Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 118/ШШ2019/0021

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Тунгалаг даргалж, нарийн бичгийн даргаар Ч.Алтанзулыг оролцуулан тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн сумын Засаг дарга, газрын даамал нарт холбогдох

Завхан аймгийн сумын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Газар өмчлүүлэх тухай А/144 дүгээр захирамжийн С.т холбогдох хэсгийг, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Газар өмчлүүлэх тухай А/10 дугаар захирамжийн С.т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, эзэмшил газрын кадастрын зураглалыг үнэн зөвөөр гаргуулахыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л., хариуцагч бөгөөд Завхан аймгийн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Завхан аймгийн сумын холбооны хуучин барилгыг Төрийн өмчийн хорооны 2006 оны 671 дүгээр тогтоолыг үндэслэн Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-аас 2007 оны 10 сард төлбөрөө төлж 11 сард хүлээлцэн 2008 оны 9 сарын 16-нд эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан юм. Холбооны салбарын эзэмшлийн 2007 оны 4 сарын 13-ны 38 дугаар шийдвэртэй, газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын дугаартай, төрийн өмчийн 4257.9 м2 газраас уг хувьчлагдсан байранд оногдох газрыг уг барилгын зүүн болон хойд талын газрыг холбооны салбарын унаган хашаагаар нь авсан. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д ...сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна., 23.4.3-т эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, коордиантжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх гэсэн заалтын дагуу сумын газрын даамал 2010 онд өөрийн биеэр ирж миний биет төлөөлөгчтэй хамт хуучин хашаагаар хэмжилт хийж газрыг маань зааж өгсөн бөгөөд тухайн үед техникийн боломжгүйгээс кадастрын зураг суманд гардаггүй гэж тайлбарласан. Гэрчилгээн дээр 500 м2 гэж байгаа болохоор энэ хэмжсэн газар нь 500 м2 гэж ойлгож ирсэн... 2010 оны газрын гэрчилгээг авч байхад суманд кадастрын зураг гаргадаггүй байсныг ашиглан газрын албаныхан бусдын өмчид дур зоргоороо халдаж С.т 2016 оны 189 м2 газрыг өмчлүүлсэн байсныг олж мэдсэн...Манай холбооны хашаа, миний өмчилсөн гэж бодож явсан хашаанд зөвшөөрөлгүй баригдсан 3х4 хэмжээний түр барилга ТҮЦ байдлаар худалдаа хийж, хүнээс хүнд дамжин зарагдаж байхад бид хүлээцтэй хандаж ирсэн болохоос миний эзэмшлийг газрыг хууль бусаар өмчилчихнө гэж огт бодсонгүй. Дээрх хууль зөрчсөн үйлдлүүдийг таслан зогсоож иргэн миний эзэмших эрхэд ноцтойгоор халдсан сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/10 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, миний эзэмшлийн газрын кадастрын зургийг зөвөөр гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагадаа: сумын Засаг даргын 2016 оны А/10 дугаар захирамжийн хавсралтанд дурдагдсан, уг А/10 дугаар захирамжаас нэг сарын өмнө гаргасан сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Газар өмчлүүлэх тухай А/144 дүгээр захирамжийн С.т холбогдох 106 м2 газрыг өмчлүүлэх тухай хэсгийг хүчингүй болгуулахыг хүсэж байна. С.т анх газар шууд өмчлүүлсэн захирамж энэ байж гэдгийг би сүүлд олж мэдлээ. Уг захирамжийг А/10 дугаар захирамжаар хүчингүй болгоогүй, цаг хугацааны хувьд хоорондоо нэг сарын зайтай гарсан захирамжууд илт ашиг сонирхолын шинжтэй байна... А/10 дугаар захирамжийг хүчингүй болгосон ч А/144 дүгээр захирамж нь хүчинтэй хэвээр үлдэх тул дахин шүүхдэх асуудал нэхэмжлэгч надад зайлшгүй гарах болно гэж үзэж шаардлагаа нэмэгдүүлж байна...Иймд сумын Засаг даргын 2015 оны А/144 дүгээр захирамжийн С.т холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагыг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Энэ хэрэгт маргаж байгаа газар эзэмшигчийн эрх нь хуулийн дагуу олгогдсон. Гэтэл гуравдагч этгээд С.т хууль зөрчин нэхэмжлэгчийн уг эзэмшлийн газар дээр давхардуулж газар олгосон. Харилцаа холбооны тухай хуулийн стандарт горимыг зөрчсөн. Орон нутагт 1-3 давхар барилгын хоорондын зайг зөрчсөн зэрэг олон нөхцөл байдлууд нь шинжээчээр томилогдож байсан шинжээч нарын гаргасан дүгнэлтүүдэд маш тодорхой дурдсан байдаг. Нэхэмжлэлийг хангах үндэслэл нь 2015 онд сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 7500 мкв газрыг өмчлүүлье гэж тусгасан болохоос бусдын эзэмшилд байгаа газраас тасдан авч бусдад өмчлүүлье гэж тухайлан заагаагүй. Тэгэхээр эндээс Засаг дарга өөрт олгогдсон эрхээ эдлэхдээ холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн. Засаг дарга эрхээ эдлэх нь зүй ёсны боловч хуулийн хүрээнд эдлэх ёстой. Өөрөөр хэлбэл 2015 оны 12 сарын 21-ний өдрийн А/144 дүгээр захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийг зөрчсөн. Газрын тухай хуульд өргөдлийн зохих бүрдүүлбэр хангасан бусдын эрхийг хөндөөгүй газарт газар олгох, өмчлөх эрх нь байгаа боловч бусдын эзэмшлийн газарт бусдад давхардуулан газар олгох улмаар холбогдох баримтыг газрын албандаа үүрэг өгөөд хуурамчаар бүрдүүлэх, гэрээг дур мэдэн зохиож бичих байдлыг хуулиар зөвшөөрөөгүй байна. Тэгэхээр А/144 тоот захирамж нь Газрын тухай хуульд заасан өргөдлийн бүрдүүлбэр хангаагүй, бусдын эзэмшил газартай давхардсан газрыг өмчлүүлсэн тул А/144 дүгээр захирамжийг хүчингүй болгох үндэслэл болж байна гэж үзэж байна. Үүнээс хэдхэн хоногийн дараа 2016 оны 01 сарын 25-нд шинээр өргөдөл гаргуулаад өмнө нь өмчилсөн газраа дахин өмчлүүлэх шийдвэр буюу А/10 дугаартай захирамж гарсан байдаг. А/10 дугаартай захирамжийг гаргахдаа бүрдүүлбэр нь хэлбэрийн хувьд хуульд заасан шаардлага хангасан байгаа боловч өөр хүний эзэмшил газартай давхардуулсан байдлыг өөрчлөөгүй, засаагүй. Дээрээс нь өмнө нь гаргасан А/144 тоот захирамжаар өргөдлийн бүрдүүлбэр хангаагүй 106 м.