Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2021/01535

 

 

“Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/02234 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 377 дугаар магадлалтай,

 

“Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Э.Э, Г.Г, Б.О нарт холбогдох,

 

9911****, 8888**** дугаарын эзэмших эрхийг хууль ёсны эзэмшилд буцаан шилжүүлэхийг Э.Э, Г.Г, Б.О нарт даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Г.Г, Б.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш, хариуцагч Э.Эын өмгөөлөгч Б.Цолмон нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагч Э.Э, түүний өмгөөлөгч М.Ш /буюу хариуцагч Б.О, Г.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Л” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Баянмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л” ХХК-ийн захирал А.Баянмөнх миний бие “Мобиком корпораци” ХХК-ийн 9911****, “Юнител” ХХК-ийн 8888**** дугааруудыг тус компанитай нь гэрээ байгуулан 12 сая төгрөгөөр худалдан авч, 8888**** дугаарыг 2016.01.20-ны өдрөөс, “Мобиком корпораци ХХК-ийн 9911**** дугаарыг 2001 оноос хойш хууль ёсны дагуу тус тус эзэмшиж байгаа юм. Манай хоёр байгууллагын хамтын ажиллагааны дагуу 2016.05.18-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулан миний хууль ёсны эзэмшлийн 8888**** дугаарыг “Л” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. А.Баянмөнх би бизнесээ эрхлэх явцад санхүүгийн хэрэгцээ гарсан тул 2016.07.08-ны өдөр Э.Эод 9911**** дугаараа барьцаалж 10 сая төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5,5% хүүтэй зээлсэн. Үүний дараа 2016.08.09-ний өдөр 8888**** дугаарыг мөн Э.Эод барьцаалж, 10 сая төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5,5% хүүтэй зээлсэн. Зах зээл, санхүүгийн хямрал болон Монгол Улсын Засгийн газраас өвсний экспортод хориг тавьсны улмаас миний бизнесийн үйл ажиллагаа санхүүжилтийн хүндрэлтэй байдалд орж Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт бэлтгэж байсан өвсний бизнес зогссон. Энэ байдлаас шалтгаалж Э.Эод төлөх байсан зээл, хүүгийн асуудлыг нэг мөсөн төлж чадахгүйд хүрсэн. Зээлийн хүү их байгаа учраас өөр газраас зээл аваад Э.Эын зээлийг төлөөд дугаараа авъя гэхэд 8888**** дугаарыг худалдсан гэсэн яагаад надад хэлэхгүй худалдсан юм бэ гэхэд дуртай газраараа заргалдаад аваарай гэсэн. Дээрх дугаарууд зах зээлд өндөр үнэтэй байгаа Э.Э нь хууль ёсны эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр хаалгаж бусдад шилжүүлсэн. Зээлийн гэрээний үүргийг Дээд шүүхээс хэрэг ирсний дараа Э.Эын ... тоот дансанд 2018.12.17-ний өдөр 10,000,000 төгрөг, 2018.12.17-ны өдөр 1,650,000 төгрөгийг хүүнд, 2018.12.17-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018.12.17-ны өдөр 1,100,000 төгрөг хүүнд шилжүүлсэн баримтаа шүүхэд өгсөн. Хэрвээ барьцааны зүйлийг Э.Э өөрөө хүлээн зөвшөөрөөд худалдсан юм бол Иргэний хуулийн 158 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгийн эзэнд худалдах гэж байгаа тухайгаа мэдэгдэх ёстой. Мэдэгдсэнээс хойш 14 хоногийн дотор худалдах эрх байхгүй юм. Худалдан борлуулах журмыг яаж хэрэгжүүлсэн нь тодорхойгүй байгаа юм.Л ХХК-ийн өмчлөлийн эзэмшил болох Мобиком корпораци ХХК-ийн дараа төлбөрт 9911**** дугаар, “Юнител ХХК-ийн 8888**** дугаарыг тус тус эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр хаалгаад бусдад дур мэдэн худалдсан тул Иргэний хуулийн 90.2-д заасны дагуу 9911**** дугаарыг хууль ёсны эзэмшигчид буцаан шилжүүлэхийг Э.