Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 513

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг Ганзам 2 дугаар хэсэг 24-24 тоотод оршин суух, эрэгтэй, одоо “ХАС банк”-ны Сэлэнгэ салбарт зээлийн мэргэжилтэн ажилтай Харчун овогт Буян-Оршихын Батболд /МЭ-90011514/ /”ХАС банк” Сэлэнгэ салбарын/ нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг Салхит 1 дүгээр хэсэг 54 тоотод оршин суух, одоо Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт олон нийтийн цагдаагаар ажилладаг Шарнууд овогт Цоодолын Золбаатарт /МО-81020312/  холбогдох:  

 “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 17,548,719.17 төгрөг гаргуулах,  тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболд, хариуцагч Ц.Золбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Батболд шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:

Хариуцагч Ц.Золбаатар нь тус банктай 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1100026666 тоот “Зээлийн гэрээ” хийж 17,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, 1 жилийн 16,80  хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалттайгаар авч хамтран зээлдэгчээр түүний ээж Н.Түмэнжаргал байсан.  

Гэтэл Ц.Золбаатар нь банктай байгуулсан “Зээлийн гэрээ”-нд заасан хүлээсэн үүргээ зөрчин зээлийн төлбөрийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш төлөлгүй хугацаа хэтрүүлсэн. Энэ шалтгаанаа ажлаасаа халагдсан, ээжийн бие хүнд өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, ажилд орохоороо зээлээ төлнө гэсэн шалтгаанаар зээлийн төлөлтийн хугацаа хэтэрч доголдсон учраас шүүхэд хандсан. Одоо Ц.Золбаатарын зээлийн үлдэгдэл нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш төлөлгүй хугацаа хэтэрч, 2019 ны 02 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээл 16,488,707.17 төгрөг, хүү 1,054,120 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,892 төгрөг нийт 17,548,719.17 төгрөг төлөөгүй шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 108 хоногийн хугацаа хэтрэлттэй байгаа. Хамтран зээлдэгч Н.Түмэнжаргал нь өвчний улмаас нас барсан учраас манай банк хамтран зээлдэгчээс татгалзаж төлбөрийг Ц.Золбаатараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 17,548,719.17 төгрөгийг гаргуулж, 1100026666 дугаартай “Зээлийн гэрээ”-г цуцалж өгнө үү гэх.

Хариуцагч Ц.Золбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр “ХАС банк” Сэлэнгэ салбараас 17,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай сарын 1.4 хувийн хүүтэй хамтран зээлдэгчээр ээж Н.Түмэнжаргалыг оролцуулан зээл авсан. Зээлээ 2018 оны 10 дугаар сар хүртэл төлж байгаад ээж маань 2018 оны 09 дүгээр сард гэнэт элэгний хорт хавдраар өвчилсөн болох нь тогтоогдож ах, дүү, хүүхдүүд нь 7 хоногт 3 удаа нэг бүр нь 240,000 төгрөгний уураг болон бусад холбогдох эм тариаг хийлгэдэг байсан. Энэ байдлаас болж зээл төлөх хугацаа хэтэрч зээлээ төлж чадахаа байсан. Ээж маань хүнд өвчний улмаас 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нас барж, мөн 21 хоногийн дараа аав маань өвчний улмаас мөн нас барсан. Бидний хувьд ойр ойрхон аав, ээжээ алдсан. Миний хувьд ажлаасаа гарч ээж, ааваа сахиж байгаад 2019 оны 05 дугаар сард Цагдаагийн газарт олон нийтийн цагдаагаар орж сарын 450,000 төгрөгний цалинтай учраас уг мөнгөө гэр орондоо зарцуулаад төлбөрөө төлж чадахгүй байна. Эхнэр маань ОХУ-руу машинаар хүн авч явж орлого олдог байсан боловч, энэ оны 06 дугаар сард 7 дахь хүүхдээ төрүүлж одоо гэртээ хүүхдээ асарч байгаа учраас ганцхан миний орлогоор амьдарч байгаа. Эдгээр шалтгаанаас болж банкны зээлээ төлж чадахгүй болсон. Одоо миний хувьд төрийн тусгай албаны шалгалт өгөөд тэнцвэл хуучин цолоо сэргээлгээд ажиллавал цалин маань ч нэмэгдэхэд зээлээ графикт хугацаанд нь оруулан төлөх чадвартай болох юм гэж үзэж байгаа. Нэгэнт зээл авсан учраас төлж барагдуулна. Миний хувьд энэ зээлээс гадна лизингийн зээл болон орон сууцны зээлтэй. Орон сууцны зээлээ хугацаанд нь төлөөгүй учраас шүүхийн шийдвэр гарч одоо шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд явж байгаа. Иймд миний дээрх байдлыг хүндэтгэн үзэж зээлийн хүүгээс хасаж өгнө үү гэх.  