кв газрыг өмчлүүлэхээр олгосон байснаа 2016 оны 01 сарын 25-нд дахин захирамжлахдаа хууль бусаар гарсан А/144 тоот захирамжаа үндэслэсэн нь А/10 тоот захирамжийг хүчингүй болгох бас нэг үндэслэл болно. Өөрөөр хэлбэл эрх зүйн хувьд зөрчилтэй захирамжийг үндэслэн А/10 тоот захирамжийг гаргасан. А/10 тоот захирамжийг гаргахдаа эзэмшлийн давхардсан хэмжээг бүр өөрчлөөд 189 м.кв болгож гаргасан. Тэгэхээр А/10 тоот захирамжийн үндэслэлгүй болох хууль зүйн үндэслэл нь нэгдүгээрт эрх зүйн зөрчилтэй өмнөх захирамжаа үндэслэсэн. Хоёрдугаарт бусдын эзэмшил газартай давхардуулж хэмжээг нь улам томсгоод 189 мкв болгосон. Энэ нь ямар нэгэн тооцоо судалгаагүй, кадастрын зурган дээр үндэслээгүй захирамж учраас хүчингүй болох үндэслэлтэй... Нэгэнт Засаг даргын Тамгын газар кадастрын зургаа өөрөө гаргаж өгөөд, гэрчилгээгээ хуурамчаар хийж өгсөн тохиолдолд давхцал харагдахгүй. Тэгэхээр шинжээч үүнийг давхцал харагдахгүй байна гэж дүгнэх нь зүйтэй... Ийм учраас шинжээч нарын дүгнэлтийг 100 хувь зөвшөөрөөгүй. Түүнээс барилгын стандарт зөрчигдсөн байна гэж гаргасан дүгнэлтийг зөвшөөрнө... Гуравдагч этгээдийн хувьд эзэмших эрхгүй газрыг худалдаж аваад барилга барьсан хүн хариуцлагаа өөрөө хүлээдэг гэдгийг хэлье... Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Завхан аймгийн сумын Засаг дарга нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын талаарх тайлбартаа: Иргэн С.той холбоотой 2015 оны 12 сарын 21-ний өдрийн А/144 дугаар Газар өмчлүүлэх тухай захирамжийг нягтлан үзэхэд өргөдлийн бүртгэлгүй захирамж гарсан байсан бөгөөд С.ын 2016 оны 01 сарын 05-нд цохолт хийгдэж бүртгэгдсэн өргөдлийн дагуу 2016 оны 01 сарын 25-ны өдрийн А/10 дугаар Газар өмчлүүлэх тухай захирамж гаргасан байна. Тус захирамжийн хавсралтын өмнөх захирамжийн хэсэгт хүчингүй болгох 2015 оны 12 сарын 21-ний өдрийн А/144 дугаар захирамжийг тусгасан боловч хүчингүй болгохоор захирамжийн заалтанд тусгаагүй алдаа гаргасан байна. Иймд сумын Засаг даргын 2015 оны 12 сарын 21-ний өдрийн А/144 дугаар Газар өмчлүүлэх тухай захирамжийн С.т холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч бөгөөд сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р. шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Кадастрын зургийг 2016 он хүртэл зөвхөн Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хариуцсан мэргэжилтэн эрхлэн зургийг хэвлэн олгодог байсан. 2016 оноос сумын газрын даамалд программд нэвтрэх эрх олгосноор хэвлэн олгодог болсон юм. 2017 оны 8 дугаар сараас газрын кадастрын мэдээллийн сангийн ЛМ2 программ нэвтэрч сумын кадастрын зургийг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас программд суулган эцсийн байдлаар хүлээлгэж өгсөн энэ программаар кадастрын зургийг хэвлэх үйлчилгээг бид одоо үзүүлж байна... Тухайн үед Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр захирамжийг үндэслэн иргэн А.ад газар эзэмших эрхийн гэрчилгээг 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр олгосон... Газрыг хүлээлгэж өгөхдөө алхдаг метрээр хэмжиж хүлээлгэж өгсөн. Гэхдээ тойм зураг, баримт үйлдээгүй. Холбооны салбарын хуучин барилгыг оруулаад хойш нь газрыг нь хэмжиж өгч байсан. ЛМ2 программд иргэн А.ын эзэмшиж байгаа газрын кадастрын зураг 646 м2 талбайтай байгаа ба бодит байдал газар дээрээ ч эзэмшиж байгаа объект газарт нь ч өөрчлөлт ороогүй. ЛМ2 кадастрын программ дээр кадастрын зураг засварлах, өөрчлөх эрхгүй ба боломжгүй, ийм шаардлагагүй болно. Кадастрын зургийг эрх авсан байгууллага хийж, программд оруулсан нөхцөлд газрын даамал хэвлэх эрхтэй. Кадастрын зургийг сумын газрын даамал хийх эрхгүй. Миний ойлгож байгаагаар зурагтай холбоотой лавлагаанууд агентлаг дээр ч аймагт ч байх ёстой. Бид засварласан байх юм бол засвар нь харагдах ёстой. Кадастрын зургийн хувьд лавлагааг нь эндээс хэвлэж өгснөөр нь өгсөн...Иргэн С. нь өмнө нь эзэмшиж байсан эзэмшлийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээтэй дэлгүүрийг худалдан авч эзэмшиж байгаад сумын Засаг даргад хүсэлт гарган уг газрыг өмчилж авсан болно. Иргэн А., С. болон Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ийн эзэмшиж байгаа газрууд хоорондоо давхцаагүй байгаа нь кадастрын зургаар буюу газар дээрээ нотлогдож байна... Захирамжийн хувьд 2016 оны 01 дүгээр сарын эхээр С.ын өргөдөл орж ирсэн. Өргөдлийг Засаг даргад танилцуулсан. Засаг дарга шийдвэрлэж олгох цохолт хийсэн. Тухайн үед нь би Засаг даргад тайлбарлаж хэлсэн. Тэгэхэд Засаг дарга миний бүрэн эрхийн асуудал тул би шийдвэрлэнэ гэж хэлсэн. Тэгээд би захирамж төлөвлөөд оруулах явцдаа өмнө 2015 онд гарсан захирамж байна гэдгийг мэдээд хүчингүй болгуулахаар хавсралт дээр нь өмнөх захирамж гэсэн нүдэнд бичээд бичиг хэрэгт шилжүүлсэн. Тэгээд шилжүүлэхэд нүүрэн дээр нь цуг гарсан захирамжууд нь хүчингүй болоод С.т холбогдох хэсэг нь нүүрэн дээрээ хүчингүй болоогүй. Хавсралт дээр нь тавигдаад орсон ийм алдаа гарсан байсныг сүүлд мэдсэн. Хоёрдахь асуудал нь анх 2016 оны А/10 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар гомдол ирүүлсэн. Тэр үед Засаг дарга хянаж үзээд адил түвшний Засаг даргын захирамжийг би хүчингүй болгомооргүй байна дээд шатны Засаг дарга болон шүүх хүчингүй болгох ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн... гэв.