Э болон Г.О нарт, “Юнител ХХК-ийн 8888**** дугаарыг хууль ёсны эзэмшигчид буцаан шилжүүлэхийг Э.Э болон Г.Г нарт тус тус даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. “Л” ХХК-ийн захирал А.Баянмөнхийн хүсэлтийн дагуу 10,000,000 төгрөг, 3 сарын хугацаатай, 5,5%-ийн хүүтэй зээлж, 9911**** дугаарыг Б.Оын нэр дээр шилжүүлж, миний бие Б.Оаас 9,000,000 төгрөгийг сарын 5,5%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатай, хоногт 0,5%-ийн алданги тооцохоор тохирч зээл авч зээлийн барьцаанд 9911**** дугаарыг барьцаанд шилжүүлж өгсөн тул одоо дугаарыг буцаан шилжүүлэх боломжгүй. Дараа нь А.Баянмөнхийн хүсэлтийн дагуу дахиад 10 сая төгрөг хэрэгтэй байна гээд 2016.08.03-ны өдөр дахиад 10 сая төгрөг зээлж, зээлийн гэрээ байгуулж, 8888**** дугаарыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. А.Баянмөнх нь зээлийн гэрээний төлбөрөө төлөөгүй байж шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Г.Г, Б.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд фидуцийн гэрээ нэртэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан. Үүний дагуу 11 сарын дараа Г.Г нь 2017.06.20-ны өдөр эрх шилжүүлэн Э.Эоос худалдаж авсан. Э.Э, Г.Г нарын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан чөлөөт байдлын үндсэн дээр байгуулсан барьцааны гэрээ гэж үзэж байна. Фидуцийн гэрээний 4-р зүйлийн хэсэгчлэн буюу бүхэлд нь төлсөн үйлдэл нь 2 талын гарын үсгээр баталгаажна гэж, 6-р зүйлд хүү алдангийг бүрэн төлснөөр дугаарыг үүрэг гүйцэтгэгчийн нэр дээр буцаан олгоно гэсэн бөгөөд нэхэмжлэгч нь төлбөр болон хүү гэж нэг ч төгрөг төлөөгүй байж байгаад Улсын дээд шүүхээс хэрэг ирсний дараа дансаар шилжүүлсэн гэсэн баримтыг шүүхэд өгсөн. Нэхэмжлэгч нь Г.Гас шаардах эрхгүй бөгөөд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд зааснаар шударга эзэмшигч гэж үзэж байна. Б.Оын хувьд Э.Эод мөнгө зээлүүлж уг мөнгийг А.Баянмөнхөд шилжүүлсэн үйл баримт болсон. Бүтэн жилийн хугацаанд үндсэн зээл хүү алданги төлөөгүй тул өөрийн мөнгийг гаргаж авахын тулд дугаарын эрхийг Б.О надад шилжүүлсэн нь надаас зээлсэн мөнгөндөө өгсөн, шударга эзэмшигч тул надаас шаардах эрхгүй. Тус үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол гэрээний 7-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч тус дугаарыг эзэмшилдээ байлгах ба хэрэв үүргээ гүйцэтгээгүй буюу зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 10 хоног өнгөрмөгц үүрэг гүйцэтгүүлэгч уг дугаарыг захиран зарцуулах эрхтэй болно гэсэн байгаа юм.Мобиком корпораци ХХК-ийн 9911**** гэсэн дугаар дээр тус гэрээний 5.7-д зааснаар эрхээ бусдад шилжүүлж болох тухай заасан бөгөөд өөрийн биеэр хүсэлт гаргасны дагуу шийдвэрлэсэн зэргээс үзэх юм бол Л ХХК-ийн захирал нь өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр тус дугаарыг шилжүүлээд, хэрвээ үүргийн гүйцэтгэл хангаагүй бол фидуциэр хангуулна гэснийг заасан. Фидуцийн гэрээ дууссан, энэ хугацаа дуусаад 10 хоног өнгөрсөн бол захиран зарцуулах эрхтэй. Энэ хүсэл зоригоо А.Баянмөнх өөрөө ойлгоод гарын үсэг зурсан. Тэрнээс хойш 10 сарын хангалттай хугацаа олгосон. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/02234 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар үүрэн телефоны 9911**** дугаарын эзэмших эрхийг “Л” ХХК-ийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг хариуцагч Э.Э, Б.О нарт даалгаж, хариуцагч Э.Э, Г.Г нараас үүрэн телефоны 8888**** дугаарын эзэмших эрх шилжүүлэхийг даалгах нэхэмжлэгч “Л” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Л” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Э, Б.