийдвэрээр Д.г өөрийн ажлын байрны тодорхойлолт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5. дахь заалтыг зөрчиж, Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлыг удаа дараа зориулалт бусаар зарцуулж, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтыг зөрчсөнийг үндэслэлтэй байна гэж дүгнэсэн боловч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.оос хариу ирүүлээгүй байхад чөлөөлсөн гэх үндэслэлээр Д.г эгүүлэн томилох шийдвэр урьд гарсан юм. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 221/МА2017/0395 дугаартай магадлалд ч бас Д.ыг зөрчил үйлдсэн нь үндэслэлгүй гэж дүгнээгүй, мөн л адил анхан шатны шүүхийн шийдвэртэй адил Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.оос хариу ирүүлээгүй байхад чөлөөлсөн гэх үндэслэлээр Д.г эгүүлэн томилох шийдвэр гарсан. Иймээс шүүхийн шийдвэрийг биелүүлж зөрчил гаргасан ажилдаа хариуцлагагүй, хувийн ашиг сонирхлоор хандсан төрийн жинхэнэ албан хаагч Д.г ажилд нь 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/72 дугаартай захирамжаар эгүүлэн томилсон... Гэтэл удалгүй 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Д. өөрөө ... хүнд хортой нөхцлөөр би тэтгэвэрт гарах нас болсон гээд тэтгэвэрт гарах хүсэлтээ бичгээр өгсөн тухайн үед 55 насанд хүрсэн байсан, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.3 дахь хэсэгт ...нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн,... өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах гэж заасан шаардлага хангасан байсан учир Д.ы хүсэлтийг хүлээн авч Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/76 дугаартай захирамжаар чөлөөлж, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын 2016 оны 405 дугаартай тогтоолд заасан нөхцлийн дагуу 12.198.300 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгосон байдаг. Гэтэл нэхэмжлэгч Э. аймгийн ******* даргын 2017 оны Б/76 дугаартай захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан ...түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй байсан гэх үндэслэлээр илт хууль бус болгохоор нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн дээрх заалтыг ойлгохдоо захиргааны актын зохицуулалтын зүйл нь хэн ч хийж чадахааргүй, биелэгдэх боломжгүй нөхцөл байдлыг ойлгодог бөгөөд аймгийн ******* даргын 2017 оны Б/76 дугаартай захирамж нэгэнт биелэгдсэн илт хууль бус актад тооцох үндэслэл тогтоогдохгүй байхад захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож болохгүй... Энэ захиргааны акт нь өөрөө эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт. Харин сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг илт хууль бус захиргааны актад тооцдог. Өмгөөлөгчийн дурдсан Захиргааны ерөнхий хуулийн тайлбарт энэ талаар тодорхой зааж өгсөн байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд захиргааны актын талаар заагаад Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно гэж заасан. Нэхэмжлэгч талын энэ тохиолдол нь ...би 55 насанд хүрсэн надад тэтгэвэрт гарах боломж байна. Би хүнд хортой нөхцлөөр тэтгэвэртээ гаръя гэж хүсэлт өгснийг захиргааны байгууллага хүсэлтийг нь хангаж шийдвэрлэсэн. 36 сарын тэтгэмжийн хувьд бид уг тэтгэмжийг хууль тогтоомжид заасны дагуу олгогдох ёстой хувь хэмжээгээр нь олгосон. Нэхэмжлэгч 36 сард ноогдож байгаа мөнгөн тэтгэмж 12,0 сая төгрөгөө авах хүсэлтэй байна гээд хүсэлтээ өгөөд тэтгэмжээ авсан байдаг. Тэгэхээр энэ захиргааны акт нь тухайн этгээдийн эрх ашиг сонирхолд шууд сөргөөр нөлөөлсөн зүйл байхгүй. Д. гуай өмнөх шүүх хуралдаанд ...сайдтай зөвшилцөх ёстой байсныг би мэдэж байсан гэж тайлбарласан. Тэгэхээр Д. гуай энэ захиргааны актыг хууль бус гэдгийг мэдэж байсан юм бол 30 хоногийн дотор гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Мөн нөгөө талаас өмгөөлөгч яамны эрх хэмжээг хэрэгжүүлсэн гэж ярьж байна. Монгол Улсын ******* захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу аймгийн ******* даргад олгосон бүрэн эрх шүү дээ. Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актын хувьд сайдтай зөвшилцсөнөөрөө тухайн оролцогч буюу нэхэмжлэгчид эрх зүйн сөрөг үр дагавар үүсэхгүй. Зөвшилцөөд сайд зөвшөөрөхгүй байсан ч ******* дарга иргэний өргөдөл гомдлыг шийдвэрлэхгүй байх боломжгүй. Хэрвээ өргөдлийг нь ******* дарга шийдвэрлэхгүй байх юм бол нэхэмжлэгчийн хувьд харин сөрөг нөлөөлөл үзүүлнэ. Мөн Захиргааны ерөнхий хуульд захиргааны актуудын эерэг болон сөрөг нөлөөллийг ялгаатай байдлаар дурдаж өгсөн нь өнөөдөр ийм байдал үүсэхээс сэргийлсэн байна. Нэхэмжлэгч би 55 нас хүрсэн, хүнд хортой нөхцлөөр тэтгэвэрт гаръя. Хуулийн байгууллагуудаас миний зөрчлүүд гарч ирээд байна гээд тэтгэвэрт гарах хүсэлтээ өгөөд байхад ******* даргын зүгээс ямар ч дарамт шахалт үзүүлээд байх шаардлага байгаагүй. Мөн нэхэмжлэгч талаас ******* дарга дарамт шахалт үзүүлсэн талаар нотлох баримт гаргаж өгөөгүй мөртлөө дарамт шахалт үзүүлсэн байж магадгүй. Тэгсэн байх магадлалтай гэж ярьж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Мөн Д. гуайн гаргаж байгаа үйлдэл өөрөө ямар хууль тогтоомжид нийцээд байгаа юм бэ? тухайн үед өөрөө тэтгэвэрээ тогтоолгоё гэж өргөдлөө өгчихөөд одоо би өөрөө өргөдлөө өгөхийг хүсээгүй гэж яриад байгаа нь ямар учиртай юм бэ? 2017 оны 06 сараас 2019 оны 03 сар хүртэл тэтгэвэр нь тогтоогдохгүй байхад яагаад гомдол гаргаагүй юм бэ? Энэ нь цаанаа хуулийг давуу байдал болгож ашиглах гэж байсан хууль бус бусармаг үйлдэл гэж бодож байна. Төрийн байгууллагад яагаад хууль зөрчсөн ийм хүн ажилд орох ёстой гэж. Өөрөө хүсэл зоригоо илэрхийлж тэтгэвэртээ гарчихаад одоо болохоор би ямар ч хүсэл зориг илэрхийлээгүй, намайг дарамталсан, шахсан гэж ярих нь хуульд нийцэхгүй байх гэж үзэж байна. Мөн хууль бус захиргааны акт гэдэг нь захиргааны эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгодог. Ийм захиргааны актыг илт хууль бус болгох ямар ч үндэслэл байхгүй. Аймгийн ******* дарга өөрийн бүрэн эрхээр олгогдоогүй зүйлийг хэрэгжүүлээгүй. Байгаль орчныг хамгаалах тухай хууль хамгийн сүүлд 2006 онд нэмэлт өөрчлөлт орсон. Манай аймагт Байгаль орчны алба гэсэн нэгж байдаггүй. Байгаль орчин аялал жуулчлалын газар гэсэн агентлаг байдаг. Гэтэл яагаад Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.6-д зааснаар томилж чөлөөлнө гэж яриад байгаа юм бэ? Байгаль орчин аялал жуулчлалын газар гэсэн үг, үсэг уг хуульд огт байхгүй шүү дээ. Уг хуульд Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргыг томилж чөлөөлөхдөө сайдтай зөвшилцөнө гэсэн үг, үсэг байхгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс байхгүй нэгжийн даргыг томилуулахаар зөвшилцөх ёстой. Энэ нь ******* даргын бүрэн эрх биш сайдын бүрэн эрх гэж байгаа нь өөрөө хууль тогтоомжид нийцэхгүй байна гэж үзэж байна. Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа ямар ч эрх зүйн үйлчлэлгүй байдаг. Гэтэл тухайн захиргааны акт нь үйлчлээд, биелээд хүсэлтийнх нь дагуу бүх зүйл нь эерэгээр шийдвэрлэгдсэн шүү дээ. Нэхэмжлэгч 2017 онд тэтгэвэрээ тогтоолгоё гэчихээд 2018 онд хуулийн өөрчлөлт ороод 2019 онд тэтгэвэрт орохоороо яагаад намайг төөрөгдүүлсэн гэж яриад байгаа юм бэ? Тухайн үед энэ асуудлыг мэдэж байсан гэдгээ ...над руу яамнаас яриад манайхтай зөвшилцөх ёстой байсан гэж хэлсэн гэж өмнөх шүүх хуралдаан дээр тайлбарласан байдаг. Тэгэхээр тухайн үед хууль бус гэдгийг нь нотлуулахаар гомдол гаргах боломжтой байсан байна. Гэтэл одоо илт хууль бусад тооцуулах гээд байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна... Д. гуайд ямар нэг хохирол учраагүй. Харин ч Авилгатай тэмцэх газрын албан бичгээр ажлаасаа чөлөөлөгдсөнөөс өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн нь өөрт нь илүү ашигтай байсан байна. Хэрвээ Авилгатай тэмцэх газрын албан бичгээр халагдсан бол төрийн албанд ажилласан хугацааны нэг удаагийн буцалтгүй тусламжийг авахгүй байх байсан. Бас нэг зүйл нь энэ хүн худлаа ярьдаг гэдэг нь өмнөх шүүх хуралдаануудаас харагдсан. Тухайлбал ******* даргын захирамж 2 байгаа. Миний машин дотор 1 нь байгаа гэж ярьсан. Гэтэл тийм захиргааны акт юу ч байгаагүй. Хэрвээ тийм баримт байгаа бол гаргаж ир гэдэг байдлаар шүүх хуралдааныг хойшлуулж байсан боловч ямар ч баримт гаргаж өгөөгүй. Мөн Нийгмийн даатгалын хэлтэст 2 сарын дараа өргөдөл өгсөн гэхээр нь бид хүсэлт өгөөд шалгуулсан. Гэтэл ямар ч өргөдөл өгөөгүй байсан. Энэ хүн ажиллаж байх хугацаандаа албан тушаал ашиг сонирхлын гэмт хэрэг үйлдсэн байна. Хуурамчаар нотлох баримт үйлдэж төрийн хөрөнгийг өөртөө авсан байна. Энэ нөхцөл байдлуудаас харахад 2 жилийн дараа энэ актыг илт хууль бус болохыг тооцуулъя гэж хандаж байгаа нь ямар хүн болохыг нь харуулж байна. Дээрээс нь яагаад ******* даргыг дарамт шахалт үзүүлсэн гэж худлаа яриад байгааг ойлгохгүй байна..Энэ маргаан бүхий захиргааны акт одоо биелэгдчихсэн... Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.ы нэхэмжлэлийн шаардлагыг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Д. дарга нь 2017 оны 06 дугаар сарын 20-нд тэтгэврийн насанд хүрч байгаа. Тэтгэвэртээ гарна гэдгээ хамт олон дундаа урьдчилж зөндөө ярьдаг байсан. Тэр ч үүднээс 2017 оны 06 дугаар сарын 20-нд үдэлтийн үйл ажиллагааг хийсэн байдаг. Тухайн үед Д. дарга ...