Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 1233

 

 

 

 

 

 

    2019           12             12                                      2019/ДШМ/1233

 

 

Б.Д, Н.Г, П.О, Б.А,

Ц.О нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

           прокурор А.Сайнбаяр,

           хохирогч З.Жавзанпагмын өмгөөлөгч Б.Баттөр,

           шүүгдэгч Б.Д, Н.Г, П.О, Ц.О нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/1634 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч З.Жавзанпагмын өмгөөлөгч Б.Баттөрийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Д, Н.Г, П.О, Б.А, Ц.О нарт холбогдох эрүүгийн 1806071741212  дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигон овогт Б.Д, 1982 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эх барих эмэгтэйчүүдийн их эмч мэргэжилтэй, Нийслэлийн Амгалан амаржих газарт эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол 1-93 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ЧЕ82021508/;

 

2. Ахаа овогт Н.Г, 1982 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Нийслэлийн Амгалан амаржих газарт газарт эх барих эмэгтэйчүүдийн их эмч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, 2 дугаар хороолол Богд Ар 5А-51 тоотод оршин суух суух бүртгэлтэй, /РД:ОЮ82011115/;

 

3. Сартуул овогт П.О, 1988 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Завхан аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Нийслэлийн Амгалан амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн их эмч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 120-19 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ИЮ88120372/;

 

4. Ялгасан шавь овогт П.О, 1966 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймагт төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, Нийслэлийн Амгалан амаржих газарт мэс заслын сувилагч ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36-230 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ИЭ66101204/;

 

           5. Зөөд овогт П.О, 1986 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, туслах сувилагч мэргэжилтэй, Нийслэлийн Амгалан амаржих газарт мэс заслын сувилагч ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 9-17 тоотод оршин суух бүртгэлтэй, /РДЮИ86041107/;

 

Б.Д, Н.Г, П.О, Б.А, Ц.О нар нь 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Нийслэлийн Амгалан амаржих газарт иргэн З.Жд мэс засал хийхдээ эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс буюу Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйл, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 177 тоот тушаал зэргийг зөрчиж З.Жавзанпагмын эрүүл мэндэд хэвлийн хөндийд гадны биет буюу даавуу үлдээсний улмаас хэвлийн хөндийн гялтан хальсны түгмэл үрэвсэл, гэдэсний наалдац, түгжрэлээр хүндэрч эхийн амь насанд эрсдэл учирсан, уг хүндрэл болон хүндрэл үүсгэсэн шалтгааныг бүрэн оношлоогүйн улмаас ургийг зулбуулан хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Д, Н.Г, П.О, Б.А, Ц.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигин овогт Б.Д, Ахаа овогт Н.Г, Сартуул овогт П.О, Ялгасан шавь овогт П.О, Зөөд овогт П.О нарыг эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар Б.Д, Н.Г, П.О, Б.А, Ц.О нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хохирогч З.Ж нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч З.Жавзанпагмын өмгөөлөгч Б.Баттөр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч нарт холбогдох хэрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Б.Д, Н.Г, П.О, Б.А, Ц.О нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1-р зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж, хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ’ гэж заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх  заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж тус тус зохицуулж өгчээ.

 

            Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэрэг нь 6 сараас 3 жил хүртэл зорчих эрх хязгаарлах ялтай, зорчих эрх хязгаарлах ялын дээд хэмжээ 1 жилээс хэтрэхгүй тохиолдолд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 1 жил байхаар хуульчилсан байхад шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хүлээн авч, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

            Шүүгдэгч Б.Д, Н.Г, П.О, Ц.О нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээж өгнө үү гэсэн байр суурьтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зорчих эрхийг хязгаарлах ялыг заан хуульчилсан байдаг. Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай 5 дугаар зүйлд “2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэнэ” гээд ялын хэрэгжилтийг түтгэлзүүлсэн байдаг. Түтгэлзүүлсэн гэдгийг ойлгохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан, бүх зорчих эрхийг хязгаарлах ялтай холбоотой бүх хэм хэмжээний үйлчлэл энэ хуульд заасан хугацаанд үйлчлэхгүй гэсэн байр суурьтай байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.

 

            Шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар зорчих эрхийг хязгаарлах ялыг “2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэнэ” гээд заагаад өгсөн. Хууль хэрэглээний явцад эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байгаа. Энэ талаар анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо дурдсан. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв

 

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хууль хэрэглээний хувьд анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч, яллагдагчид ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэсэн байна гэж үзээд прокурорын зүгээс эсэргүүцэл бичээгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.

 

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “...шүүгдэгч Б.Д, Н.Г, П.О, Б.А, Ц.О нарыг эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад заасан “Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэрэг нь гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн хэргийн ангилалд хамаарах хэдий ч хууль тогтоогч эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тооцох үндэслэлийг тодорхойлохдоо гэмт хэргийн ангилалд тулгуурлаж бус харин тодорхой ялын дээд хэмжээгээр хязгаар тогтоон хуульчилсан болно.

 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн”, харин  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанд тооцохоор хуульчилсан бөгөөд гэмт хэргийн ангиллыг үндэслэн, хөөн хэлэлцэх хугацаа тооцох талаар ямар нэгэн хэм хэмжээг хуульчлан тогтоогоогүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуульд байхгүй үндэслэл зааж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй.

 

Прокуроос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тодорхой, уг зүйлчлэлээр тооцогдох хэргийн хөөн хэлэлцэх заалт ойлгомжтой байхад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тооцогдох хэргийг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамруулан тайлбарлан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

 

Иймд хохирогч З.Жавзанпагмын өмгөөлөгч Б.Баттөрийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, шүүгдэгч Б.Д, Н.Г, П.О, Б.А, Ц.О нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/1634 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Д, Н.Г, П.О, Б.А, Ц.О нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл шүүгдэгч Б.Д, Н.Г, П.О, Б.А, Ц.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