О нараас 35,100 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Л” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 377 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/02234 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар үүрэн телефоны 9911**** дугаарын эзэмших эрхийг “Л” ХХК-ийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг хариуцагч Э.Э, Б.О нарт, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар үүрэн телефоны 8888**** дугаарын эзэмших эрхийг “Л” ХХК-ийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг хариуцагч Э.Э, Г.Г нарт тус тус даалгасугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...35,100 төгрөг” гэснийг “...140,400 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Л” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Эоос давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Г.Г, Б.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...иргэн Б.О, Г.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш миний бие Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.14-ний өдрийн 377 дугаартай магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэг. Шүүх хэрэгт авагдсан үнэлбэл зохих нотлох баримтыг үнэлээгүй, дутуу үнэлж шүүхийн шийдвэр гаргасан тухай. 1. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ХЯНАВАЛ хэсэгт “Хариуцагч Э.Э нь “9911**** дугаарыг барьцаалан зээл авахад миний мөнгө хүрээгүй тул Б.Отай зээлийн гэрээ байгуулан 9,000,000 төгрөг зээлж, үлдэгдэл мөнгийг нэмж 10,000,000 төгрөг болгон А.Баянмөнхөд өгсөн. Миний бие Б.Оаас мөнгө зээлсэн тул тус дугаарын эзэмших эрхийг түүнд шилжүүлсэн” гэх тайлбар, 2016.07.08-ны өдрийн зээлийн гэрээ зэргийг харьцуулан үзвэл 9911**** дугаарын хууль ёсны эзэмшигч нь Э.Э биш гэдгийг Б.О нь мэдэж байсан тул түүнийг хууль ёсны эзэмшигч гэж үзэхгүй. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу 9911**** дугаарын эзэмших эрхийг шилжүүлэхийг хариуцагч Э.Э, Б.О нарт даалгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно” гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал, давж заалдах шатны шүүх нь нотлох баримтыг буруу үнэлсэн эсхүл нэхэмжлэгч талд ашигтай шийдвэр гаргах гэж ийнхүү бичсэн гэж үзэхээс өөр хууль зүйн үндэслэл алга. Учир нь Б.О нь 2016.07.08-ны өдөр зээлийн гэрээг Э.Э болон “Л” ХХК-ийн захирал А.Баянмөнх нар байгуулахад хамт хажууд нь байсан. Үүнийг нотлох зүйл нь нэхэмжлэгч “Л” ХХК-ийн захирал А.Баянмөнх, Э.Э болон Б.О нар нь “Мобиком корпораци” ХХК дээр хамтдаа очиж “Л” ХХК-иас албан бичгээр Б.Оын нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу шилжүүлэн өгсөн. Анхан шатны шүүхийн тайлбарлаж байгаагаар “Л” ХХК-ийн захирал А.Баянмөнхийг мэдээгүй байхад Э.Э нь шууд Б.О руу эрхийг шилжүүлсэн мэтээр тайлбарлаж байна. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж заасны дагуу “Л” ХХК-ийн захирал А.Баянмөнхийг шударга эзэмшигч гэж үзнэ. “Л” ХХК-ийн захирал А.Баянмөнхөөс хариуцагч Б.О нь өөрийн эзэмшилдээ буюу нэр дээрээ шилжүүлсэн болохоос биш Э.Эоос шилжүүлэн аваагүй болно. Мөн “Л” ХХК нь зээлийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд Б.Оын өмчлөлд шилжинэ гэдгийг гэрээ байгуулсан өдрөө мэдэж байсан. Харин Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д “...Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл алга. Мөн нэхэмжлэгч “Л” ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй болохыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн /магадлалын 10 дахь хуудас 3 дахь догол мөр/ бөгөөд энэ нь нотлогдож байгаа тул барьцааны зүйл болох 9911**** дугаарын эзэмших эрхийг шилжүүлэхийг хариуцагч Э.Э, Б.О нараас шаардах эрхгүй юм. Хариуцагч Г.Г нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэг “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ”, тус хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэг “Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй” гэсэн хуулийн зохицуулалтаас үзвэл хууль ёсны шударга эзэмшигч юм. Учир нь Г.Гантулгын хувьд хариуцагч Э.Эоос 8888**** дугаар эзэмших эрхийг худалдан авч, өөрийн нэр дээр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан “Юнител” ХХК-ийн “дугаар эзэмших эрх шилжүүлэх зөвшөөрлийн хуудас”-аар нотлогдох бөгөөд уг эрхийг хууль бусаар олж авсан гэх үйл баримт тогтоогдоогүй учир түүнийг шударга эзэмшигч гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шударгаар, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн. Учир нь “Л” ХХК нь барьцааны зүйлийг чөлөөлүүлэхээр нөгөө талаас шаардах эрх нь байгаа боловч төлбөрийн үүргээ биелүүлснээр дуусгавар болно. 2016.11.08-ны өдөр төлбөрөө бүрэн төлж барагдуулах ёстой байсан боловч огт төлөлт хийгээгүй 3 шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэсний дараа буюу 3 жилийн дараа Э.Эын данс руу мэдэгдэлгүйгээр шууд шилжүүлэг хийсэн. Тэр шилжүүлэг хийсэн мөнгө нь “Л” ХХК-ийн данснаас гарсан эсэх, тухайн мөнгө нэхэмжлэгч талын мөнгө мөн эсэхийг шүүхээс тодруулсангүй. Зээлийн төлбөрөө төлөх хугацаанаас хойш 3 жил дээд шүүхийн тогтоолын дараа төлж байгаа үйлдэл нь үүргээ тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсэн гэж үзэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан, Иргэний хуулийн үндсэн зарчмыг алдагдуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. 2. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ХЯНАВАЛ хэсэгт “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Барьцааны эрх хэрэгжүүлэх үндэслэл бүрдсэн бол барьцаалагч нь барьцаалуулагч болон үүрэг гүйцэтгэгчид бичгээр мэдэгдэл өгөх бөгөөд мэдэгдэлд дараах зүйлийг тусгана, барьцааны гэрээний талаарх мэдээлэл, барьцааны эрх хэрэгжих нөхцөл бүрдсэн болон барьцааны эрхээ хэрэгжүүлж эхлэх тухай мэдэгдэл, барьцаалуулагчаас барьцааны шаардлагыг хангах талаар авч болох арга хэмжээ, уг арга хэмжээг авах эцсийн боломжит хугацаа зэргийг тусгахаар хуульчилсан байна” гэж үзсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна. Учир нь 2018.02.21-ний өдрийн үзлэг хийсэн харилцан мессэж бичсэнээс /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангасан болно/ харахад зээлийн гэрээ дууссаны дараа буюу нэг жилийн дараа худалдан борлуулсан. Зээлийн гэрээний хугацаа өнгөрөөд нэг жил болж байхад нэхэмжлэгч талаас үндсэн зээл эсхүл хүүнээс нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд хариуцагч тус хуулийн 53 дугаар зүйлийн 53.2.1-д зааснаар шууд худалдан борлуулах тухай мессэжээр мэдэгдээд 9911****, 8888777 дугааруудыг худалдан борлуулсан. Шүүхээс мэдэгдэл хэмээх зүйлийг цаасан дээр бичсэн гэж хэт муйхарлаж үзэж байгаа бөгөөд Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт гар утсаар бичгэн хэлбэрээр бичиж барьцааны эрхээ хэрэгжүүлэхдээ барьцааны эрх хэрэгжих нөхцөл байдал бүрдсэн бөгөөд хэрэгжүүлэх болсон тухайгаа бичиж Э.Э өөрийн данс руу хий гэсэн мессэжийг удаа дараа өгч байсан болно.

