Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/130

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

хохирогч Э.*******,

шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

******* прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******н *******ид холбогдох эрүүгийн 2203007400016 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  

   Монгол Улсын иргэн, 1971 оны 3 дугаар сарын 23-ны өдөр, Төв аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, *******гийн 17-61 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******н *******, /РД:*******/

 

   Холбогдсон хэргийн талаар

 

Н.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 17 цаг 50 минутын үед Баянгол дүүргийн 10 дугаар хороо, “” кино театрын хойд талын замд “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Э.*******г явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч байхад нь мөргөсний улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.******* мэдүүлэхдээ: “...Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд яаралтай “MRI” зураг авхуул гэж хэлсэн. Тэгэхээр нь “MRI” зураг авхуулах гээд энэ хүний гар утас руу нь залгахад утсаа аваагүй. Осолд орсны дараа над руу нэг ч удаа залгаж биеийн байдал ямархуу байна гэж асууж байгаагүй. Тухайн осол болсон үед машинаасаа бууж ирж ямар нэгэн туслалцаа үзүүлээгүй. Хичээлдээ өөрөө явах боломжгүй тул ээж ажлаасаа чөлөө авч өглөө хичээлд хүргэж өгөөд орой авдаг. Шинээр гаргаж өгсөн баримтууд дунд энэ талаарх бензиний баримт байгаа. Нөхөн сэргээх эмчилгээнд яв гэсэн. Одоо 1,243,000 төгрөг нэхэмжилж байгаа. Зураг авхуулсан, бензиний баримт, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх баримтууд гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн  05-08 дугаар хуудас/,

мөрдөн  байцаалтад хохирогч Э.*******гийн өгсөн:  “...Би 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 17 цаг 40 минутын үед ээжийнхээ ажлаас гэртээ харихаар гарч “” кино театрын хойд талын замын явган хүний гарцаар урдаас хойш чиглэлд зам хөндлөн гарч байхад ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлийн нэг талдаа 2 эгнээтэй замын 2 дугаар эгнээнд явж байхад “Тоёота Приус-20” маркийн суудлын автомашин намайг мөргөж унагаасан. Тэгээд намайг газар уначихаад байхад жолооч машинаасаа бууж ирэхгүй надад тусламж үзүүлэхгүй байсан ба цаанаас замын цагдаа ирэх үед машинаасаа гарч ирээд хажууд зогсоод байсан. Би босох гэхээр хөдөлж чадахгүй баруун хөлийн өвдөг хэсгээр маш их өвдөөд баруун гар татсан. Тэр үед ээж рүүгээ залгаж машинд мөргүүлчихлээ гэж хэлэхэд манай ээжийн ажил ойрхон болохоор удаагүй манай ээж ирээд түргэн дуудаж 10 минут орчмын дараа түргэний эмч ирж үзээд гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/,

 

         Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт Эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.гийн: “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөртэй холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 17 цаг 50 минутын үед Баянгол дүүргийн 10 дугаар хороо, “” кино театрын хойд талын замд “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь явган зорчигч Э.*******г мөргөж эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Э.*******гийн эмчилгээнд нийт 474.000 төгрөгийн зардал гарсаныг Н.*******оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний хийсэн шинжээчийн № дугаартай дүгнэлтээр “...1. Э.*******гийн биед баруун шаант ясны дээд булууны далд хугарал, зүүн ташаанд цус хуралт, баруун тохойн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас/,

 

******* цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай магадлагаа: “Тоёота приус 20” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.” гэх магадлагаа /хавтаст хэргийн 75 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

           Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд

           - иргэний үнэмлэхийн  лавлагаа /хавтаст хэргийн 80 дугаар хуудас/,             

           - байнга оршин суугаа газрын лавлагаа /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/,

           - тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 83 дугаар хуудас/,

           - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 90 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.    

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзлээ. 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Н.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 17 цаг 50 минутын үед Баянгол дүүргийн 10 дугаар хороо, “” кино театрын хойд талын замд “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Э.*******г явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч байхад нь мөргөж хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.  

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

            Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг,

 

            шүүгдэгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх санал дүгнэлтийг тус тус гаргав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

  Шүүгдэгч Н.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 17 цаг 50 минутын үед Баянгол дүүргийн 10 дугаар хороо, “” кино театрын хойд талын замд “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Э.*******г явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч байхад нь мөргөсний улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн  05-08 дугаар хуудас/, хохирогч Э.*******гийн өгсөн:  “...Би 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 17 цаг 40 минутын үед ээжийнхээ ажлаас гэртээ харихаар гарч “” кино театрын хойд талын замын явган хүний гарцаар урдаас хойш чиглэлд зам хөндлөн гарч байхад ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлийн нэг талдаа 2 эгнээтэй замын 2 дугаар эгнээнд явж байхад “Тоёота Приус-20” маркийн суудлын автомашин намайг мөргөж унагаасан. Тэгээд намайг газар уначихаад байхад жолооч машинаасаа бууж ирэхгүй надад тусламж үзүүлэхгүй байсан ба цаанаас замын цагдаа ирэх үед машинаасаа гарч ирээд хажууд зогсоод байсан. Би босох гэхээр хөдөлж чадахгүй баруун хөлийн өвдөг хэсгээр маш их өвдөөд баруун гар татсан. Тэр үед ээж рүүгээ залгаж машинд мөргүүлчихлээ гэж хэлэхэд манай ээжийн ажил ойрхон болохоор удаагүй манай ээж ирээд түргэн дуудаж 10 минут орчимын дараа түргэний эмч ирж үзээд гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/, Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт Эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний хийсэн шинжээчийн № дугаартай дүгнэлтээр “...1. Э.*******гийн биед баруун шаант ясны дээд булууны далд хугарал, зүүн ташаанд цус хуралт, баруун тохойн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас/, тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай: “Тоёота приус 20” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө ” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.” гэх магадлагаа /хавтаст хэргийн 75 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр болгоомжгүй үр дагаварт хүргэдэг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой. Хэрэгт цугларч, бэхжүүлсэн нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Н.*******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

Иймд шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй юм.       

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.  

 

Хохирлын талаар     

             

         Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хохирогч Э.*******гийн зүгээс нийт 3,607,000 төгрөгийн 2,364,000 төгрөг нэхэмжилсэн байх ба шүүгдэгч нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар 4,570,000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан байна.

         Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт Эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.гаас “...гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал нийт 474.000 төгрөгийн зардал гарсныг Н.*******оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь дугаартай дансанд төлүүлж...” өгнө үү гэх мэдүүлэг авагдсан байх бөгөөд энэ хохирлыг төлсөн баримт хавтаст хэрэгт байхгүй тул шүүгдэгчээс 474.000 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр шийдвэрлэлээ.  

 

               Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

            Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Хохирогч баримтаар 3,607,000 төгрөгийн баримт гаргаж өгснөөс шүүгдэгч 4,570,000 төгрөгийг төлж барагдуулсан тул хохирогчид төлөх төлбөргүй.

            Шүүгдэгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...гэм буруугийн талаар маргахгүй, гэмшиж байна...” гэсэн саналыг тус тус гаргав.

 

  Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэх  хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

           

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт *******н *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.*******ид оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Шүүгдэгч Н.*******оос 474,000 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн дансанд төлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.******* нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