Гуравдагч этгээд С. болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.ын яриад байгаа хувийн эзэмшлийн газар дээр нь хууль бусаар эзэмшлийн гэрчилгээ гаргуулж дур мэдэн байр сууц барьсан гэх зүйл огт үндэслэлгүй болно. Уг газар дээр баригдсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй үйлчилгээ явуулах зөвшөөрөлтэй мөн дагалдах 17446400067537 нэгж талбарын дугаар бүхий газрын гэрчилгээтэй Дархан-Уул дэлгүүрийг 2007 онд Д.ээс худалдан авсан 2018 оны 5 дугаар сард өргөтгөн байшин барьсан, уг байшин нь холбооны хуучин барилга руу илт шахаж тулгасан зүйл огт байхгүй ба өөрийн эзэмшлийн газартаа багтаж байгаа болно. Нэхэмжлэгч холбооны хуучин байшинг 2007 оны 10-р сард худалдаж авахаас өмнө буюу 2007 оны 02 дугаар сарын 28-нд Завхан аймгийн сумын холбооны салбарын даргын зөвшөөрлөөр одоо маргалдаад буй газрыг анх Т. гэх иргэнд холбооны унаган газраас тасдаж эзэмшүүлэхийг зөвшөөрсөн гарын үсэг бүхий бичиг байдаг ба энэ зөвшөөрлийн бичгээр уг газар холбооны салбарын газар биш болсон нь тогтоогдож байгаа гэжээ... Газар эзэмшиж байгаагүй хүн яагаад газар өмчилж болдоггүй юм гэдгийг би ойлгохгүй байна. Хүн төрөөд насанд хүрээд газар өмчлөх эрхтэй болдог гэж бодож байна... Маргаан бүхий газар нь Холбооны өмчийн газар гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. гуайн газар ч гэсэн Холбооны газар. Тухайн үедээ өмч худалдаж авсан. Газар худалдаж аваагүй. Газар дагалдуулж авах эрхтэй юу үгүй юу гэдгийг ярих хэрэгтэй байх. Та тэр газрыг аман яриагаар тохиролцож авсан. Би болон манайхаас өмнөх эзэмшигч нар ч гэсэн аман яриагаар тохиролцож авсан байна. Шинжээчийн дүгнэлтүүд гарсан. Шинжээчийн дүгнэлт, шүүгчийн хариу мэдэгдэж байгаа захирамжуудыг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм бэ? Хуулийн үндсэн дээр гарч байгаа шийдвэрүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь хуулиа зөвшөөрөхгүй байна гэж ойлгож байна... Энэ хэрэгт нэхэмжлэгчийн газар миний газрын талаар яригдаж байгаа нь ойлгомжтой. Холбооны газар бусад газрууд ямар нэг байдлаар хамаагүй. Нэхэмжлэгч зүүн тал нь миний газар гэж бодсон гэж хэлж байна. Тэгэхээр 500 м.кв газар нь хасагдчихаад байгаа юм уу? Мөн орц гарцыг нь хаачихлаа гэж байна. Орц гарц хаагдаагүй. Та урагшаа, хойшоо гарах гарцтай. Холбооны шугамтай газар гэж ярьж байна. Холбооны шугамтай газрыг би манай газар гэж үзэхгүй байна. Яагаад гэвэл тэнд юм барих боломжгүй. Миний хэлэх гээд байгаа зүйл бол яг тэр байшинтай дагалдаж газар ирлээ гэдэг бичиг баримт Төрийн өмчийн хорооноос ирсэн бичигт байхгүй гэдгийг та мэдэж байгаа. Тэр газар танд байх ёстой юу? Улсаас өгсөн газар мөн үү? гэдэгт би эргэлзээд байгаа. Миний 189 м.кв газар хойшоо сунасан байгаа. Тэрийг миний газар гээд өгсөн ч гэсэн би хэзээ ч ашиглахгүй. Хоёулаа тохироод орц, гарц болгоё гэх юм бол би хэзээ ч үгүй гэхгүй. Хойгуур нь гарцаа хийчихье гэхэд би үгүй гэхгүй. Үүнийг нэхэмжлэгч ойлгохгүй зөвхөн миний газрыг авах, миний байшинг нураах талаар яриад байна... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А. нь Завхан аймгийн сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Газар өмчлүүлэх тухай А/144 болон 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Газар өмчлүүлэх тухай А/10 дугаар захирамжуудын С.т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, эзэмшил газрын кадастрын зургийг үнэн зөвөөр гаргахыг даалгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Нэхэмжлэгч ...газар давхардуулан өмчлүүлсэн, орц гарц хаасан, газрын хэмжээг үндэслэлгүйгээр өөрчилж газрын мэдээллийн санд оруулсан... хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.