Хоёр. Иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн тухай. 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана...” гэж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг тодорхойлсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр” гэж хууль тогтоогч тогтоосон боловч анхлан иргэний хэрэг үүсгэхдээ тус хуулийн заалтыг зөрчсөн. Учир нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2016.07.08-ны өдрийн 10,000,000 /арван сая/ төгрөгний зээлийн гэрээ мөн 2016.08.03-ны өдрийн 10,000,000 /арван сая/ төгрөгний зээлийн гэрээнүүдийг хавсаргасан байдлаас үзэхэд маргаан бүхий 99119339, 8888**** гар утасны дугааруудыг үнэлэх боломжтой байсан тул зээлийн маргааны үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамжийг бодох ёстой байсан боловч шүүхээс үнэлэх боломжгүй гэж үзэн /улсын тэмдэгтийн хураамжинд 70,000 төгрөг/ иргэний хэрэг үүсгэсэн нь хууль зөрчсөн тул мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар “энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байсан. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.14-ний өдрийн 377 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Эын өмгөөлөгч Б.Цолмон хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие нь “Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Э, Г.Г, Б.О нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч Э.Эын өмгөөлөгчөөр оролцож байгаа юм. Уг хэргийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2020.02.14-ний өдөр 377 дугаартай “Магадлал” гаргасныг эс зөвшөөрч, энэхүү гомдлыг хяналтын журмаар гаргаж байгааг хүлээн авна уу. Тухайн хэрэг маргааныг анхан шатны буюу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2019.11.06-ны өдөр хянан хэлэлцээд 181/ШШ2019/02234 дугаартай “Шийдвэр” гаргасныг хариуцагч талаас мөн эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байсан. Дээрх хэрэг маргаан нь анх одоогоос 3 жил орчмын өмнө шүүхийн байгууллагад хянан хэлэлцэгдэж эхэлсэн бөгөөд анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхүүдээр хэлэлцэгдэж явсаар 2018.11.01-ний өдөр Улсын дээд шүүхээс 001/ХТ2018/01547 дугаартай “Тогтоол” гарч, анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс гаргасан шийдвэр, магадлалуудыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байсан. УДШ-ийн 2018.11.01-ний өдрийн 001/ХТ2018/01547 дугаартай “Тогтоол”-д “...гэрээний агуулга, гэрээний нэр томъёо, талуудын хүсэл зориг, гэрээгээр хүлээсэн үүрэгт тулгуурлан, хоёр шатны шүүх зохигч талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэснийг буруутгах боломжгүй хэдий ч үндсэн гэрээ буюу зээлийн гэрээний үүрэг шийдвэрлэгдээгүй байхад барьцааны зүйлийн эрхийг үүрэг гүйцэтгэгч шаардах эрхтэй эсэх, барьцааны зүйл буцаж шилжсэн, буцаах боломжгүй тохиолдолд барьцааны зүйлийн үнэ тогтоогдсон эсэхийг хоёр шатны шүүх анхаараагүй нь буруу болжээ...” гэсэн дүгнэлтийг гаргасан билээ. УДШ-ийн дээрх тогтоолд дээрх хэргийн хариуцагч Э.Э, Б.О, Г.Г нар болон тэдний өмгөөлөгч бидний хувьд маш сэтгэл хангалуун байсан ба хэрэг маргааныг хуулийн дагуу өмчлөлтэйгөөр шийдсэнд баярлаж талархаж байсан. Гэтэл дээрх хэргийн нэхэмжлэгч тал болох “Л” ХХК нь УДШ-ийн дээрх тогтоолын заалтыг маш овжноор ашиглаж, тухайн хэргийг анхан шатны шүүхэд буцаж очсоны дараа нууцаар, хууль бус аргаар гэрээнд заагдсан барьцааны зүйл болох 9911****, 8888**** дугааруудын үнэ гэж нийт 22 сая орчим төгрөгийг Э.