Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 02076

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Д.О-ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч:, “С” ХХК -д холбогдох,

          2,270,620 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, өмгөөлөгч Т.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анар нар оролцов.

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.От миний бие 2006 онд анх “С” ХХК-ний урьдчилсан төлбөрт дугаарууд болох 96017988, 90547979 дугаарын хэрэглэгч болсон.

2018 оны өнөөдрийг хүртэлх хугацаанд С үүрэн телефоны байгууллагаас өөр ямар нэг дугаар авч барьж байгаагүй. Гэтэл С компаниас миний нэр дээр 96959990, 90067795 гэсэн хоёр дугаар үүсэж, төлбөр гарсан байна гэж мэдэгдсэн. Энэ дагуу миний бие өөрийн биеэр С ХХК-ийн төв байранд очиж энэхүү 2 дугаарыг барьж байгаагүй болох тухай өргөдөл бичиж өгсөн.

Түүнээс хойш ямар нэг албан хариу өгөөгүй.

Миний бие цалингийн зээл авах зорилгоор Хаан банкинд хандахад 2018 оны 11 сарын 29-ний өдрийн байдлаар Монгол банк дах найдваргүй зээлдэгч хэмээн “С” ХХК нь миний нэрийг бүртгүүлсэн байсан. Энэ нь миний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан үйл явц хэмээн үзэж байгаа.

Ингээд миний бие яаралтай зээл авах шаардлагатай байсан учир “С” ХХК- ийн дараа төлбөрт дугаарууд болох 96959990, 90067795 гэсэн хоёр дугаарын төлбөрийг төлж, Монгол банк дах найдваргүй ззэлдэгчдийн нэрсийн жагсаалтаас өөрийн нэрийг хасуулж зээлээ авсан.

Дээрх хоёр дугааруудад 96959990 дугаарын төлбөрт 1,611,353 төгрөг, дараа төлбөрт 90067795 дугаарын төлбөрт 659,260 төгрөгийг тус тус төлж, нийт 2,270,620 төгрөгийг “С” ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас зайлшгүй шаардлагаар ямар ч үндэслэлгүйгээр төлсөн.

Иймд “С” ХХК-иас нийт 2,270,620 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй, гэрээ огт байгуулагдаагүй. Нэхэмжлэгч өөрөө энэ талаар сайн мэдэж байгаа учир шинжээч томилуулж шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан, дүгнэлт нь ч нэхэмжлэгч гарын үсэг зураагүй байна гэж гарсан байгаа.

Дараагийн шинжээч томилуулах хүсэлтийг хариуцагч тал гаргасан, шинжээч мөн адил нэхэмжлэгчийн гарын үсэг биш байна гэсэн дүгнэлт гаргасан.

Ийм учир гэрээ огт байгуулаагүй болох нь тодорхой тогтоогдсон гэж үзнэ.

Тухайн үед нэхэмжлэгч иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн байсан, энэ талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Тэр үеийн иргэний үнэмлэх нь одоо олгогдсон үнэмлэхээс өөр болох нь мөн хэргийн материалаас тодорхой байдаг.

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй тул хариуцагч үндэслэлгүйгээр төлүүлж авсан мөнгийг нэхэмжлэгчид буцаан олгох ёстой гэв.

 

Хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах ёстой. 2017 оны 03 сарын 07-нд Өнөр салбараас маягт бөглөн 96959990 дугаарыг шилжүүлэн авч манай хэрэглэгч болсон байдаг. Энэ оны 3 дугаар сарын төлбөр 982 957 төгрөг, 4 дүгээр сарын төлбөр 684 395 төгрөг гарсан. Мөн 2017 оны 3 дугаар сарын 17-нд Сансар салбарт маягт бөглөн 90067795 дугаарын хэрэглэгч болсон. Энэ оны 3 дугаар сарын төлбөр 317 723 төгрөг, 4 дүгээр сарын төлбөр 361 534 төгрөг, нийтдээ энэ 2 дугаарын төлбөр болох 2 270 620 төгрөгийг 2018 оны 11 сарын 28-нд төлсөн. Тухайн 2 салбарт ажилладаг гэрчүүд үүрэн телефоны хэрэглэгч болоход мөрддөг журмын дагуу дугаар шилжүүлэх болон үйлчилгээний гэрээ байгуулах ажиллагаа хийгдсэн гэдэг.