1. Завхан аймгийн сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Газар өмчлүүлэх тухай А/144 дүгээр захирамжийн[1] С.т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Дээрх маргаан бүхий захиргааны акт болох 2015 оны А/144 дүгээр захирамжаар сумын Засаг даргаас нэр бүхий иргэдэд газар өмчлүүлэх тухай асуудлыг шийдвэрлэсэн байх ба гуравдагч этгээд С.т тус сумын 1 дүгээр багийн 2-1-1б тоот байршилд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 106 м.кв газрыг өмчлүүлжээ.

Нэхэмжлэгч А. нь сумын Засаг дарга эрх мэдлээ хэтрүүлэн дээрх 2015 оны А/144 дүгээр захирамжийн холбогдох хэсгээр С.т газар өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ газрын тухай хууль тогтоомжид заасан журмыг зөрчиж миний эзэмшил газартай давхцуулсан хэмээн маргаж байна.

Хариуцагч сумын Засаг дарга нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ...маргаан бүхий 2015 оны А/144 дүгээр захирамжийн С.т холбогдох хэсгийг хуульд нийцээгүй үндэслэлээр өмнө нь хүчингүй болгохоор төлөвлөж байсан боловч энэ талаар 2016 оны А/10 дугаар захирамжид тусгалгүй орхигдуулсан алдаа гаргасан байгаа тул одоо уг 2015 оны А/144 дүгээр захирамжийн С.т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1/104 дүгээр албан бичгээр[2] ирүүлсэн байна.

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй ба мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл нөхцөл байдал илэрвэл... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...ийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно, 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал... гэж тус тус заажээ.

Иймд 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Газар өмчлүүлэх тухай А/144 дүгээр захирамжийн С.т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хариуцагч сумын Засаг даргаас бүхэлд нь хүлээн зөвшөөрч, бичгээр тайлбарласан бөгөөд ийнхүү нэхэмжлэлийн уг шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул нэхэмжлэлийн дээрх шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн уг шаардлагад холбогдох хэргийг нэгэнт хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа тул дээрх шаардлагад холбогдуулж цуглуулсан нотлох баримтуудыг[3] шүүх үнэлэх шаардлагагүй болно.

2. Завхан аймгийн сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Газар өмчлүүлэх тухай А/10 дугаар захирамжийн С.т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Маргаан бүхий захиргааны акт болох сумын Засаг даргын 2016 оны А/10 дугаар захирамжаар[4] хүсэлт гаргасан нэр бүхий иргэдэд газар өмчлүүлэх тухай асуудлыг шийдвэрлэсэн байх ба захирамжийн хавсралт дахь жагсаалтын 1 дэх агуулгаас харахад гуравдагч этгээд С.т тус сумын 1 дүгээр багийн 2-1-1б тоот байршилд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 17446400067537 /одоо мэдээллийн санд болж шинэчлэгдсэн[5]/ дугаартай нэгж талбарын 189 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А. нь С.т өмчлүүлэхээр шийдвэрлэсэн газар нь бусдын эзэмшил газартай давхцсан эсэхийг харгалзаагүй, тухайн сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд уг 189 м.кв газрыг иргэнд өмчлүүлэхээр тусгаагүй, түүнчлэн С.т эхлээд уг газрыг эзэмших эрх үүсээгүй байхад түүнд шууд өмчлүүлэхээр уг 2016 оны А/10 дугаар захирамжийн холбогдох хэсгээр шийдвэрлэсэн нь газар эзэмшигч миний эрхийг зөрчсөн төдийгүй газрын тухай хууль тогтоомжид заасан иргэнд газар өмчлүүлэх тухай журамд нийцээгүй хэмээн маргаж байна.

Дээрх захирамжинд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, 31 дүгээр зүйлийн 1.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь заалтууд болон Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоолыг тус тус үндэслэсэн байна.

Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоол нь нэр бүхий иргэдэд газар өмчлүүлэх асуудалд шууд хамааралгүй байх ба Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдэж байгаа геодезийн байрлалын сүлжээний хэмжилт, боловсруулалтын ажилд олон улсын солбицол, тогтолцоо, тусгагийг хэрэглэж байх асуудлыг тогтоожээ.

Сумын Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, 31 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсгүүдэд зааснаар газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах талаарх асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэж захирамж гаргах, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах, 14.1.3-д зааснаар газар өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээтэй байна.

Мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан хэмжээгээр иргэнд газрыг өмчлүүлэх ба уг шийдвэрийг гаргахдаа иргэний гаргасан өргөдөл болон газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр бусад баримтуудыг үндэслэхээр дээрх хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгүүдэд зохицуулжээ.