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ХАС банк”-ны /Сэлэнгэ салбар/ нь  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Ц.Золбаатар нь тус банктай 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1100026666 тоот “Зээлийн гэрээ” хийж 17,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, 1 жилийн 16,80 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалттайгаар авч хамтран зээлдэгчээр түүний ээж Н.Түмэнжаргал байсан. Гэтэл...“Зээлийн гэрээ”-нд заасан хүлээсэн үүргээ зөрчин зээлийн төлбөрийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш төлөлгүй хугацаа хэтрүүлсэн...Одоо Ц.Золбаатарын зээлийн үлдэгдэл нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс хугацаа хэтэрч, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээл 16,488,707.17 төгрөг, хүү 1,054,120 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,892 төгрөг нийт 17,548,719.17 төгрөг төлөөгүй шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 108 хоногийн хугацаа хэтрэлттэй байгаа. Хамтран зээлдэгч Н.Түмэнжаргал нь өвчний улмаас нас барсан учраас манай банк хамтран зээлдэгчээс татгалзаж төлбөрийг Ц.Золбаатараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 17,548,719.17 төгрөгийг гаргуулж, 1100026666 дугаартай “Зээлийн гэрээ”-г цуцалж өгнө үү...” гэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ц.Золбаатар, хамтран зээлдэгч Н.Түмэнжаргал нар нь “ХАС банк” /Сэлэнгэ салбар/-аас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох  харилцаа үүссэн болох нь:

  Зохигчдын хооронд 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр №1100026666 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулан 17.000.000 төгрөгийг жилийн 16,80 хувийн хүүтэй, 48 сарын хугацааатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авч, хамтран зээлдэгчээр Н.Түмэнжаргал оролцсон байна.

Зохигчдын хооронд Ц.Золбаатар, хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Түмэнжаргал нар нь зээлийн гэрээгээ зөрчиж графикт заасан хугацаандаа зээлээ төлөхгүй 2018 оны 11 дүгээр сарын 02-ны байдлаар 108 хоногийн хугацаа хэтэрч...үндсэн зээлийн үлдэгдэл 16,488,707.17 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1.054,120 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5,892 төгрөг нийт 17,548,719.17 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, шаардах хуудас  зэргээр нотлогдож байгаа нь зээлдэгч Ц.Золбаатар, хамтран зээлдэгч Н.Түмэнжаргал нар нь гэрээнийхээ үүргийг зөрчсөн  хэдий ч хамтран зээлдэгч Н.Түмэнжаргал нь Хавдар судлалын эмнэлгийн хяналтанд хэвтэрт байж байгаад хүнд өвчний улмаас 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан №0000225995 дугаартай “Нас барсны гэрчилгээ” болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”... Н.Түмэнжаргал нь өвчний улмаас нас барсан учраас манай банк хамтран зээлдэгчээс татгалзаж төлбөрийг Ц.Золбаатараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 17,548,719.17 төгрөгийг гаргуулж,..өгнө үү.” гэсэн тул зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 17,548,719.17 төгрөгийг Ц.Золбаатараас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Мөн нэхэмжлэгч нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №1100026666 дугаартай “Зээлийн гэрээ”-нээс татгалзсан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч нарт “Зээлийн гэрээ”-нд заасан үүргийн гүйцэтгэлээ гэрээнд заасан хугацаанд биелүүлж чадах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.  

Иймд зохигчдын хооронд хийгдсэн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №1100026666 дугаартай “Зээлийн гэрээ”-г цуцалж, гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 16,488,707.17 төгрөг, зээлийн хүү 1,054,120 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,892 төгрөг нийт 17,548,719.17 төгрөгийг Ц.Золбаатараас гаргуулан “ХАС банк” /Сэлэнгэ салбар/-т олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хариуцагч нь шүүх хуралдааны шатанд “...Нэгэнт зээл авсан учраас төлж барагдуулна. Миний хувьд энэ зээлээс гадна лизингийн зээл болон орон сууцны зээлтэй. Орон сууцны зээлээ хугацаанд нь төлөөгүй учраас шүүхийн шийдвэр гарч одоо шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд явж байгаа. Иймд миний дээрх байдлыг хүндэтгэн үзэж зээлийн хүүгээс хасаж өгнө үү...” гэх бөгөөд зохигчдын хооронд хийгдсэн “Зээлийн гэрээ”-ний 4.2-т зааснаар “зээлдэгч зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлнө” гэсэн байгаа нь хариуцагчийг үндсэн зээлийн хүүгээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзлээ.   

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,693.60 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 245,693.60 төгрөг гаргуулан “ХАС банк” /Сэлэнгэ салбар/-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь :

 

           1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар “ХАС банк” /Сэлэнгэ салбар/-ын нэхэмжлэлтэй Ц.Золбаатарт холбогдох 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1100026666 дугаартай “Зээлийн гэрээ”-г цуцалсугай.

 

2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар Ц.Золбаатараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 17,548,719.17 төгрөгийг гаргуулан “ХАС банк” /Сэлэнгэ салбар/-т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,693.60 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 245,693.60 төгрөг гаргуулан “ХАС банк” /Сэлэнгэ салбар/-т олгосугай.

 

 4.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119  дүгээр  зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг  дурдсугай.

 

 5.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон  зохигч... 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

           7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Л.СОЁЛМАА