би тэтгэвэртээ гарах гэж байгаа. Чи бусад аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нар луу ярь. Хамт ажиллаж байсан коллегуудын тухайд бэлэг дурсгалын зүйл, мөнгө төгрөг цуглуулж өгье гэдэг үүднээс бусад коллегууд руу ярь гэж надад хэлдэг байсан. Мөн Баян-Айраг эксплорейшн ХХК-ийн орон нутгийн төлөөлөгч Тогтох гэдэг залуу дарга бид хоёрыг сууж байхад манай өрөөнд орж ирсэн. Тэгэхэд нь Д. дарга Ах нь өндөр насныхаа тэтгэвэрт суух гэж байна. Танай компани гайгүй шиг бэлэг өгөх юм байгаа биз дээ гэж хэлж байсан. Шаардлагатай бол Баян-Айраг эксплорейшн ХХК-ийн орон нутгийн төлөөлөгч Тогтох гэдэг залууг гэрчээр асуулгах боломжтой байгаа. Мөн захирамж гарсны дараа 2017 оны 06 дугаар сарын 22-ны ажлаа хүлээлгэж өгөөд Д. дарга хамт олондоо амжилт хүсээд дурсгалын зүйл гардуулсан. Мөн л шаардлагатай бол хийсэн газрынх нь баримт, хурууны хээг нь хүртэл авхуулж болно. Д. даргыг ажлаа өгснийх нь дараагаар түр орлон гүйцэтгэгчээр би ажиллаж байсан. Тэгтэл Төрийн албаны зөвлөлөөс сул орон тоо гарсан гээд нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалт зарласан. Тухайн үед сонгон шалгаруулалтанд 2 хүн орж өрсөлдөөд би тэнцээд ажил албан тушаалдаа томилогдсон. Нэхэмжлэгч нь уг захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байсан юм бол тухайн үед нь Төрийн албаны салбар зөвлөлд хандаж гомдлоо гаргах боломжтой байсан. Гэтэл гомдол гаргаагүй. Мөн Авилгатай тэмцэх газраас Завхан аймгийн ******* даргад ирүүлсэн албан бичиг байгаа. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Д. дарга ажил албан тушаалаа хашиж байхдаа өөрийн эзэмшил бүхий компанийн нэр дээр буюу компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал нь Д.ы эхнэр байсан. Эхнэртэйгээ гэрээ байгуулаад 2,0 сая төгрөгийн ажил хийсэн байдаг. Үүнийг нь Авилгатай тэмцэх газраас тогтоогоод ажлаас нь даруй чөлөөлж буцаж мэдэгд гэсэн албан тоотыг аймгийн ******* даргад өгсөн байдаг. Тэгэхээр Д. өөрийн хүсэлтээр ажлаас гарахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн байх гэж би ойлгож байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шинээр гаргаж өгсөн нотлох баримт байгаа. Байгууллагын эзэмшлийн Ланд-105 маркийн 75-75 ЗАА дугаартай автомашиныг хуурамч дуудлага худалдаа зохион байгуулаад өөртөө авсан байдаг. Өөрийнхөө эхнэрийн эгчийн нөхрийн болон эхнэрийнхээ дансруу мөнгө шилжүүлж байгаад 2 хүний хооронд дуудлага худалдаа болсон мэтээр зохион байгуулсан байдаг. Мөн Завхан сониноос дуудлага худалдааны хуурамч зарын бичиг гэх мэт зүйлүүдийг гаргуулж аваад хууль бусаар байгууллагын автомашиныг авчихаад одоог хүртэл өгөхгүй байгаа. Үүнийг цагдаа, прокуророос шалгаад гэмт хэрэг мөн гэдгийг нь тогтоосон боловч хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр орхисон байгаа. Тэгэхээр удаа дараа гэмт хэрэг үйлдээд хуулийн цоорхойгоор хөрөнгө завшаад, хэрэг завшаад явж байгаа хүн байгаа юм гэдгийг хэлж ярих нь зүйтэй байх. Ямар ч байсан ийм ийм үндэслэлүүд байгаа гэдгийг хэлье... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д. нь Завхан аймгийн ******* даргын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/76 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Маргаан бүхий захиргааны акт болох Завхан аймгийн ******* даргын 2017 Б/76 дугаар захирамжаар Монгол Улсын ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсгүүдийг үндэслэн өндөр насны тэтгэвэрт гарах насанд хүрч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл ирүүлсэн хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Дүгэрийн ыг ажлаас чөлөөлж, хууль тогтоомжид заасны дагуу 36 сарын албан тушаалын цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч тал уг захиргааны актын үндэслэлийн талаар ...Д. нь хүнд хортой нөхцлөөр тэтгэвэрт гарах шаардлагыг хангасан хэмээн өөрөө хүсэлт гаргасан, уг хүсэлтийг үндэслэн түүнийг төрийн албанаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн... хэмээн тайлбарлаж байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1. Завхан аймгийн ******* даргын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/76 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч тал ...өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй байхад дарамт шахалт үзүүлэх, хууран мэхлэх замаар Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэсэн Завхан аймгийн ******* даргын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/76 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5, 47.1.6, 47.1.7 дахь хэсгүүдэд зааснаар илт хууль бус захиргааны акт хэмээн маргаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно. 47 дугаар зүйлийн 47.1.3-д тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, 47.1.5-д хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, 47.1.7-д түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж тус тус заажээ.

