Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 00210

 

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2019/00210

Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                        

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн Их Монгол 24 айлын .. тоотод оршин суух, Молхы гайп овогт Ш-н К /..../-ын нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 3 дугаар сарын 27-ны хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 153/2019/00147/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Ш.К нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.К нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.К миний бие 1947 оны 9 сарын 03-ны өдөс төрсөн. 1954 онд Ховд аймгийн төвийн сургуульд элсэн орж суралцаад 1961 оны 6 сард 7 дугаар анги төгссөн. 7 дугаар анги төгссөн жил миний эцэг нас бараад үргэлжлүүлэн сурч чадалгүй эхийнхээ хамт амьдарч байгаад 1962 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн идэш уушны мухлагийн эрхлэгчээр ажиллаж эхэлсэн. Уг ажпаа 1963 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байгаад Ховд аймгийн Ховд сумын Худалдаа бэлтгэлийн ангид дэлгүүрийн худалдагчаар шилжин ажилласан. Дэлгүүрийн худалдагчаар 1968 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажиллаад Худалдааны техникумд суралцахаар болсон тул ажлаасаа чөлөөлөгдсөн.Мухлагт ажиллаж байсан 6 жил миний ажилласан жилд ороогүй байгаа учраас би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би өөрөө нягтлан бодогч, эдийн засагч хийж байсан. Тэтгэвэр 30000 төгрөгөөр нэмэгдэх үед банкинд очиж уулзахад таны тэтгэвэр ямар бага юм нийгмийн даатгалаас шалгуул гэсний дагуу би нийгмийн даатгалын байцаагчтай очиж уулзахад танд 24 жил байна. Та баримтаа бүрдүүлээд шүүхээр тогтоолгоод ир гэж хэлсэн. Иймд намайг Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Идэш уушны мухлагт 1962 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1963 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл эрхлэгчээр, Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын харъяа Ховд сумын Худалдаа бэлтгэлийн ангийн Төрөл бүрийн барааны дэлгүүрт 1963 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1968 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Ш.К нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Ш.К нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Идэш уушны мухлагт 1962 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1963 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл эрхлэгчээр, Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын харъяа Ховд сумын Худалдаа бэлтгэлийн ангийн Төрөл бүрийн барааны дэлгүүрт 1963 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1968 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж тодуурллаа.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ш.К нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Идэш уушны мухлагт 1962 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1963 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл эрхлэгчээр, Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын харъяа Ховд сумын Худалдаа бэлтгэлийн ангийн Төрөл бүрийн барааны дэлгүүрт 1963 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1968 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл худалдагчаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгиын 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 360 дугаартай Лавлагаа хүргүүлэх тухай албан бичиг, нэхэмжлэгчийн 070462 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 0783 дугаартай мэргэжлийн үнэмлэхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1967 оны 11 сарын 05-ны өдөр Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газраас олгосон Сайшаалын үнэмлэх, гэрч Ш.Хамитын ....Би 1962 оны 9 дүгээр сараас 1990 онуудад Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд цалин хөлсний нягтлан бодогч, Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадын дарга зэрэг ажлуудыг хийж байлаа.....Намайг Ховд суманд 1962 онд ажиллаж байх үед Ховд суманд Худалдаа бэлтгэлийн ангийн төрөл бүрийн барааны дэлгүүр гэж байсан. Намайг 1962 оны 9 дүгээр сард Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд нягтлан бодогчоор ажилд ороход Ш.К нь Тариалан нэгдлийн цагаан идээний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байгаад нэгдлээсээ гараад Ховд аймгийн Ховд сумын Худалдаа бэлтгэлийн ангийн төрөл бүрийн барааны дэлгүүрт худалдагчаар ажилласан. Ш.К нь худалдагчаар ажиллаж байгаад 1968 онд Улаанбаатар хотод Худалдааны техниккумд элсэн ороод 4 жил суралцсан.Ш.К нь Ховд аймгийн Ховд сумын Худалдаа бэлтгэлийн ангийн төрөл бүрийн барааны дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа шагнал урамшуулал авч байсныг мэдэхгүй байна. Харин худалдааны техниккум төгсөж ирээд ажиллаж байхдаа зөндөө олон баярын бичиг авч байсан.... гэх мэдүүлэг, зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5, 8, 10-11, 19-20 дугаар тал/

Хавтаст хэргийн 6-7 дугаар хуудсанд авагдсан иргэн М.Булды, Ш.Хамит нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Молхы гайп овогт Шотайн Кы Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Идэш уушны мухлагт 1962 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1963 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл эрхлэгчээр, Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын харъяа Ховд сумын Худалдаа бэлтгэлийн ангийн Төрөл бүрийн барааны дэлгүүрт 1963 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1968 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Кы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ        С.ОЮУНЖАРГАЛ