Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2025/0376

 

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2025/0376

Улаанбаатар хот

 

 

 

                                                 Б.Б***н нэхэмжлэлтэй

                                                    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Г***,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга Д.М***,

Нэхэмжлэлийн шаардлага: Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/82 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Байгаль орчны газрын даргаар томилохыг даалгах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 111/ШШ2025/0008 дугаар шийдвэр,

Нэхэмжлэгч: Б.Б***,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг дарга Д.М***,

Гуравдагч этгээд: Э.Г***,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Б***,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г***,

Хэргийн индекс: 111/2024/0082/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б***гөөс “Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/82 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Байгаль орчны газрын даргаар томилохыг даалгах”-аар маргасан.   

2. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 111/ШШ2025/0008 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 27 зүйлийн 27.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн “Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/82 дугаар Э***ын Г***ийг Байгаль орчны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/82 дугаар Э***ын Г***ийг Байгаль орчны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай захирамжийг хүчингүй болгож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.6-д зааснаар нэхэмжлэгчийн “Баянхонгор аймгийн Байгаль орчны газрын даргын албан тушаалд томилохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3.1 Баянхонгор аймгийн Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Төрийн захиргааны удирдан албан тушаал болох Баянхонгор аймгийн Байгаль орчны газрын даргын албан тушаалын сул ажлын байрыг нөхөх тусгай шалгалтыг зохион байгуулж, уг шалгалтад 2 иргэн оролцож, нэхэмжлэгч Б.Б*** нь 63 оноо авсан.

3.2 Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 12.6-д заасны дагуу Б.Б***г томилохоос татгалзсан хариу хүргүүлсэн.

Мөн журмын 12.7-д “Нэр дэвшигчийг томилохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй бол Зөвлөл, Салбал зөвлөл тухайн сонгон шалгаруулалтад тэнцсэн оролцогчдоос онооны дарааллыг баримтлан нэр дэвшүүлнэ” гэж заасан боловч тухайн ажлын байрны сул орон тоонд шалгалт өгсөн нөгөө иргэн нь тэнцээгүй тул өөр иргэний нэр дэвшүүлсэн тогтоол ирээгүй. Иймд дахин сонгон шалгаруулалт зарлаж, үр дүн гарах хүртэл Э.Г***ийг Байгаль орчны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.

3.3 Б.Б*** нь 2020 онд Байгаль орчны газрын даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд дахин энэ албан тушаалд ажиллахаар шалгалт өгсөн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдлыг бий болгож байгаа бөгөөд тухайн албан тушаалд ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...” зэрэг төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрчиж байсан нь гэрчийн хүсэлт болон миний тайлбараар нотлогдох боломжтой байсан.

3.4 Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

       ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулаагүй, түүний үндэслэлд хамаарах нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.3-д “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох”, 106.4-д “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” хэмээн тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Б.Б***гөөс анх шүүхэд хандан “Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/82 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 33 дугаар тогтоолын өөрт хамаарах хэсгийн хэрэгжилтийг хангуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 33 дугаар тогтоолын өөрт хамаарах хэсгийн хэрэгжилтийг хангуулах” нэхэмжлэлийн шаардлагаа “Байгаль орчны газрын даргын албан тушаалд Б.Б***г томилохыг даалгах” хэмээн тодруулсан.

5. Үүнтэй холбогдуулан анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “даалгах” нэхэмжлэлийн шаардлагын хувьд урьдач нөхцөл болох хариуцагчийн хууль бус “эс үйлдэхүй, татгалзсан шийдвэр” нь юу болох, хариуцагчийн хэзээний эс үйлдэхүй, татгалзсан шийдвэрийг хууль бус хэмээн үзэж маргаж байгаа болохыг бүрэн гүйцэд тодруулаагүй. 

Хэрэгт авагдсан баримтаар, Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Б.Б***г Байгаль орчны газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлснийг аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1а/843 дугаар албан бичгээр “томилохоос татгалзсан” агуулга бүхий хариуг хүрүүлсэн болох нь тогтоогдсон.

Энэхүү үйл баримттай холбогдуулан анхан шатны шүүх нэхэмжлэгчийн маргаан бүхий албан тушаалд томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан ямар үндэслэлээр гаргаж байгаа болохыг тодруулах ажиллагааг хийгээгүй. Тухайн асуудалтай холбогдуулан дүгнэлт өгөөгүй.

6. Мөн нэхэмжлэгчээс 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодруулан бичгээр гаргасныг хариуцагч болон  гуравдагч этгээд нарт хуульд заасан журмын дагуу гардуулаагүй. Холбогдох  тайлбар авах, нотлох баримт цуглуулах ажиллагааг хийгээгүй хэргийг тухайн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 57 дугаар зүйлд заасанд журамд нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил болно.

Түүнчлэн нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага болох Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/82 дугаар Э***ын Г***ийг Байгаль орчны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагатай холбогдуулан маргаан бүхий захиргааны актыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэрэгт авалгүй хэргийг шийдвэрлэсэн зэрэг зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх, маргааны үйл баримт, шийдвэрт хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.

7. Иймд дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулах нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосны дараа нэхэмжлэлийн үндэслэлд дүгнэлт өгч, холбогдох хуулийг зөв хэрэглэж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 111/ШШ2025/0008 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                      ШҮҮГЧ                                                  Г.БИЛГҮҮН

 

                              ШҮҮГЧ                                                  З.Г***

 

                   ШҮҮГЧ                                                  Г.МӨНХТУЛГА