| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00141/И |
| Дугаар | 00228 |
| Огноо | 2019-04-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 00228
| 2019 оны 05 сарын 17 өдөр | Дугаар 153/ШШ2019/00228 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багт оршин суух, Улаан хүрэмт овогт Б-ийн Б / /-ын нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 3 дугаар сарын 25-ны хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 153/2019/00141/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанхүрэмт овогт Батаагийн Б нь 1967 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан бригадад төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн. Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн дунд сургуульд сурч байгаад 1981 онд 7 ангиасаа сургуулиас гарсан. Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 2-р бригадад эцэг Ж.Батаагийн суурьт туслах малчнаар ажилласан. Тухайн үеийн мал аж ахуйн нэгдлийн хөдөлмөр зохион байгуулалт нь суурийн ахлагч, туслах малчин, саальчин төлчин гэж хөдөлмөрийн харилцаа үүсэж байсан. 1981 оны 06 сараас Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад мал маллаж байгаад 1990 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Д.Энхтуяатай гэр бүл болсон. Хүсэлтийг бичгээр гаргахдаа Д.Энхтуяаг Гэрэлтуяа гэж андуурч бичсэн байгааг тодруулж тайлбарлах нь зүйтэй. Гэр бүл болоод 5 хүүхэд төрүүлж өсгөсөн. Б.Б, Д.Энхтуяа нар нь одоог хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багтаа мал маллаж амьдарч байгаа. 1990 оны эхээр ардчилсан хувьсгал эхлээд өмч хувьчлагдаад Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл хувьчлагдаж гишүүддээ хувь хөрөнгө болгон тараасан. Нэгдлийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүд дээр хувьцаат компани болсон. Б.Б, Д.Энхтуяа нар нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д мал малласан. Тодорхой хэмжээний малыг нэгдлийн өмчлөлд авч үлдээд нэгдлийн зарим гишүүд нь малыг тараагдаж дуусах хүртэлх хугацаанд малыг маллаж байсан. Б.Б нь 1993 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мал малласан. Б.Быг Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 2 дугаар бригадад 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарыг дуусталх хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Отгоо гэж дууддаг. Б гэдэг нэрийг зарим хүн мэддэггүй....Б.Бын хөдөлмөрийн дэвтрийн бичилт дээр 1982 оны 05 дугаар сараас хөдөлмөрийн хөлс олгосон байгаа....1982 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 15 нас хүрч байгаа. Тухайн үед үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулиар эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр хөдөлмөр эрхлэх боломжтой байсан. 70 дугаар дансан дээр зарим хүмүүсийн нэр ороогүй байгаа. Хөдөлмөрийн дэвтрийн засвар нь Б.Б гуайн буруутай үйл ажиллагаа биш тухайн үеийн ажиллаж байсан хүмүүсийн хийсэн үйлдэл байгаа....Б.Б нь 1982 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 15 нас хүрсэн. Гэрчийн мэдүүлэгт 1982 онд цэргээс халагдаж ирэхэд Б.Б мал маллаж эхэлсэн гэдэг нөхцөл байдлыг гэрчилсэн. Энэ нь хөдөлмөрийн дэвтэрт хийсэн бичилттэй таарч байгаа.гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Б.Бын Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 2 дугаар бригадад 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 2 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Б нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 2 дугаар бригадад 1982 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 2 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2233 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан бригадын 1986-1992 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, Д.Энхтуяа, Б.Б нарын гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 234 дугаартай лавлагаа, нэхэмжлэгчийн 1980 оны Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, гэрч Д.Батбаярын ....Би 1977 оны 6 сард Ховд аймгийн Зэрэг сумын 8-н жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар 1979 оны 6 сар хүртэл ажилласан. 1979 оны 6 сард цэргийн албанд татагдаж 1982 оны 6 сард халагдаж ирсэн. Цэргээс ирээд тус нэгдэлдээ малчнаар нэгдэл тарах хүртэл ажилласан. Нэгдэл тараад компани болоход Хөдөлмөр компанид малчнаар ажиллаж байсан...1982 оны 8 дугаар сард намайг цэргээс халагдаж ирэхэд тэр оныхоо 6 дугаар сард Б.Б нь Ховд аймгийн Зэрэг сумын 8-н жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. 1985, 1986 оны үед Энхтуяатай гэр бүл болсон. Б.Б нь Хөдөлмөр нэгдэл тартал ажиллаад, нэгдэл тарсны дараа Хөдөлмөр компани болоход мөн л малчнаар ажилласан....Б.Б нь 1982 оны 6 дугаар сард Зэрэг сумын 8-н жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг баараггүй төгссөн. Намайг цэргээс халагдсан жил төгссөн юм. Техник мэргэжлийн сургуульд сурч байгаагүй. Илгээлтээр хөдөө гараад тэр чигтээ мал малласан. Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл 1991 онд тарсан. Б.Бын аавынх нь нэрийг Батаа, ээжийнх нь нэрийг Хашбат гэдэг байсан. Б.Б нь эцэг эхээс долуулаа. Ахынх нь нэрийг Дагвадорж, Ганхүү, Оюудаа гэдэг. Дүү нарынх нь нэрийг Гэрэлмаа, Даамбаяр, Гэрэлтуяа гэдэг. Нөхрийнх нь нэрийг Энхтуяа гэдэг. Б.Б нэгдлийн бог мал маллаж байсан. Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл тараад компани болоход компанид бог мал бас маллаж байсан. Быг Отгоо гэж дууддаг юм. Сая л надад намайг Б гэдэг юм, Отгоо гэж дууддаг юм гэж хэллээ. Б гэдэг нэрээр нь дуудаж үзээгүй. Харин Отгон хэн гэдэг байсан юм болдоо мэдэхгүй байна. Манай нутгийнхан Отгоо гэж дууддаг юм.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4, 8-14, 17, 19, 20-28, 29-36, 49-50 дугаар тал/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэгийн шүүх хуралдаанд гаргасан ....Отгоо гэж дууддаг. Б гэдэг нэрийг зарим хүн мэддэггүй.... гэх тайлбар, гэрч Д.Батбаярын шүүхэд өгсөн ....Быг Отгоо гэж дууддаг юм. Сая л надад намайг Б гэдэг юм, Отгоо гэж дууддаг юм гэж хэллээ. Б гэдэг нэрээр нь дуудаж үзээгүй. Харин Отгон хэн гэдэг байсан юм болдоо мэдэхгүй байна. Манай нутгийнхан Отгоо гэж дууддаг юм.... гэх мэдүүлэг зэргийг үнэлэн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2233 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан бригадын 1986, 1987, 1989 онуудын 70 дугаар дансанд Отгоо гэж бичигдсэн баримтыг нэхэмжлэгчийн ажилласан жилд хамааралтай нотлох баримт гэж үзэн үнэлсэн болохыг дурдлаа.
Нэхэмжлэгчийн 1980 он гэсэн бичвэртэй Хөдөлмөрийн дэвтэрт 1982 оны 5 дугаар сараас эхлэн цалин хөлс бичигдсэн байх боловч 1973 оны Хөдөлмөрийн тухай хуульд онцгой тохиолдолд хөдөлмөрийн насыг 15 нас байхаар тогтоосон.
Иймд Б.Б нь 1982 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 15 насанд хүрсэн байх тул нэхэмжлэгчийн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 2 дугаар бригадад 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хавтаст хэргийн 15-16 дугаар хуудсанд авагдсан иргэн О.Хулганаа, Д.Батбаяр нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Улаан хүрэмт овогт Батаагийн Бын Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 2 дугаар бригадад 1982 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 2 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 2 дугаар бригадад 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