Маргаан бүхий захиргааны акт болох Завхан аймгийн ******* даргын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/76 дугаар захирамжын тухайд дээрх илт хууль бус болох үндэслэлүүд дараах байдлаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч Завхан аймгийн ******* дарга нь Монгол Улсын ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-д хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг ...төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн чөлөөлөх, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д аймаг...ийн байгаль орчны албаны даргыг хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж... чөлөөлөх гэж тус тус заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх 2017 оны Б/76 дугаар захирамжийг гаргажээ.

Дээрх зохицуулалтаас харвал Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргыг төрийн албанаас чөлөөлөх асуудлаар захиргааны акт гаргах эрх хэмжээ хариуцагч Завхан аймгийн ******* даргад олгогдсон байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны актыг илт хууль бус-д тооцох үндэслэл нь илэрхий, ноцтой хор уршиг бүхий, засах боломжгүй алдааг ойлгох бөгөөд 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэг нь захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл огт байхгүй, эсхүл акт ямар ч хуульд үндэслээгүй гарсныг ойлгоно. Энэ нь захиргааны шийдвэр хуульд үндэслэх зарчим буюу эрх зүйт төрийн хууль дээдлэх зарчмыг зөрчиж байгаагаараа илт ноцтой алдаанд тооцогддог.