Эын данс руу шилжүүлчихсэн байсан. Тиймээс хариуцагч Э.Э болон түүний өмгөөлөгч миний бие нь тэрхүү хууль бусаар орж ирсэн 22 сая төгрөгийг яаж “Л” ХХК-ийн захирал Баянмөнх гэгчид буцааж өгөх вэ хэмээн өнөөдрийг хүртэл толгойгоо гашилгаж байгаа билээ. Яг энэ хууль бус үйлдэл үйл ажиллагаагаа ашиглаж, “Л” ХХК-ийн захирал Баянмөнх гэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг өөртөө ашигтайгаар гаргуулсан гэж бид үзэж байна. Учир нь, анхан шатны шүүхийн 2019.11.06-ны өдрийн шийдвэртээ шүүгч А.Мөнхзул нь “...талууд дээрх гэрээнүүдийн дагуу зээлсэн мөнгөний дүн болон гэрээнүүдийн хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй бөгөөд зээлийн гэрээний дагуу төлбөр тооцоо дууссан гэж тайлбарласан болно...” гэсэн маш буруу, хэргийн бодит нөхцөл байдалд огт нийцэхгүй дүгнэлтийг хийсэн билээ. Тиймээс өмгөөлөгч миний бие анхан шатны шүүхийн энэхүү шийдвэрийг хууль зөрчсөн хэмээн үзэж, давж заалдах гомдол гаргасан юм. Харин Нийслэлийн ИХДЗШШүүх нь 2020.02.10-ний өдрийн 377 дугаартай “магадлал”-даа анхан шатны шүүхийн гаргасан дээрх алдааг засаж чадсан гэж өмгөөлөгч миний хувьд үзэж байна. Уг магадлалд “...хэрэгт нэхэмжлэгч “Л” ХХК-иас 2018.12.17-ны өдрийн Э.Эын Хаан банк ХХК- ийн ...тоот данс руу 10,000,000 төгрөг... /2хх 52-53/ тус тус шилжүүлсэн талаарх баримтууд авагдсан байх ба үүнийг нэхэмжлэгч тал нь зохигчдын хооронд байгуулагдсан 2016.07.08, мөн оны 8 сарын 3-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй...” гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой гэсэн хуулийн шаардлагыг хангасан гэж үзэхээр байна. Гэхдээ давж заалдах шатны шүүх нь “...хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн...” гэж хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа тул ИХШХШТХ-ийн 172, 173 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу энэхүү гомдлоо гаргаж байна. Өөрөөр хэлбэл дараах үндэслэлүүдээр хяналтын журмаар гомдол гаргаж байгааг хүлээн авна уу. Үүнд: 1. Давж заалдах шатны шүүх нь “Магадлал”-ынхаа хянавал хэсэгт “...9911**** дугаарын хууль ёсны эзэмшигч нь Э.Э биш гэдгийг Б.О нь мэдэж байсан тул түүнийг хууль ёсны эзэмшигч гэж үзэхгүй. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хзсэгт заасантай нийцжээ...” гэжээ. Үүнийг бид “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэсэн дээрх хуульд заасан үндэслэлд тооцогдоно хэмээн үзэж байна. Учир нь маргааны зүйл болох 9911**** дугаар нь Мобиком компанийн өмч бөгөөд тиймээс тухайн дугаарын буюу эдийн бус хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь “Л” ХХК ч биш, уг компанийн захирал А.Баянмөнх ч биш, иргэн Э.Э ч биш, иргэн Б.О ч биш юм. Тиймээс тухайн дугаарын буюу эдийн бус хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох Мобиком компани нь өөрийн өмчийг ямар байгууллагад, эсхүл иргэнд эзэмшүүлэх эсэхээ өөрсдийн бүрэн эрхийн дагуу хэрэгжүүлдэг билээ. Дээрх тохиолдолд буюу 2016 онд /одоогоос даруй 4 жил гаруйн өмнө/ анх энэ хэргийн нэхэмжлэгч “Л” ХХК нь иргэн Э.