Тодруулбал, дээрх эрх зүйн зохицуулалтын хүрээнд хариуцагч сумын Засаг даргаас 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/10 дугаар захирамжийг гаргасан байна.

Гэвч хариуцагчаас дээрх хуулиудаар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ буюу уг захирамжийн холбогдох хэсгээр иргэн С.т Дархан-Уул багийн нутаг дэвсгэр дэх Холбооны салбарын зүүн хэсэгт 189 м.кв газрыг өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ дараах үндэслэлээр газрын хууль тогтоомжид заасан журмыг зөрчсөн нь дараах үндэслэлүүдээр тогтоогдож байна.

1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т заасан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналын дагуу газар өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэнэ гэж заасныг дагаж мөрдөөгүй. Мөн дээрх хуулийн 5 дугаар зүйлд иргэнд газар өмчлүүлэхэд баримтлах зарчим, үндэслэлийг заасан бөгөөд 5.1.2, 5.1.5.1-д заасан зохицуулалтаас харахад иргэний эзэмшиж буй газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд өмчлүүлэхээр тусгасан газарт хамаарч байх ёстой байтал нэхэмжлэгч С.т уг маргаан бүхий 189 м.кв газрыг өмчлүүлэх үед С. нь уг газрыг хуульд заасны дагуу эзэмшиж аваагүй бөгөөд уг газар нь иргэнд өмчлүүлэхээр сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, түүнчлэн Мэдээлэл Холбоо сүлжээ ТӨХХК-аас уг 189 м.кв газрыг түүнд эзэмшүүлэх эрх шилжүүлэх талаар ямар нэгэн шийдвэр гараагүй байна.

Энэ үйл баримтууд нь хэрэгт авагдсан 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл[6], сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдсан сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоосон хэсэг[7], гэрч Б.*******гийн[8] мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд маргаан бүхий захиргааны акт дээрх байдлаар хуульд нийцээгүй талаарх нэхэмжлэгч талын тайлбар үндэстэй юм.

Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эзэмшиж, өмчилж буй гэх газрууд урьд нь Мэдээлэл Холбоо сүлжээ ТӨХХК /одоогийн шинэ нэршлээр/-ийн эзэмшиж байсан 4257 м.кв газарт хамаарч байсан талаар талууд маргахгүй байгаа ба Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас томилогдсон шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/101 дүгээр дүгнэлтэд ...холбооны салбар байгууллагын ...нэгж талбарын дугаар бүхий 4257.9 м.кв газраас хувьчлагдсан газрууд нь өнөөгийн нэгж талбарын дугаар бүхий 189 м.кв, нэгж талбарын ******* дугаар бүхий 646 м.кв талбайтай газрууд юм гэж дүгнэсэн[9] , мөн сумын Холбооны салбарын эрхлэгч С.******* 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгээр энэ талаар тайлбарласан байна.

Гэвч Мэдээлэл Холбоо сүлжээ ТӨХХК-аас дээрх нэгж талбар газрын эзэмших эрхийг А., С. нарт шилжүүлэх талаар ямар нэгэн шийдвэр байхгүй юм.

Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨХХК-ийн салбар байгууллага болох сумын Холбооны салбар нь хуулийн этгээдийн эрхгүй, салбарын эрхлэгчээс газар эзэмших эрх шилжүүлэх бие дааж шийдвэр гаргах, газрын даамалд хүсэлт эрхгүйг мөн энд дурдах нь зүйтэй.

Тосонцэнгэл сумын Засаг даргын 2006-2016 онуудад гаргасан бүх захирамжуудын эх хувьтай нэг бүрчлэн танилцахад С.т өмчлүүлсэн гэх дээрх маргаан бүхий газрыг түүнд урьд нь эзэмшүүлэх талаар сумын Засаг даргаас гаргасан ямар нэгэн шийдвэр байхгүй болох нь шүүхээс 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлээр[10] тогтоогдож байх тул Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1-д иргэний эзэмшсэн газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд өмчлүүлэхээр тусгасан тохиолдолд түүнд хүсэлтийнх нь дагуу өмчлүүлэх гэж заасныг хариуцагчаас зөрчиж 2016 оны А/10 дугаар захирамжаар С.т газар өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэсэн нь хууль бус байна.

Завхан аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 49 дүгээр лавлагаа[11], 10 дугаар сарын 30-ны өдрийн 756 дугаар албан бичгээс харахад гуравдагч этгээд С.т өмчлүүлсэн гэх уг маргаан бүхий газарт анх 120 м.кв хэмжээтэй газрыг сумын Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн захирамжийг үндэслэн иргэн Д.******* /гэрчилгээн дээр нэрийг Д. гэж буруу бичсэн/-т худалдаа, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр 0095734 дугаартай гэрчилгээ[12] 2007 оны 03 дугаар сард олгогдсон байна.

Харин дээрх маргаан бүхий газар дээрх дэлгүүрийн зориулалттай 18 м.кв үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд анх 2008 оны 03 дугаар сарын 08-ны өдөр иргэн Д.*******, 2008 оны 10 дугаар сарын 21-нд иргэн С.*******, С. /гуравдагч этгээд/ нар, 2009 оны 2 сарын 20-ны өдөр Х.*******, 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдөр С., С.******* нар бүртгүүлсэн байх ба эдгээр нэр бүхий иргэдийн хооронд дэлгүүрийн барилгын өмчлөх эрх шилжиж байсан боловч дэлгүүрийн барилгад хамаарах газар эзэмших эрхийг хуулийн дагуу шилжүүлж байгаагүй, энэ талаар ямар нэгэн захиргааны акт гараагүй болох нь тэдэнд олгосон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүд[13] болон иргэн Д.*******т олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрч Д.*******, Т., С.******* нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Тосонцэнгэл сумын Холбооны салбарын эрхлэгч Б.*******гийн 2007 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаар албан бичгээс[14] харахад тус салбарын эзэмшил газраас 120 м.кв газрыг Т.т шилжүүлэх талаар газрын даамалд хүсэлт хүргүүлжээ. Гэвч дээрх нэр бүхий иргэнд уг 120 м.кв газрыг эзэмших эрхийг шилжүүлсэн талаар сумын Засаг даргаас ямар нэг шийдвэр гараагүй, харин сумын Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн захирамжийг үндэслэн зөвхөн иргэн Д.*******т 120 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон нь шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн үзлэгээр тогтоогдсон.