Харин хариуцагч Завхан аймгийн ******* дарга нь 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/76 дугаар захирамжийг хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан байгаа тул түүнийг иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байгаагүй гэж үзэх үндэслэлгүй юм

Ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригийн дагуу гаргасан эсэх тухайд:

Хариуцагчийн хууран мэхлэх, дарамт шахалт үзүүлэх зэрэг зүй бус нөлөөллийн улмаас нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргасан гэх үйл баримт дараах үндэслэлээр тогтоогдохгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэлүүдийг заасан ба 24.1.1-д тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлийг заажээ.

Нэхэмжлэгч Д. нь Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд ажиллаж байсныхаа хувьд Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.1.9-д зааснаар албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх үүрэгтэйгээс гадна Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаас өөр үндэслэлээр буюу 60 насанд хүрэхээс өмнө өндөр насны тэтгэвэр тогтоолгон авахаар өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдөх тохиолдолд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 3-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж өөрт нь олгогдох эсэх, ямар хэмжээгээр олгогдох эсэх талаар мэдэж байсан, эсхүл ийнхүү мэдэх боломжтой тул түүнийг хариуцагчаас төөрөгдөлд оруулсан гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн Авилгатай тэмцэх газраас Д.г Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байхдаа байгууллагын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй автомашиныг эхнэр Н.ийн төрсөн эгч Н.ийн нөхөр Л.*******ын нэрийг ашиглаж дуудлага, худалдаа зохион байгуулалгүйгээр хууль зөрчин худалдан авсан нь хяналт шалгалтаар тогтоогдсон хэмээн түүнд хуульд заасан хариуцлага ногдуулж, авсан арга хэмжээнийхээ талаар хариу мэдэгдэх талаар аймгийн ******* даргаас шаардаж байсан нь хэрэгт авагдсан Авлигатай тэмцэх газрын 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05/4453, 05/4486 дугаар албан бичгүүдээр[1] тогтоогдож байгаа уг албан бичгийг үндэслэн дээрх асуудлаар шалгаж, хариуцлага тооцох талаар нэхэмжлэгч Д.д танилцуулж байсныг хариуцагчаас хууль бус дарамт шахалт үзүүлсэн гэж үзэхээргүй байна.