Эоос 10 сая төгрөг зээлж, уг зээлийнхээ барьцаанд өөрийн компанийн эзэмшилд байгаа 9911**** дугаарыг иргэн Э.Эод барьцаалсан билээ. Ингэж барьцаалахын тулд “Л” ХХК нь тухайн дугаарын хууль ёсны өмчлөгч болох Мобиком компанид хүсэлт гаргаж, тухайн дугаарыг өөрийн хүсэлтээр иргэн Б.Оын нэр дээр шилжүүлсэн билээ. Энэ тохиолдолд иргэн Б.О нь Иргэний хуульд зааснаар “Шударга эзэмшигч” болох ёстой бөгөөд тэрээр энэ тохиолдолд ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй билээ. Хэдийгээр тухайн үед дээрх 9911**** дугаарыг харилцан шилжүүлэх үед талуудын хооронд “Фидуцийн гэрээ” гэсэн нэртэй гэрээ хийгдсэн боловч гэрээний зүйл болох эдийн бус хөрөнгө буюу дугаар нь Мобиком компанийн өмч учраас хэрэв Мобиком компани нь зөвшөөрсөн тохиолдолд тухайн хөрөнгө буюу дугаар нь хэдэн ч хүний эзэмшилд шилжин очиж болох юм. Өөрөөр хэлбэл тухайн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох Мобиком компани нь өөрийн өмч болох 9911**** дугаарыг “Л” ХХК-иас иргэн Б.Оын нэр дээр шилжин очихыг зөвшөөрсөн бөгөөд гэрээний нэг тал болох “Л” ХХК нь гэрээнд заасан мөнгийг, гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор дээрх дугаарыг Мобиком компани нь иргэн Оын нэр дээр, гэрээнд заасны дагуу шилжүүлэн өгсөн билээ. 2. Нийслэлийн ИХДЗШШ-ийн “магадлал”-ын хянавал хэсэгт “...Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу 9911**** дугаарын эзэмших эрхийг шилжүүлэхийг хариуцагч Э.Э, Б.О нарт даалгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно...” гэж дүгнэснийг бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг нь бас л өмчлөх эрхтэй холбоотой буюу “Өмчлөгчийн шаардах эрх”-тэй холбоотой заалт билээ. Хэдийгээр давж заалдах шатны шүүх нь “Нэхэмжлэгч тал буюу “Л” ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзнэ” хэмээн зөв зүйтэй дүгнэлт хийсэн боловч ийнхүү тухайн компани нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй ч гэсэн, барьцааны зүйл болох 9911**** дугаарыг хариуцагч Э.Э, Б.О нараас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна. Учир нь Иргэний хуульд заасанчлан “Фидуцийн гэрээ” болон “Барьцааны гэрээ” гэсэн гэрээнүүдийн аль аль нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга гэж тооцогддог. Үүнийг ИХ-ийн 231 дүгээр зүйлд хуульчилж өгсөн билээ. /ИХ-ийн 231 дүгээр зүйлийн 231.1.4, 231.1.6 дахь хэсгүүд/ Тиймээс нэгэнт гэрээний нэг тал нь үүргээ биелүүлээгүй бол тухайн гэрээний зүйл буюу барьцааны зүйлийг нөгөө талаасаа шаардан гаргуулах эрхгүй гэж үзэж байна. Дээрх хэрэг маргааны хувьд гэвэл “Л’ ХХК нь одоогоос 4 жил гаруйн өмнө буюу 2016 онд өөрийн эзэмшлийн 9911**** гэсэн дугаарыг буюу эд хөрөнгийг барьцаалан иргэн Э.Эоос 10 сая төгрөгийн зээл авсан бөгөөд энэ зээлээ өнөөдрийг хүртэл төлөөгүй, өөрөөр хэлбэл гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэдгийг давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн. Харин нэгэнт тухайн гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй, биелүүлээгүй учраас “Л” ХХК нь иргэн Э.Э, Б.О нараас барьцааны зүйл болох 9911**** дугаарын эзэмших эрхийг шаардах эрхгүй билээ. Гэтэл давж заалдах шатны шүүх “3ээлдэгч тал болох “Л” ХХК нь зээлийн төлбөр болох 10 сая төгрөгийг төлөөгүй ч гэсэн тухайн барьцааны зүйл болох дугаарыг зээлдүүлэгч тал болох иргэн Э.