Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 464

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, ерөнхий шүүгч Л.Энхтайван, шүүгч Л.Соёлмаа нарын бүрэлдхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, хээтэй хороолол, 4-2-68 тоотод оршин суух, эмэгтэй, “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ”ХХК-нд хуулийн зөвлөгч ажилтай Цалинч овогт Галнямын Мөнхгэрэл /ТЕ-87120404/ /Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК/-ийн нэхэмжлэлтэй;

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2 дугаар баг Баянцагаан бэлчир 5-3 тоотод оршин суух, эрэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй Харнууд овогт Цэрэнтөрийн Болд /МП-68050677/ /Д.Сарантуяа/-д холбогдох

 

 “Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 3.414.682 төгрөг гаргуулах тухай”  иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч Г.Мөнхгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болд, иргэдийн төлөөлөгч П.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Энх-Амар нар оролцов.                                                    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэн Д.Сарантуяа хашааныхаа хогоо цэвэрлэх үеэр малын саравч  өвөлжөө шатаж улмаар Дархан Түгээх төв Хүдэр хэсэг АТП136 Д/СТ 1 дүгээр гаргалгааны агаарын шугамны сип утас шатаж гэмтсэн. Тус гэмтэл гарсан даруйд Технологийн зөрчлийг судлан бүртгэх комиссын гишүүд газар дээр ажиллаж гадны нөлөөтэйгээр агаарын шугам шатсан зөрчлийг бүртгэж, бригад ажиллан гэмтлийг устгаж айл өрхийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хэвийн горимд оруулсан юм. Зөрчлийг судалсан актаар тогтоосон 3 414 682 төгрөгийн төлбөрийг гаргуулах талаар өрхийн тэргүүн Ц.Болд болон эхнэр Д.Сарантуяа нарт удаа дараа шаардлага тавьсан боловч дээрх төлбөрийг барагдуулахгүй байна. Иймд Эрчим хүчний тухай хуулийн 36 дугаар зүйл 36.1-т зааснаар 3 414 682/гурван сая дөрвөн зуун арван дөрвөн мянган зургаан зуун наян хоёр төгрөг/-ийн төлбөрийг гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү.... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Ц.Болд гуайн эхнэр Д.Сарантуяа хашааныхаа хог цэвэрлэж байгаад малын саравчинд оч үсрэн шатаж улмаар Дархан түгээх төв Хүдэр хэсгийн АТП136 , Д/СТ 1 дүгээр гаргалгааны агаарын шугамны сип утас гэмтэж унан тухайн өдөр тэр хавьд оршин суух 12 айлын гэрэл тасарсан. Тухайн гэмтэл гарсан даруйд нь Технологийн зөрчлийг судлан комиссын гишүүд газар дээр нь ажиллан гадны нөлөөтэйгөөр агаарын шугам шатсан зөрчлийг бүртгэж, бригад ажиллан айл өрхийн цахилгаан хангамжийн ажиллагааг хэвийн горимд оруулж, гэмтсэн гэх 200м кабель утсыг Д.Сарантуяад хүлээлгэн өгч баримт үйлдсэн байсан. Уг кабель утсаар ойр зуурын хэрэглээнд хэрэглэж ашиглах боломжтой юм.

Тухайн шинээр тавьсан цахилгааны утсыг залгах боломжгүй учраас заавал шинээр кабелийн утас тавих ёстой гэж инженерүүд үздэг. Учир нь хэрвээ утас залгавал дахин гэмтэл гарах боломжтой байдаг.  Манай компаниас тус гэмтэлд 225м СИП-50КШ маркийн кабель утас тавьсан. Энэ утас ОХУ-д үлйдвэрлэгдсэн сайн чанарын утас байдаг. Манайд Хятад Улсад үйлдвэрлэгдсэн утас байхгүй. Иргэд ойлгохдоо зах зээлд худалдагдаж байдаг Хятад Улсад үйлдвэрлэгдсэн утас гэж ойлгон, үнэ ихтэй байна гэсэн асуудал гаргаад байдаг.

2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “Дархан түгээх төв Хүдэр хэсэг АТП 1-р гаргалгааны АШ-н Т№14-15 СИП-50 КШ гэмтээсэн зөрчлийг судалсан №04/19 дугаартай акт” гаргаж уг актаар гэмтэл устгах үеийн материалын, машин механизмын, тухайн үед ажилласан ажиллах хүчний зардал, дутуу түгээсэн эрчим хүчний, тухайн үед хийгдсэн үйлчилгээ нийт 3,414,682 төгрөгийг Д.Сарантуяагаас гаргуулж өгнө үү.

