Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 00215

 

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2019/00215

Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                        

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 2-5 тоотод бүртгэлтэй, одоо Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 1-1 тоотод оршин суух, Бээлийнхэн овогт О-ын Ц / /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 2-5 тоотод оршин суух, Очир овогт Хархүүгийн Лхагвасүрэн /ПЮ60021610/-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 153/2019/00119/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгч О.Ц, хариуцагч Х.Лхагвасүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1985 оны 09 сарын 25-ны өдөр Х.Лхагвасүрэнтэй гэр бүл болсон.Миний хүүхдүүд болох Л.Золзаяа, Л.Батсүх, Л.Номинзул нар нь тусдаа гэр бүлтэй болсон. Том хүү Л.Анхбаяр маань нас барсан. Манай нөхөр Х.Лхагвасүрэн нь Ховд аймгийн Хөгжим драмын театрт хөгжимчин ажил хийдэг. Миний бие хувиараа үсчин хийдэг. Х.Лхагвасүрэн нь 2013 оноос хойш архи байнга ууж, архи уухаараа намайг зодож дарамталдаг. 2013 оны 09 сарын 03-нд Х.Лхагвасүрэн намайг төмрөөр зодож нуруунд гэмтэл учруулсан, мөн 2015 оны 07 сард зодуулж хавиргандаа гэмтэл авч байсан бөгөөд Ховд аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргасан бөгөөд миний гэмтлийн зэрэг хүндэвтэр гэж гарсан. Ингээд миний бие 2015 оны 10 сараас 2018 оны 06 сарын хооронд тусдаа амьдарч байсан. 2018 оны 07 сард надаас уучлалт гуйгаад хүрээд ирэхээр нь Х.Лхагвасүрэнг засарч хүмүүжсэн байх гэж бодоод уучлаад хамт амьдарсан. Хамт байх хугацаанд мөн л архи ууж байнга дарамталдаг байсан. Цагдаагийн газарт хэд хэдэн удаа өгсөн боловч торгоод гаргадаг. Х.Лхагвасүрэн нь засарч хүмүүжихгүй байгаа тул цаашдаа хамт амьдарч чадахгүй. Миний бие Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 01-02 тоот төрсөн дүүгийнхээ хашаанд шинэ гэр бариад ганцаараа амьдарч байсан боловч Х.Лхагвасүрэн нь ирээд хамт амьдарч байгаа. Х.Лхагвасүрэн нь байнга согтуу ирж хэл амаараа доромжилж, хамт амьдарч байх хугацаандаа надад хэд хэдэн удаа гар хүрсэн. Миний бие цаашид Х.Лхагвасүрэнтэй амьдарч чадахгүй. Учир нь миний бие байнгын айдас, дарамтад амьдардаг. Би одоо хөгширч байгаа тул 1 хоног ч болтугай тайван унтаж амармаар байна. 1 хоногийн нойр алдахаар маргааш нь маш их ядардаг болсон.Миний хамт олныг Х.Лхагвасүрэн дайрч доромжилдог. Миний охинтой адилхан охин руу чи миний эхнэрийг дагуулаад банзалддаг, янханддаг гэж хэлсэн. Одоо тэр охин надаас Лхагваа ах намайг тэгж хэлж байсныг би мартдаггүй гээд гомдол хэлдэг....Манай ажлын хүмүүс рүү миний эхнэрийг дагуулж яваад янхандлаа, банзалдлаа гэж дайрдаг....Тэгээд би хавар боллоо. Одоо яв, би чамаар маш олон удаа зодууллаа, сүүлдээ цагдаа нар тоохоо больсон. Намайг ирж мэдүүлэг өгөөрэй гээд дууддаг. Би санаа зовоод сүүлдээ цагдаа дуудахаа больсон. Цаашид Х.Лхагвасүрэнтэй хамт амьдарч чадахгүй. Одоо гэрлэлтээ цуглуулахыг хүсэж байна. Цагдаад өгөхөөр гарч ирээд 1 хоноод над руу дайрдаг чи цагдаад өгдөг гэсэн, чамайг ална, тусдаа амьдардаг гэсэн, гэртээ чинь шатааж ална гэж дарамталдаг....Иймд эвлэрүүлэх хугацаа өгөхгүйгээр салгаж өгөхийг хүсэж байна....1986 оны 4 дүгээр сарын 08-ны өдөрхүү Л.Анхбаяр, 1987 оны 12 дугаар сарын 29-ний өдөр охин Л.Золзаяа, 1989 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүү Л.Батсүх, 1995 оны 12 дугаар сарын 15-ны өдөр охин Л.Номинзул нар төрсөн....Эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэр бүл болохдоо барьсан гэрт Х.Лхагвасүрэн одоо амьдарч байгаа.... 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүх хурал нь болоод та энэ хүнийг ял эдлүүлэх юм уу, тэнсэн болгох юм уу гэхээр нь би ял эдлүүлээд яах вэ, тэнсэн болгоё гээд тэнсэж байсан. Түүнээс хойш тусдаа амьдраад тус тусынхаа ажлыг хийж байсан.... 2013 оноос хойш тусдаа амьдарсан.... Дунд нь хамт амьдарч байсан. 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бүр тусдаа гарсан....Манай гэрт орой гуйгаад ирэхээр нь би өвлийн хүйтэнд яаж хөөж явуулах вэ гээд хамт амьдарсан....Тэгээд Улаанбаатар хотод том охин тосож аваад эмнэлэгт үзүүлэхэд бүх зүйл нь эрүүл гарсан. Миний том охин эцгийн бүх зүйл нь эрүүл гарсан гэж надад хэлж байсан. Одоо миний том охиноос асуух юм бол хэлээд өгнө. Тэгээд би өвдөөд үхэх гэж байна гэдэг хэрнээ байнга архи уудаг....Энэ хүн байнга архи уудаг. Одоо гараад бас л архи ууна. Өөрийгөө маш их өмөөрдөг. Манай гэрт архи байдаг байсан бол одоо ямар ч архи байхгүй....Унтуулж амраахгүй болохоор нь би цагдаа дуудаж өгсөн....Надад эвлэрэх ямарч боломж байхгүй. Өмнө нь цагдаа дээр дуудагдаад очиход бас тэгдэг. Би дарамталсан байна миний буруу гэдэг. Тэгээд цагдаагаас гараад орой нь гэртээ бас согтуу ирдэг. Би олон жил дарамтлуулсан одоо дахиж дарамтлуулж чадахгүй. Х.Лхагвасүрэнгийн хажууд би байнга дарамтлуулж байна. Үр хүүхдүүд нь амьдарлаа аваад явцгаасан. Ах дүү нар нь тоохгүй. 1, 2 удаа орж ирж хэлнэ. Дахиж хэлэхгүй, гэрт орж ирэхгүй байгаа. Х.Лхагвасүрэнгийн хажууд нойр дутуу хонож байгаа хүн. Би 1 шөнө нойр дутуу байхаар маргааш нь ажил хийж чадахгүй байна....Би Х.Лхагвасүрэнтэй 1985 оны 09 сарын 25-ны өдөр Х.Лхагвасүрэнтэй гэр бүлсэн болсон....гэв.