Э, Б.О нараас шаардах эрхтэй” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэл боллоо гэж үзэж байна. 3. Нэхэмжлэгч тал болох “Л” ХХК нь 9911****, 8888**** гэсэн 2 дугаарыг барьцаалж 2016 оны 7, 8 саруудад нийт 20 сая төгрөгийг иргэн Э.Эоос зээлсэн бөгөөд тухайн зээлийн гэрээний хугацаа дуусах үед зээлдүүлэгч тал болох Э.Э нь зээлдэгч тал болох “Л” ХХК-ийн захирал А.Баянмөнх рүү утсаар маш олон залгаж, мөн түүнд мессеж бичиж, “гэрээний хугацаа дуусчихлаа, чи энэ дугааруудаа яах юм бэ. Хэрэв зээл төлөх боломжгүй байгаа бол би чамд хугацаа олгоё. Чи над дээр ирээд зээлийн гэрээний хугацаагаа сунгачих” гэх мэтээр олон удаа санал тавьж, мэдэгдэж байсан боловч энэхүү мэдэгдэл, саналуудыг А.Баянмөнх нь огтхон ч үл ойшоож үзээгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх нь иргэн Э.Эыг “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль”-ийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгүүдийг тус тус зөрчсөн хэмээн дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иргэн Э.Э нь “Л” ХХК-ийн захирал А.Баянмөнх рүү утсаар маш олон залгаж, мөн түүнд олон удаа мессеж бичиж, санал тавьж, мэдэгдэл хүргүүлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Өөрөөр хэлбэл Баянмөнх гэгч нь зээлийн гэрээнд заасан үндсэн зээл болон хүү төлөхөөс зориуд зайлсхийж байсан нь үүгээр батлагддаг бөгөөд түүний энэхүү хууль бус үйлдлээс болж, өнөөдөр зээлдүүлэгч Э.Эод олон арван сая төгрөгийн хохирол учраад байгаа билээ. 4. Нийслэлийн ИХДЗШШ-ийн “магадлал” нь ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.2 дахь хэсэг буюу “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэж бид үзэж байна. Тухайлбал 2016 онд талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээнд зааснаар бол “Л” ХХК-ийн захирал А.Баянмөнх гэгч нь “Мобиком корпораци” ХХК болон “Юнител” ХХК-ийн өмч болох 9911****, 8888**** дугааруудыг барьцаалж, нийт 20 сая төгрөгийг иргэн Э.Эоос зээлсэн атлаа тухайн зээлийн гэрээтэй холбоотой маргааныг шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэхийн тулд зөвхөн 70,200 төгрөгийг л улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нь ИХШХШТХ-ийн 62, 63 дугаар зүйлүүдэд заасан заалтыг зөрчсөн явдал гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, нэгэнт тухайн хэргийн нэхэмжлэгч тал болох “Л” ХХК нь зээлийн гэрээтэй холбоотой хэрэг маргааныг шүүхийн байгууллагаар шйидвэрлүүлэх гэж байгаа бол хамгийн багадаа гэхэд зээлийн гэрээний үндсэн үүрэг болох 20 сая төгрөгөөр тооцож, улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой байсан. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүд нь буруу шийдвэр, магадлал гаргасан гэж үзэж байгаа тул ИХШХШТХ-ийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт заасны дагуу “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 377 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч Б.О, Г.Г нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.03.26-нд төлсөн 140,400 төгрөг, хариуцагч Э.Эоос мөн өдөр төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЦОЛМОН

                           ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   Х.СОНИНБАЯР