Мөн Д. урьд нь ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн гэх үндэслэлээр Завхан аймгийн ******* даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/163 дугаартай захирамжийн талаар маргаан үүсгэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байх ба тус Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаартай шийдвэрээр[2] түүнийг ажилд нь эгүүлэн тогтоохдоо зөвхөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдтай зөвшилцөөгүй үндэслэлээр хариуцагч Завхан аймгийн ******* даргын захирамжийг хууль бус гэж дүгнэсэн байх ба харин байгаль, орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний төсвөөс хууль бусаар 4.7 сая төгрөгийг зарцуулсан нь 2015 онд, 1.1 сая төгрөгийг зарцуулж зөрчил гаргасан нь 2016 онд гаргасан Аудитын газрын дүгнэлт, шаардлагуудаар нэхэмжлэгчийн хувьд тогтоогдсон талаар шүүх дүгнэсэн байгаа тул энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үндэстэй байна.

Гэхдээ төсвийг хууль бусаар зарцуулсан нэхэмжлэгчийн дээрх зөрчлийн талаар өмнө нь шүүхээр тийнхүү хэлэлцсэн байх бөгөөд энэ хэрэгт маргаж буй захиргааны актад уг зөрчлийн талаар тусгагдаагүй, энэ хэрэгт хамааралгүй байх тул дээрх зөрчлийн талаарх хариуцагч талаас гаргаж өгсөн бусад нотлох баримтуудыг[3] шүүх үнэлж дүгнэх шаардлагагүй болно.

Өөрийн хүсэл зоригийн дагуу ажлаас чөлөөлөгдөөгүйг нотлох баримт хэмээн хариуцагч Завхан аймгийн ******* дарга Д.ы гарын үсгээр баталгаажсан бөгөөд маргаан бүхий захиргааны акт болох 2017 оны Б/76 дугаар захирамжийн төсөл гэх баримтыг[4] нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн .

Уг хуудас баримтын арын нүүрэнд 1/ Ш Ш-6.0, 2/ Хувь тэтгэмж-6.0, 3/ нэг удаа тэтгэмж- 1.600.0 4/ 36 сар-28.0 гэж, уг бичиглэлийн хажуу хэсэгт 1/ машины албан тоот, 2/ 900 гэж хар өнгийн бэхээр бичсэн байх боловч уг тэмдэглэгээ нь хариуцагч аймгийн ******* даргаас Д.д олгох тэтгэмжийн хэмжээний талаар санал болгосон тохиролцоо, эсхүл өгсөн амлалт, эсхүл асуудлыг шийдвэрлэсэн баримт гэж үзэх үндэслэлгүй, ямар зорилгоор тийнхүү бичигдсэн агуулга тодорхойгүй, ойлгомжгүй тул дээрх баримтыг дарамт шахалт үзүүлснийг нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

Уг баримтан дээр ...аймгийн ******* дарга Д. өмнөх шүүхийн шийдвэрийн дагуу олгогдоогүй тэтгэмж 6.0 сая, хувиасаа олгох тэтгэмж 6.0 сая, хуульд заасан 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж, мөн үүнээс гадна ар гэрт үзүүлэх нэг удаагийн тэтгэмж 1.6 сая төгрөг гэж тэмдэглэсэн байгаа гэх нэхэмжлэгч тайлбарлах хэдий ч дээрх тэмдэглэгээг түүний тайлбарын дагуу шууд ойлгож үнэлэх боломжгүй байна.

Харин ч нэхэмжлэгч дээрх амлалт тохиролцоог хуульд нийцэхгүйг өөрөө мэдсээр байж уг саналыг хүлээн авч ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нь түүний хувьд өөртөө давуу байдлыг олж авах хүсэлтэй байсан гэж үзэхээр байна.

Дээрх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн маргаан бүхий захиргааны актын төсөл гэх баримтыг нотариатаар гэрчлүүлсэн байх ба түүний эх хувийг шаардсан боловч нэхэмжлэгчээс гаргаж өгөөгүй болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д зааснаар хэргийн оролцогч өөрт байгаа баримтыг гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн уг баримтыг Завхан аймгийн ******* даргын Тамгын газарт хадгалагдаж буй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн маргаан бүхий захиргааны актын төслийн эх баримттай тулгаж үзэхэд түүний арын хуудсанд ямар нэгэн бичигдсэн тэмдэглэл байхгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөх тухай 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн өргөдөл, хүсэлтээ[5] өөрийн сайн дурын үндсэн гаргасан бөгөөд Завхан аймгийн ******* даргын Тамгын газрын холбогдох бүртгэлд зохих ёсоор бүртгэгдэж авагдсан болох нь хуульд заасны дагуу хэрэгт авагдсан гэрч Н.*******[6], Б.*******[7] нарын мэдүүлэг, өргөдөл, гомдлын бүртгэлийн бичилт[8] зэргээр нотлогдож байна.

