Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/131

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

хохирогч Б.*******,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

                       

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******  овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн ******* тоот дугаартай, хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” хамгаалалтын газар хамгаалагч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Улаанбаатар хот, ******* дүүргийн 36 дугаар хороо Усан сангийн ******* тоотод оршин суух хаягтай гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Буурлынхан овогт Батаагийн ******* /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар

 

Б.******* нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” бааранд 2022 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө хохирогч Б.*******ыг дотогш оруулахгүй гэж маргалдан улмаар биед халдан цохиж түүний биед баруун хацар ясны хугарал, дээд 1 дүгээр шүдэнд хугарал, баруун, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамар, зүүн нүдэнд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:  

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: “...Халамцуу ганцаараа орж ирэх гээд байхаар нь оруулахгүй гэж маргасан. Гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.******* мэдүүлэхдээ: “...Тухайн үед баарны тасалбар тараагч оруулахгүй гэсэн. Танай найз таксаа төлөхгүй орсон гэхэд яагаад би яахаараа танихгүй хүний таксыг төлөх ёстой вэ гээд маргаан үүссэн. Тэгээд би найз охиноосоо санаа зовоод унаанд суулгаж өгөөд буцаж ороод тасалбар таслагчтай маргалдсан. Үүнээс болж хамгаалагч нарт зодуулсан. Хохирол төлбөрт 163,000 төгрөг гарсан. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд надад өгч байгаа боловч би авахгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Б.*******ы өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Татар, Люминогийн тоглолтыг найз охинтойгоо үзээд шөнө 00 цаг өнгөрч байхад дуусаад бид хоёр хоорондоо ярилцаад “” баар орох болоод баар луу орох гэтэл тухайн баарны эмэгтэй намайг нүүр лүү 2 удаа алгадахаар нь би найз охиноосоо санаа зовоод найз охиноо гаргаж өгөөд нөгөө хаалгаар нь ороод яагаад ингэж байгаа юм бэ гэтэл хамгаалагч нь миний нүүр хэсэг рүү цохисон. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Д.ын өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах “” баарны үүдэнд тасалбар таслагчаар ажил хийгээд байж байтал өмнө нь хэд хэдэн удаа орж байсан залуу орох гэхээр нь би танай 2 найз сая тасалбар авахгүй орчихлоо тэглээ ч манайд ширээгүй болчихлоо гэтэл тэр залуу юун 2 найз би ганцаараа явж байна гэхээр нь би оруулахгүй гэтэл тэр залуу орох гэж дайраад хэл амаар доромжлоод байхаар нь би 2 удаа тэр залууг алгадсан. Тэгээд тэр залуу дахиж орж ирээгүй. Тэгтэл манай нөгөө хаалгаар орох гэж дайраад манай хамгаалагч тэр залууг цохисон асуудал гаргасныг би сүүлд мэдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  15 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.гийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ “1.Б.*******ы биед баруун хацар ясны хугарал, дээд 1 дүгээр шүдэнд хугарал, баруун, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамар, зүүн нүдэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. З.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

 

“” баарны хяналтын камерын бичлэг бүхий СД

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 40, 41 дүгээр хуудас/,

- гэрлэсний бүртгэлгүй  лавлагаа /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,

- оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/,

- үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/,

           - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.******* нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” бааранд 2022 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө хохирогч Б.*******ыг дотогш оруулахгүй гэж маргалдан улмаар биед халдан цохиж түүний биед баруун хацар ясны хугарал, дээд 1 дүгээр шүдэнд хугарал, баруун, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамар, зүүн нүдэнд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлт,

 

         шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх санал, дүгнэлтийг  тус тус гаргав.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

мөрдөн байцаалтад хохирогч Б.*******ы өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Татар, Люминогийн тоглолтыг найз охинтойгоо үзээд шөнө 00 цаг өнгөрч байхад дуусаад бид хоёр хоорондоо ярилцаад “” баар орох болоод баар руу орох гэтэл тухайн баарны эмэгтэй намайг нүүр лүү 2 удаа алгадахаар нь би найз охиноосоо санаа зовоод найз охиноо гаргаж өгөөд нөгөө хаалгаар нь ороод яагаад ингэж байгаа юм бэ гэтэл хамгаалагч нь миний нүүр хэсэг рүү цохисон. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/, гэрч Д.ын өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах “” баарны үүдэнд тасалбар таслагчаар ажил хийгээд байж байтал өмнө нь хэд хэдэн удаа орж байсан залуу орох гэхээр нь би танай 2 найз сая тасалбар авахгүй орчихлоо тэглээ ч манайд ширээгүй болчихлоо гэтэл тэр залуу юун 2 найз би ганцаараа явж байна гэхээр нь би оруулахгүй гэтэл тэр залуу орох гэж дайраад хэл амаар доромжлоод байхаар нь би 2 удаа тэр залууг алгадсан. Тэгээд тэр залуу дахиж орж ирээгүй. Тэгтэл манай нөгөө хаалгаар орох гэж дайраад манай хамгаалагч тэр залууг цохисон асуудал гаргасныг би сүүлд мэдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.гийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний дугаартай Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл “1. Б.*******ы биед баруун хацар ясны хугарал, дээд 1 дүгээр шүдэнд хугарал, баруун, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамар, зүүн нүдэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/, “” баарны хяналтын камерын бичлэг бүхий СД, зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

         Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.*******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.*******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

          Хохирогч Б.******* нь шүүх хуралд гэрч Д.д гомдолтой байна энэ хүнээс болж хэрэг үйлдэгдэх болсон гэж байх боловч Д.д Зөрчлийн тухай хуульд зааснаар зохих хариуцлага оногдуулсан шийтгэлийн хуудас хэрэгт авагдсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Б.*******ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хохирогч Б.******* нь мөрдөн байцаалтын шатанд 148,000 төгрөгийн баримтыг ирүүлсэн байх бөгөөд шүүгдэгчээс 148,000 төгрөг гаргуулж хохирогчид олгохыг дурдаж байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

            Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний уюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах ...” гэх санал,

   шүүгдэгч:  “...торгох ял оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******т 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хадгалан үлдээж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Буурлынхан овогт Батаагийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч Б.*******ийг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.*******т оногдуулсан 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ээс 148,000 /нэг зуун дөчин найман мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.*******д олгож, хохирогч Б.******* нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.  

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хадгалан үлдээж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