Дээрх үйл баримтуудаас харахад маргаан бүхий газар дээрх үл хөдлөх хөрөнгийн эрх нэр бүхий иргэдийн хооронд шилжиж байсан байх боловч уг үл хөдлөх эд хөрөнгөнд хамаарах газрыг эзэмших эрх тэдний хооронд тасралтгүй шилжиж баталгаажаагүй байна. Тодруулж хэлбэл, маргаан бүхий газрыг эзэмших эрх гуравдагч этгээд С.т өмнөх эзэмшигчээс шилжүүлж байгаагүй байна.

Гуравдагч этгээд С.ын тухайд маргаан бүхий 189 м.кв газрыг өмчлөхөөсөө өмнө хуулийн дагуу эзэмшиж аваагүй, уг газарт хамаарах 120 м2 газрыг эзэмших иргэн Д.*******ээс хуулийн дагуу түүнд шилжээгүй, өөрөөр хэлбэл өмнөх газар эзэмшигчийн эрх дуусгавар болсон эсэхийг тодруулалгүй уг газарт С.т газар өмчлүүлэхээр хариуцагчаас шийдвэрлэсэн нь дээрх үйл баримтаар тогтоогдож байна.

Иймд маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсэг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д ... Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана гэж заасантай нийцээгүй байна.

2. Газрын кадастрын зургийг үнэн зөвөөр гаргаж өгөхийг даалгуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч А.ад сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг[15] үндэслэн, нэгж талбарын 120501096 дугаар бүхий /одоо газрын мэдээллийн санд ******* болж шинэчилэгдсэн[16]/ уг 500 м2 газрыг ахуйн зориулалтаар эзэмшүүлэхээр 0302835 дугаарын гэрчилгээ[17] олгогджээ.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-д зааснаар эзэмшил, ашиглалтанд олгосон газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийг кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх нь газрын даамалд олгогдсон эрх хэмжээ байна. Тиймээс нэхэмжлэлийн дээрх шаардлагад холбогдуулан шүүх сумын газрын даамлыг хариуцагчаар татан[18] оролцуулсан болно.

Газар эзэмшигчийн хувийн хэрэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл болон хариуцагч сумын газрын даамал Р.ийн тайлбараас харахад нэхэмжлэгч А.ад эзэмшүүлсэн 500 м.кв газрын хил заагийг хүлээлгэн өгөхдөө баримт, тэмдэглэл үйлдээгүй, газрын тойм зураг хийгээгүй байна.

2000-2007 онуудад улсын хэмжээнд нэгдсэн систем байхгүй төрөл бүрийн программ хангамж ашиглаж ирсэн бөгөөд уг программд эрхийн зохицуулалтын бүртгэл буюу хэн гэдэг албан тушаалтан анх хэзээ мэдээлэл оруулсан, хэзээ өөрчилсөн эсэх талаар бүртгэгддэггүй байсны улмаас А.ын эзэмшил газрын хэмжээ, байршлын талаарх түүхчилсэн лавлагааг гаргах боломжгүй болохыг Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын шинжээчдийн нэмэлт шинжилгээний 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/101 дүгээр дүгнэлтийн 4 дэх хэсгээр[19] тогтоосон байх тул Хариуцагч албан тушаалтнууд миний эзэмшил газрыг орц, гарцтай болгож харуулах зорилгоор газрын кадастрын мэдээллийн санд газрын хэмжээг зориуд нэмэгдүүлэн өөрчлөн тусгасан гэх нэхэмжлэгчийн тайлбар нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн эзэмшил газрын хэмжээг түүнд олгосон газар эзэмших эрхийн 0302835 дугаарын гэрчилгээнд нэгж талбарын 120501096 дугаар бүхий газрын хэмжээг 500 м.кв гэж тусгасан байхад газрын кадастрын мэдээллийн санд 646 м.кв гэж өөрөөр бүртгэж оруулсан байгаа нь хэрэгт авагдсан 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөр хэвлэн гаргасан[20] кадастрын зургаар тогтоогджээ.

Хэдийгээр нэхэмжлэгчид өмчлүүлсэн газрын хэмжээ хасагдаагүй ч энэ нь холбогдох газар зэмшүүлэх эрх олгосон шийдвэр баримтад зааснаас өөрөөр тусгагдсан нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д заасантай нийцэхгүй бөгөөд газрын хэмжээг тийнхүү өөрөөр тусгаснаас нэхэмжлэгч хөрш зэргэлдээ газрын өмчлөгчтэй маргаан үүсгэх гол шалтгаан болж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

Иймд нэхэмжлэгч А.ад сумын Засаг даргын 2010 оны 14 дүгээр шийдвэрийг үндэслэн олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээн дээр тусгагдсан 500 м2 газрын координатыг тогтоож өгч, газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг хариуцагч сумын газрын даамалд даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч А.ын эзэмшилд олгосон 500 м2 газрын зааг, байршлын талаар газрын кадастрын мэдээллийн санд үнэн зөв оруулаагүй, газрын тойм зураг холбогдох баримт байхгүй тул нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эзэмшил, өмчлөлийн газрууд ямар хэмжээгээр аль хэсэгтээ давхцсан, орц гарц хаагдсаныг шүүхээс дүгнэх боломжгүй бөгөөд уг газрын байршил, заагийг тогтоож өгөх нь шүүхийн шинжлэн дүгнэх цар хүрээнээс хэтэрхээр байна.

Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчдийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлт[21], Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын шинжээчдийн 2019 оны 07 дугаар сарын 05,10 дугаар сарын 09-ний өдрийн А/101 дүгээр дүгнэлтээр[22] Нэхэмжлэгч А.ын эзэмшиж буй гэх 500 м.кв газрыг гуравдагч этгээд С.т өмчлүүлсэн 189 м.кв газартай давхцаагүй гэж дүгнэсэн хэдий ч уг дүгнэлт нь А.ад олгосон түүний эзэмшил газрын хэмжээг хууль бусаар нэмэгдүүлж 646 м2 хэмээн бичиж мэдээллийн санд оруулсан газрын кадастрын зургийг үндэслэн дүгнэсэн ба харин сумын Засаг даргын 2010 оны 14 дүгээр захирамжийг үндэслэн А.ад олгогдсон газрын гэрчилгээнд тусгагдсан нэгж талбарын 500 м.кв газрын тухайд хилийн зааг, координатыг тусгасан тойм зураг, кадастрын зураг үйлдээгүй, энэ талаар газрын мэдээллийн санд мэдээлэл байхгүй тул уг 500 м.кв газрын тухайд давхцлыг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн байна.

Нэхэмжлэгч А.ад анх 500 м.кв газрыг эзэмшүүлэхээр сумын газрын даамлаас хүлээлгэн өгөхдөө цэг координат, хэмжээ байршлыг тусгасан зураг үйлдээгүй, хил заагийг тогтоосон баримт байхгүй тул уг давхцлыг тогтоох боломжгүй гэх дээрх шинжээчдийн дүгнэлтийг үндэстэй гэж үзнэ.

Харин дээрх шинжээчдийн дүгнэлтэнд нэхэмжлэгч А.ын газрын хэмжээг 646 м.кв хэмээн тусгасан хууль бус газрын кадастрын зургийг үндэслэн уг кадастрын зурагт тэмдэглэсэн хэмжээ, байршлаар гуравдагч этгээд С.т өмчлүүлсэн 189 м.кв газартай давхцаагүй гэж дүгнэсэн.

Хууль бус газрын кадастрын зураг /646 м.кв/-ийг үндэслэн гаргасан тул нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газрыг давхцаагүй гэх шинжээчдийн дүгнэлтийн уг хэсгийг үнэн зөв гэж үнэлэх боломжгүй юм.

Тодруулбал, сумын Засаг даргын 2010 оны 14 дүгээр захирамжаар нэхэмжлэгч А.ад 500 м2 газрыг эзэмших эрх олгосон, харин 646 м.кв газрыг эзэмшүүлсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэр, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй байхад түүний эзэмшил газрын хэмжээг газрын кадастрын мэдээллийн санд 646 м.кв гэж тусгасан нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн эзэмшил газрын хэмжээ, байршлыг тогтоож өгч, кадастрын мэдээллийн санд зөвтгөн оруулсны эцэст С.т газар өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэх нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангахаар байх тул маргаан бүхий захиргааны акт болох сумын Засаг даргын 2016 оны А/10 дугаар захирамжийн С.т холбогдох хэсгийг хариуцагчаас дахин зохих шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч А.ад 500 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлэх талаар шийдвэр байхгүй гэх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын тухайд:

Нэхэмжлэгч нь Төрийн өмчийн хорооны 2006 оны 671 дүгээр тогтоолоор эдэлгээний хугацаа дуусч ашиглалтын шаардлага хангахгүй болсноор акталж данснаас хасагдсан Завхан аймгийн сумын Холбооны салбарын 192 м.кв талбайтай барилгыг худалдан авч, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн нь хэрэгт авагдсан эд хөрөнгө өмчлх эрхийн гэрчилгээ[23], Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/439 дүгээр, 2018 оны 10 дугаар сарын 18-ны 74 дүгээр албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 86 дугаар зүйлийн 86.2, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгөд хамаарах газрын эзэмших эрх нь барилгын дагалдах зүйл, түүнээс салгаж үл болох эрхэд хамаардаг.

Нэхэмжлэгч А. нь худалдан авсан 192 м.кв барилгынхаа өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүнд дээрх зохицуулалтын дагуу газар эзэмших эрх үүссэн байна.

Харин уг барилгад хамаарах хэдий хэмжээний газрыг түүнд шилжүүлэн эзэмшүүлэх талаар Мэдээлэл Холбооны сүлжээ ХХК-иас, эсхүл Төрийн өмчийн хорооноос гаргасан хүчин төгөлдөр шийдвэр байхгүй ч сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр захирамжийн дагуу түүнд 500 м.кв газар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон бөгөөд уг гэрчилгээ нь хүчин төгөлдөр байх тул түүнийг газар эзэмших эрхгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх тул дээрх хүчин төгөлдөр байгаа сумын Засаг даргын 2010 оны 14 дүгээр захирамжийн үндэслэлийн талаар дүгнэх боломжгүй, зөвхөн 2016 оны А/10 дугаар захирамжийн С.т холбогдох хэсгийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхээр байна.

2. Хөршийн нөлөөлөл, барилга хоорондын зайн талаар талууд маргаж байгаа тухайд:

Шинжээч Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчдын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлт болон Гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.******* дүгнэлтээр[24] нэхэмжлэгч А.ын эзэмшил газар дээрх болон гуравдагч этгээд С.ын өмчлөлийн газар дээрх барилгуудын хана хоорондын зай 1м 33 см, суурь хоорондын зай 1м хэмжээтэй байгаа нь барилгын норм дүрмийн 30-01-04-ийн 2.11д заасан барилга хоорондын зай зөрчигдсөнийг тогтоожээ.