Мөн манай компаниас удаа дараа энэ гаргасан актын дагуу төлбөрөө төлөх талаар шаардсан бөгөөд уг төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй талаараа манай компанид Ц.Болд гуай өөрөө хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтдээ үнийн дүнгээс хасаж өгөх, өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр нь бие муутай гэдэг үндэслэлүүдийг заасан байдаг. Тэгээд би өөрөө Ц.Болд гуайг компанийн удирдах ажилтнуудтай уулзуулж төлбөрөөс багасгаж болохгүй талаар бичгээр хариу өгсөн.   

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Манай эхнэр хашааны хогоо цэвэрлэж, шатааж байгаад цог нь үсэрч өвөлжөөний өнжмөл өвсөнд хүрч үүний улмаас кабель утас шатсан. Тэр өдөр их салхитай байсан. Тухайн шатсан утас нь 50м орчим байсан гэтэл 200 гаруй метр утасны мөнгө төл гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад утсаа залгаж хийж болохгүй гэж... Хогоо цэвэрлэж байгаад гал тавьсан нь бидний буруу үүнийг хүлээн зөвшөөрнө, ганцхан утасны төлбөр л арай их байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Бусад зардлыг хүлээн зөвшөөрч болно. Хүмүүс очиж засвар үйлчилгээ хийсэн байгаа. Харин манайхтай ойрхон 4 айл л байдаг 12 айл байдаггүй юм. Тэр гал гарсан даруйд манай хүү утсыг нь залгаж гэрэлтэй болгосон. Кабелийн утас унжсан байсан учраас гал авалцсан гэж үздэг. Манай хувьд би эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр маань бие муутай энэ актаар гарсан төлбөрийг төлөх боломжгүй. Утасны мөнгөнөөс хасаж өгнө үү. Миний хувьд энэ төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа тухайн компанид өргөдөл гаргаж өгсөн боловч боломжгүй гэсэн хариуг өгсөн, сольсон гэх 200м утсыг манайд хүлээлгэн өгсөн гэх.

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон  “Дархан түгээх төв Хүдэр хэсэг АТП 1-р гаргалгааны АШ-н Т№14-15 СИП-50 КШ гэмтээсэн зөрчлийг судалсан №04/19 дугаартай акт”-аас:

  ...Зөрчил үүссэн шалтгаан: Шуурхай ажиллагааны журналын тэмдэглэл:

2019.03.18-1838  цагт Хүдэр монтёр н.Батбаатар АТП-135 1-р гаргалгааны Т№15-16 хоорондох СИП КШ-тай өвөлжөө шатсан өөрсдөө хогоо шатааж байгаад өвөлжөөгөө шатаасан гэсэн ОБГ гал унтраасан Т№15-16 хооронд СИП тасарсан байсанг 15м орчим залгасан 1-р гаргалгааг 1720 -д тасалж 1820 -д залгасан мэдэгдэв. 12 айл тасарсан байсан гэж мэдэгдэв. Айлын тухай мэдээлэл эргэж мэдэгдэх шийдвэр өгөв.

1910 цагт ашиглалтын инженер н.Гэрэлт-Од-д Хүдэр АТП-136-д комисс ажиллахыг мэдэгдэв.

1914 Хүдэр монтёр н.Батбаатар АТП-136 1-р гаргалгааны дугааргүй тоолуур төвлөрүүлсэн хайрцагнаас тэжээлтэй 2010622 кодтой н.Болд гэдэг хэрэглэгч гэж мэдэгдэв.

1932  цагт Хүдэр монтёр н.Батбаатар АТП-136 шатсан айл 2010622 кодтой Ц.Болд гэдэг айл 2018.01.09-нд гэрээ хийгдсэн 1=0.96 1b =3.48  1b =1.02 гэж мэдэгдэв.

1933  цагт  хяналтын инженер н.Болормаад дээрх байдлыг мэдэгдэв.

1953 цагт хуулийн зөвлөх Г.Мөнхгэрэлд Хүдэр АТП-136-д комисс ажиллахыг мэдэгдэв.

Зөрчил үүсэхэд нөлөөлсөн хүчин зүйл: ДТТ Хүдэр хэсэг АТП-136 дэд станц 1-р гаргалгааны Т№14-15 хооронд 0,4кв СИП КШ-г 2010622 хэрэглэгчийн кодтой иргэн Ц.Болд өвөлжөөний өвсөө шатааж байгаад СИП КШ гэмтээсэн.

Зөрчлөөс үүссэн хохирол: Зөрчлийн улмаас нийт 3,414,682 төгрөгийг хохирол учирсан байна...гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

“Дархан-Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн нэхэмжлэлтэй Д.Сарантуяад холбогдох “Бусдын эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 3,414,682 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасныг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэсдэслэлтэй гэж үзэв.

