Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 00211

 

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2019/00211

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                          

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 6-20 тоотод оршин суух, Боржигон овогт Г-ийн Д / /-ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 153/2019/00185/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Г.Д нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1965 онд төрсөн. Эцэг эхийн гар дээр өсөж 8 настай суруульд орж 1981 онд Ховд аймгийн Чандмань сумын дунд сургуулийн 8-р ангийг төгссөн. 1981-1983 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Хөдөө аж ахуйн текниккумд сурч төгссөн. 1987 номын худалдаанд худалдагчаар ажилд ороод 1990 онд хүртэл ажилласан. 1993 оноос өдийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 12 жилийн 3-р сургуульд ажиллаж байна.

Одоо тэтгэвэрт гарах нас болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоо байгаа баримтаараа ажилласан байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна.

Иймд намайг Ховд аймгийн Номын худалдаанд 1987 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл худалдагчаар, Ховд аймгийн төвийн 10-н жилийн 3 дугаар дунд сургуульд 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Г.Д  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Г.Д нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Номын худалдаанд 1987 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл худалдагчаар, Ховд аймгийн төвийн 10-н жилийн 3 дугаар дунд сургуульд 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж тодрууллаа.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.Д нь Ховд аймгийн Номын худалдаанд 1987 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл худалдагчаар, Ховд аймгийн төвийн 10-н жилийн 3 дугаар дунд сургуульд 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 374 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн төвийн 10 жилийн III дунд сургуулийн захирлын 1993 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбар, 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Алтанбулаг дахь ХАА-н техникумоос олгосон нэхэмжлэгчийн 089383 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 42 дугаартай албан бичгээр ирүүлсэн Г.Дгийн 1993-1995 онуудын цалингийн картны хуулбар, гэрч Д.Даваасүрэнгийн ....Би 1986 оны хавар Ховд аймгийн 10 жилийн 1 дүгээр сургуулийн 10 дугаар ангийг төгсөөд Ховд аймгийн Соёлын байгууллагын харъяа номын худалдаанд үйлчлэгчээр ажилд орж 1990 он хүртэл ажилласан....Намайг 1986 оны 7 дугаар сард Ховдын аймгийн Номын худалдаанд үйлчлэгчээр ажилд ороод ажиллаж байхад Г.Д нь 1987 онд Ховд аймгийн Номын худалдаанд худалдагчаар ажилд ороод 1990 он хүртэл бид хоёр хамт ажилласан. 1990 онд бидний ажиллаж байсан номын худалдаа тарчихсан юм. Тухайн үед номын худалдааны зааварлагч нь Дагва гэж хүн байсан. Одоо Дамбадаржаа дарга байгаа. Ахмадын хорооны дарга хийж байгаа.Номын худалдаа нь худалдагч 5, үйлчлэгч 1, нярав 1, нягтлан 2, манаач 1, агуулахын ном хариуцсан ажилтан 1 байсан. Дарга нь зааварлагч Дагва байсан. Номын худалдааны төв нь соёлын байгууллагын харъяа байсан.Ховд аймгийн Номын худалдаа байсан барилгын нураагаад тухайн газар дээр нь одоо Баянбулаг бэккэри үйл ажиллагаа явуулж байна. Тухайн үед нэг давхар жижигхэн барилга байсан юм.... гэх мэдүүлэг, гэрч Г.Самбуугийн ....Би 1981 оны 9 дүгээр сараас 1996 оны 9 сар хүртэл Ховд аймгийн Соёлын хэлтсийн харъяа Номын худалдаанд няраваар ажиллаж байсан....Г.Д нь 1987 оноос 1990 оныг дуустал Ховд аймгийн Соёлын хэлтсийн харъяа Номын худалдаанд худалдагчаар ажиллаж байсан....Номын худалдааны даргаар 1986 оноос өмнө Номын худалдаанд ажилд авахдаа Ховд аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Соёлын хэлтсийн дарга тушаал гаргаж томилдог байсан юм. 1986 оноос хойш Номын худалдаа нь бие даасан байгууллага болж Ховд аймгийн Номын худалдаа гэдэг нэртэй болсон бөгөөд даргаар нь Д.Дагва, нягтлан бодогчоор Б.Ичинхорлоо нар ажиллаж байсан. Д.Дагва дарга 1993 он хүртэл тус байгууллагын даргаар ажиллаж байсан. Ховд аймгийн Номын худалдаа нь1986 оноос хойш Ховд аймгийн Номын худалдаа нь нийт 15 хүнтэй үйл ажиллагаа явуулж байсан. Дарга, нягтлан бодогч, нярав -2 , худалдагч - 8, ачигч -1, сахиул гэсэн орон тоотой ажиллаж байсан. Одоо худалдагчаар ажиллаж байсан хүмүүсээс Даваасүрэн, Лхамсүрэн, Жудлай, Наранцэцэг, Цэнгэл, Болорцэцэг, Оюунбилэг, Оюун нар Ховд аймагт болон Улаанбаатар хотод амьдарч байна.... гэх мэдүүлэг, гэрч Ж.Самбууг Ховд аймгийн Номын худалдааны няраваар 1981 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр томилсон Ховд аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Соёлын хэлтсийн даргын 1981 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 48 дугаартай Ажлаас халах, ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ж.Самбуугийн барааны няравын 85092 дугаартай мэргэжлийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4-5, 6-7, 11-14, 25-26, 28, 29-30, 31дүгээр тал/

Хавтаст хэргийн 9-10 дугаар хуудсанд авагдсан иргэн Д.Даваасүрэн, Ц.Цэцэгсүрэн нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Гончигийн Дгийн Ховд аймгийн Номын худалдаанд 1987 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл худалдагчаар, Ховд аймгийн төвийн 10-н жилийн 3 дугаар дунд сургуульд 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ        С.ОЮУНЖАРГАЛ