Иймд манай компаний хувьд мөрдөгдөж байгаа журмын дагуу хэрэглэгчтэй гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, өргөдлийн болон дугаар шилжүүлэх маягт, дараа төлбөрт үйлчилгээний гэрээ, төлбөрийн нэхэмжлэх зэрэг баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                        

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан, үндэслэлгүйгээр 96959990 дугаарын төлбөрт төлсөн 1,611,353 төгрөг, дараа төлбөрт 90067795 дугаарын төлбөрт төлсөн 659,260 төгрөг, нийт 2,270,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “цалингийн зээл авах зорилгоор Хаан банкинд хандахад 2018 оны 11 сарын 29-ний өдрийн байдлаар Монгол банк дахь найдваргүй зээлдэгч хэмээн “С” ХХК нь миний нэрийг бүртгүүлсэн байсан, би ийм 2 дугаарын хэрэглэгч биш, энэ 2 дугаарын үйлчилгээ авах ямар нэг гэрээ байгуулаагүй боловч  яаралтай зээл авах шаардлагатай байсан учир “С” ХХК-ийн дараа төлбөрт дугаарууд болох 96959990, 90067795 гэсэн хоёр дугаарын төлбөрийг төлж, Монгол банк дахь найдваргүй ззэлдэгчдийн нэрсийн жагсаалтаас өөрийн нэрийг хасуулж зээлээ авсан гэж тайлбарласан. 

Хариуцагч  “С” ХХК-ийн төлөөлөгч нэхэмжлэгч Д.О манай компанитай 96959990,  90067795  дугаарууд эзэмших гэрээ байгуулж уг 2 дугаарын хэрэглэгч болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 сарын 05-ны өдрийн 1422, 2019 оны 07 сарын 05-ны өдрийн 3355 дугаартай Шинжээчийн дүгнэлтүүдэд “Скайтел” ХХК-ийн 2017 оны 03 сарын 07-ны өдрийн 6281483 дугаартай Гэрээний өргөдлийн маягт, Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ, Эзэмших эрх шилжүүлэх маягт, 2017 оны 03 сарын 17-ны өдрийн 6638507 дугаартай Гэрээний өргөдлийн маягт, Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ баримтуудын төгсгөлд Хэрэглэгчийг төлөөлж гэсэн хэсэгт тус тус зурсан гарын үсэг Д.О-ын гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна гэжээ.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ ,  42.2.-т энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, 43 дугаар зүйлийн 43.2.1.-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт үйлдэж, гарын үсэг зурснаар бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзэхээр заасан.

Иймд талуудын хооронд 2017 оны 03 сарын 07-ны өдрийн  6281483 дугаартай, дараа төлбөрт 96959990 дугаарын үйлчилгээний гэрээ байгуулагдаагүй, уг дугаарын эзэмших эрхийг шилжүүлж аваагүй, мөн 2017 оны 03 сарын 17-ны өдрийн  6638507 дугаартай, дараа төлбөрт 90067795 дугаарын үйлчилгээний гэрээ байгуулагдаагүй гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг  үүсээгүй,  эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан  шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.О нь “С” ХХК-иас үүрэн телефоны дараа төлбөрт дугаарын үйлчилгээний хураамжид төлсөн 2,270,620 төгрөгийг шаардах эрхтэй, Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1.-д заасан буцаан шаардах шаардлагад хамаарч байх тул “С ХХК-иас 2,270,620 төгрөг гаргуулж Д.О-д олгох үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Д.О нь Монгол банкны мэдээллийн санд “С” ХХК-ийн ярианы төлбөрийн үлдэгдэлтэй байгаад “С” ХХК-д 2018 оны 11 сарын 28-ны өдөр 96959990 дугаарын төлбөр 1,611,360 төгрөг, 90067795 дугаарын төлбөрт 659,260 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон талууд энэ талаар маргаагүй.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1., 116., 118. дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон

           

            ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1., 493 дугаар зүйлийн 493.1.-д заасныг баримтлан “С” ХХК-иас 2,270,620 төгрөг гаргуулж Д.О-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн 2018 оны 12 сарын 03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,280 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагч “С” ХХК-иас 51,280 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.О-д олгосугай,

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг  дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.БААТАР