Гэвч газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах, хөрш газрууд дээр баригдсан барилгуудын хоорондын зай зөрчигдөх зэргээр хөрш зэргэлдээ газрын газар эзэмшигч, өмчлөгчийн зүй бус нөлөөллөөр саад учирч байгаа бол түүнийг таслан зогсоох, эрхээ сэргээлгэх, хохирлоо гаргуулах зэрэг нь хөршийн эрх зүйгээр зохицуулагдах иргэний эрх зүйн харилцаа юм. Тиймээс барилга хоорондын зай алдагдсан нөлөөллийг таслан зогсоох, хохирлоо гаргуулах зэргээр эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах талаар нэхэмжлэгч иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байна.

Иймд нэхэмжлэгчийн маргаж буй дээрх үндэслэлд захиргааны хэргийн шүүх дүгнэлт өгөх эрх хэмжээгүй юм.

3. Шинжээчийн зардлын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардлыг шүүхийн зардал гэнэ., 44.3-д дараах зардлыг хэргийн оролцогчдоор төлүүлнэ: 44.3.1. шинжээч...ийн тээвэр байр, хоолны зардал...ажлын хөлс, 45 дугаар зүйлийн 45.1-д Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг дараах журмаар тодорхойлно: 45.1.2.Шинжээчид төлөх хөлсийг шүүхээс төлсөн хэмжээгээр, 47 дугаар зүйлийн 47.1-д Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар...төлүүлнэ гэж тус тус заажээ.

Дээрх зохицуулалтын хүрээнд Завхан аймаг дахь Шүүхийн Тамгын газрын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 05/271 дүгээр албан бичиг, төлбөрийн хүсэлт, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1/1482 дугаар албан бичиг, зардлын тооцоо зэрэг баримтуудыг[25] үндэслэн нөхөн төлүүлэх шүүхийн зардал болох шинжээчийн зардалд шүүхээс урьдчилан төлсөн 1 586 887 төгрөгийг хариуцагч Завхан аймгийн сумын Засаг дарга, газрын даамал нараас гаргуулах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.1, 106.3.11, 107.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.5.2, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргуулахаар Завхан аймгийн сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/10 дугаар захирамжийн иргэн С.т холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 45 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр захирамжаар нэхэмжлэгч А.ад эзэмшүүлсэн 500 м2 газрын хил заагийг тодорхой болгож, нийтийн эзэмшилтэй холбогдох орц, гарцыг тогтоож шийдвэрлэсний эцэст гуравдагч этгээд С.т газар өмчлүүлэх талаар хариуцагчаас захиргааны шинэ актыг шүүхээс тогтоосон 45 хоногийн хугацаанд гаргахгүй тохиолдолд сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/10 дугаар захирамжийн С.т холбогдох хэсгийг хүчингүй болохыг дурдсугай.

3. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3 дахь хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр захирамжийн дагуу нэхэмжлэгч А.ад Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт эзэмшүүлэхээр эрх олгогдсон 500 м2 газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэхийг сумын газрын даамал /Р./-д даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/144 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчаас хүлээн зөвшөөрснийг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1, 45 дугаар зүйлийн 45.1.2, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газраас шүүхийн зардалд төлсөн 1 586 887 төгрөгийг хариуцагч Завхан аймгийн сумын Засаг дарга болон газрын даамал нараас хувь тэнцүүлэн гаргуулж, Завхан аймаг дахь Шүүхийн Тамгын газарт олгосугай.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн сумын Засаг дарга болон газрын даамал нараас 70 200 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч А.ад олгосугай.

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ

 

 

 

 

 


[1] Хэргийн 2 дугаар хавтасны 3 дугаар хуудсанд

[2] Хэргийн 2 дугаар хавтасны 248 дугаар хуудас

[3] Хэргийн 3 дугаар хавтасны 3-15 дугаар хуудас

[4] Хэргийн 1 дүгээр хавтасны 27-28 дугаар хуудас

[5] Хэргийн 2 дугаар хавтасны 7 дугаар хуудас

[6] Хэргийн 1 дүгээр хавтасны 244 дүгээр хуудас

[7] Хэргийн 2 дугаар хавтасны 2 дугаар хуудас

[8] Хэргийн 2 дугаар хавтасны 59 дүгээр хуудас

[9] Хэргийн 2 дугаар хавтасны 172 дугаар хуудас

[10] Хэргийн 1 дүгээр хавтасны 246-247 дугаар хуудас

[11] Эхргийн 1 дүгээр хавтасны 111-112 дугаар хуудас

[12] Хэргийн 1 дүгээр хавтасны 116 дугаар хуудас

[13] Хэргийн 1 дүгээр хавтасны 115-120 дугаар хуудсанд

[14] Хэргийн 1 дүгээр хавтасны 249 дүгээр хуудас

[15] Хэргийн 1 дүгээр хавтасны 81 дүгээр хуудас

[16] Хэргийн 2 дугаар хавтасны 4 дүгээр хуудас

[17] Хэргийн 1 дүгээр хавтасны 13 дугаар хуудас

[18] Хэргийн 2 дугаар хавтасны 79 дүгээр хуудас

[19] Хэргийн 2 дугаар хавтасны 228 дугаар хуудас

[20] Хэргийн 2 дугаар хавтасны 4 дүгээр хуудас

[21] Хэргийн 2 дугаар хавтасны 97-99 дүгээр хуудас

[22] Хэргийн 2 дугаар хуудсанд 171, 226 дугаар хуудас

[23] Хэргийн 1 дүгээр хавтасны 6 дугаар хуудас

[24] Хэргийн 2 дугаар хавтасны 71 дүгээр хуудсанд

[25] Хавтаст хэргийн 165-170 дугаар хуудас