Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2025/0393

 

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2025/0393

Улаанбаатар хот

 

 

 

“Ш***” ХХК-ийн

гомдолтой захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Э.С***,

Гомдол гаргагч: “Ш***” ХХК

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч,

Гомдлын шаардлага: Говьсүмбэр аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 0044044 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 113/ШШ2025/0003 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн төлөөлөгч А.М***,

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Э.С***

Хариуцагч татварын улсын байцаагч З.С***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д***,

Хэргийн индекс: 113/2025/0001/3.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Гомдол гаргагч “Ш***” ХХК-иас Говьсүмбэр аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчид холбогдуулан “2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 0044044 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 113/ШШ2025/0003 дугаар шийдвэрээр “Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д заасныг баримтлан “Ш***” ХХК-иас Говьсүмбэр аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч З.С***т холбогдуулан гаргасан “Говьсүмбэр аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч З.С***ын 2025 оны 01 дүгээр сарын  31-ний өдрийн 0044044 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1 Анхан шатны шүүх Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “худалдсан, борлуулсан” гэх зохицуулалт Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуультай нийцэж уялддаг эсэхийг авч үзвэл тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 38 дугаар зүйлийн 38.1, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д тус тус зааснаас үзэхэд согтууруулах ундааг “худалдсан эсхүл борлуулсан” гэж тус тус зохицуулсан зохицуулалт байхгүй.

3.2 Гэтэл шүүх Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “...эсхүл худалдсан, эсхүл борлуулсан” гэсэн зохицуулалтыг холбогдох хуулиудтай нийцэж байгаа эсэхэд худалдсан, борлуулсан гэх үг монгол хэлний илэрхийллийн хувьд хоёр өөр утгыг илэрхийлэхгүй нэг утгыг илэрхийлэх нь энгийн ухамсрын түвшинд ойлгомжтой байгаа зэрэгт дүгнэлт хийхгүйгээр хариуцагчийн тайлбарт хөтлөгдөн хууль хэрэглээний зөрүүтэй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

3.3 Шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д “...хуулийн зохицуулалт, үгийн шууд утга нь төгссөн буюу үйлдэгдсэн байхаар хуульчлагдсан, тиймээс худалдах, борлуулахаар дэлгүүрийн лангуунд тавьсныг бус зөвхөн худалдсан эсхүл борлуулсан тохиолдолд л хариуцлага хүлээлгэнэ гэсэн агуулгаар Зөрчлийн тухай хуулийн дээрх заалтыг тайлбарлах нь хэт явцуу, хуулийн зорилго, үзэл баримтлалтай нийцэхгүй...” хэмээн дүгнэсэн атлаа 8 дахь хэсэгт “... “Ш***” ХХК-ийг сул болон өндөр агууламжтай согтууруулах ундааг худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар олгосон ба тухайн тусгай зөвшөөрлөөр хуульд хориглоогүй бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах гэж тусгайлан зааж өгсөн” хэмээн өмнө хийсэн дүгнэлтээ үгүйгэсэн байна. ,

3.4 “Ш***” ХХК нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д дурдсан үйлдэл гаргаж, онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдан борлуулж орлого олоогүй бөгөөд энэ нь гэрчийн мэдүүлгээр тогтоогддог.

3.5 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж өгнө үүгэжээ.

4. Хариуцагч талаас гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж

шийдвэрлэв.

3.  Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 1.2 дугаар зүйлийн 1-т “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 11.24 дүгээр зүйлийн 1 “Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчиж”, 1.1 дэх хэсэгт “тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан ... хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн тус тус заасан.

4. Маргаан бүхий үйл баримтын тухайд, “Хэтрүүлээд хэрэггүй” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгч 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 20 цагийн үед тус аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ш***” ХХК-ийн “А***” нэртэй хүнсний дэлгүүрээс 750 гр-ын хэмжээтэй “Тайга” нэртэй 1 ширхэг, “Болор” нэртэй 2 ширхэг, 500 гр-ын хэмжээтэй “Архи” нэртэй 2 ширхэг, “Еликс” нэртэй 1 ширхэг, “Жак даниелс” нэртэй 1 ширхэг, 500 гр-ын хэмжээтэй, “Московский жин” нэртэй 1 ширхэг, 750 гр-ын хэмжээтэй “Ерөөл” нэртэй 1 ширхэг, нийт 9 ширхэг онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааг хураан авсан, энэхүү үйл баримтуудтай талууд маргаагүй.

5. Анхан шатны шүүх “...хуулийн зохицуулалт, үгийн шууд утга нь “төгссөн буюу үйлдэгдсэн” байхаар хуульчлагдсан, тиймээс худалдах, борлуулахаар дэлгүүрийн лангуунд тавьсныг бус зөвхөн худалдсан, эсхүл борлуулсан тохиолдолд л хариуцлага хүлээлгэнэ гэсэн агуулгаар Зөрчлийн тухай хуулийн дээрх заалтыг тайлбарлах нь хэт явцуу, хуулийн зорилго, үзэл баримтлалтай нийцэхгүй ... Үүнээс үзэхэд онцгой албан татварын тэмдэггүй архийг худалдахыг хориглосон бас худалдсан тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан тохиолдолд шийтгэл оногдуулахаар байна” хэмээн дүгнэж, гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

6. Тодруулбал, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхэд дараах зүйлийг хориглоно”, 21.1.3-т “онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх”,

Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт Тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлэх, импортлох, худалдах, тэмдгийг хуурамчаар үйлдэх, борлуулах, хэрэглэхийг хориглоно” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд согтууруулах ундаа худалдан борлуулах эрх бүхий этгээдэд онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглох бөгөөд тухайн тохиолдолд холбогдогч “Ш***” ХХК нь дэлгүүрийн лангуу дээр бусад бараа бүтээгдэхүүний хамтаар онцгой албан татварын тэмдэггүй тэмдэггүй согтууруулах ундааг ил өрж тавьсан нь худалдан, борлуулах зорилготой гэж үзнэ.

Энэ тохиолдолд гомдол гаргагчийн өмгөөлөгчийн тайлбарлаж буй “...онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдан борлуулж орлого олоогүй” гэх гомдолд дурдсан үндэслэлээр гомдол гаргагчийн үйлдсэн зөрчлийг үгүйсгэх боломжгүй байна.

7. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 113/ШШ2025/0003 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  

                                 ШҮҮГЧ                                          З.ГАНЗОРИГ

 

 

            ШҮҮГЧ                                          Г.БИЛГҮҮН

 

 

            ШҮҮГЧ                                           Г.МӨНХТУЛГА