| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2019/00105/И |
| Дугаар | 130 |
| Огноо | 2019-09-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго
Нэхэмжлэгч Д.А
Хариуцагч Г.Б нарыг оролцуулан нэхэмжлэгч Хэнтий аймгийн Галшар сумын 5-р баг Д.А ийн нэхэмжлэлтэй хариуцагч Хэнтий аймгийн Галшар сумын 2-р багт оршин суух Г.Б холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 07 сарын 23-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нөхөр Г.Б 2012 онд танилцаад хамтран амьдарч байгаад 2015 оны 04 сарын 09-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Г.Б гэр бүл болсноос хойш 2013 оны 07 сарын 23-ны өдөр хүү Б.Б 2015 оны 04 сарын 12-ны өдөр хүү Б.Н нар төрсөн. Г.Б цуг амьдарч байгаад 2017 оноос хойш тусдаа амьдарч байна. Хамтран амьдрах хугацаанд Г.Б нь архи ууж, агсам тавьж, намайг нялх биетэй байхад маш их зоддог байсан. Түүнээс болж өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байна. Г.Б нь одоо эхнэр авсан. Би гэр бүлтэй болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Б.Б, Б.Н нарыг өөрийн
асрамжид авч, хоёр хүүхдэд тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Г.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Д.А тай 2015 онд гэрлэлтээ батлуулсан. Д.А тай гэр бүл болсноос хойш 2013 оны 07 сарын 23-нд хүү Б.Б 2015 оны 04 сарын 12-нд хүү Б.Н нар төрсөн. Бид цуг амьдарч байгаад 2017 оноос хойш тусдаа амьдарч байна. Би 2016 онд цэрэгт явсан. 2017 оны намар цэргээс ирэхэд Д.А нөхөртэй болсон байсан. Түүнээс хойш тусдаа амьдарч байна. Б.Б Б.Н нар миний хүүхэд мөн. Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлнө. Том хүү Б.Б г өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Г.Б холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Г.Б нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан байна.
Нэхэмжлэгч Д.А ийн “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Г.Б танилцаж, гэр бүл болж, 2015 оны 04 сарын 09-ний өдөр гэрлэлтээ батлуулан 2017 он хүртэл хамтран амьдарч байсан нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Зохигчид нь хамтран амьдрах хугацаандаа 2013 оны 07 сарын 23-ны өдөр хүү Б.Б 2015 оны 04 сарын 12-ны өдөр хүү Б.Н нарыг төрүүлсэн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, одоо хүүхэд эрүүл энх өсөж байгаа нь Хэнтий аймгийн Галшар сумын өрхийн эмчийн тодорхойлолт, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Д.А , хариуцагч Г.Б нар нь хоорондын хувийн таарамжгүй харьцааны улмаас үзэл бодол таардаггүй, гэрлэгчид нь 2017
оноос хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа, хариуцагч Г.Б нь нэхэмжлэгч Д.А ийн эрх чөлөөнд халдаж, зоддог байсан нөхцөл байдал, зохигчид нь гэрлэлтийг үргэлжлүүлэх санаачилгыг хэн аль нь гаргаагүй зэрэг нь гэрлэлт цуцлуулах шалтгаан үүссэн байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж заасан байна.
Зохигчид нь 2019 оны 06 сарын 14-ний өдөр тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцсон боловч талууд эвлэрээгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүйгээр дуусгавар болсон байна.
Гэрлэгчид нь цаашид эвлэрэх боломжгүй байна гэж шүүх үзлээ. Учир нь гэрлэгчид нь цаашид хамтран амьдрах бодит нөхцөл тогтоогдохгүй байна.
Зохигчид нь хоорондын хувийн таарамжгүй харьцааны улмаас үзэл бодол таардаггүй, 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа нөхцөл байдал, зохигчид нь гэрлэлтийг үргэлжлүүлэх санаачлагыг хэн аль нь гаргаагүй зэргийг харгалзан шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ дахин авах шаардлагагүй, гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.А , хариуцагч Г.Б нар нь хоорондын хувийн таарамжгүй харьцаа, үзэл бодол таардаггүй байсны улмаас 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байна.
Нэхэмжлэгч Д.А ийн хүсэлт, хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуй нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд тавих анхаарал халамж, хүүхдийн өсөх, хүмүүжих орчин зэргийг харгалзан үзээд 2013 оны 07 сарын 23-ны өдөр төрсөн хүү Б.Б 2015 оны 04 сарын 12-ны өдөр төрсөн хүү Б.Н нарыг эх Д.А ийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” нь эцэг, эхийг үүрэг гэж тус тус тодорхойлсон байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт
зааснаар хүү Б.Б Б.Н нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар тутам эцэг Г.Бөхбаяраас гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Д.А нь хүү Б.Б Б.Н нартай нэг гэрт хамт амьдарч байгаа бөгөөд одоогоор хүүхдийн өсөж хүмүүжиж байгаа орчныг өөрчлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг нэхэмжлэгч Д.А , хариуцагч Г.Б нарт хэвээр үргэлжлэхийг дурдах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгч Д.А ийн хариуцагч Г.Бөхбаяраас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн
82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120 дугаар зүйлд
тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.А , хариуцагч Г.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2013 оны 07 сарын 23-ны өдөр төрсөн хүү Б.Б, 2015 оны 04 сарын 12-ны өдөр төрсөн хүү Б.Н нарыг эх Д.А ийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2013 оны 07 сарын 23-ны өдөр төрсөн хүү Б.Б, 2015 оны 04 сарын 12-ны өдөр төрсөн хүү Б.Н нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар тутам эцэг Г.Б гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүү Б.Б, Б.Н нарын хэрэгцээнд зарцуулахыг эх Д.А т даалгасугай.
6.Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Оюун-Эрдэнэд даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.А ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Г.Бөхбаяраас улсын тэмдэгтийн хураамж 133328 төгрөгийг гаргуулж, улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг нэхэмжлэгч Д.А т олгож, улсын тэмдэгтийн хураамж 63128 төгрөгийг төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгосугай.
9.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.
11.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ М.ЭНХМАНДАХ