Учир нь: хариуцагч Д.Сарантуяа нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт өөрийн өмчлөлийн хашаандаа цэвэрлэгээ хийж байгаад хогоо шатаах үеэр өвөлжөөний дээр байсан өнжмөл өвсөнд цог үсрэн шатаж, агаарын шугамны СИП-50КШ маркийн кабель утас шатаж улмаар “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Технологийн зөрчлийг судлан бүртгэх комиссын гишүүд газар дээр нь ажиллан гадны нөлөөтэйгөөр агаарын шугам шатсан зөрчлийг бүртгэж, бригад ажиллаж гэмтлийг засаж, айл өрхийн цахилгаан хангамжийн ажиллагааг хэвийн горимд оруулсан байх бөгөөд бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан буруутай болох нь хэрэгт авагдсан “Технологийн зөрчил судлан бүртгэх хуудас”, “Дархан түгээх төв Хүдэр хэсэг АТП-136, Д/СТ 1-р гаргалгааны АШ-Н Т№14-15, СИП-50КШ гэмтээсэн зөрчлийг судалсан 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №04/19 дугаартай акт”, иргэн Д.Сарантуяагийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, учирсан хохирлыг төлж барагдуулах тухай тодорхойлолт, гэмтсэн гэх 200м кабель утсыг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Д.Сарантуяад хүлээлгэн өгсөн баримт, Ц.Болдын төлбөрийг багасгаж өгөх талаар “Дархан-Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК гаргасан хүсэлт, тус компанийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01/598 тоот иргэн Ц.Болдод гэх “Өргөдөлийн хариу”, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000155133 дугаартай Ц.Болд, Д.Сарантуяа нарын Хүдэр сумын Баянцагаан 2-р баг бэлчир 5-4 тоотод байршилтай 171501282 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 3946м2 газрын хууль ёсны өмчлөгт болохыг тогтоосон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1314000317 дугаарт бүртгэлтэй гэрчилгээ, шүүхэд болон шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.

“Эрчим хүчний тухай “ хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Хэрэглэгчийн аль нэгний буруутай үйлдлээр эрчим хүч тасалдсан бол буруутай тал нь хохирлыг төлнө. Хохирлын хэмжээг эрчим хүч хангагч, хэрэглэгч хамтран тогтоож, актаар баталгаажуулсан байна.”  гэж заасны дагуу “Дархан түгээх төв Хүдэр хэсэг АТП-136, Д/СТ 1-р гаргалгааны АШ-Н Т№14-15, СИП-50КШ гэмтээсэн зөрчлийг судалсан 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №04/19 дугаартай акт”-аар “ДСЦТС ХК-д мөрдөх тарифын зохицуулалтын бус төлбөрт үйлчилгээний нэр, төрөл, тоо хэмжээ Т-1, Т-2, Т-3, Т-4-т тус тус заасан тарифыг үндэслэн эд хөрөнгөнд учирсан хохирлыг тооцон тогтоосон байна.

Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болд эс зөвшөөрч актанд гарын үсэг зураагүй, уг актанд гаргасан гомдолдоо: ”Миний бие Ц.Болд Хүдэр сумын 2-р багт амьдардаг. 2019.03.18-ны өдөр гал гарч шугам тасарсан. Зөрчил судалсан актаар 3,414,682 төгрөг гарсан. Энэ үнийн дүнтэй санал нийлэхгүй байна. Учир нь: Амьдрал, орлого байхгүй, /тогтмол орлого/, эхнэр бие муутай гэрт байдаг. Энэ байдлыг харгалзан төлбөрийг багасгаж өгч тусална уу” гэх, мөн шүүх хуралдааны шатанд “...Хогоо цэвэрлэж байгаад гал тавьсан нь бидний буруу үүнийг хүлээн зөвшөөрнө, ганцхан утасны төлбөр л арай их байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Бусад зардлыг хүлээн зөвшөөрч болно...” гэсэн хэдий ч СИП-50 КШ 225м утасны төлбөр 2,475,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөөгүй талаараа няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй байгаа нь үйл баримтаа нотолж чадаагүй гэж үзнэ. Мөн сольсон гэх СИП-50 КШ 200м утсыг хариуцагч Д.Сарантуяад хүлээлгэн өгсөн болохыг зохигч хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй.

   Иймд хариуцагч Д.Сарантуяагаас эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохиролд 3,414,682 төгрөгийг гаргуулан Дархан-Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК-нд олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 69,600 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 69,600 төгрөг гаргуулан хариуцагчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар Д.Сарантуяагаас 3,414,682 төгрөг гаргуулан “Дархан-Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК-нд олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 69,600 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 69,600 төгрөг гаргуулан Дархан-Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК-нд олгосугай.  

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.    

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн   шүүхэд давж шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.  

                             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         Д.МӨНХЦЭЦЭГ

 

                                           ШҮҮГЧИД                        Л.ЭНХТАЙВАН

 

                                                                                    Л.СОЁЛМАА