Хариуцагч Х.Лхагвасүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Бүгд миний буруу юм байна. Би бага зэрэг архи уудаг. Сүүлийн үед нилээд даамжирч ууж байгаа. Манай эхнэр сална гэж байгаа бол салаад тусдаа амьдаръя. Надад өөр хэлэх зүйл алга....Эд хөрөнгийн маргаан байхгүй....Би мэдэхгүй байна. Согтуу байхдаа хэлсэн байж магадгүй. Би ажилдаа явах замдаа биллъярд бага зэрэг харж зогсдог. Тэгээд зогсож байгаад ажилдаа явдаг. Билльярдны тэнд архичин байна гэж худлаа. Хүн гөжирдөж болохгүй. Одоо О.Цтэй хамт амьдрахгүй, сална....О.Ц цагдаа дуудаж өгдөг....Хүүхдүүд хааяа залгадаг. Эхтэйгээ байнга яриад байдаг. Л.Батсүх хааяа залгадаг. Бусад нь их ярьдаггүй....Нэгэнт салъя гэж байгаа юм чинь би салахгүй гээд зууралдаад байлтай биш сална....Би өдөр болгон архи уудаггүй, худлаа хэлж байна. Өдөр болгон архи уудаг бол яаж эрүүл байх вэ. Төсвийн цалинтай хүн өдөр болгон архи уух мөнгө байхгүй. Би 7 хоногт 2-3 удаа архи уудаг....гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Ц нь Х.Лхагвасүрэнд холбогдуулан гэрлэлт цуцлуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид нь 1985 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гэр бүл болж, 1986 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын иргэний гэр бүлийн бүртгэлийн 56 дугаарт бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 36/000480 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар, гэрлэгчдийн дундаас 1986 оны 4 дүгээр сарын 08-ны өдөрхүү Л.Анхбаяр, 1987 оны 12 дугаар сарын 29-ний өдөр охин Л.Золзаяа, 1989 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүү Л.Батсүх, 1995 оны 12 дугаар сарын 15-ны өдөр охин Л.Номинзул нар төрсөн болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 6 дугаар тал/

Гэрлэгсэд 2015 оны 10 дугаар сараас тусдаа амьдарч байгаа бөгөөд гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага хэн аль нь гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх боломжгүйгээс гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байгаа, эхнэртээ хариуцагчийн зүгээс үзүүлсэн хүчирхийлэл, зохисгүй авир гаргадаг, зан суртахууны зохист бус байдал, согтууруулах ундаа хэрэглэж нэхэмжлэгчийн амгалан тайван орчин амьдрах эрхийг нь зөрчсөн үйлдэл нь Цагдаагийн байгууллагаар шалгагдсан /хх-ийн 28-30 дугаар тал/ зэрэг нь нэхэмжлэгчид хохирол учруулж болзошгүй нөхцөл байдлуудыг бий болгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд гэрлэгчидэд эвлэрэх хугацаа өгөхгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Гэрлэгчид нь 18 хүртэлх насны хүүхэдгүй, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдав.

Нэхэмжлэгч О.Цгийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Төрийн сангийн 100160000945 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Лхагвасүрэнгээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Цд олгох нь зүйтэй байна.

Зохигч нь гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч өөр хүнтэй гэрлээгүй бол эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гарган гэрлэлтийг сэргээх боломжтой болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-д зааснаар Очир овогт Хархүүгийн Лхагвасүрэн, Бээлийнхэн овогт Очирбатын Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Лхагвасүрэнгээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Цд олгосугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Байгалмаад даалгасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ОЮУНЖАРГАЛ