Ийнхүү төрийн албанаас чөлөөлөгдөх тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнд буцалтгүй тусламж олгох асуудлыг шийдвэрлэсэн тул маргаан бүхий Завхан аймгийн ******* даргын 2017 оны Б/76 дугаар захирамжийг Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар 37.4-т заасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзэхээр байна.

Уг 2017 оны Б/76 дугаар захирамжийг гаргах үед нэхэмжлэгч Д. нь 57 нас 1 хоногтой байсан нь түүний иргэний үнэмлэхээр[9] тогтоогдож байна. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан тэтгэвэр тогтоолгох нас гэдгийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д заасан 60 нас гэж ойлгох тул хариуцагч төрийн жинхэнэ албан хаагч Д.ыг ажлаас чөлөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж болохоор байна. Зүй нь 60 нас хүрэхээс өмнө ажлаас чөлөөлөгдөхөөр хүсэлтээ гаргасан төрийн жинхэнэ албан хаагчийг дээрх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-д зааснаар төрийн жинхэнэ албанаас чөлөөлөхөөр байна. Тодруулбал, дээрх үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт болох 2017 оны Б/76 дугаар захирамж нь хууль бус байна.

Гэвч нэхэмжлэгч тал маргаан бүхий захиргааны актыг хууль бус болох талаар маргаагүй бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх тул зөвхөн уг захиргааны актыг илт хууль бус болох үндэслэл байгаа эсэх талаар дүгнэж хэргийг шийдвэрлэхээр байна.

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-д заасан үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх тохиолдолд уг төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 3-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгогдохооргүй байна. Эндээс дүгнэхэд хариуцагчаас Д.ыг Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар ажлаас чөлөөлөх асуудлаар гарсан маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн байдлыг нь дордуулаагүй, харин ч түүнд буцалтгүй тусламж олгох үндэслэлийг бүрдүүлсэн эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт болохыг дурдах нь зүйтэй.

Төрийн жинхэнэ албан хаагч өөрийн хүсэлтээр төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдөж байгаа тохиолдолд хуульд заасан урьдчилсан нөхцөл болох эрх бүхий албан тушаалтантай зөвшилцсөн байх шаардлагыг заавал хэрэглэх шаардлагагүй, энэ нь зөвхөн захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлөх тохиолдолд зайлшгүй хэрэглэгдэх нөхцөл юм. Тиймээс нэхэмжлэгч Д.г Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалаас өөрийн нь хүсэлтээр чөлөөлж буй энэ тохиолдолд Монгол Улсын ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2-ийн 6 дахь хэсгүүдэд зааснаар заавал байгаль хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөн байхыг шаардах боломжгүй. Учир нь зөвшилцөл хийх эрх бүхий албан тушаалтан, байгууллага ямар санал өгснөөс үл хамааран хүсэлт гаргасан төрийн жинхэнэ албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нэн тэргүүнд тавигдах учир дээрх зөвшилцөл энэ тохиолдолд ач холбогдолгүй юм. Уг зөвшилцөл хийх талаарх зохицуулалт нь төрийн жинхэнэ албан хаагчийг нэг талын буюу захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлөх тохиолдолд заавал хэрэглэх урьдчилсан нөхцөл, шаардлага юм.

Иймд дээрх зөвшилцлийг хариуцагчаас хэрэгжүүлээгүй гэх нөхцлөөр маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэх үндэслэлээр илт хууль бусд тооцох үндэслэлгүй байна.

Тодруулбал, хариуцагч аймгийн ******* даргаас төрийн жинхэнэ албан хаагчийг томилох, чөлөөлөх талаар хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэрэгжүүлэхдээ зөвшилцөх гэсэн урьдчилсан нөхцлийг хангаагүй тохиолдолд уг захиргааны акт хууль бус захиргааны акт болно, харин чиг үүрэгтээ үл хамаарах асуудлаар гаргасан илт хууль бус захиргааны акт-д тооцогдохгүй юм.

Хариуцагч Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зөвхөн Байгаль орчны албаны даргыг зөвшилцөх асуудал зохицуулагдсанаас Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргыг зөвшилцөх талаар тусгаагүй гэх хариуцагчийн тайлбар буруу. Хуульд захиргааны байгууллагыг оноосон нэр, нэршлээр нэрлэн заах боломжгүй ба зөвхөн тухайн чиглэлийн салбарын үүрэг гүйцэтгэж буй байгууллагуудыг ерөнхий нэршлээр томъёолж заадаг байна. Тиймээс тухайн засаг захиргааны нэгжийн байгаль орчны асуудал эрхэлсэн захиргааны байгууллагыг хэрхэн оноож нэрлэснээс үл хамааран дээрх хуульд заасан байгаль орчны алба гэдгийг орон нутаг дахь Байгаль орчин, аялал жуулчлалын газрыг хамааруулж ойлгоно гэдгийг тайлбарлах нь зүйтэй.

Завхан аймгийн ******* даргын 2017 оны Б/76 дугаар захирамжийн 2 дахь заалтаар Д.д шууд 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор тусгасан нь Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 3-д заасантай нийцэхгүй хууль бус хэдий ч энэ нь дээрх журамд заасны дагуу нэхэмжлэгч Д.ы улсад ажилласан хугацаанд ногдох хэмжээгээр буцалтгүй тусламжийг олгож болохоор байх ба өнөөдрийн байдлаар уг буцалтгүй тусламжийг зохих хэмжээгээр тооцон түүнд олгосон нь гэрч Б.*******гийн мэдүүлэг[10], гэрчээс гаргаж өгсөн санхүүгийн баримтаар[11] тогтоогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Д. нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргах үедээ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан бусад болзол шаардлагыг хангаж байсан тул дээрх 2017 оны Б/76 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан хууль бус үйлдэл хийхийг шаардсан, 47.1.7-д заасан бодит нөхцөлд хэрэгжүүлэх боломжгүй илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Д.г Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалаас чөлөөлөх тухай Завхан аймгийн ******* даргын 2017 оны Б/76 дугаар захирамжийг илт хууль бусд тооцох үндэслэл дээрх байдлаар тогтоогдохгүй байгаа тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх зэрэг нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр буюу 60 насанд хүрэхээсээ өмнө Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэвэр тогтоолгох бусад боломж буюу уг хуулийн 4 дүгээр зүйлийн 3-ийн 3 дахь хэсэгт заасны дагуу өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэврээ нэгэнт тогтоолгон авсан нь Д.ы 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн өргөдөл, Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 315 дугаар албан бичиг, 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн тэтгэвэр тогтоолтын хуудас зэрэг баримтуудаар[12] тогтоогдож байгаа тул түүний хувьд төрийн жинхэнэ албан дахь хөдөлмөрийн эрх зүйн харилцаа дуусгавар болсон байгааг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6, 47.1.7 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн ******* даргын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/76 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ

 


[1] Хэргийн 1-р хавтас 102-103 дугаар хуудсанд

[2] Хэргийн 1-р хавтас 84 дүгээр хуудсанд

[3] Хэргийн 1-р хавтас 33-37, 42-75 дугаар хуудсанд

[4] Хэргийн 1-р хавтас 186 дугаар хуудсанд

[5] Хэргийн 28 дугаар хуудсанд

[6] Хэргийн 2-р хавтас 9 дүгээр хуудсанд

[7] Хэргин 1-р хавтас 178 дугаар хуудсанд

[8] Хэргийн 168-171 дүгээр хуудсанд

[9] Хэргийн 1-р хавтас 4 дүгээр хуудсанд

[10] Хэргийн 1-р хавтас 178 дугаар хуудсанд

[11] Хэргийн 1-р хавтас 179 дүгээр хуудсанд

[12] Хэргийн 1-р хавтас 146-148 дугаар хуудсанд